| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-гийн Ө-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, халх, ..., бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, ялыг эдэлж дууссан, Б овогт Э-ийн Ө /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке дотор Б.Б-тэй караокены өрөө рүү орох гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шилэн хүзүү рүү нь түлхэх, хөлөөрөө тийрэх, уруул хэсэгт нь цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн талын хөхний дээд хэсэгт болон хүзүү орчим цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажиллаж байсан иргэн Э.Э-гийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн шатахуун түгээх станцын үйл ажиллагааны орлогоос 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 5,364,700 төгрөг, Сумын эрүүл мэндийн төвд 84,000 төгрөгийн, ...-нд 2,200,000 төгрөгийн бензин өгсөн гэх, урьдчилгаа цалин гэх 384,000 төгрөг буюу нийт 7,996,700 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Иргэн Э-ийн эзэмшлийн ШТС-аас ажиллах хугацаандаа орлого дутаасан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний дутаасан мөнгөнөөс маш их зөрүүтэй их мөнгө нэхэмжилсэн байна. Миний бие өөрөө тооцоолол 5,500,000 төгрөг гаргаж ирсэн. Үүнээс 5,000,000 төгрөгийг нь төлсөн. А-80 нь 257 литр, АИ-92 нь 560 литрийг банкнаас дутсан гэж надаас дахин нэхэж байгаа, энэ нь дутах ямар ч боломж байхгүй зөвхөн түгээгүүрийн заалтаар 6 сая төгрөг байгаа, нөөцийн банкнаас бензин авах боломжгүй гэдгийг манай эхнэр Э болон бусад ШТС-ийн түгээгч нар ч нотолно. Энэ нь боломжгүй зүйл би 6,000,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 95-96/
- Би тогтоолтой танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Анх миний бие өөрөө гомдол гаргасан. Б болон орос хочтой залуус хоёулаа намайг зодож дэвссэн. Би өрөөнөөс түлхэж гаргасан. Би караокены гадаа гараад би Б-ийг араас нь түлхсэн. Харилцан зодолдсон асуудал болоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Би учруулаагүй гэж бодож байна гэжээ. /хх-ийн 180-182/
Шүүгдэгч Э.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Өргөн сумын ШТС-д ажилладаг түгээгч Ө нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 09 цаг 00 минутад 3 өдрийн орлого 3,764,960 төгрөгийг над руу шилжүүлэх байснаас над руу 1,310,000 төгрөгийг над руу 11 цагийн орчим шилжүүлсэн. Би Ө-тай 11 цаг 30 минутын орчим “...” гэсэн дугаар руу залгаж холбогдон үлдэгдэл 2,454,960 төгрөгийг яаралтай одоо шилжүүл гэхэд, тухайн мөнгийг хэрэглэсэн гэж хэлээд утсаа тасалсан. Над руу Өсөхбаяр нь мессенжер чатаар ШТС-ын түлхүүрийг ШТС-ын хойд талд байх “...” дэлгүүрт үлдээсэн гэсэн чат бичсэн байсныг нөхөр Ж бид хоёр Дорноговь аймгаас Өргөн сум руу 15 цаг 30 минут гэж гараад, 17 цаг 30 минутад Өргөн суманд очин ШТС дээрээ очиж, юм аа шалгаж үзэхэд А-92-н агуулах сав онгорхой байхаар нь хэмжилт хийгээд үзэхэд, А80-аас 257 литр дутсан, А92-аас 560 литр дутсан байсан. Өргөн сумын ШТС-ыг өөр хүнд хүлээлгэж өгсөн. Ө нь аавын эгчийнх нь хүүхдийнх нь хүүхэд байгаа юм. Манай аав талын хамаатан байгаа юм. Надад нийт 10,132,100 төгрөгийн хохирол учруулснаас Ө-ын ээж нь болох Г 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг өгсөн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 130,000 /зуун гучин мянган/ төгрөг өгсөн. Одоо Ө нь надад 5,002,100 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ. /хх-ийн 13/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "...би 20 цагийн орчим орос хочтой Б-тэй хамт караокены үүдэнд ирээд байж байтал А буюу М-тай таарсан. Тэгтэл А та хоёр сууж бай би ганц юм аваадахъя гээд караоке баар луу орсон. Тэгээд ороод удаад байхаар нь орос хочтой Б-тэй хамт байгаа газар луу ортол Ө караоке өрөөнийхөө үүдэн дээр орос Б-ийг цээж рүү нь гараараа түлхээд зодчих воо гээд орилж байсан. Би өрөө рүү нь харахад А өрөөнд нь сууж байсан. Тэгээд би өрөө рүү нь орох гэтэл миний урдуур хааж зогссон. Ахтай нь хамт явж байгаа хүн энэ дотор сууж байна гэж хэлээд ах нь оръё гэсэн. Тэгтэл Ө нь өндөр дуугаар зодчих воо гэж дахин орилж миний нүүр лүү тулж хараад яасан гээд надаас асуусан. Тэгээд би гарья гэж хэлээд түрүүлээд алхсан. Би хүчээр авч гараагүй гар хөлөөс нь татаж чангаагаагүй. Тэгтэл Ө хаалгаар гарах үедээ миний шилэн хүзүү рүү түлхэн гаргаж зодолдох эх үүсвэрийг тавьсан. Эргэн харахад Ө нь миний хамар луу цохин дээр доороо орж ноцолдсон. Тэгээд бие биеэ цохиж, зодолдон, би Ө-ын цамцны захаас бариад Ө-ын толгой, эрүү рүү цохисон. Караокены эзэн М ирээд Ө бид хоёрыг салгасан. Би уруул руугаа цохиулаад босоод зогсож байтал М нь Ө-ыг тэврээд зогсож байтал гэнэт Ө нь намайг хөлөөрөө тийрч унагаасан. Тэгэхэд М нь Ө-аа чи өөрөө хэрэгт орохоор болж байна шүү гэж хэлж байсан. Уг зодооноос болж миний биед зүүн хөхний дээд талд хөхөрсөн, зүүн гарын булчин rapaapaa хөхөрсөн, дээд доод уруул язарсан тархи доргисон гэмтлүүд учирсан толгойн хэсэгт, хамар, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн гарын булчин зэрэгт цохисон.” гэжээ /хх-ийн 74-76/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дүү Э нь Дорноговь аймгийн Өргөн суманд шатахуун түгээх станц авсан юм. Тэр клонкод хүү Э.Ө нь 9 сараас хойш ажиллаж байгаад 12 дугаар сард ажиллаж байгаа газрынхаа орлого болох 5,000,000 төгрөгийг дутаачихлаа гэж надад хэлж байсан. Тухайн үед би хүү Э.Ө-т “чи наад газраа 2-3 сар ажиллаж байгаад дутаасан орлогоо хүнд нь төлөө” гэж хэлж байсан. Тэр үед манай хүү айгаад Дорноговиос явчихсан гэж байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э.Э-ийн ... тоот данс руу өөрийн ... тоот данснаас 5,000,000 төгрөгийг шилжүүлж тухайн хүнийг хохиролгүй болгосон.” гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 10 дугаар сарын 28-нд 20 цаг 05-06 минутын орчим Б буюу Б нь дэлгүүр Караоке орчмоор эргэлдээд байсан. Тэгж байж байгаад караоке руу орохоор нь би шалгах гээд араас нь орсон чинь ШТС-ын түгээгч залуутай хамт мөн Б буюу орос гэх хочтой залуутай хамт гурвуулаа надтай зөрөөд маргалдаад гарцгаасан. Тэгээд би караокены бармен буюу О буюу О-оос юу болсон талаар асуухад наад хоёр чинь өрөө рүү нь орох гээд байна. Бас өрөөнд нь нэг хүн байгаа тэрийг нь гарга гэхээр нь би караоке баарны 3 номерын өрөөнд сууж байсан М гэх хочтой бүтэн нэрийг нь мэдэхгүй залууг өрөөнөөс нь гар гэж хэлчхээд би өөрөө буцаад гадаа гартал Б буюу Б нь ШТС-ийн түгээгч залуугийн дээр нь гараад хоолойг нь боогоод дээр нь сандайлаад суусан байсан. Нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байдалтай байсан. Харин Б буюу Б-нийн баруун гар нь битүү цус болсон байсан. Тэгээд би очоод больцгоо гээд салгасан. Тухайн үед орос хочтой Б нөгөө ШТС-ийн түгээгч залууг өшиглөх гэхээр нь би салгаад Б-ийг цааш түлхэх явцад Б буюу Б нь нөгөө залууг гараараа хэд хэдэн удаа толгойн тус газар луу нь цохисон. Тэгээд би нөгөө хоёрыг хоёуланг нь босгоод салгасан. Тэгтэл нөгөө ШТС-ын залуу миний хамар хугарсан байна гээд Б руу дайрсан. Тэгэхээр нь би дахиад салгаад түлхсэн чинь орос хочтой Б дахиад голоор нь орж ирээд цохих гээд байхаар нь би орос хочтой Б-ийг хорьсон. Тэр хооронд ШТС-ийн залуу Б буюу Б-ийг нэг удаа тийрч унагасан. Тэгээд би буцаад нөгөө залууг тэвэрч аваад хориод байж байтал цагдаа ирсэн. Б Б-ийн биед болон нүүрэнд гэмтэл шарх харагдаагүй. Гар нь цус болсон байсан. Харин ШТС-ийн түгээгч залууд нэг удаа тийрүүлээд унаад босоод ирэхдээ чи намайг цохисон гээд гартаа наалдсан цусаар нүүр амаа арчаад байсан. Ө нь орос хочтой Б гэх хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Харин Б Ө-ыг өшиглөх гэхээр нь би салгасан.” гэжээ. /хх-ийн 90-94/
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 10 дугаар сарын 28-нд 19 цагийн орчим ШТС-ийн түгээгч залуу ганцаараа орж ирээд 2 цаг дуулсан. Дараа нь дахиад нэг цаг аваад эхнэртэйгээ хамт дуулсан. Тэгээд байж байтал эхнэр нь эхлээд гараад явсан. Дараа нь нөгөө ШТС-ийн түгээгч буюу Ө гараад явсан тэгээд 20 орчим минутын дараа орж ирэхдээ М хочтой Б гэдэг байхаа нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд байж байтал гаднаас орос хотой Б, Н эгчийн нөхөр Б нар гаднаас орж ирээд Ө-ын сууж байсан өрөө рүү нь орох гэтэл Ө нь оруулахгүй гээд хаалга алдлаад оруулахгүй гэсэн. Тэгтэл нөгөө хоёр нь манай хүн орсон байна бид хоёр хамт орчий гээд Н эгчийн нөхөр Б нь Ө-ыг мөрлөсөн. Тэгтэл Ө нь чи намайг мөргөдөг хэн бэ гээд гарья гээд тэд нар хамт караоке баарнаас гарсан. Тэгээд би араас гарсан чинь Н эгчийн нөхөр Б нь Ө-ын дээр нь сандаалаад суучихсан гараараа цохиж байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөх гээд ажил руугаа буцаад орсон. Тэгээд байж байтал М гаднаас орж ирээд нөгөө зодолдож байсан хүмүүсийг салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд гараад хартал Ө-ын хамраас нь цус гарсан байдалтай байсан. Б Б-ийн биед болон нүүрэнд гэмтэл шарх харагдаагүй. Гар нь цус болсон байсан. Орос хочтой Б гэх хүн Ө-ыг араас нь хөл орчим нь нэг удаа өшиглөж байсан. Намайг харж байхад Н эгчийн нөхөр Б нь Ө-ыг цохиж байсан. Харин Ө нь цохиж чадаагүй дээр дороо ороод өнхрөлдөөд байсан. Харин М ах очоод салгасан. Харин орос хочтой Б нь хажууд нь хараад зогсож байсан. Орос хочтой Б нь ах Батаа буюу Б гэх хүнийг өмөөрөөд Ө луу дайраад байсан. Манай караоке баарны гадна талын теле камер ажилладаг. Тухайн үед гадна талын теле камерын залгуур нь хөндийрсөн байсан гэжээ. /хх-ийн 97-98/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байрлах нэг бааранд орой 20 цагийн орчим Б.Б-тэй хамт орсон юм. Ороход М /А гэдэг байх сайн мэдэхгүй байна/ байж байсан тэгээд бид хоёрыг караокены өрөөнд ороод ир гэхээр нь орох гэсэн чинь Б.Б бид хоёрыг нэг залуу гар гээд хөөгөөд байсан. Тэгээд Б.Б бид хоёр гарах гээд эргээд явж байхад хойноос тэр залуу /Ө/ Б.Б-ийн хойноос цохих шиг болсон. Яг хаашаа нь цохисныг сайн мэдэхгүй байна би урд нь явж байсан юм. Тэгтэл Му гарч ирээд Б-ийг боль гээд хойноос нь доошоо дарсан. Тэгээд цааш нь юу болсныг би сайн мэдэхгүй байна. Би яваад өгчихсөн юм. Ө, Б.Б 2 хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Караокеноос гарч байхад л Ө Б-ийг цохиж байсан. Ө Б-ийг караокеноос гарч байхад нь хойноос нь гарч ирээд гараараа цохиж байсан. Яг хаашаа нь цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 106-107/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой суудлаар Улаанбаатар хот руу нэг сарын хугацаатай сургалтад явсан тэгээд 12 дугаар сарын 05-ны өдөр ирсэн түүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машинаа асаах санаатай Э.Ө-раас 10 л шатахуун 26,000 мянган төгрөгөөр авч байсан. Манай сумын таксинд явдаг Б гэх хүний машиныг унасан Э.Ө манай гэрийн гадаа ирээд миний утсаар залгаад та юу хийж байна ах гараад ирээч гэж хэлэхээр нь би гэрээс гарч бид хоёр хамт тамхи татаж юм ярьж байгаад Э.Ө шатахуун авах гээд хүн ирлээ гээд яваад өгсөн түүнээс хойш Э.Ө хэд хоног над руу залгаагүй тэгэхээр нь би утсаар залгаад дүү юу хийж байна гэж асуусан чинь Э.Ө нь ажил ихтэй байна ах гэж байсан. Тэгээд 2 хонгийн дараа Э.Ө нь над руу залгаад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум хүргээд өг ирж очих шатахууныг би өөрөө даана эхнэр өвдөөд байна гэхээр нь би зөвшөөрөөд эхнэр Т, Э.Ө бид гурав хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ирсэн тэгээд бид гурав Э.Ө-ын Дорнодоос ирсэн машиныг аваад машин авч ирсэн жолоочтой нь бид дөрөв сумын буудал аваад 2 машинаа буудлын хашаанд байрлуулан тавьсан тэгээд бид 4 Баяндэлгэр сумын караоке бааранд ороод Э.Ө, жолооч Х.Б, миний бие бид гурав 100 гр архи мөн хоёр хоёр лааз пиво авч уусан харин манай эхнэр уугаагүй тэгээд бид нар 1 цаг сууж байх хугацаанд Э.Ө нь баарнаас гарч ороод хүнтэй муудалцах гээд байхаар нь Б оруулж ирээд тэгээд бид нар буцаад буудалдаа хоноод маргааш нь өглөө нь би эхнэртэйгээ мөн Дорнодоос машин авч ирж ирсэн манай сумын Б бид гурав Баяндэлгэр сумын төвийн шатахуун түгээх станцаас бензин аваад Өргөн сум руу буцаад явсан түүнээс хойш уулзаагүй одоо болтол холбоо бариагүй байна. Одоо миний утсыг авахгүй байгаа би зөндөө залгасан. Тэгээд Э.Ө-ын ... дугаарын утас руу машин тэрэг нь гайгүй юу хаана явна вэ гэж мессеж бичсэн чинь Э.Ө нь над руу Сэлэнгэ гарч байна гэж мессеж бичсэн байсан. Би сайн мэдэхгүй байна. Би хэзээ ирсэн талаар сайн мэдэхгүй байна харин Э.Ө-тай 2022 оны 11 дүгээр сард танилцсан урд нь хараагүй. Э.Ө нь манай эхнэр жирэмсэн бие нь өвдөөд байдаг гэж ярьж байсан мөн би буцаад Өргөндөө ирнэ гэж байсан эхнэртэйгээ утсаар яриад байсан. Э.Ө нь манай эхнэр их ууртай байна гэж байсан өөрөөр ямар нэгэн зүйл яриагүй. Манай сумын таксинд явдаг Б гэх хүнтэй их дотно байнга Б гэх хүний машиныг нь унаад явж байдаг. Би хараагүй Э.Ө нь дандаа данснаасаа худалдан авалт хийж байсан. Э.Ө нь шатахуун түгээх станц дотроо амьдардаг байсан гэжээ. /хх-ийн 140-141/
Шинжээчийн 2022 оны 11 сарын 18-ны ... дугаартай дүгнэлтэд: 1.Б.Б-ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн талын хөхний дээд хэсэгт болон хүзүү орчим цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн талын хөхний дээд хэсэгт болон хүзүү орчим цус хуралт гэмтлүүд нь дан Дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 110-111/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хохирогч Э.Э-ийн Дорноговь аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол /хх-ийн 04/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 5/01 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 08/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын тооцоо /хх-ийн 44/,
Бичмэл нотлох баримтыг хэрэгт хуулбарласан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 33-45, 156-165/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 20-21, 172-174/
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 65-66/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 190-195/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 139/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке дотор Б.Б-тэй караокены өрөө рүү орох гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шилэн хүзүү рүү нь түлхэх, хөлөөрөө тийрэх, уруул хэсэгт нь цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн талын хөхний дээд хэсэгт болон хүзүү орчим цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажиллаж байсан иргэн Э.Э-ийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн шатахуун түгээх станцын үйл ажиллагааны орлогоос 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 5,364,700 төгрөг, Сумын эрүүл мэндийн төвд 84,000 төгрөгийн, ...-нд 2,200,000 төгрөгийн бензин өгсөн гэх, урьдчилгаа цалин гэх 384,000 төгрөг буюу нийт 7,996,700 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б /хх-ийн 74-76/, Э.Э /хх-ийн 13/, гэрч З.М /хх-ийн 90-94/, гэрч Ж.О /хх-ийн 97-98/, гэрч А.Б /хх-ийн 106-107/ нарын мэдүүлэг болон шинжээчийн 2022 оны 11 сарын 18-ны ... дугаартай дүгнэлтэд /хх-ийн 110-111/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Ө-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн болох эд хөрөнгийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, хохирогч Э.Э-д учирсан 7,996,700 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан нь хохирогч Э.Э-ийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-46/, Г.Б-ийн Төрийн банкны харилцах дансны хуулга, хохирогч Э.Э-ийн “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, санал гомдолгүй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь 2023 оны 02 сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 38 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т нь оногдуулсан 3,150,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ын цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Ө-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б