Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Р.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт ***гийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205034***0272 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны 12 дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг ***  дугаар хороо *** дугаар байр *** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ***гийн ***.

 

Шүүгдэгч Р.*** нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** дүгээр байрны гадна “автомашинд зам тавьж өгөөгүй” гэсэн шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч Х.***ийн эрх чөлөөнд халдаж түүний нүүр болон толгойн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Хохирогч Х.***ийн “ ... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд гэрээсээ буюу *** хотхоны В1 давхрын зогсоолоос автомашинтайгаа гарч ирээд хотхоны зам дундуур төв зам руу гарах гээд явж байтал урдаас Premio маркийн автомашин өөдөөс ирээд тулсан.

Тэгэхэд нь би жолоочид ухраад өгөөч, багтахгүй байна гэж хэлсэн чинь өөдөөс “мангар бацаан минь тойроод гар, унадаггүй юм уначихсан биш” гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь хөдлөхгүй зогсоод байж байхад жолооч нь бууж ирэхээр нь би автомашинаасаа буугаад очиход “мангар бацаан минь аятайхан гараад явчхаач” гэхэд нь бид хоёр барьцалдаж авахад тэр миний баруун талын шанаа руу гараараа цохиход нь би зөрүүлээд цохиод авсан.

Тэгэхэд нэг хүн ирээд голоор орж салгасан. Тэгээд хойноос автомашин дуут дохио өгөөд байхаар нь би автомашинаа холдуулж зогсоод нөгөө жолооч дээр явж очиход автомашиныхаа багаажнаас дугуйн дорцов гаргаж ирээд зүүн талын шанаа руу цохисон. Ингээд цохиод зугтаасных нь дараа хойноос нь очиж шат руу түлхэж унагаасан ба намайг хүмүүс бариад болиулж байхад тэр автомашиндаа суугаад зугтаагаад алга болчихсон.

... энэ хүнтэй маргалдах хооронд миний зүүчихсэн байсан 925 сорьцтой алтан гинж алга болчихсон байсан. Би томографид харуулсан 140,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг гинжийг манай эхнэр 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн өдрөөр Мөнгөн завьяа дэлгүүрээс 6,800,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Энэ гинжээ нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дэх тал/

“... Тухайн болсон асуудлыг хажууд баригдаж дуусаж байсан барилгын инженер *** гэдэг хүн бид хоёрыг салгах гээд боль гэж хэлж хажууд байсан. Мөн намайг зодсон залуугийн эхнэр нь хажууд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дахь тал/

 

Гэрч М.*** ийн “... Гэтэл нөгөө автомашин хөдлөхгүй зогсоод байхаар нь манай нөхөр автомашинаасаа буугаад Land 200 маркийн автомашин дээр очоод миний дүү энэ замаар зөрж багтана, зөрдөг зам байгаа юм гэж хэлтэл нөгөө залуу манай нөхрийн урдаас сөргөлдөөд тэдний дунд маргаан үүсээд Land 200 маркийн автомашины жолооч нь цонхоороо гараа гаргаж ирээд манай нөхрийн нүүр хэсэгт цохисон. Тэгээд тэд маргалдаад нөгөө залуу автомашинаасаа бууж ирээд манай нөхрийг зодсон. Манай нөхөр энэ үед доошоо тонгойгоод зодуулаад сууж байсан. Тэгээд хажуугаар манай байрны *** таараад салгасан.

... Манай нөхөр *** нь Land 200 автомашины жолоочийг нэг удаа төмрөөр толгойн хэсэгт нь цохисон. Тэд харилцан бие биенээ гараараа цохисон. Харин биеийн яг аль хэсэгт хэдэн удаа бие биенээ цохиод байгааг би анзаараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дахь тал/

 

Гэрч А.***ийн “... Тухайн өдөр би гадаа гараад тамхи татаад зогсож байтал хотхон дотор хоёр автомашин өөд өөдөөсөө тулаад зогссон байдалтай маргалдаад байж байсан. Гэтэл гэнэт автомашинаасаа буугаад хоорондоо зодолдож эхэлсэн. Уг хүмүүс нь ***, *** нар байсан. Хоёулаа *** хотхонд амьдардаг.

... Тэгээд би гүйж очоод салгасан. Тэгээд би буцаад ажлынхаа гадаа очоод байж байтал ***, *** нар нь байрны нөгөө талд очоод ахиад маргалдаж байсан ба ***ын эхнэр нь автомашины дорцов төмөр барьчихсан зогсож байсан. Уг төмрийг *** нь эхнэрээсээ авах гээд эхнэр нь өгөхгүй барьчихсан байсан. Тэгээд *** нь наашаа гүйхэд араас нь *** хөөсөн. Тэгснээ *** наашаа гүйж байснаа буцаад байр руугаа гүйсэн.

... Тухайн үед ***ийн биед гинж байсан эсэхийг би хараагүй, анзаараагүй, өдөр маргаан болсноос хойш 2-3 цагийн дараа би ажлаасаа гартал *** нь зодоон хийж байсан газар ирчихсэн ямар нэг юм хайгаад байсан. Тэгээд надаас гинж харсан уу гээд асууж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14998 дугаартай:

“...1. Х.***ийн биед зүүн чамархайн хуйх, дух, зүүн дээд, доод зовхинд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 33-34 дэх тал/

 

Р.***ын яллагдагчаар өгсөн “... Тухайн өдөр би автомашинтайгаа хотхон руугаа орох гэтэл урдаас олон автомашин ирээд *** гэсэн дугаартай хар өнгийн Lexus 570 маркийн автомашин нь булан эргэх гээд удаашралтай байгаад байхаар нь би зам тавьж өгсөн. Тэгээд чөлөөтэй зөрж гарах боломжтой байхад шууд миний урдаас тулж ирсэн. Тэгээд би дахин ухарч чөлөөтэй зөрөх зайг гаргаж өгөөд байхад урдаас тулж яваад цонхоо нээгээд чи муу урсгал сөрөөд байна ш дээ зайлаач гэж намайг хэлсэн. Би хариуд нь энүүгээр хоёр автомашин зүгээр зөрөөд болдог юм, яагаад байгаа юм бэ банди минь, хүний унадаггүй юм унасан юм шиг яагаад тэнэгтээд байгаа юм бэ, зүгээр яваач гэж хэлсэн. Би автомашины цонхоороо өнгийж харахад хажуугаар зөрөх зай хангалттай байсан.

Тэгээд бид хоёр автомашинаасаа буутал нөгөө хар өнгийн Lexus 570 маркийн автомашинтай залуу миний нүүр хэсэгт цохиж би газарт унасан. Тэгээд тэр залуу би чиний банди байна уу гэж хэлээд бид хоёрыг зууралдаж байх хооронд *** ирээд бид хоёрыг салгасан. Энэ үед Lexus 570 маркийн автомашины араас олон машин ирээд дуут дохио өгөөд байсан тул нөгөө залуу автомашинаа шууд холдуулаад миний автомашины хажуугаар чөлөөтэй зөрөөд багтаж гарсан. Тэгээд автомашинаа зогсоол дээр тавьчхаад нааш ир, би чамайг алаад өгье, чаддаг юм бол хүрээд ир гээд намайг дуудаад байсан. Маргалдаж байх үед байрны жижүүр болон 5-6 оршин суугчид гадаа харж байсан. Би тэр үед автомашины ард талаас дугуйн дорцов төмөр аваад очих үед нөгөө залуу хоёулаа сайхан үзье, хог бүү барь гэж намайг хэлсэн. Тэгээд би дорцовоо газарт хол шидэж хаясан. Тэгээд бид хоёр барьцалдаад зодолдоход би нөгөө залууг цохиж чадаагүй. Харин намайг толгой тархи руу нүдэж маш их зодсон. Тэр үед миний дух цоорч, нүүр тэр чигтээ цус болсон байсан. Тэгээд би буцаж гүйж очоод дорцовоо аваад нөгөө залууг нэг удаа цохиод шууд зугтсан. Тэгээд 3 дугаар орцны шатан дээр очсон байхад намайг араас хөөж ирээд хөлнөөс өргөж довжоон дээр шидсэн. Тэгээд хүмүүс ирж салгаад бид хоёр салаад хоёр тийш явсан ба нөгөө залуу миний араас чамайг ална гэж заналхийлсээр байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-67 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хохирогч Х.*** нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** дүгээр байрны гадна буюу нийтийн хэрэгцээний замд “автомашинд зам тавьж өгөөгүй” гэсэн шалтгаанаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан шүүгдэгч Р.***тай маргалдаж, улмаар шүүгдэгч Р.*** нь хохирогч Х.***ийн эрх чөлөөнд халдаж түүний нүүр болон толгойн тус газар нь цохиж зодон түүний биед зүүн чамархайн хуйх, дух, зүүн дээд, доод зовхинд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Р.*** нь Х.***ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Х.***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14998 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хавтаст хэрэгт хохирогч Х.***ийн “... Р.***аас нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг гомдол санал байхгүй, хоорондоо харилцан тохиролцож хохирол төлбөрөө барагдуулсан болно” гэсэн хүсэлт /хэргийн 76 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Р.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт сайн дураараа төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.***ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ