Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1126

 

 

 

 

 

 

 

                                                           

 

 

  Н.С-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Ст холбогдох эрүүгийн 1810027240377 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн ......................, ............. оны .......... дугаар сарын ...........-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ............ аймгийн ............. 2 дугаар баг, 1 дүгээр хэсгийн ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ............... ........... дугаар гудамжны ............... тоотод түр оршин суух, /РД: .............../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 711 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан Б.Сдашийн “Samsung-S5”, “Samsung-S7 edge” маркийн гар утсыг хулгайлан 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Олон нуур” зочид буудалд иргэн Б.Батбаярын “Хаан банк”-ны картыг хулгайлж, “АТМ”-д уншуулан 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..................... овгийн ....................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Саас 680.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Сдашид, 1.400.000 төгрөг гаргуулан хохирогч .............. тус тус олгуулахаар тогтоож, шүүгдэгч Н.Сийн бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Н.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие бусдад учруулсан гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа бөгөөд хохирлоо нөхөн төлсөн. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон тул биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч П.Дэлгэр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Н.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2 хохирогчийн хохирлыг барагдуулж уучлалт хүссэн, мөн хохирогч нар гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Ст оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан Б.Сдашийн “Samsung-S5”, “Samsung-S7 edge” маркийн гар утсыг хулгайлан 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Олон нуур” зочид буудалд иргэн ............ын “Хаан банк”-ны картыг хулгайлж, “АТМ”-д уншуулан 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сдашийн “... Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой ажилчдын амралтын гэрт орой 01:00 цагийн үед унтсан. Тухайн үед гэрт хамт ажилладаг Магсар, Сарантунгалаг бид 3 унтсан. Би өглөө 09:00 цагийн үед сэрэхэд миний дэрэн дор тавьсан “Samsung S7 edge”, “Samsung S5” маркийн 2 утас маань алга болсон байсан. Мөн Сарантунгалаг байхгүй байхаар нь авсныг нь мэдээд түүний 99850515 дугаар руу залгахад эгч нь 2 утсыг нь аваад явсан, орой 19:00 цагийн үед аваад очно гэж хэлсэн. Би уг нь Сарантунгалагт утас өгөөгүй, миний утсыг авч явахдаа хэлэлгүй авсан юм. ...” /хх-13/,

гэрч Д.Магсарын “... тухайн үед Б.Сдаш, Н.С бид 3 нилээд согтсон, ойр зуурын зүйл яриад сууж байсан, ... нэг сэрэхэд 08:00-09:00 цагийн үед босоход Б.Сдашийн “Samsung S7 edge”, “Samsung S5” загварын гар утсыг Н.С аваад явчихсан байсан юм. Тэгээд Б.Сдаш нь утас алга болсныг мэдээд цагдаад хандсан юм.” /хх-26/,  

хохирогч .............ын “...Н.С гэх эмэгтэй миний танил Гэрэлээ гэх эмэгтэйн найз нь байгаа юм. ...Тэгээд буудал руу ороод Н.Ст картаа, мөн картын кодоо хэлээд 25.000 төгрөгийн тооцоог хийлгүүлсэн. ...Картаар гүйлгээ хийхэд миний утсанд захиа ирдэг юм. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21:52 минутад буудлын тооцоо болох 25.000 төгрөгийг хийсэн байсан. Тэрнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхлээд 100.000 төгрөг, хоёр дахь удаагаа 800.000 төгрөг, гурав дахь удаад нь 500.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг миний картнаас авсан байна” /хх-150/,

Н.Сийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд авсан архиа хувааж уусан бөгөөд бид хоёр хоёулаа согтсон байсан. Тэгээд л согтуудаа Баяраагийн “Хаан банк”-ны картыг аваад Тэрэлж яваад танихгүй хүмүүстэй архи дарс уугаад мөнгийг нь үрчихсэн байна. ...” гэх /хх-157 мэдүүлгүүд,

Б.Батбаярын “Хаан банк”-ны 5059199501 дугаартай дансны  хуулга /хх-168/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн №ХУ2-18-757 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26/,

...........ын “Хаан банк”-ны 5059199501 дугаартай дансны  хуулга /хх-168/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Н.Сийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сийн бусдын эд хөрөнгийг хулгайлж, 2.120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил  хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ялын төрөл, хэмжээг заажээ.

Мөн шүүгдэгч Н.Ст анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нар нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Шүүгдэгч Н.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Н.Ст зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,

          “Шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Н.Ст мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.С нь 162 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

          3. Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, түүнийг нэн даруй сулласугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ