Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/226

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

     2023           03           21                                         2023/ШЦТ/226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ

Шүүгдэгч: ***,

Хохирогч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ы ***д холбогдох эрүүгийн 2205037710095 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, *** оны 5 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** аймаг, *** сумын *** баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***ы *** /РД:***/.

   

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***ийн нүүр рүү нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***ийн нүүр рүү нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн “...Би зөөлөн цохисон, дүгнэлтэд бичсэн гэмтлийг учруулах хэмжээнд цохиогүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205037710095 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...Удалгүй тэр залуу өөр өнгийн хувцас өмсөж орж ирээд дахиад манай найз охиныг өдөж хоргоосон. Тэр үед би юм хэлээгүй. Баар хаах болоод бид 3 гарж байтал тэр залуу баарны үүдэнд найзуудтайгаа зогсож байсан. Тэгээд наашаа хараад “Энэ нөгөө писда чинь байна шүү дээ” гээд найзууд нь “Энэ писда юм уу?” гэх зэргээр яриад байхаар нь би очоод “Зүгээр л гоё байлдаа, битгий ийм зан гаргалдаа” гэх утгатай зүйл хэлтэл тэр залуу намайг шууд хамар руу мөргөсөн. Мөргөхөд нь би газарт унаад “Яагаад намайг ингэж байгаа юм бэ?” гэх зэргээр маргалдсан. Тэр үед манай найз охин бас тэр хүмүүстэй муудалцаад нэг нь манай найз охиныг хавираад унагаачих шиг болсон. Тэгэхээр нь би цагдаа дуудаж, цагдаа нар ирээд 10 дугаар хороололд байдаг цагдаагийн хэсэг дээр очоод намайг гэмтлийн эмнэлэг ор гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны 15791 дугаартай шинжээчийн “...***ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 62 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн биед халдсан үйл баримттай маргаагүй ч түүний биед шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт, хамарт цус хуралт, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал бүхий гэмтэл учирсантай маргасан болно.

Тодруулбал, тэрээр “...хохирогчийн биед халдсан, гэхдээ чанга цохиогүй, дүгнэлтэд заасан гэмтлийг өөр хэн нэгэн түүнд учруулсан байх, би учруулаагүй...” гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн энэ байр суурийг дэмжсэн, хохирогчийн биед өөр хэн нэгэн гэмтэл учруулсан байж болзошгүйг нотолсон эргэлзээ бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч *** нь хохирогч ***ийн биед халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэргийн 20-21 дүгээр талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15791 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15791 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 15791 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч ***гийн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***ийн нүүр рүү нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.   

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд  330.000 /гурван зуун гучин мянга/-н төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***гаас 330.000 /гурван зуун гучин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч ***ийн нэхэмжилсэн үлдэгдэл 7.000.000 /долоон сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нээлттэй үлдээж хохирогч *** нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хохирогч ***ийн хэрэгт хавсаргасан  хагалгааны зардал гэх  баримт нь /хх-ийн 41 тал/ эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн гарч болзошгүй зардлын тооцоолол байх тул уг мөнгөн дүнг хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч ***г хохирогч ***т төлбөл зохих 330.000 /гурван зуун гучин мянга/-н төгрөгийн төлбөртэй гэж шүүх дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 330.000 /гурван зуун гучин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгож, хохирогчийн нэхэмжилсэн үлдэх 7.000.000 /долоон сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ