Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/01830

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/01830

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 75/5 дугаар байр, 115 тоотод оршин суух, Тоорой овогт Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн /РД: ХЖ60041577/-д холбогдох,

 

5 643 446 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, прокурор А.Золзаяа, хариуцагч Д.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав, иргэдийн төлөөлөгч Ц.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Лхагвасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймаг, Галуут сум,  Өвөрчулуут гэх газарт N46.22.45.8 Е100.07.08.3 гэж тодорхойлогдсон солбилцол бүхий тухайн компанийн эзэмшлийн MV-00456 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна буюу зохих зөвшөөрөлгүй газарт хариуцан ажиллаж байсан ажилчдын хүчээр 1 эксковатор, 2 ачигч автомашин, техникийг ашиглан нүх ухаж, гарсан шороог зөөвөрлөж буулгасан. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй газарт олборлолт, ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан.

 

Энэ үйлдэлд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 170200037 тоот Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад хууль бус үйлдлийн улмаас экологи-эдийн засгийн хохиролд шинжээчийн дүгнэлтээр Дөвөнтийн уурхай гэх газарт “Монголболгаргео” ХХК-ийн эвдрэлд оруулсан 0.6 га талбайн нөхөн сэргээлтийн зардлын тооцоогоор, экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 2 215 569 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 3 427 877 төгрөг болсон. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийг хаасан.

 

Иймд Д.Лхагвасүрэнийн хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 2 215 569 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 3 427 877 төгрөг, нийт 5 643 446 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд суулгаж өнгө үү гэжээ.

 

 

Хариуцагч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймагг, Галуут сум,  Өвөр чулуут гэх газарт N46.22.45.8, Е100.07.08.3 гэж тодорхойлогдсон солбилцол бүхий, өөрийн компанийн эзэмшлийн MV-00456 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд Галуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөвшөөрөл, мөн төрийн Захиргааны холбогдох байгууллагын үүрэг даалгавар, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хууль бус алт олборлогчдын тунел үүсгэн ухсан нүхнүүдийг нурааж шороог зайлуулсан. Дээрх үйлдлийг хууль бус гэж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 170200037 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Иймд миний бие гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугийн асуудлаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоол байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж оролцож байна. “Монголболгаргео” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийг хаасан. Хаасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн  2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг бүртгэлийн хэргийг хаасан боловч тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд экологи-эдийн засгийн 5 643 434 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй. Тиймээс тухайн газрын  хэвлийд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй учраас нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хариуцагч Д.Лхагвасүрэнд холбогдуулан байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохиролд  2 215 569 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардалд 3 427 877 төгрөг, нийт 5 643 446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэж тодорхойлсон, хариуцагч уг үндэслэлийг хариуцагчийн гэм буруутай үйлдэл байхгүй гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаар тогтоолоор “Монголболгаргео” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гар аргаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн хууль бус үйл ажиллагааг зогсоохоор 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Өвөрчулуут гэх газар өөрийн эзэмшлийн MV-00456 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна нүх ухаж, гарсан шороог өөрийн талбайд зөөвөрлөн буулгасан үйлдлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр тус компанийн үйл ажиллагааны улмаас талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ 2 215 596 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 3 427 877 төгрөг болсон гэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн зарчмыг баримтлан Д.Лхагвасүрэнд холбогдох 170200037 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоол хүчинтэй хэвээр байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд энэ нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг.

 

Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, үүнээс учирсан хохирол, үйлдэл болон хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан арга хэрэгслээр хохирлыг барагдуулахаар зохицуулсан.

 

Гэтэл Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаар тогтоолоор Д.Лхагвасүрэнг “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Өвөрчулуут гэх газар өөрийн эзэмшлийн MV-00456 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна нүх ухаж, гарсан шороог өөрийн талбайд зөөвөрлөн буулгасан үйлдлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчинтэй хэвээр байх тул хариуцагчийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй байх тул хохирлыг арилгах үүрэг хариуцагчид үүсэхгүй. Нөгөөтэйгүүр, байгаль орчинд экологи-эдийн засгийн 5 643 446 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ нь хариуцагчийн буруутай хууль бус үйлдлийн улмаас буюу хариуцагч уг хохирлыг учруулсан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийг уг маргаанд хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч уг хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр Д.Лхагвасүрэнд холбогдох экологи-эдийн засгийн хохиролд 5 643 446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Лхагвасүрэнд холбогдох 5 643 446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

       ШҮҮГЧИД                                 З.ДОРЖНАМЖИН

 

                                                     Ч.МӨНХЦЭЦЭГ