Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

 

                              

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.У

Улсын яллагч Д.З

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ..., ... хүүхдийн хамт, Дорноговь аймгийн ...тоотод оршин суух, Х овогт Э-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилийн гудамжинд байрлах Эс-Эс дэлгүүрийн урд талд байсан иргэн М.Э-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.                                                

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт найз нартайгаа архи согтууруулах ундаа ууж байсан. Тэгээд бид нарын ууж байсан архи дуусаад дахин архи авахаар Замын-Үүд сумын 2-р багт байрлах ЭС-ЭС нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан аваад гарсан. Дэлгүүрийн үүдэнд саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байж байхаар нь унаад явсан. Тэгээд найз ах болох А-ын хашаанд оруулаад машиныг унтраагаад авсан архиа аваад А ахын гэрт ороод архи уугаад сууж байсан чинь гаднаас цэргийн хувцастай миний танил болох Э орж ирээд “миний машиныг хэн унаад явчих ваа” гэхээр нь “би унаад ирсэн юмаа дэлгүүр ороод буцах гэсэн чинь жаахан даараад байхаар нь чиний машиныг унаад ирлээ” гэж хэлсэн чинь Э нь “хүний машиныг унаад явчих юмаа хэлж ярьдаггүй юм уу” гэж байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор Э-ын өөдөөс “юу сүртэй юм бэ би андуурсан байна” гээд бид хоёр маргалдсан тэгээд Э гэрээс гараад явсан өөр зүйл болоогүй. Би тэр өдөр 1 ширхэг 750 гр тай архи гурвуулаа хувааж уугаад дахин дэлгүүрээс 750 гр-тай архи уусан байсан гэхдээ биеэ удирдан явах чадвартай байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэжээ. /хх-ийн 54-55/

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: А бид хоёр очерт байж байгаад 1 шил архи уугаад мах чанаж идсэн. Тэгээд дахин архи авч уухаар дэлгүүр орсон. Архи аваад гараад ирсэн чинь дэлгүүрийн гадаа асаалттай машин зогсож байсан. Гадаа хүйтэн байсан тул П-ийн машин байна гэж бодоод унаад явсан. Машины урд талд нь цэргийн малгай байсан юм. Тэгээд А-ын гэрт ирээд архиа уугаад байж байтал гаднаас Э орж ирээд “хэн миний машиныг унаж явсан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Юун сүртэй юм бэ” гэж хэлтэл, “согтуу байна маргааш уулзнаа” гэж хэлээд гараад явсан тэгээд цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ. Би П-ийн машин байна гээд андуурсан байна лээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байх үед ... улсын дугаартай автомашинтайгаа явж байгаад Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилийн гудамжинд байдаг ахынхаа гэрлүү түр хугацаагаар орчхоод машинаа асаалттай нь орхисон. Буцаад гараад ирсэн чинь миний машин байхгүй болсон байсан тэгээд тухайн газраар машинаа хайж байгаад тухайн газраас баруун зүгт айлын хашааны гадаа асаалттай нь орхисон байсан бөгөөд тухайн айлд ороход согтуу залуучууд байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл өгч байсан юм. Миний машинд ямар нэгэн хохирол гэмтэл учраагүй, надад нэхэмжлэх зүйл, гаргах гомдол санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 13/

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы гудамжны ... тоот хашаа байшиндаа хуурай дүү Б-ын хамт байж байгаад Чөлөөт бүсийн гадна шороон дээр байдаг том тэрэгний очер дээр очиж машинуудаа бүртгүүлэх гээд үд өнгөрсөн. Очер дээр байхдаа Б-ын найз У гэх залуутай таарч бид гурав “Экс” нэртэй 0.75 литрийн архи аваад манай хашаа байшин ууцгаасан. Оройхон архи нэмж авахаар манай гудамжны хойд эгнээ буюу Хилийн нэгдүгээр гудамжинд байдаг Эс-Эс дэлгүүрлүү Б бид хоёр алхаж очоод архи худалдаж аваад гарсан. Тэгээд тэр үед дэлгүүрийн урдхан талд Шалганы 3 дугаар гудамжинд нэг хашааны гадаа зогсож байсан Тоёота приус машиныг Б жолоодоод би хойд талд нь суугаад манай хашаанд очсон талаар хамт архи уусан хүмүүс болон Б-оос мэдсэн. Тухайн өдрийн үйл явдлыг үүнээс цааш мэдэхгүй, маргааш нь төвд байх 144а байрны 04 тоот гэртээ сэрсэн. Сэрээд юу болсон талаар Б-оос асуухад хүний машин аваад явчихсан гээд бөөн асуудал болчихсон байсан. Би ... улсын дугаартай машин болон М.Э гэдэг хүнийг танихгүй. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тухайн залуугийн машиныг Б бид хоёр аваад явсан талаар мэдсэн. Б надад хэлэхдээ намайг жолоочийн арын суудалд суулгаад, өөрөө ... улсын дугаартай машиныг жолоодон Шалганы ... тоот манай хашаанд авч очсон талаар хэлсэн. Миний хувьд хэт их согтсон учраас болсон зүйлийг санахгүй байна. Б бид хоёр өмнө архи ууж дуусаад нэмж авахаар Эс-Эс дэлгүүр орж архи аваад гарч, тухайн машиныг аваад манай хашаанд очсон. Тэгэхээр Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэжээ. /хх-ийн 25-26/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

М.Э-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 02/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 04-09/

Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 40-42, 46-48/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх мэдээлэл /хх-ийн 59-64, 67-69/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-81/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 84/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 85-87/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилийн гудамжинд байрлах Эс-Эс дэлгүүрийн урд талд байсан иргэн М.Э-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Э-ын /хх-ийн 13/ мэдүүлэг, гэрч Л.А-ын /хх-ийн 25-26/ мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 04-09/, Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Б-ын автотээвэрийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч М.Э нь өөрийн тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авсан, учирсан хохирол байхгүй гэх мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 13/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд торгох ялыг оногдуулсан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй тул шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заагаагүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээвэрийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Э.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б