| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Бт холбогдох 2012003440388 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Дгийн Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 2 метрийн урттай, 250 ширхэг 11.8 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж ойн санд 1.295.168 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012003440388 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аын мэдүүлсэн: ...Д.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 1.295.168 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би танилцлаа. Хуулийн дагуу дүгнэлт гарсан байна, санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 189-190 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн: ...Мод бэлтгэсэн талаар би мэднэ. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газар мод бэлтгэсэн байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад 4 тэвш галын түлээ байсан. Тэгээд Д.Б гэдэг хүнтэй уулзахад би энэ модыг бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг асуухад эрхийн бичиг аваагүй гэж байсан. 2018 онд талбай тусгаарлалт хийгдэж байсан газар байгаа юм. Тэрнээс хойш талбай тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагтаа ордог газар байгаа юм. Би ганцаараа очсон...гэх мэдүүлэг /2хх-ийн 169-170 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн: ...Тухайн газар нь уулынхаа дээд хэсгээр хилийн зураасаар харахад тусгай хамгаалалттай газарт ордог. Уулынхаа бэл буюу доод хэсгээр тусгай хамгаалалттай газарт ордоггүй юм. Би тухайн тоотын хариуг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 144 дугаартай тусгай хамгаалалттай газарт ордоггүй гэж хариу гаргасан. Тухайн тоот дээр ирүүлсэн солбилцолын цэгийг Газар зүйн мэдээллийн систем Arc Gls программ дээр хилийн цэсийг давхцуулж кординатыг тавьж харахад тухайн кординат нь тусгай хамгаалалтын газар нутагт орохгүй гэсэн хариу өгсөн...гэх мэдүүлэг /2хх-ийн 193-195 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...Би хяналтын прокурор Б.Нямжавын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000386 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Эрх үүргээ ойлгосон. Би үйлдсэн хэргийнхээ талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Ойн санд учруулсан хохирлоо барагдуулах болно. Би өөрийнхөө галын түлээний мод бэлтгэсэн, өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. Хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэх байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 43-44 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 135 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 136-138 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 139-142, 154-158, 207 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 143-153 хуу/
2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 177-178 хуу/
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 134 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 184 хуу/
Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 206 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 213 хуу/
Эд хөрөнгийн лавлагаа /2хх-ийн 214 хуу/
Малын “А” дансны хуулбар /2хх-ийн 215-216 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 217 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай яллах дүгнэлт 3 хуудас, яллах дүгнэлт гардуулсан баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 2 метрийн урттай, 250 ширхэг 11.8 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж ойн санд 1.295.168 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 2 метрийн урттай, 250 ширхэг 11.8 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж ойн санд 1.295.168 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
иргэний нэхэмжлэгч Ж.Аын мэдүүлсэн “Д.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 1.295.168 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 189-190/,
гэрч М.Аийн мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Цагаан чулуут гэх газар мод бэлтгэсэн байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад 4 тэвш галын түлээ байсан. Тэгээд Д.Б гэдэг хүнтэй уулзахад би энэ модыг бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг асуухад эрхийн бичиг аваагүй гэж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 169-170/,
гэрч Г.Дгийн мэдүүлсэн “Уулынхаа бэл буюу доод хэсгээр тусгай хамгаалалттай газарт ордоггүй юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 193-195/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Би хяналтын прокурор Б.Нямжавын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000386 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Ойн санд учруулсан хохирлоо барагдуулах болно. Би өөрийнхөө галын түлээний мод бэлтгэсэн, өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. Хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэх байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 43-44/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 136-138/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 139-142, 154-158, 207/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 143-153/, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 177-178/, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 134 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 184/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар огтлолоор мод бэлтгэх ажиллагааг арчилгааны, цэвэрлэгээний, огтлолын гэж гурав ангилдаг. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Д.Б нь унааги мод бэлтгэсэн, босоо мод унагаагаагүй байгаа нь дээрх хуульд заасан “ойн цэвэрлэгээ” хийсэн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авах үндэслэлтэй” гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д ”Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгохоор, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж үзэхээр тус тус хуульчилсан ба ахуйн хэрэгцээний модыг зохих зөвшөөрлийн үндсэн дээр бэлтгэхдээ босоо мод унагахыг хориглосон байдаг болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.295.168 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.295.168*3=3.885.504 /гурван сая найман зуун наян таван мянга таван зуун дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Д.Баас 3.885.504 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.032.500 төгрөгийн үнэлгээ бүхий 250 ширхэг 11.8 м3 шоо метр хуурай шинэс модыг улсын орлогод оруулж, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 3.835.504 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 3.885.504 /гурван сая найман зуун наян таван мянга таван зуун дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.032.500 төгрөгийн үнэлгээ бүхий 250 ширхэг 11.8 м3 шоо метр хуурай шинэс модыг улсын орлогод оруулж, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 3.835.504 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ