Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/02198

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/02198

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д

 

Хариуцагч: Ц

 

Сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, хариуцагч Б.Д, Г.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Д, гэрч Ж.П, иргэдийн төлөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д, Г.Цнар нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-26 дугаар орон сууц захиалгын гэрээг О.Оюунчимэг, О.Мнартай байгуулсан. Тухайн барилга нь О.Оюунчимэгийн эзэмшлийн газар дээр Нийслэлийн хот төлөвлөлт хөгжпийн газраас зөвшөөрөгдөн баригдсан барилга. Б.Д, Г.Цнар нь барилга ашиглалтанд орох үеэр орон сууцны үлдэгдэл төлбөрөө барагдуулахаас татгалзаж, захиалсан орон сууцандаа оролгүйгээр гэрээгээ цуцлан, урьдчилгаа төлбөрөө авахаар өргөдөл гарган шаардсан. Гэрээний нийт үнийн дүн нь 118 932 000 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөрт 9 000 000 төгрөг төлсөн. Орон сууц ашиглалтанд орсны дараа буюу 2017 оны 5 дугаар сард орон сууцанд орох боломжгүйгээ мэдэгдэж урьдчилгаа төлбөрөө буцаан олгохыг хүлээсэн. Захиалсан орон сууц нь 2018 оны 9 дүгээр cap хүртэл хоосон байж байгаад өөр захиалагч олж бусдад 2019 оны 5 дугаар сард худалдсан. Ингэснээр урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу буцаан төлж барагдуулсан ба дараагийн захиалагч төлбөрөө төлсний дараа торгууль алдангийг хасч, захиалагчид төлнө гэх гэрээний заалтыг баримталсан.

 

Гэвч Б.Д, Г.Цнар нь урьдчилгаа төлбөрөө О.Оюунчимэгийн Хаан банкны дансанд төлсөн боловч “О.Мнь биднийг залилан мэхлээд байна, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдлээ” хэмээн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарсан. Үүний улмаас миний бие үндэслэлгүй эрүүгийн хэрэгт шалгагдаж, надад сэтгэл санааны хохирол учирсан тул Б.Д, Г.Цнараас сэтгэл санааны хохирол буюу эдийн бус хохиролд 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д, Г.Цнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.Оюунчимэг биднийг утсаар дуудаж “Та хоёр өөрийн 2 өрөө байран дээрээ 9 000 000 төгрөг нэмж өгөөд 3 өрөө байрыг бартераар авчих, манай цахилгаанчинд хотын төвд 2 өрөө байр хэрэгтэй, түүний цалинд нь танай байрыг өгөх гэж байгаа. Та хоёр байрныхаа гэрчилгээг бичиг баримттайгаа аваад ир” гэсэн тул очиж уулзаж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж, О.Оюунчимэгийн дансанд 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Г.Цминий бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан гадаадад эмчилгээнд явах болсон учраас урьдчилгаанд төлсөн 9 000 000 төгрөгөө буцааж авах талаар хүсэлт гаргахад хүлээн зөвшөөрөн “...дараагийн долоо хоногт өгнө” хэмээн хэлсэн.

 

Түүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг тус тус буцааж өгөөд, үүнээс хойш өөрийнх нь орон сууцанд байр захиалсан н.Батсүрэн гэгчийн төлөх ёстой мөнгөөр барьцаалаад бидний мөнгийг өгөхгүй байсан. Иймд биднийг хуурч гэрээ хийж, мөнгийг залилж авлаа гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1710 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Үүний дараа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тэд 7 100 000  төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 900 000 төгрөг авах дутуу байгаа.

 

Бид О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нартай амаар тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа 9 000 000 төгрөгөө буцаан авахыг шаардсанаас бус ямар нэг байдлаар

түүний нэр хүндэд халдаагүй, гүтгээгүй тул сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Мнь хариуцагч Б.Д, Г.Цнарт холбогдуулан эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар намайг эрүүгийн хэрэгт үндэслэлгүй гүтгэсэн, Зөрчлийн тухай хуульд гүтгэхтэй холбоотой шийтгэл болох 2000 нэгжээр тооцон 2 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан өгөхгүй байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь О.Оюунчимэгийг төлөөлөлж хариуцагч нартай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ-26 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” авагдсан байх бөгөөд талуудын хооронд уг гэрээний үүргийн талаар маргаан гарч, хариуцагч Г.Ццагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Цэнд-Аюушийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “...О.Мнь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-26 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан боловч орон сууцанд өөр хүн оруулсан, урьдчилгаанд төлсөн 9 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй залилсан” гэх гомдолд Баянзүрх дүүргийн Прокурорын газар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлт явуулсан байх бөгөөд талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1710 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоол хүчинтэй хэвээр байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Хуульд заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хуульд тусгайлан заасан тохиолдолд хамаарахгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хариуцагч нар нэхэмжлэгчийг гүтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Г.Цэнд-Аюушаас сэтгэл санааны хохирол шаардах эрхгүй.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.Д нэхэмжлэгчид холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, харин хариуцагч Г.Цгаргасан болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1710 дугаар тогтоолоор нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Дийг уг маргаанд хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь түүнээс сэтгэл санааны хохирол шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарт холбогдох, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН

 

                              ШҮҮГЧИД                                Т.ГАНДИЙМАА

 

                                                        Ш.ОЮУНТУУЛ