Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/205

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Б.***,

хохирогч О.*** түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000134 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Төв аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** дүгээр хороо *** дугаар гудамж *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ХМШЗ/55 дугаартай захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоногийн хугацааг хорих ялын нэг хоногоор тооцож 7 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, *** овогт ***ын ***.

 

Шүүгдэгч Б.*** нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дэлгүүрийн гадна хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар О.***ийн нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.*** мэдүүлэхдээ: “Би тэр орой такси үйлчилгээнд явж байгаад гурван эмэгтэй хүн авсан. Тэр эмэгтэйчүүд CU дэлгүүр ороод нэлээн удсан. Гэнэт нэг хүн хаалга онгойлгоод ална буугаад ир гээд цохиод авсан. Тэнд гурван залуу цуг байсан. Чи яах гээд байгаа юм бэ гэхэд үгийн зөрүүгүй нүүр рүү цохисон. Эмнэлэгт үзүүлэхэд нүүрний доод яс гэмтсэн, хоёр шүд суларсан байсан. Энэ гэмтлийн улмаас ажилгүй болсон. Нийт хохирол төлбөрт 903,753 төгрөг нэхэмжилж байна. Энэ миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс юм. Эмчилгээний зардал 345,000 төгрөг болсон. Хамраа тэгшлүүлэх гэхээр харшилтай болохоор хүйтрэхээр нь янзлуулна гэж бодож байгаа. Шүдээ янзлуулах гэхээр мөнгө олдохгүй байна” гэв.

 

Хохирогч О.***ийн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 02 цагийн үед өөрийн *** УНЛ улсын дугаартай Prius 30 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад 3,4 дүгээр хорооллын Winsway нэртэй баарны замын эсрэг талаас гурван эмэгтэйг суулгаад Гурван билэг дэлгүүрийн урд талын CU дэлгүүр дээр зогссон.

Тэр гурав дэлгүүр ороод хоёр эмэгтэй нь гарч ирээд автомашинд суусан. Нэг эмэгтэй нь утсаар яриад хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаад байсан. Автомашинд суусан хоёр эмэгтэй нь явъя гэхэд гадаа байсан эмэгтэй нь түр хүлээж бай, гурвуулаа явж байгаа гэдгээ харуулна гээд зогсож байсан.

Тэгсэн чинь нэг эрэгтэй миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод хөлөөрөө миний гуя руу нэг жийгээд буугаад ир, ална гээд байсан. Хажуу талаас нь хар өнгийн куртиктэй 30 орчим насны залуу салгах гэж байгаа бололтой байснаа чи яасан гэнээ гэж асуусан, би таксины жолооч байна гэсэн чинь миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Би яаж байнаа гээд нүдээ гараараа дарж үзтэл нүдний шил хагараад шил нь зоогдсон байсан. Би буугаад та нар намайг яаж байгаа юм бэ гэж хэлээд автомашинд сууж толинд хараад гараад иртэл тэд нар явсан байсан. Би цагдаад дуудлага өгөөд автомашинд анх суусан гурван эмэгтэйг цагдаа дээр авч ирсэн.

Хар хувцастай хоёр дахь залуу миний нүд рүү цохисон. Намайг гараараа цохидог залуу нь хар өнгийн куртиктэй, хөлөөрөө өшиглөдөг нь ногоон өнгийн хамгаалалтын хувцастай байсан. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

“Тухайн үед би юу болоод байгаа учрыг нь ойлгоогүй байсан. Нэг залуу хөлөөрөө жийгээд араас нь хар куртиктэй залуу салгах гэж байгаа юм шиг ирснээ намайг цохисон. Сүүлд би бодоод байсан чинь миний зүүн нүд рүү хоёр удаа цохисныг санаж байна. Нэг хүүхэн нь тэр залууг араас нь татаж аваагүй бол намайг дахиж цохихоор байсан.

... Нүдний шил хагарсан. Эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч Т.***ийн “... Тэгээд зам дагуу байрлах CU дэлгүүрийн урд зогсоод дэлгүүр орж юм аваад буцаж гарч ирээд таксиндаа суутал манай хоёр найз, найз залуус руугаа залгаад гурвуулахнаа байгаа гэдгээ батлах гээд дуудсан. Тэгтэл манай хоёр найзын найз залуус нь ирээд таксины жолооч руу дайраад байсан. Тэд нар гурвуулаа байсан. Би тэр дундаас Содоо болон Очироог танина. Харин нөгөө залууг нь би мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дахь тал/

 

Гэрч Н.***гийн “... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз ***, *** нарын хамт 3,4 дүгээр хорооллын *** төвийн баруун талын уушийн газарт орой 22 цагийн үед орж суусан. Тэндээсээ шөнийн 02 цагийн үед гараад ***гийн гэрт очиж үргэлжлүүлж сууна гээд гарсан. Тэгээд бид Парадоксын автобусны буудлын хойд талаас такси барих гээд зогсож байтал Sai маркийн цагаан өнгөтэй автомашин ирж зогсоод суучих гээд хоргоогоод байсан.

Тэр үед манай нөхөр *** утсаар залгаад хаана байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би такси барих гэсэн чинь нэг залуу автомашиндаа суучих гээд байсан гэж хэлсэн чинь би яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан.

Тэгээд зогсож байтал тэр залуугийн автомашины хойно цагаан өнгийн Prius 20 маркийн автомашин ирээд зогссон. Тэгэхээр нь бид гурав тэр автомашинд орж суугаад Парадоксын замын урд байдаг CU дэлгүүр орно гэж суугаад явсан. CU дэлгүүрээс юм аваад гарсан чинь манай нөхөр ирсэн.

Тэгсэн чинь манай нөхөр миний хэлж байсан таксины жолоочтой андуураад Prius 20 маркийн автомашины хаалгыг нь онгойлгоод буугаад ир гэхээр нь би наад хүн чинь таксины жолооч ш дээ гэж хэлсэн.

Манай нөхөр үгийн завдалгүй жолоочийг өшиглөх гэсэн чинь жолооч хөлийг бариад авсан. Тэгээд би хаалгыг нь хаагаад нөхрөө авч яваад учир байдлыг тайлбарлаж өгсөн. Тэгсэн чинь таксины жолооч та нар гэмгүй хүн зодлоо гээд автомашинаасаа гарч ирсэн. Эргээд харсан чинь жолоочийн зүүн нүдний доор зүсэгдчихсэн цус гарсан байсан. Тэгээд би яасан бэ, хэн чамайг цохисон бэ гэсэн чинь танай найзуудын хар хувцастай нь намайг цохисон гэж хэлсэн. ... Манай нөхөр ажлын ногоон хувцастай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дахь тал/

 

Гэрч Г.***гийн “... Гадаа ***, *** хоёр үлдсэн байсан. Тэгсэн чинь Очироо автомашины хаалгыг онгойлгоод таксины жолоочтой чи хэн бэ, чи юу юм бэ гэж хэлсэн. *** ирээд Очироог араас нь татаж аваад наад жолооч чинь биш, чи хүн андуураад байна, өөр таксины жолооч гэж хэлсэн.

Содоо бас буруу ойлгоод тэр таксины жолооч руу дайраад байхаар нь би автомашинаас бууж Содоог аваад явсан. Гадаа гараад Содоо бид хоёр маргалдсан. Тэр хооронд нөгөө хэд явсан. ... Содоо хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/

 

Гэрч Б.***ын “...Тэгэхээр нь би манай эхнэрийг хоргоогоод явуулахгүй байсан автомашинтай хүмүүс гэж ойлгоод жолоочийн хаалгыг нь онгойлгоод жолоочийг баруун хөлөөрөө нэг удаа гар руу нь жийсэн. Тэгсэн чинь жолооч миний хөлийг бариад авсан. Тэгтэл автомашины хойно суусан байсан эхнэр *** гарч ирээд намайг хойноос татаад автомашины урд тал руу авч явсан.

Эхнэр чи хүн андуураад байна, наад хүн чинь зүгээр таксины жолооч, миний чамд хэлсэн хүн биш гэж хэлсэн. Би жолоочоос уучлалт гуйх гээд очиход жолооч гараараа нүдээ дарчихсан, утсаар цагдаад дуудлага өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1224 дугаартай:

“1. О.***ийн биед хоншоор, зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, зовхинд шарх, зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дахь тал/

 

Б.***ын яллагдагчаар өгсөн “... Би сууж байсан баарнаасаа такси бариад ганцаараа Winsway баарны үүдэнд очсон чинь найз охин *** үл таних 3-4 залуутай юм яриад зогсож байхад нь би хардаж уурлаад дуудсан.

Тэгээд бид хоёр хэрүүл хийж маргалдан би уурлаад буцаад Crown шөнийн цэнгээний газар руу явсан. Шөнийн цэнгээний газар дээр очоод тус цэнгээний газрын хамгаалагчаар ажилладаг *** найзтайгаа юм яриад зогсож байсан чинь ***ын найз охин Нямка залгаад ахуй үйлчилгээний урд талын CU дэлгүүрийн үүдэнд та хоёр хүрээд ир, Болороо бид хоёр байна гэж дуудсан.

Тэгэхээр нь бид хоёр гарч такси барьж яваад замдаа утсаар ярихад Нямка CU дэлгүүрийн урд Prius 30 маркийн автомашин дотор сууж байна гэж хэлсэн. Бид хоёр таксинаас буугаад би таксины жолоочийг түрүүн очиход байсан залуучууд байна гэж андуурсан.

Тэгсэн чинь *** түрүүлж очоод жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочийн баруун мөр рүү хөлөөрөө жийсэн. Тэгэхэд нь би ***ыг түлхэж холдуулаад таксины жолоочийн зүүн шанаа руу нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэгсэн чинь уг автомашины хойд суудал дээрээс найз охин *** гарч ирээд намайг түлхэж холдуулан бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад би уурлаад зам хөндлөн гарч таксин бариад Crown шөнийн цэнгээний газар очиж байгаад гэр рүүгээ харьсан.

Би бага хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хардалтын улмаас бусдад гэмтэл учруулсандаа гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг./хэргийн 50-51 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн үед Winsway шөнийн цэнгээний газрын үүднээс Т.***, Н.***, Г.*** нар нь такси үйлчилгээ үзүүлж байсан хохирогч О.***ийн тээврийн хэрэгсэлд зорчин явжээ.

Ингээд Т.***, Н.***, Г.*** нар Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дэлгүүрээр үйлчлүүлээд гарч ирэх үед шүүгдэгч Б.***, гэрч Б.*** нар нь иржээ.

Энэ үед такси үйлчилгээ үзүүлж байсан хохирогч О.***ийг хардалтын улмаас бусадтай андууран гэрч Б.*** өшиглөх явцад түүний найз охин болох Н.*** салгасан бөгөөд үүний дараа шүүгдэгч Б.*** нь мөн өөрийн найз охин Г.***тай хардаж нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хоншоор, зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, зовхинд шарх, зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учиржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*** нь О.***ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч О.***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1224 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч Ц.*** 345,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан нь нотлох баримтуудаар /хэргийн 83 дугаар тал/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогчийн олох ёстой цалингийн орлого 903,753 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул үүнийг хохиролд тооцох боломжгүй байна.

Гэхдээ хохирогч Ц.*** нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатараас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гараагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг сайн дураараа төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.***ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.***аас 345,000 төгрөг гаргуулж О.***ид олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ