Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

   2023          03          22                                   2023/ШЦТ/233

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 Баянгол дүүргийн Прокурорын газраас Э овогт Ч-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *** хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “***” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай боловч одоо ****** үүргийн * хороо *** тоотод оршин суудаг гэх, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэн харгалзсан, Э овогт Ч-н Б /регистрийн дугаар *****/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод согтуурсан үедээ хуучин найз охин А.Ю-ыг хардалтын улмаас үснээс нь татаж, хоолойг нь боож, толгой, гар, хөл хэсэгт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод хохирогч А.Ю-ын үснээс нь татаж, хоолойг нь боож, толгой, гар, хөл хэсэгт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Ю-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд өөрийн түрээслэн амьдарч байгаа газраа найз Н--той унтаж байтал Н-н найз залуу У миний салсан найз залуу Б-тай хамт гаднаас согтуу орж ирсэн. Б намайг бос гэх зэргээр хэрүүл өдөж байгаад намайг өөдөөс нь уурлахад миний үснээс 2 гараараа үсдэж, толгой, 2 гар, хөл хэсэг рүү гараараа цохиж хөхрүүлсэн. Тэгээд би айгаад нойл руу орж хаалгаа цоожилсон чинь гал тогооноос хутга барьж нойлын өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгоод нойлд орж ирээд намайг үсдэж чирээд том өрөө рүү оруулаад хоолойноос гараараа боож хэл үгээр доромжилж айлган сүрдүүлсэн. Тухайн байрны буйдангийн 2 хөлийг хугалж дахиад намайг үсдэж байхад У дундуур орж ирээд салгахад би явлаа миний гутлыг аваад ирээрэй, би толгой дээр нь өмсөнө гээд намайг газар суулгаад үсдсэн, буйдан дээр сууж байтал толгой дээр хөлөө тавьчихаад оймсоо өмсөхөөр нь би нөгөө өрөө рүү ороод цагдаа дуудна гэхэд У аваад гарсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай “...А.Ю-ын биед хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун тохой, цээжинд цус хуралт баруун хөл, хэвлийд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын салстад зулгаралт, дух, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сард Ю-тай маргалдаад салсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би ажлаасаа бууж Улаанбаатар хотод ирээд найз М-н хамт хорооллын эцэст зочид буудалд архи ууж байтал 00 цагийн орчим Ю над руу залгахаар нь утсаа авахад нэг эрэгтэй хүн би Ю-ын найз залуу нь байна, чи хэн бэ, гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуутай нь утсаар маргалдсан бөгөөд тэр залуугаас байгаа хаягийг нь асуухад надад Ю-ын амьдарч байсан байрыг зааж өгсөн. Би М-г өрөөнд унтуулж үлдээгээд ганцаараа нөгөө байранд нь очоод хаалгыг нь тогшиход Ю хаалгаа тайлж өгсөн. Цаад өрөөнд нь манай найз У эхнэр Н-той хамт унтаж байсан. Ю өрөөндөө ганцаараа байхаар нь “чи надаас салаад удаагүй байж найз залуутай болчихсон юм уу” гэж асуусан. Тэгээд бид хоёр маргалдсан. Би Ю-ын үснээс гараараа зулгаагаад доошоо дарсан чинь доош өвдөглөсөн. Хоёр өвдөг нь зулгарсан. Ю босож ирээд ноцолдсон бөгөөд их удалгүй би гараад явчихсан. Тэгээд би буудалдаа ороод унтсан. Түүнээс хойш Ю-тай уулзаагүй бөгөөд би Ю-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх дахь тал/,

Шүүгдэгч Ч.Б-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч А.Ю-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч А.Ю нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч С.Байгалийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э овогт Ч-н Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Ч.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ