| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0508/З |
| Дугаар | 221/МА2025/0241 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0241
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиг лах эрхийг хүчингүй болгох тухай” А/352 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0972 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0508/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиг лах эрхийг хүчингүй болгох тухай” А/352 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0972 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиг лах эрхийг хүчингүй болгох тухай” А/352 дугаар тушаалыг хүчингүй болгож болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Газрын төлбөрийг төлөхдөө иргэн, аж ахуйн нэгж нь хугацаанд нь төлөх, бүрэн төлөх гэсэн үүргийг хуулиар хүлээдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх ёстой талаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдэж байх үед газрын төлбөрөө төлөөгүй байсан нь тогтоогддог” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/352 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/552 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд “Т” ХХК-д 1916.25 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.
3.2. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх газрыг ашиглах эрхийн 0201*** дугаартай гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосон байх бөгөөд харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, газар ашиглагч нарын хооронд “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” тухай 2021/145 дугаартай гурвалсан гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан байна.
3.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай 352 дугаар тушаалаар “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Т” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” гээд 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно” гээд 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5, 40.1.6 ...-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
4.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/352 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл зааж нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
4.3. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
4.4. Гэтэл хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, газар ашиглагч нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдсанаас хойш 4 сарын дараа маргаан бүхий актыг гаргасан, мөн бусдын хууль бус үйлдэл буюу газрын давхцал, газар ашиглагч нарын дунд үүссэн шүүхийн маргааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдлыг судлаагүй, оролцогчдод сонсох ажиллагаа хийж, тайлбар гаргах боломж олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
4.4. Түүнчлэн, “Т” ХХК нь маргаан бүхий газрын төлбөрийг бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/2754 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.
4.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ