Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,   

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн У.Бат-Орших,

иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригт, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очир, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирт холбогдох 201624000631 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймаг Дадал суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Булагчин 2 дугаар гудамж 13а тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг үйлдэх үедээ “Кардеш” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар СЩ55021810, Буриад овогт Дугаржавын Дэмбэрэл-Очир.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очир нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорын эмийн ургамлын зүүн замд “Beiben” маркийн 76-62 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчснөөс Г.Ганзоригтын жолоодож явсан “Nissan Sunny” маркийн 67-82 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч У.Бат-Оршихийн биед хүнд гэмтэл, жолооч Г.Ганзоригтын биед хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригтод 2.560.000 төгрөгийн шууд, 3.431.000 төгрөгийн нийт хохирол, “Кардеш” ХХК-д 415.000 төгрөгийн шууд, 480.000 төгрөгийн нийт хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очир мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Бат-Орших мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Налайх орчихоод буцаад хот руу явж байсан. Д.Дэмбэрэл-Очир урдаа явсан 2 машиныг гүйцэж түрүүлээд портер машины араас гүйцэж түрүүлэх гэж байгаад буцаж эгнээндээ орсон. Тэгээд портер санни хоёр зөрөх агшинд Д.Дэмбэрэл-Очир дарж гарч ирээд мөргөсөн. Осолд ороод ухаангүй эмнэлэг явсан. Эгч У.Мөнхсолонго 2 хоног Гэмтлийн эмнэлэгт сахиад 3 дахь хоногоос эхнэр Ховд аймгаас ирж сахисан. Эмнэлэгт байх хугацаанд эгч У.Мөнхсолонго хоол цай зөөж үйлчилсэн. Эмнэлгээс гараад бага насны 2 хүүхэдтэй тул нутагтаа очсон. Шүүгдэгчийн талаас биеийн байдал асуугаагүйд гомдолтой байна. Залуу хүний хувьд гэр бүлээ тэжээдэг байсан. Уг ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдаж, насан туршдаа өвчтэй болсон. Үүндээ гомдолтой байна, маш их харамсаж байна. Хохирлын хувьд эгч У.Мөнхсолонгын 15 хоногийн цалин 600.000 төгрөг, 2016 оын  7 дугаар сарын18-ны өдөр 606.750 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 288.600 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 807.250 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Нийт 1.702.600 төгрөг болж байгаа. Эмрайд харуулах шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн, эмрайд 450.000 төгрөгөөр харна гэсэн. Тухайн үед өдрийн 40.000 төгрөгийн ажил хийж байсан. 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр У.Бат-Орших хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай тухай шийдвэр гарсан. Осол болсон өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт 43 хоногийг өдрийн 40.000 төгрөгөөр үржүүлээд 1.720.000 төгрөг болсон. 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 75 хоногийн цалинг 50 хувиар бодоход 1.500.000 төгрөг нийт 5.972.600 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр замын зардал 1 талдаа 65.000 төгрөг гарсан. Биеийн байдлын хувьд байнга толгой хатгаж өвддөг болсон. Эмчилгээ хийлгэж байгаа. Залуу насандаа өвчтэй болж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригт мэдүүлэхдээ “…Машиныг 3.431.700 төгрөгөөр үнэлсэнээс 2.328.257 төгрөг даатгалаас авсан. Одоо 1.752.430 төгрөг нэхэмжилж байна. Д.Дэмбэрэл-Очир гуайг машин авч өг гэж хэлэхэд мөнгөгүй гэсэн. Тухайн үед даатгалаас бүрэн мөнгө орж ирнэ гэж бодоод зөрүү 1.070.000 төгрөг өгчихвөл миний машиныг авахаар тохиролцсон байгаа” гэв.

 

Мөн хавтаст хэргээс осол, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7, 62, 69/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-10/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-11/, шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирын бичгээр гаргасан тайлбар /хх-21/, хохирогч У.Бат-Оршихын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригтын өгсөн мэдүүлэг /хх-19, 28-29/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүдэрчулууны өгсөн мэдүүлэг /хх-33/, гэрч П.Анхмаа, Д.Наранбаатар нарын мэдүүлгүүд /хх-35, 39/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9018 дугаартай дүгнэлт /хх-42/, хохирогч У.Бат-Оршихын өвчний түүх /хх-47-55/, шинжээчийн 9019 дугаартай дүгнэлт /хх-57/, “Вендо” үнэлгээний байгууллагаас гаргасан автомашинд хийсэн 5635, 5633 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-62, 68/, Техникийн шинжээчийн 389 дугаар дүгнэлт /хх-76/, “Кардеш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан бичиг /хх-82/, иргэний хариуцагч Г.Хүдэрчулууны мэдүүлэг /хх-84-85/, шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-94-95, 98-99/, шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-103/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-104/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-113/, “Кардеш” ХХК-ийн тодорхойлолт /хх-116/, шүүгдэгчээс хохирогч Б.Бат-Оршиход унааны зардалд 500.000 төгрөг өгсөн тухай баримт /хх-117/, “Ган Тэ Үүр” ХХК-ийн тодорхойлолт /хх-119/, хохиролын баримт /хх-120/, итгэмжлэл /хх-121/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-158-180/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очир нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорын эмийн ургамлын зүүн замд “Beiben” маркийн 76-62 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчснөөс Г.Ганзоригтын жолоодож явсан “Nissan Sunny” маркийн 67-82 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч У.Бат-Оршихийн биед хүнд гэмтэл, жолооч Г.Ганзоригтын биед хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригтод 2.560.000 төгрөгийн шууд, 3.431.000 төгрөгийн нийт хохирол, “Кардеш” ХХК-д 415.000 төгрөгийн шууд, 480.000 төгрөгийн нийт хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь:  

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүдэрчулууны өгсөн: “…76-62 УНЕ улсын дугаартай автомашины зүүн урд гүпер хагарч, зүүн талын нэмэлт их гэрлүүд хагарч, зүүн талын гишгүүр нь хугарсан байсан. Үнэлгээнд заагдсан эвдрэл гэмтлүүд учирсан. Д.Дэмбэрэл-Очирт манай байгууллага 2015 онд анх ажилд ороход уг машиныг хүлээлгэн өгч байсан…Манай байгууллагад учирсан хохиролыг гаргуулж авах хүсэлтэй байна…” /хх-33/ гэсэн мэдүүлэг,

 

Мөн иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүдэрчулууны өгсөн: “…Манай байгууллага бусдад учирсан хохиролыг төлж барагдуулах үүрэгтэйгээ ойлгож байна. Хохирлыг жолооч талаас төлж барагдуулна. Манай байгууллага дээр жолоочийн хариуцлагын даатгал бүгд хийгдсэн байгаа...Жолооч Д.Дэмбэрэл-Очир нь өөрөө их хэнэггүй, би өмнө болгоомжтой явж бай гэж сануулж байсан. Ер нь жаахан гишгэх гээд байдаг. Зан харьцааны хувьд цаг сайн баримталдаг, худлаа ярьдаггүй, архи тамхи хэрэглээд байдаггүй, хамт олон дундаа нэр хүндтэй хүн байгаа…” /хх-84-85/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9018 дугаар актад:

1.Б.Бат-Оршихийн биед дух ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн жижиг хэмжээний цус хуралт, зүүн чихэнд шарх, зулгаралт, шанаа, шуу, тохой, сарвуунд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.    

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл төгсгөлөөс хамаарна” /хх-42/ гэсэн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9019 дугаар актад:

1.Г.Ганзоригтийн биед тархи доргилт, чамархай духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруу, зүүн булалга, шуунд зулгаралт, тохойн шарх гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-57/ гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 389 дугаартай дүгнэлтэд:

1. 76-62 УНЕ улсын дугаартай “Beiben” маркийн автомашины жолооч Д.Дэмбэрэл-Очир нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 67-82 УНГ улсын дугаартай “Ниссан Санни” маркийн автомашины жолооч Г.Ганзоригт нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” /хх-76/ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан баривлах ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв..

           

Шүүх шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иргэний хариуцагч “Кардеш” ХХК-ниас “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу даатгалын зөрүү болох 1.103.443 төгрөг, журмын хашааны төлбөр 650.000 төгрөг, нийт 1.752.443 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригтод олгож шийдвэрлэв. Харин хохирогч У.Бат-Оршихын нэхэмжилсэн 6.102.600 төгрөгнөөс эмчилгээний зардал 1.702.600, замын зардал 65.000 төгрөг, нийт 1.832.600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4.270.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй байна. Гэвч шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очир нь хохирогч У.Бат-Оршиход 4.105.016 төгрөг, иргэний хариуцагч Г.Хүдэрчулуунд 450.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 140513 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Буриад овогт Дугаржавын Дэмбэрэл-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Б.Бат-Оршихын бие махбодид хүнд, Г.Ганзоригтын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирт оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 140513 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч У.Бат-Оршиход 4.105.016 төгрөг, иргэний хариуцагч Г.Хүдэрчулуунд 450.000 төгрөгийг тус тус төлсөн, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар “Кардеш” ХХК-наас 1.752.443 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригтод олгосугай.

7. Хохирогч Б.Бат-Орших нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Д.Дэмбэрэл-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэмбэрэл-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                 Э.ЧИНГИС

                     ШҮҮГЧ