| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/02136/И |
| Дугаар | 102/ШШ2019/02171 |
| Огноо | 2019-08-15 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2019/02171
| 2019 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2019/02171 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Я ХХК
Хариуцагч: Г.Б
Хариуцагч: Ө.Н холбогдох,
Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М, хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, хариуцагч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гнь 2002-2006 онд Я ХХК-д инженер, төслийн удирдагчаар үр бүтээлтэй ажилласан тул 2003 онд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Я ХХК-ийн зүгээс түүнд бэлэглэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. 2013 онд компанийн удирдлагаас А.Гомбодоржид бэлэглэсэн байрны нөхцлийг сайжруулахаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж, харин өмнө бэлэглэсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Я ХХК-ийн ажилтан А.Сүхтөмөрт А.Гнь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. А.Гнь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцанд 2010 оноос хойш эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Иймд А.Гнь дээрх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг Я ХХК-иас ажиллах явцдаа бэлэглэлийн журмаар авсан.
Хариуцагч Ө.Н болон хариуцагч Г.Бнарын хооронд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүсээгүй. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-г хуурамчаар үйлдсэн, зөвхөн Ө.Нгэж хүний байгууллагын өр ширний хооронд өр төлөхөөр гэрээ байгуулсан болгосон байсан. Я ХХК-ийн зүгээс Барилга байгууламжийг ашиглалтанд өгсөн комиссын акт, түүнд А.Ггэх нэрийг баллаж Ө.Нгэж оруулсан байдаг. 2010 онд ашиглалтанд оруулсан байрны захиалгын гэрээг 2016 оноор хийж 2017 онд ашиглалтанд орно гэх нэрийдлээр хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Учир нь, тэдэнд орон сууцыг худалдах-худалдан авах зорилго байгаагүй. Харин нэхэмжлэгч орон сууцыг шаардах боломжгүй болгох зорилготой хэлцэл. Түүнчлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид байрыг бэлэглэсэн хэлцлийг үгүйсгэх зорилгоор халхавчлан хийсэн хэлцэл.
Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Гомбодоржийг тогтоож, Ө.Нболон Г.Батсайхан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхоны 32-16 тоот орон сууцыг захиалж төлбөрийг төлж барагдуулж байсан. Уг орон сууц нь 2008 оноос баригдаж эхэлсэн бөгөөд 2010 онд ашиглалтад орсон. Ажилтнуудтай ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй. А.Гманай байгууллагад ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан буюу архи ууж, ажил тасалж, улсын төсвөөр санхүүжүүлэгдэж байсан хугацаатай ажлыг тасалдуулсан тул ажлаас халагдсан. А.Гнь компанитай ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй. Манай байгууллагын зүгээс түүнийг тухайн орон сууцанд түр суулгаж байсан. Улсын комиссын актад түүний нэр анх бичигдсэн учир нь тэрээр тухайн үед уг байранд түр оршин сууж байсан. Уг орон сууцны үнийг бид төлсөн. Одоо манай байгууллага тухайн орон сууцны өмчлөгч биш болсон тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад бид хамааралгүй. Түүнчлэн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг манай байгууллага хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцны өмчлөх эрхийг Ө.Нямцэвээний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүссэн тул уг орон сууцыг Ө.Нямцэвээний нэр дээр шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууцны байр захиалан бариулах гэрээ бөгөөд орон сууц өмчлөлийн гэрээ биш. Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа. Г.Батсайхан болон Ө.Ннарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцыг хуулийн дагуу гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Анх гэрээ хэлцэл байгуулан, тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахад хэн нэгний нэр дээр буюу А.Ггэх хүний нэр дээр огт байгаагүй бөгөөд орон сууцыг ашиглалтанд оруулсан компани болох “Бумба гранд” ХХК-иас шууд миний нэр дээр Я ХХК-ийн хүсэлтийн дагуу анхны эзэмшигчээр миний нэр дээр шилжин ирсэн байр. Нэхэмжлэгч одоог хүртэл тус байрны өмчлөгч байсан мэтээр нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл хууль ёсны өмчлөгч мөн бол өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахгүй өдийг хүрсэн нь ойлгомжгүй байна. Зөвхөн тус орон сууцанд амьдарсанаар өмчлөгч болдог гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Миний бие хуулийн дагуу тус орон сууцыг өмчлөлдөө авсан. Мөн Ө.Нболон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Гнь хариуцагч Я ХХК, Ө.Ннарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Ө.Нямцэвээн, Г.Батсайхан нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хариуцагч Я ХХК-д холбогдох, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Я ХХК нь надад уг орон сууцыг ажилтны орон сууцны нөхцлийг сайжруулах зорилгоор бэлэглэсэн” гэж тодорхойлжээ.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 245/2010 дугаар актаар Г.Батсайханы захиалгаар баригдсан, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 32 дугаар байр ашиглалтад орсон, уг байрны тодорхой тооны орон сууцыг хариуцагч Я ХХК иргэн Г.Батсайханд захиалан бариулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин уг байрны 16 тоот орон сууцыг хариуцагч Я ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид үнэ төлбөргүй шилжүүлсэн, бэлэглэсэн эсэх нь маргааны зүйл болж байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг.
Хариуцагч Я ХХК-ийн захирлын 2002 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19/2002 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Гомбодоржийг автозамын технологич инженерээр томилж, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд хариуцагч Я ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 дүгээр байр, 20А тоот орон сууцыг нэхэмжлэгчид бэлэглэсэн, улмаар нэхэмжлэгч нь уг орон сууцыг А.Сүхтөмөрт 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл цаг хугацааны хувьд хариуцагч Я ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш буюу мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 дүгээр байр, 20А тоот орон сууцыг бусдад бэлэглээд, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн буюу ажилтын орон сууцны нөхцөлийг сайжруулахаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцыг түүнд шилжүүлсэн гэж үзэх нь үндэслэл муутай байна. Учир нь, талуудын хоорон байгуулагдсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан хугацаанаас өмнө буюу 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Түүнчлэн, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хөдөлмөрийн гэрээгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг орон сууцаар хангах, нөхцлийг нь сайжруулах талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч тал орон сууц бэлэглэх талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Нөгөөтэйгүүр, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байрны жагсаалтын 16-д А.Гомбодоржийг захиалагч гэж тэмдэглэсэн нь хариуцагч уг орон сууцыг нэхэмжлэгчид хариу төлбөргүй шилжүүлсэн буюу нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Я ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага болон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байх тул шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцыг бэлэглэсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
2. Хариуцагч Ө.Нямцэвээнд холбогдох, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ө.Нболон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ” хүчин төгөлдөр бус тул хариуцагч Ө.Нямцэвээнийн өмчлөлд байгаа Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл нь дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал байдал байх бөгөөд нэхэмжлэгч үндэслэлээ уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан гэж үзэхээр байна.
Хариуцагч Ө.Нболон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-ээр гүйцэтгэгч Г.Батсайхан нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр барьж дуусган ашиглалтад оруулж, хариуцагч Ө.Нямцэвээнд хүлээлгэн өгөх, хариуцагч Ө.Ннь төлбөрт 108 680 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Ө.Нулсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 245/2010 дугаар актаар дээрх байр 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ашиглалт орсон байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Өөрөөр хэлбэл, уг хэлцэлээр талууд эрх, үүрэг хүлээх, үүсгэх хүсэл зориггүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй. Харин уг үйлдлээрээ хэлбэрийн хувьд хэлцлийн дүр үзүүлсэн байх бөгөөд энэ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
Түүнчлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Өөрөөр хэлбэл, уг хэлцэл нь хүсэл зоригийн хувьд 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлтэй адил бөгөөд харин тодорхой нэг хэлцэлийг халхавчилсан шинжтэй байдаг.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар дээрх гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн гэж үзэх, мөн нэхэмжлэлийн үндэслэл болох орон сууц бэлэглэсэн хэлцэлийг халхавчлах зорилгоор хариуцагч нар дээрх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хариуцагч Ө.Нямцэвээнээс өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.
3. Хариуцагч Г.Батсайханд холбогдох, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.Батсайхан, Ө.Ннарын хооронд байгуулагдсан “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-ээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Ө.Нболон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-г шүүх дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Я ХХК, Г.Батсайхан, Ө.Ннарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2206057032 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумбагранд Туул гол гудамж, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Г.Батсайхан, Ө.Ннарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны байр захиалан бариулах гэрээ”-ээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч А.Гомбодоржийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН