Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            улсын яллагч А.Сайнбаяр,

            иргэдийн төлөөлөгч Б.Батболор,

            насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, түүний хууль ёсны төлөөлөгч О.Одхүү,

            насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баяртулга, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хишгээ, тэдгээрийн өмгөөлөгч С.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарт холбогдох эрүүгийн 201525012963 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын     23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын 10-н жилийн сургуульд сурдаг, ам бүл 3, нагац ах, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар АЕ00291319, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оросын Гэрэлт-Од.

 

2. Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “BAZ” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд Гагнуурчин-2 дугаар ангид сурдаг, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 11 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ТБ00210735, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Байгалмаагийн Баяртулга.

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол хотхон” 66-с байрны урд насанд хүрээгүй Б.Хосбаяр, Б.Пүрэвбаатар нарыг дуудан эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж Б.Хосбаярын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн учраас одоо мэдүүлэх өгөхгүй гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баяртулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад бүгдийг үнэнээр мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

            Мөн мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Хосбаярын өгсөн мэдүүлэг /хх-16-17/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-45/, сэжигтнийг зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-37-39/, насанд хүрээгүй хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9/, гэрч О.Одхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-18/, гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Ж.Оросоогийн өгсөн мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч Б.Баяртулгын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-55/, мөн түүний оршин суугаа газрын тодорхойлолт /хх-56/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-57-68/, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одын ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас /хх-71/, мөн түүний хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-72-81/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт /хх-100/, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн хүсэлт /хх-122/ зэрэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр 66-с байрны урд насанд хүрээгүй Б.Хосбаяр, Б.Пүрэвбаатар нарыг дуудан эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж Б.Хосбаярын 280.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Хосбаярын өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цагийн үед их завсарлагаанаар ангийн найз Б.Пүрэвбаатарын хамт сургуулиас гараад хажуу талын дэлгүүр орж бал авахаар иртэл цаанаас үл таних 2 ах бид хоёрыг дуудаад цаг асуухаар нь би халааснаасаа утсаа гаргаад цаг хэлэхэд явах гэтэл арай намхан нуруутай ах нь миний хүзүүнээс бариад “Монгол хотхон” 66с байрны гадна аваачаад “утсаа гаргаад ир” гэхээр нь би утсаа гаргахгүй байсан чинь өмднийхөө халааснаас урт түрийвч гаргаж ирээд дотроос нь бритва гаргаж ирээд “утсаа өгөхгүй бол ална шүү” гээд хүзүү рүү чичилсэн, тэгэхээр нь би айгаад гар утсаа гаргаж өгсөн…уг гар утсыг 280.000 төгрөгөөр худалдан авсан” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбаатарын өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цаг 40 минутын орчимд найз Б.Хосбаярын хамт хичээлийн их завсарлагаанаар дэлгүүр орчимд явж байтал хоёр ах “нааш ир” гээд дуудахаар нь бид 2 очтол цаг асуухад нь Хосоо утсаа гаргаж ирээд цаг харж өгөхөд арай намхан ах нь Хосоогийн хүзүүг гараараа цохих шиг болоод бид хоёрыг дагуулаад “Монгол хотхон”-ы 66с байр руу явсан. Тэгээд Хосоог “гар утсаа гаргаж өгөхгүй бол зодно шүү” гэж хэлээд хэтэвчнээсээ бритва гаргаад найзыг чинь зүснэ шүү гээд айлгаад байхаар нь Хосоо гар утсаа өгсөн. Тэгээд бид хоёрыг одоо сургууль руугаа яв гээд тэр 2 ах хойшоо алхаад явсан.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч О.Одхүүгийн өгсөн: “…О.Гэрэлт-Од дүү маань хөдөө мал дээр өссөн, төлөв даруу, үг дуу цөөн, бичиг үсэг сайн, зохион бүтээх чадвар сайтай хүүхэд юм. Архангай аймгийн сургуульд сурдаг байхдаа тэмцээн уралдаанд их оролцдог тодорхой шагнагдаж байсан…миний дүү их сайн хүн…дүүг минь хуулийн дагуу нэг удаа ойлгож хөнгөн шийтгэж өгнө үү” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: “…О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нар зан харилцааны хувьд төлөв даруу зантай багшийн өгсөн үүрэг даалгавар болон бусад нийтийн ажилд маш сайн оролцдог. Яриа үг дүү цөөтэй хүүхдүүд юм. Хичээл сургуульдаа сайн надад муу гээд хэлэх зүйл алга. Би ангийн багшийн хувьд цаашид хүүхдүүдтэйгээ тулж сайн харьцаж байх болно.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-14/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-45/,

Сэжигтнийг зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-37-39/, Насанд хүрээгүй хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9/,

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-55, 71/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баяртулгын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-56/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-57-68/,

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-72-81/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт /хх-100/,

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн хүсэлт /хх-122/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллаж буй хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Хосбаярт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 17 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, насанд хүрээгүй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

            Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нар нь насанд хүрээгүй болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нар нь өөрийн нэр дээр хөрөнгөгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.  

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн хүсэлтийг үндэслэн тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бритваг устгаж шийдвэрлэв. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 287, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Оросын Гэрэлт-Од, Боржигон овогт Байгалмаагийн Баяртулга нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од,  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баяртулга нарыг тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарт оногдуулсан 3 /гурав/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

           

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бритваг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарт тус бүрт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Одхүү, Д.Хишгээ нарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

                  

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, Б.Баяртулга нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                           Э.ЧИНГИС

           

                ШҮҮГЧИД                                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                                               Т.ШИНЭБАЯР