| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0926/З |
| Дугаар | 221/МА2025/0239 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0239
| 2025 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2025/0239 | Улаанбаатар хот |
МСА ХЗХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б;
Нэхэмжлэгч: МСА ХЗХ
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №НА-342300000ХХ тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.А, Ц.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0926/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МСА ХЗХ-иос Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №НА-342300000ХХ тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг тус тус баримтлан “МСА” ХЗХ-оос Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо:
3.1. ...”МСА” ХЗХ 2023 оны 9-р сарын 20-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл хийгдсэн татварын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ц.Э, Б.А нар тус байгууллагад 158,650,336 төгрөг 44 мөнгөний зөрчил илэрсэн гэж үзэж татварын нөхөн төлөх акт үйлдэж нөхөн төлөлтөд 15,865,033 төгрөг 65 мөнгө торгуульд 5,858,977 төгрөг 53 мөнгө алдангид 4,706,476 төгрөг 39 мөнгө нийт 26,430,487 төгрөг 57 мөнгө төлүүлэхээр акт тавьсан болно.
Тус хоршооноос Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс тогтоосон 2023 оны 12 сарын 01-ний өдрийн №НА-342300000ХХ тоот актад дурдсан Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн гэх тус актын
3.1.1. 2020 онд 41.500.000.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16.1, 16.1.1, энэ хуулийн 13.1, 13.2, 28.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл түрээслүүлэгч талд тус хоршоо ажлын байрыг түрээсэлсэн төлбөрийг төлж байсан. Тухайн төлбөрийн дагуу Е баримт шивж илгээж холбогдох татварыг төлж дуусгасан. Гэтэл татвар тухайн татварыг тус хоршооноос давхардуулан төлөх нь хуульд нийцэхгүй гэж үзсэн тус дээрх зөрчил гараагүй болно.
3.1.2. 2019 онд 48.703.593.19 төгрөгийн хадгаламжийн хүүгийн зардлыг /албан татвар суутгаагүй/ ААНОАТ ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь ААНОАТ-н тухай хууль /2006 он/-ийн 15.1, 15.1.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. “МСА” ХЗХ нь гишүүдээс гэрээний үндсэн дээрээс хадгаламж авч гишүүддээ зээл олгодог санхүүгийн байгууллага юм. Санхүүгийн үйл ажиллагаандаа Нягтлан бодох бүртгэлийн хууль, Хадгаламж Зээлийн хоршооны хууль, Сангийн сайд болон Санхүүгийн Зохицуулах Хорооны хамтран баталсан 2012 оны 11-р сарын 08-ны өдрийн 232/216 тоот дугаартай заавар, дансны жагсаалт, аргачлал болон маягт батлах тухай тушаалыг баримтлан ажилладаг. Сангийн сайд болон Санхүүгийн Зохицуулах Хорооны хамтран баталсан 2012 оны 11-р сарын 08-ны өдрийн 232/216 тоот дугаартай заавар, дансны жагсаалт, аргачлалын баримталж байж бидний санхүүгийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагддаг учраас дээрх зөрчлийг гаргаагүй болно. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ц.Э, Б.А нар нь бидэнд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдал тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй дан ганц Татварын ерөнхий хуульд үндэслэсэн, бусад тухайн харилцааг зохицуулах хууль тогтоомж, хэм хэмжээг удирдлага болгож ажиллагаагүй.
3.1.3. 2020 онд 36.677.104.2 төгрөг, 2021 онд 31.769.639.05 төгрөгийн хадгаламжийн хүүгийн зардлыг /албан татвар суутгаагүй/ ААНОАТ ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусгайн, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь ААНОАТ тухай хууль /2019 он/-ийн 16.1, 16.1.1, 13.1, 13.2, 13.2.12-д заасныг зөрчсөн гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс тогтоосон 2023 оны 12 сарын 01-ний өдрийн №НА-342300000ХХ тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Хадгаламж Зээлийн хоршооны хуулийн 46.1-д “Хадгаламж Зээлийн хоршооны санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байна” гэж хуульчилж өгсөн байдаг. Тухайн эрх зүйн хэм хэмжээний дагуу татварыг хуримтлуулан төлсөн.
2019 онд 48.011.216 төгрөг, 2020 онд 59.638.481 төгрөг, 2021 онд 66.440.010 төгрөгийг тус тус төлж, нийтдээ 174.089.708 төгрөгийг төлсөөр байтал дахин татварыг давхардуулан төлүүлэхээр акт тогтоосон нь татварын шударга байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Хууль болон хуульчилсан актуудыг бид зөрчиж үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас маргаан бүхий №НА-342300000ХХ тоот актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Бүр тодруулбал хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2023 оны 12 сарын 01-ний өдрийн №НА-342300000ХХ тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ын дагуу зөрчлөөр тогтоосон 26.430.487, 57 төгрөгийг төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг бүхэлд нь эс зөвшөөрч “...түрээслэгч талд тус хоршоо ажлын байрыг түрээсэлсэн төлбөрийг төлж байсан. Тухайн төлбөрийн дагуу е-баримт шивж илгээн холбогдох татварыг төлж дуусгасан. ...татварыг хуримтлуулан төлсөн. ...2019-2021 онд нийтдээ 174,089,708 төгрөгийг төлсөөр байтал дахин татварыг давхардуулан төлүүлэхээр акт тогтоосон...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг эш татсан. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.2 гэх заалт байдагггүй. Иймд маргаан бүхий захиргааны акт гарсан цагаасаа эхлэн илт хууль бус...” гэж,
Хариуцагчаас “...2020 онд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд түрээсийн зардал цахим төлбөрийн баримтаар баталгаажаагүй... 2019-2021 онд хадгаламжийн хүүгийн зардал /албан татвар суутгаагүй/-ыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг зөрчсөн нь хяналт шалгалтаар илэрсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
5. Нэхэмжлэгчийн “...албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх” гэх зөрчлийн тухайд:
5.1. Аж ахуйн нэгжийн албан татварын ногдох орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 7 дугаар зүйлд “үйл ажиллагааны орлого” /7.4.1/, “хөрөнгийн орлого” /7.4.2/, “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” /7.4.3/, бусад орлого /7.4.4/ гэж тус тус ангилжээ.
5.2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого нь эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын хүрээнд Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлийн дагуу явуулж байгаа үйлдвэрлэл, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ хамааралтай, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан "хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого, эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашгийн орлого, хүүгийн орлого"-уудад албан татвар ногдоно.
5.3. Өөрөөр хэлбэл, “хүүгийн орлого”-д зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр хамаарахаар байна.
5.4. Хадгаламж, зээлийн хоршоо гэж Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль /2011/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;" ойлгоно гэж заасан бөгөөд МСА ХЗХ нь хадгаламж зээлийн үйлчилгээ эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, нийт 987 гишүүнтэй, гишүүдээс гэрээний үндсэн дээрээс хадгаламж авч гишүүддээ зээл олгох үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.
5.5. Энэ талаар нэхэмжлэгчийн “...иргэдээс 1,8 хувийн хүүтэй хадгаламжийг татан байршуулдаг. Ихэвчлэн 1 жилийн хугацаагаар байршуулдаг. Үүнээс зээл олгодог. Тэгэхээр хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн зөрүү нь манай хадгаламж зээлийн хоршооны гол үйл ажиллагаа.” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хоршооны үйл ажиллагаа нь тухайн татвар ногдох орлогыг тодорхойлох энэхүү маргаанд хамааралгүй, зөвхөн тухайн хөрөнгийг хоршоонд байршуулснаас олсон хүүгийн орлогод ногдох татварыг тодорхойлохтой холбоотой юм.
5.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, МСА ХЗХ нь гишүүдийн хадгаламжид хүү тооцох тухай бүрд албан татвар ногдуулан суутгах үүргээ хэрэгжүүлэлгүй, 2019-2021 оны хадгаламжийн хүүгийн зардал /албан татвар суутгаагүй/-ыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
5.7. Иймээс татварын байцаагчаас татвар төлөгчийн 2019 онд 48,703,593.19 төгрөгийн, 2020 онд 36,677,104.2 төгрөгийн, 2021 онд 31,769,639.05 төгрөгийн нийт 117,150,336.44 төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүүгийн зардлыг /албан татвар суутгаагүй/ аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасагдах хэсэгт суутган татвар ногдох орлогоо бууруулсан зөрчилд ногдуулсан акт нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 13 дугаар зүйлийн 13.2.12, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын хууль /2006/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.6-д заасан зохицуулалтай тус тус нийцжээ.
6. Нэхэмжлэгчийн “...төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэх зөрчлийн тухайд:
6.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:”, 13.2.12-т “албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
6.2. Татвар төлөгч МСА ХЗХ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-д заасны дагуу санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үүрэгтэй бөгөөд ажил, гүйлгээ гарсныг нотлох анхан шатны баримтын бүрдлийг хангах, түүнд үндэслэн санхүү, татварын тайланг бэлтгэх үүрэгтэй байна.
6.3. Татвар төлөгч МСА ХЗХ нь үйл ажиллагаа явуулах зорилгоор иргэн М.Б, М.Б, Д.Б нартай үл хөдлөх эд хөрөнгийг хэлэлцэн тохирч түрээслэж, дээрх иргэдийн түрээсийн төлбөрийг 2020 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнахдаа нийт ажлын байрны түрээсэнд төлсөн 66,000,000 төгрөгөөс 24,500,000 төгрөг е-баримтаар баталгаажсан, харин 41,500,000 төгрөгийг цахим төлбөрийн баримтаар баталгаажуулалгүй, төлбөрийн баримтаар нотлогдохгүй байхад зардалд тооцсон зөрчилд нийт 7,411,402.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
6.4. Энэ талаар анхан шатны шүүх “...хавтаст хэрэгт авагдсан Д-ын Б-ын е баримт буюу цахимт баримтыг эх сурвалж болгон маргах боловч тус иргэний цахим төлбөрийн баримтуудад нэхэмжлэгч “МСА” ХЗХ нэр, регистрээр тэмдэглэгдээгүй, ТТД: 10000ХХ дугаартай, эцсийн хэрэглэгчээр шивэгдсэн байх тул үүнийг бизнесийн зорилгоор тус компаниас зарлагдсан гэж үзэх боломжгүй” гэж зөв дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА