Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1966

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Г.М

31.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 8.195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч Г.М, өмгөөлөгч Н.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Мт 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хаан бнкны данс руу нь 28.000.000 төгрөг шилжүүлж зээлсэн. Энэ мөнгөнөөс 5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 26.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхдээ 2.900.000 төгрөгийг бэлнээр, Хаан банкны дансаар 12.100.000 төгрөг шилжүүлсэн. Үдээс хойш нь ХХБ-ны данснаас 16.500.000 төгрөг авч 11.000.000 төгрөгийг эгч Г.Бх нь ломбарданд Г.Мт хүлээлгэж өгсөн. Энэ үед ломбарданд манай нөхөр, Г.М, түүний эгч Г.Б бид хамт байсан. Зээлийн гэрээг Г.М өөрөө бичиж, гарын үсгээ зурж барьцаанд нь гэрчилгээ, кадастрын зураг тавьсан. Сар бүрийн эхэнд 31.000.000 төгрөгийн хүүг төлдөг байсан. Гэхдээ зарим сард хүүний мөнгөө дутуу шилжүүлдэг боловч энэ болгонд нь би юм хэлдэггүй байсан. Гэрээний хугацаа дуусч мөнгөө авъя гэхэд би барилгаа бариад дууссан, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгийг чинь өгье, эсвэл 270-280 сая төгрөгөөр зараад мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Надад 1 жил 3 сарын хугацаанд хүү гэж сар бүр 1.300.000-1.400.000 төгрөг төлөөд нийт 22.110.000 төгрөг өгсөн. 11 сарын дараа хүүгээ 4 хувь болгоод өгөөч гэхэд нь тэг гээд буулгаж байсан. Г.Б бид нарыг гэрээ хийсэн гэдгийг гэрчилсэн. Г.М 31.000.000 төгрөг зээлснээ мэдэж байгаа. Г.Батцэцэгтэй холбоотой асуудал гэрээтэй тусдаа шийдэгдэнэ. Иймд хариуцагч Г.Мээс 31.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 онд 28.000.000 төгрөг зээлсэн. 5.000.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. 15.000.000 төгрөгний хэрэгцээ гарч 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай эгч Г.Б ломбарданд очиж ярилцаад өмнөх дутуу 5.000.000 төгрөг, Г.Б өгөх 11.000.000 төгрөг эдгээр мөнгийг одоо авах 15.000.000 төгрөг дээрээ нэмээд 31.000.000 төгрөг болгоод төл гэхээр нь өөрийн зээлэх 15.000.000 төгрөг дээр 16.000.000 төгрөгийг нэмж нийт 31.000.000 төгрөгийн хүүг ирэх сараас нь төлөхөөр зөвшөөрч 1.550.000 төгрөгийн хүү төлж байсан. 11.000.000 төгрөг зээлсэн гэдгийг мэдэхгүй. Би мөнгө орж ирэх тоогоор нь Т.Бий дансанд шилжүүлсэн. Миний хар дэвтэрт тэмдэглэснээр 31.040.000 төгрөг өгсөн байна. Шилжүүлсэн гээд байгаа 22.110.000 төгрөг нь Хаан банкны баримтаар нотлогдож байгаа. Зарим нь авсан, зарим нь аваагүй мөнгөний хүү төлөөд явж байсан. Сүүлрүүгээ би хүүг дийлэхээ болиод хүүгээ зогсооё ихэнхи мөнгө хүүнд яваад байна үндсэн мөнгөндөө тооц гэхэд зөвшөөрөхгүй уурлаад хэрэлдээд бөөн юм болоод нөхөр нь 2 сар харъя гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 31.000.000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Би нэгээс нөгөө рүү шилжиж ирсэн мөнгөний хүүг төлмөөргүй байна. 15.000.000 төгрөгийн зээл авснаа зөвшөөрч байна. 16.000.000 төгрөгийн зээлийг баримтаар аваагүй. Сар бүр 31.000.000 төгрөгний хүүг төлдөг байсан боловч сүүлдээ төлж чадахаа больж энэ хүмүүст учраа хэлсэн гэв.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Т.Б-с 26.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан боловч бодитойгоор Хаан банкны дансанд Т.Б-с 12.100.000 төгрөг зээл гэсэн утгатайгаар орж ирсэн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ноос 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хүртэлх хугацаанд Т.Б Хаан банк 5000000 тоот дансанд нийт 22.110.000 төгрөг шижлүүлсэн. Үндсэн зээл 11.200.000 төгрөг 3 сарын хүү 1.815.000 төгрөг шилжүүлсэн тул илүү шилжүүлсэн 8.115.000 төгрөгийг Т.Б-с нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.Мт 31.000.000 төгрөг зээлдүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөнгөө төлж чадахгүй учир хүүгээ төлнө гэсэн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Г.Мт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 31.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.М нь нэхэмжлэгчид холбогдуулж илүү төлсөн 8.195.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.М нь нэхэмжлэгч Т.Бтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 26.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг 00 дүгээр хороо Шунхлай ШТС-ын урд байрлах 000мкв газрын гэрчилгээг барьцаалсан болох нь зээлийн гэрээ, газрын гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь 12.100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, 2.900.000 төгрөг бэлнээр аваагүй, 11.000.000 төгрөг надад өгөөгүй. Эгчийн төлөх ёстой 16.000.000 төгрөгийг нэмж 31.000.000 төгрөг болгоод төл гэхээр нь зөвшөөрсөн. Өнгөрсөн хугацаанд 22.110.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

Хариуцагч Г.М нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 26.000.000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулж зээл хүлээн авсан Г.М гэсэн гарын үсгийг зурж, түүний Хаан банк дахь дансанд 12.100.000 төгрөгийг Т.Б-с шилжүүлсэн, гэрч Э.М энэ өдөр ХХБ-ны данснаас мөнгө авч 11.000.000 төгрөгийг эгч Г.Бх нь ломбарданд уулзаж Г.Мт манай эхнэр бэлнээр хүлээлгэж өгсөн. Г.М нотариат оръё гэсэн боловч би яахын гээд шууд бичгээр гэрээ хийсэн. Энэ өдөр нийт 26.000.00 төгрөг өгч гэрээ хийсэн, гэрч Г.Б 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай ломбарданд Т.Б, Г.М нарын хооронд мөнгө төгрөг зээлэх яриа болсон. Зээлийн гэрээг Г.М бичсэн. Мөнгө төгрөг өгч авалцахад байгаагүй гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар гэсэн баримтуудаар хариуцагч нь 26.000.000 төгрөгийг хүлээн авч зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээг талууд бичгээр үйлдэж, Г.М зээлийг хүлээн авч гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр, зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн тул хариуцагч нь мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна.

Зохигч шүүх хуралдаанд гэрээний төлөлтөд 22.110.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлан энэ үнийн дүнд маргаагүй, зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан тул зээл 26.000.000 төгрөг, 3 сарын хүү 3.900.000 төгрөг нийт гэрээний үүргийн биелэлтэд хариуцагч 29.900.000 төгрөг төлөх ба үүнээс 22.110.000 төгрөгийг хасаж үлдэх 7.790.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.М сөрөг нэхэмжлэлээр Т.Б-с гэрээний үүргийн биелэлтэнд илүү төлсөн 8.115.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул сөрөг шаардлага нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Г.Мээс 7.790.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, үлдэх 23.210.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Бд холбогдох 8.115.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Мийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Мээс хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Г.Мээс 7.790.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, үлдэх 23.210.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Мээс 139.590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б-с 8.115.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Мийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА