Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1911

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.С

Хариуцагч:Б.З

Хариуцагч: Н.Д

30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.А, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, хариуцагчийн төлөөлөгч Ш.С гэрч Н.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ү.Ашүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 08 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 09-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж П.Снь Б.Зд барилгын ажлын тендер олж өгөх нөхцөлтэйгээр нийт 48.500.000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж, 44.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар хүлээлцэж, 1.500.000 төгрөгт баримт үйлдээгүй өгсөн. Гол зорилго нь тендерт оролцох зорилгоор урьдчилгаа мөнгө шилжүүлсэн байгаа юм. Зээлийн гэрээ, хүү, алданги гэж хийгдсэн боловч мөнгө зээлж зээлийн гэрээ байгуулаагүй. Шүүхийн ажиллагааны явцад Л.Дарьбулган, Н.Пгэсэн нэр гарч ирснээр хариуцагчийн санал, гомдлыг мухарлахаар Л.Дарьбулганг хамтран хариуцагчаар татаж оролцуулсан. Л.Днь Б.Згийн төлөх мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг би төлөх ёстой гэж хэлээд нэхэмжлэгчид шилжүүлсэн. Б.Знь нэхэмжлэгчээс авсан бүх мөнгийг Л.Дарьбулганд өгсөн гэдэг боловч энэ нь ямарч баримтгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг тендерт ороод ялагдсан юм байхгүй. Тендерт огт ороогүй. Тендерт оролцуулна гэдгээр мөнгийг шилжүүлсэн. Гэтэл Б.Змөнгийг аваад алга болсон. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э ийм юмаа яриад 4-5 шүүх хурлаар яваад байгаа. Б.Зтэр их мөнгийг Л.Д-д шилжүүлсэн гэдгээ нотолж байж бид нэхэмжлэл гаргах ёстой гэдгийг та ойлгох хэрэгтэй. Гар гараа дагахаас өөр аргагүй байдалд байгаа тул хариуцагч Л.Дарьбулганаас татгалзсан. П.Смөнгийг Б.Зд тоолж хүлээлгэж өгөөд баталгаажуулж гэрээнд гарын үсэг зуруулсан. Ц.Эгийн нөхцөл байдлыг ойлгоод эхнээс нь тусламж дэмжлэг үзүүлж гаргасан хүсэлт болгоныг нь зөвшөөрч нааштай шийдвэрлүүлж яваа. Б.Змөнгийг хүлээж авсан тул хариуцагчаар татагдсан. Шилжүүлсэн мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг Л.Дтөлсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 28.500.000 төгрөгийг хариуцагч Б.Згаас нэхэмжилж, Л.Д-д холбогдох шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.Зшүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сард барилгын тендерт оролцохоор болсон. Тухайн нэхэмжлэгчээс мөнгийг зээлийн гэрээ хийж авч Л.Дарьбулганд өгсөн. Мөнгөнөөс 18.500.000 төгрөгийг зээлдүүлэгч П.Сд өгсөн. Мөнгийг Л.Дболон түүний нөхдөд өгсөн. Тухайн үедээ сургууль цэцэрлэгийн барила дээр хамтарч ажиллая гэж санал тавьж надад урамшуулал цалин хөлсийг минь өгнө гэсэн болохоор энэ ажилд орсон. Л.Дтухайн үедээ би төрийн албан хаагч чи зээлийн гэрээ хийгээд авчихаа гэсэн. Тэрний дагуу зээлийн гэрээ хийгдсэн гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний охин руу дайраад байхын. П.С, Л.Дхоёр холбоотой байдаг гэсэн. Мөнгийг өгсөн авсан хүмүүсийг Н.Пмэднэ. Өөр авсан хүмүүс ч байдаг гэсэн. Б.Згаар гарын үсэг зуруулаад авчих гэснээр авсан. Миний хүүхэд идсэн бол би ажил хийгээд ч болтугай төлөх байсан. Зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Снь хариуцагч Б.З, Л.Днарт холбогдох 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 28.500.000 төгрөгийг хариуцагч Б.Згаас шаардаж, хариуцагч Л.Дд холбогдох шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагч Б.Знь барилгын тендер олж өгөхөөр нэхэмжлэгч П.Сгаас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 44.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар зээлийн гэрээ байгуулж тус тус хүлээж авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтуудаар тогтоогджээ.

Зохигч тендерт оролцохоор мөнгө шилжүүлсэн, мөнгийг Б.Зхүлээж авсанд маргаагүй байна.

Хариуцагч нь П.Сгаас шилжүүлсэн мөнгийг Л.Дболон түүний нөхдөд өгсөн хэмээн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч тайлбар нь баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж хариуцагч Б.Згаас 28.500.000 төгрөг шаардсан боловч 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтгүй, хариуцагч нь нийт 47.000.000 төгрөгийг хүлээж авсанд маргаагүй, нэхэмжлэгч нь үүний 20.000.000 төгрөгийг Л.Дтөлсөн гэж тайлбарлан түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан, Б.Зтендерийн баримт бичиг олж өгөх зорилгоор нэхэмжлэгчээс мөнгийг шилжүүлж авсан нь баримтаар тогтоогдсон тул 27.000.000 төгрөгийг хариуцагч Б.Зтөлөх үндэслэлтэй.

Иймд хариуцагч Б.Згаас 27.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Сд олгож, үлдэх 1.500.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Дарьбулганд холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Пнь нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын мөнгөний асуудлыг мэдэхгүй, Б.Згийн гуйлтаар Л.Дарьбулгантай уулзахад нь машинаар хүргэж өгсөн. Хэн хэдэн төгрөг авсанг мэдэхгүй гэж мэдүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Б.Згаас 27.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Сд олгож, үлдэх 1.500.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Л.Д-д холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 292.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Сд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА