Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

    2023          03          24                                        2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Мын Х-д холбогдох эрүүгийн 2335000000088 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эх, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын ......... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй З овогт Мын Х /РД:......................./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эх Б.Нтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч М.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эх Б.Нтэй маргалдаж, түүнийг зодсон болох нь:

Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багт мал маллаж амьдардаг бөгөөд 4 хүүхэдтэй юм. Миний том хүү М.Х нь надтай хамт амьдардаг ба хамт мал малладаг юм. Дараагийн охин Э нь Улаанбаатар хотод ажилладаг юм. М 9 дүгээр ангид, Д 6 дугаар ангид сурдаг юм. Ихэнхдээ том хүү бид хоёр хамт өвөл, хавар, зун, намар хамт байдаг юм. Нөхөр М нь 2015 онд нас барснаас хойш энэ 4 хүүхдээ хүн болгох гэж хичээж явна. Том хүү Хыг уг нь 2017 онд тусад гаргаж гэр бүлтэй болсон ба эхнэрээ зодож цохиод таарахгүй болоод тусдаа амьдарч байгаа, албан ёсоор гэр бүл нь салаагүй юм. Ер нь тэрнээс хойш Хын зан ааш эвдэрсэн ба хааяа согтууруулах ундаа хэрэглэдэг болсон, мөн миний урдаас хэрэлдэж маргалддаг болсон юм. Би ч эхэндээ нэг их тоохгүй, аав нь өнгөрсөн юм чинь юм яриад загнаад яах уу гэж хаядаг байсан. Энэ байдал нь өдрөөс өдөрт ширүүсч намайг гичий, янхан, миний аавыг алсан гэх мэтээр хэл амаар доромжилдог болсон. Харин өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой хүү Х нь хонь хариулж байгаад орой 17 цагийн үед ирсэн, би бас муу хурга, ишигээ хариулж байгаад бараг зэрэгцээ ирж, малын өвс тэжээл өгчихөөд би хоол унд хийсэн ба М.Х сүлжээнд гарч утсаар ярьчихаад ирье гэж гэрээс гарч яваад 3 цаг гаруй болсон. Тэгээд 21 цаг 40 минут болж байхад хүү М.Х гэрт орж ирчихээд хоолоо идсэн, тэгээд би ор засаад унтах гэж байтал М.Х “Блийн гичий юу юм бэ, чи, зайл чи гэж над руу орилоод гутлаа шийдсэн”, тэгснээ босож ирээд шууд миний толгой, нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон, тухайн үед би хүү М.Хын гарын түлхэж гэрээс гарч зугтах гэтэл хаалганд тэглэж унасан ба тэр үед М.Х миний дээр сууж байгаад миний нүүр, толгой руу зөндөө удаа цохисон ба миний нүүр, нүд маналзаад байсан, сүүлд нь би хүүгээсээ гуйгаад ээж нь одоо зугтахгүй, намайг гэртээ оруулаач гэхэд миний үснээс чирж, нүүр лүү минь шороо цацаж, чи миний аавыг алсан гэж орилж хашгирч байгаад намайг гэртээ чирж оруулаад дарж унагааж байгаад миний толгой руу цохиод байсан, тэгснээ чи надад машинаа өг гэж асуухаар нь би айгаад түлхүүр нь авдарын хажуу талын төмөр хайрцаганд байгаа гэж зааж өгөхөд өөрөө авч өг, өөрөө гарч асааж өг гэхээр нь би түлхүүр аваад машин асааж өгсөн. Тэгээд М.Х би төв явна. Од хэлсэн байгаарай чи, цагдаа дуудаж болохгүй шүү гэж хэлснээ машин унаад яваад өгсөн. Тэгээд миний толгой өвдөөд болохгүй байхаар нь сүлжээ барьдаг газар луу явж эмнэлэгт дуудлага өгсөн ба хадам эгч Н рүү утсаар ярьж цагдаа дуудаарай гэж, намайг хүү М.Х зодсон талаар хэлсэн. Би өөр хүнд энэ талаар хэлээгүй юм. Тухайн үед М.Х бид хоёроос өөр хүн манай гэрт байгаагүй юм. М.Хт зодуулснаас болж миний толгой их өвдөөд байна, бараг намайг 30-35 орчим М.Х зодсон ба толгой бол их өвдөж байна, мөн дух, хамар, зүүн талын нүд, чих, хүзүү, зүүн талын хацар, баруун талын хацар, зүүн талын гар хөхөрч хавдаж, өвчин орсон байна. М.Х намайг урьд өмнө цохиж байгаагүй, урдаас хэрэлдэж маргалддаг байсан. М.Х өчигдөр намайг зодож цохиж байхад эрүүл, согтуу байсныг нь анзаараагүй юм. Би хүүхдээрээ цохиулсандаа гомдолтой байна, Миний бие их өвдөөд байна. Өчигдөр намайг зодож байхад яаж амьд гарна даа гэж тэмцэж байлаа. Сүүлд нь машины түлхүүр асуухаар нь хурдан өгөөд явуулсан. М.Х миний толгой, нүүр лүү гараараа нэлээн цохисон, зүүн талын гар бас хөхөрсөн байна. Нүүрээ дарж хамгаалж байгаад цохигдсон байх. Намайг ямар шалтгаанаар зодох болсныг нь мэдэхгүй. Надад хүү М.Хт гомдох зүйл байхгүй. Хүү бид хоёр хоёулахнаа мал дээр байдаг. Бусад хүүхдүүд сургуульд сурдаг. Хүү М.Х надаас зөндөө уучлалт гуйсан, надад хүү М.Хаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),

Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Цагаанхайрхан сумын төв дээр амьдардаг бөгөөд талийгаач дүү Мын эхнэр Б.Н, хүү М.Хын хамт Цагаанхайрхан сумын 1 дүгээр баг Улаан өвөлжөө гэх газар мал маллаж амьдардаг юм. Би ч сумын төв дээр ажилллаж амьдардаг юм. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны шөнө бэр Б.Н нь 22 цагийн үед над руу утсаар ярьж М.Х намайг зодлоо, миний биеийн байдал муу байна, та цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж залгасан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгчихөөд цагдаад дуудлага өгсөн юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй юм. Яаж юунаас болж болж бэр Нг хүүхэд нь зодож цохисон талаар хэлээгүй ба хоол идэж байгаад ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хэрэлдээд зодсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

Гэрч М.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие 2023 оны 02 сарын 15-ны өдөр сумын эмнэлэгт ээлжийн жижүүртэй байсан юм. Шөнө 22 цаг өнгөрч байхад эмч Б залгаж Цагаанхайрхан сумын Даланхуруу баг Өнцөгийн худаг гэх газарт зодуулсан хүний талаар дуудлага ирж байна, та цагдаа нартай хамт яваад ир гэхээр нь жолооч Бийн машинаар тухайн дуудлага руу явж очиход тус багийн иргэн Б.Н гэх эмэгтэй байсан ба биеийн байдлын үзэхэд нүүр ам нь хавдаж хөхөрсөн, толгой их өвдөөд байна гэсэн зовиуртай байсан, тэгэхээр нь би өвчин намдаах, хаван хөөх тариа хийж, сумын төвд очиж үзүүлэх талаар зөвлөж, тухайн иргэнийг сумын төв рүү авч орж ирсэн. Б.Н хүү М.Хт зодуулсан тухай хэлж байсан ба цагдаа нар хүүхдийн хайгаад үлдсэн юм. Тэгээд аймагт очиж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлээд Б.Нг аймаг руу явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Шүүгдэгч М.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өмгөөлөгч авахгүй. Тухайн хэрэг болдог өдөр ээж бид хоёр хамт байсан ба би өдрийн цагаар хонь, ямаа хариулж, ээж хурга ишиг хариулж хоёулаа зэрэг шахуу гэртээ ирсэн. Тэгээд би утасны сүлжээ ордог газар луу гарч найз охин Атай чат бичсэн ба хоёулаа салья гэж надруу хэлэхээр нь би уурлаад муу Бийн гичий гэж хэлээд ээжийг цохиод авсан. Тухайн үед түр зуурын ууранд автаж ээжийг хэд хэдэн удаа нүүр толгой руу цохисон. Сүүлд нь ээжээс түлхүүрээ өг гэж хэлээд авсан ба би сумын төв орно, араас битгий залгаад бай гэж хэлсэн. Ээжийг цохиж зодсон нь миний буруу, тухайн үед найз охинтой уулзаж, аргадах санаатай гэртээ орж хоол идчихээд сумын төв рүү явах гэж байтал ээж унтаж амар гэж хэлснээс болж бачимдаж ээжийг цохиод зодсон. Энэ нь миний буруу тэрнээс хойш өөрийгөө ямар буруу зүйл хийснээ ойлгож маш их гэмшиж байгаа юм, би хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байна, Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тэрнээс хойш ээжээс байнга уучлалт гуйж байна. Маш их буруу зүйл хийсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Найз нөхөдтэй уулзаж нийлэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би ээжээс уучлалт гуйж эвлэрсэн. Дахиж хэзээ ч ийм зүйл давтагдахгүй гэж амлаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай “Үзүүлэгч Б.Нгийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хэсгийг хамарсан, хамрын нуруу, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хэсгийг хамарсан, хамрын нуруу, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 2 орчим хувийн талбайг хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)-ээр шүүгдэгч М.Хт зодуулсны улмаас хохирогч Б.Нямхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Х нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эх Б.Нтэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан байх тул хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Х нь хохирогч буюу өөрийн төрсөн эх Б.Нямхүүг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч М.Хын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Б.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч М.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд “Миний бие 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Цагаанхайрхан сумын улаан өвөлжөө гэдэг газар хүү М.Хт зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан хүү М.Хт ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед миний биед учирсан гэмтэл эдгэрч арилсан. Хүү М.Х нь надаас зөндөө уучлалт гуйж зан ааш нь засарч байгаа надад цаашид гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 63 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч М.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Х урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал)-аар тогтоогдсон

                Шүүгдэгч М.Хын хувийн байдлын талаар: Гэрч Б.Нын өгсөн: “М.Х нь дуугүй, дөлгөөн даруухан хүүхэд юм. Юм асуухаар хариулчихаад байж байдаг. Бид нар хол байдаг, тус тусдаа амьдралтай болохоор зан араншингийн талаар сайн мэдэхгүй. Сумын төв орж ирэхээр манай гэрээр болон аавын гэрээр орж гарч л байдаг. Инээчээд дуугүй явж байдаг хүн юм. Амьдарлын хувьд боломжийн бөгөөд өөрсдийн гэсэн мал аж ахуйтай юм. Багаасаа аав ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Хт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч З овогт Мын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч  М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Х шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ