Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1949

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ч.М.

Хариуцагч: Б.Б

Гэрээний үүргийн биелэлтэд 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М, өмгөөлөгч П.Ганбилэг, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Бөмнө нь надаас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 8.000.000 төгрөг зээлж хугацаанд нь өгч байсан тул би мөнгө зээлдүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Бзээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 9.000.000 төгрөгийг сарын 2.000.000 төгрөгийн хүү өгөхөөр 1 сарын хугацаатай зээлдэж авсан. Б.Бнадтай хамт Хаан банк орж данснаас мөнгө авч нотариатын газар бид хоёр цуг очсон. Мөнгийг нотариатчийн хажууд хүлээлцэж, зээлийн гэрээнд мөнгө хүлээлцсэн гэж гарын үсэг зураад би ажил руугаа явсан. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөг нэмж зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс Б.Бөнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Ббид хоёр хамт байж байгаад зээлийн гэрээ байгуулж, мөнгийг өөрөө тоолж авсан. Энэ үед А.Мбайгаагүй. Иймд хариуцагч Б.Бс зээл 12.000.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг нийт 16.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа: 9.000.000 төгрөгийг А.Мнадаар гэрээ хийлгэж авсан. Би мөнгийг гар дээрээ хүлээж аваагүй. Утсаар ярьсан бичлэгт би та нарт мөнгийг оруулж өгчихөөд доошоо явсан гэдгээ хэлсэн. Мөнгө оруулж өгсөнг гэрчлэх гэрч байгаа. Нотариатчийн дэргэд хийсэн гэрээгээр далимдуулж А.Мөнхтулгыг олж чадахгүй болохоор надаас мөнгө нэхэмжилж байна. А.Мэнэ хоёр тодорхой хэмжээгээр холбоотой хүмүүс. Сүүлд зээлдүүлсэн гээд байгаа 3.000.000 төгрөгийг би аваагүй. Тэр нь А.Мэнэ хоёрын цэвэр өөрсдийнх нь асуудал. Би Ч.Мтэй банк руу орж мөнгийг нь гаргуулсан. Нотариат орж гэрээ хийсэн нь үнэн. Зээлсэн мөнгөнөөс А.Мнадад 5.000.000 төгрөг өгсөн тул энэ мөнгийг Ч.Мт төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Бнь нэхэмжлэгч Ч.Мээс 9.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1 сарын хугацаатай зээлдэж, сарын хүүнд 2.000.000 төгрөг өгөхөөр тохирч, мөнгийг хүлээн авсан болох нь шүүх хуралдаанд талуудын тайлбарласан тайлбар, зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлэг гэсэн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу мөнгийг хүлээлцсэн байна.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Бнэхэмжлэгчийн хамт банк руу орж 9.000.000 төгрөг гаргуулан, нотариатчаар гэрчлүүлж зээлийн гэрээ байгуулж, мөнгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч тайлбарласан тул зээлсэн 9.000.000 төгрөгийг хүү, хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.

Харин зээлдүүлэгчээс 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн талаар баримтгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Бс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээл 9.000.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг нийт 15.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мт олгож, үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Б-с 15.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мт олгож, үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 235.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА