Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1973

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г- ХХК

Хариуцагч: Н.М

Гэрээний үүргийн биелэлт 83.216.575.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХКХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ошүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.А, Н.Мнар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 00000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 98.000.000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 00000 дугаарт ипотекийн гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Жаргалан 00000 мкв улсын бүртгэлийн 00000 дугаар бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Д.А, Н.Мнар нь 000000 дугаарт зээлийн гэрээний хугацаа дууссан тухай мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй байсаар 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 456 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 61.390.044.75 төгрөг, зээлийн хүү 18.188.775.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.637.755.15 төгрөг нийт 83.216.575.60 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 2.4, 4.2.1-т заасны дагуу Г ХХКуг зээлийг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Д.А, Н.Мнараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 83.216.575.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг 0000дүгээр хороо Жаргалан 0000 тоот 107 мкв улсын бүртгэлийн 00000 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн. Үнийн дүнд маргахгүй. Зээлийг 35.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийг сунжирсан байдалтай төлж байсан. Банк зээлийг нэхэмжлэхгүй хугацаа алдсан явдал бий. Хариуцагч зээлийг аваад маргааш нь түүний данснаас 97.000.000 төгрөгийг Н.Б шилжүүлж авсан. Энэ нь дансны баримтаар тогтоогдоно. Хариуцагч мөнгийг хэрэглээгүй. Зээлийг төлөх талаар харилцан ярилцаж байгаа гэв.

Хариуцагч Н.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Мминий бие Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээл болон мөнгийг аваагүй, авч хэрэглээгүй тул тухайн зээлийг авсан хүнтэй нь учраа олно уу гэжээ.

Шүүх хуралдаанааар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХКХХК нь хариуцагч Д.А, Н.Мнарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 83.216.575.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.А, Н.Мнар нь Г ХХКХХК-тай зээлийн гэрээ байгуулж 98.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 35.4%-ийн хүүтэйгээр зээлдэж, зээлийн барьцаанд Д.А, Н.Мнар өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Жаргалан 5 дугаар байр 28 тоот хаягт байрлалтай 107 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, шуурхай зээлийн болон ипотекийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч Г ХХКХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч нар зээлийг авч хэрэглээгүй гэсэн тайлбарыг гаргадаг боловч зээл болон барьцааны гэрээ байгуулж, мөнгийг Д.А өөрийн дансанд шилжүүлэн авсан тул гэрээний дагуу мөнгийг эргүүлэн төлөх гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хариуцагч Н.Мипотекийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч нар зээлийн гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүн, гэрээний хүчин төгөлдөр эсхэд маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.А, Н.Мнараас гэрээний үүргийн биелэлтэд 83.216.575.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо 00000 мкв улсын бүртгэлийн 00000 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Д.А, Н.Мнараас 83.216.575.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХКХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А, Н.Мнарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 0000 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.032.88 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.А, Н.Мнараас тус бүр 287.016.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХКХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА