Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/160

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***гийн ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205032730137 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг Рашаант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *** дугаар цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** аймаг *** сум *** дугаар баг *** оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо *** дугаар байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***гийн ***.

 

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Стелла баарны гадаа Ц.***тэй үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас Ц.***гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чихний дэлбэнд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Ц.***гийн “Би 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз болох С.***ын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла шөнийн цэнгээний газар орсон юм. Бид хоёр тухайн газар ороод дундаа 0,5 литрийн Экс гэсэн нэртэй архи аваад уусан бөгөөд шөнө 00 цаг 50 минутын үед гэртээ харихаар болж явах гээд гадаа гарч ирсэн ба гарах хаалган дээр үл таних 5-6 хүн таарсан. Тухайн хүмүүсийн нэг нь болох цагаан өнгийн цамцтай 178 см орчим өндөр хар өнгийн бэлтгэлийн хувцастай 27 орчим насны шар царайтай эрэгтэй хүн ирээд шууд над руу дайраад байсан.

Тухайн үед нь би яав ийв юу болов гэх зүйл асуусан чинь хажууд байсан баарны хамгаалагч гэх залуу намайг санаа зоволтгүй ахаа гээд намайг хоёр гарын хэсгээс бариад авсан чинь нөгөө эрэгтэй үсэрч ирээд намайг нүүрний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Энэ үед миний хамраас цус гараад байхаар нь хамраа гараараа дараад нааш ир, чи яах гэж байгаа юм гэж хэлсэн чинь баарны хамгаалагч намайг битгий гээд тавихгүй байсан.

Энэ үед нөгөө залуу над руу дайраад байсан. Хамгаалагч нар нь нөгөө хүмүүсийг саатуулаад юм ярьж байгаад нөгөө хүмүүсийг автомашинд суулгаад явуулсан. Ингээд найз *** бид хоёр баарны хамгаалагч нарт хандаад хүн зодсон хүнийг та нар явуулчихлаа гээд хэлсэн. Тухайн үед нь *** бичлэг хийхээр гар утсаа гаргаж ирсэн бөгөөд нөгөө хүмүүсийн автомашинд суугаад явж байгаа зураг авч, бичлэг хийсэн чинь хамгаалагч нар ***аас гар утсыг нь авахаар булаацалдаж байсан. Нэг мэдсэн нэг хүнд нь цохиулсан гээд надад хэлсэн.

... Бид хоёр цагдаа нартай уулзаад дараа нь Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Миний хамар хугарч чих гэмтсэн байна гээд хэлсэн. Бид хоёр тухайн үед нь нэг мөр цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гээд наашаа ирж өргөдөл гаргаж өгсөн.

Би дотор байхдаа ямар нэг маргаан хийсэн хүн байхгүй байсан бөгөөд найз *** бид хоёр гэртээ харихаар гараад явж байгаад тухайн хүмүүстэй таарсан. Өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Одоо харвал танина.

Намайг гараараа цохиж зодсон гэх залуу тухайн автомашиныг унаад явсан бөгөөд манай найз ***д зураг нь байгаа.

Би намайг цохисон хүнд гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-14 дэх тал/

 

Гэрч С.***ын “... гадаа хаалган дээр нь ирэх үед үл таних хүмүүс гэнэт ямар нэг шалтгаангүй дайраад байсан. Нэг нь найзыг маань хамар хэсэгт гараараа цохисон ба ингээд бид хоёрыг тухайн баарны хамгаалагч нар салгаад хориглоод байсан. Нөгөө хүмүүсийг автомашинаа унаад явах үед нь харсаар байгаад явуулсан. Би тухайн үед нь нөгөө хүмүүсийг явах үед нь өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд хамгаалагч нар нь наад утсаа аваад ир гээд халаас тэмтрээд байсан ба би та нарын бүх бичлэг байгаа гээд хэлсэн чинь надаас нэхээд байсан.

... Надад гар утсан дээр зураг нь байгаа бөгөөд тухайн хүмүүсийн нэг болох манай найзыг зодож цохисон залуу 12-47 УНВ улсын дугаартай саарал өнгийн Prius 30 маркийн автомашиныг жолоодож явсан. Надад энэ хүний машин дотор сууж байгаа зураг нь байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн “...4. Дугаар 4 *** овогт ***гийн *** ... С.*** нь 4 дугаар хүснэгтэд байгаа зургийг уг хүнийг хараад л шууд таньж байна, биеийн төрх, царай зүс нь манай найзыг зодож гэмтэл бэртэл учруулсан иргэн мөн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-29 дэх тал/

 

Гэрч А.***ын “...Би тухайн газар өөрийн найз нар болох *** болон ах болох Сугар нарын хамт байсан юм. Бид нар шөнийн цэнгээний газар орохоос өмнө нэг шил архи хуваагаад уусан байсан тул тэнд ороод дахин нэг шил 0,75 литрийн архи аваад мөн хүний нэг нэг шил 0,5 литрийн пиво аваад уусан юм. Бид нар 03 цаг өнгөрч байхад тухайн газраас гараад явах болсон бөгөөд өөрөө автомашинтай байсан тул дуудлагын жолооч дуудсан юм. Бид нар гадаа дуудлагын жолооч дуудаад хүлээгээд юм яриад зогсож байхад үл таних бид нараас арай ахимаг байрын хоёр ах ирээд та нар бөх юм уу гээд манай найзтай маргаан хийгээд байсан. Тэгээд би яваад очсон бөгөөд ах нар нэлээд дээрэлхүү байртай бөх мэдэх үү, чөлөөт мэдэх үү гээд хашгираад байсан бөгөөд энэ үед хамгаалагч нар гарч ирээд бид нар салгаад хоёр тийш болгосон юм.

... Тэгээд би салаад байж байтал манай найз *** нөгөө эрэгтэйтэй нь зууралдаад авсан байсан бөгөөд би эргэж очоод салгасан юм. Энэ үед нөгөө эрэгтэй миний хувцсыг урсан байсан тул автомашин дотроос нэг хувцас гаргаж ирээд өмссөн бөгөөд энэ үед найз ***ыг салгаад автомашинд суулгасан бөгөөд найз нар наадуул чинь гай болно явъя гэх зүйл хэлээд байсан. Тэгсэн чинь нөгөө хоёрын надтай барилдана гээд байсан эрэгтэй хамраас нь цус гаргасан намайг цохилоо гэх зүйл хэлээд байсан бөгөөд би энэ хүнд хандаад чамайг би цохиогүй гэдгээ хэлээд дуудлагын жолооч ирэхээр нь хамт хөдлөөд явсан.

... Харин манай найз *** хөх өнгийн цагаан канттай бэлтгэлийн хувцас өмссөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45-47 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13327 дугаартай:

“...1. Ц.***гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чихний дэлбэнд шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дахь тал/

 

Б.***ын яллагдагчаар өгсөн “... Би тухайн газар найз *** болон ах Сугар нарын хамт орсон юм. Би тухайн газар үйлчлүүлж байгаад газраас явахаар болоод шөнө 01 цагийн гарсан юм. Бид нар гарах үед би түрүүлээд автомашин дээр очиж дотор нь суусан. Тэгээд би эргээд харсан чинь манай найз *** хоёр хүнтэй маргаад дээгүүр хувцсаа тайлаад байхыг би харсан бөгөөд тухайн үед баарны хамгаалагч нар гараад ирсэн байхаар нь болиулах гээд явган алхаад очсон. Бид хоёр нөгөө ах нартай юм яриад эвээ олохгүй байхаар нь аргалж байгаад явчих гэсэн боловч хоёр ах хэрүүл өдөөд явуулахгүй байхаар нь хэл амаар өдөөд байсан, арай нэг туранхайг нь очоод гараараа нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд бид нар тухайн газраас холдоод явсан.

... Би хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд тухайн үед надаас ямар нэг баримтгүй зүгээр мөнгө нэхээд байгаа тул өгч амжихгүй байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68-70 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.*** нь найз нарын хамт 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Стелла шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн бөгөөд гарахдаа шүүгдэгч Б.***, найз А.*** нар нь тус шөнийн цэнгээний газарт үйлчлүүлсэн хохирогч Ц.*** болон түүний найз С.*** нартай үл ялих зүйлээс болж маргалджээ.

Ингээд уг маргаанаас болж шүүгдэгч Б.*** нь хохирогч Ц.***гийн толгойн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чихний дэлбэнд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учиржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*** нь Ц.***гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэмт хэрэг гарахад хохирогч Ц.***гийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч А.***ын мэдүүлэг, Б.***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ц.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13327 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хавтаст хэрэгт хохирогч Ц.*** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гарсан зардалд баримтаар нэхэмжлэл гараагүй бөгөөд шүүгдэгч Б.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт 1,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн талаарх баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.***ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг сайн дураараа төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.***т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ