Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

 

 

 

 

                            

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Ц.Т-н өмгөөлөгч Ж.Энхтуяа,

шүүгдэгч Г.Г, Ц.Б нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн,

шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч Г.Ц, Ц.Б, Г.Г, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т, Г.Ц, Ц.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1734004490502 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр амь хохирогч Э.А-ын  биед үзлэг хийж, оношлохдоо цусны болон холбогдох бусад шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.А нь цочмог идээт менингоэнцефалит буюу тархины бүрхүүл, тархины эдийн идээт үрэвсэл өвчний хүндрэлээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт нас барсан,

шүүгдэгч Г.Ц нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амь хохирогч Э.А-ын  биед үзлэг хийж, оношлохдоо цусны болон холбогдох бусад шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.А нь цочмог идээт менингоэнцефалит буюу тархины бүрхүүл, тархины эдийн идээт үрэвсэл өвчний хүндрэлээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт нас барсан, мөн яллагдагч Г.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 10 цаг 40 минутын үед амь хохирогч Д.П нь халуурч уйлагнан биеийн байдал хүндрээд ирэхэд биеийн байдлыг дунд гэж үнэлэн “Катаральная ангина, Острый бронхит” гэсэн оношоор эмчилгээ зааж, холбогдох шинжилгээнүүд аваагүй, биеийн нэг хэсэгт байгаа идээт шархыг үзээгүй, халуурсан шалтгааныг тодруулалгүй буцаасан, хэвтүүлэн нэн яаралтай үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй, 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цаг 26 минутын үед амь хохирогч О.П-г дахин ирэхэд хэвтүүлэн эмчилсэн боловч хүнд хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, хүнд хүүхдийг үзэн хянах журмын дагуу хяналтыг дутуу хийсэн, шарх бохирдсоны улмаас биеийн байдал хүндэрч байгааг анхаараагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2 настай, эмэгтэй, О.П-н баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх бүхий гэмтэл нь грамм эерэг нянгаар халдварлагдан үжлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан,

шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр амь хохирогч Д.П-н шарханд цэвэрлэгээ, цэгцлэлт хийж том хэмжээний урагдсан гүн шарх учир оёдол тавьж нохойд хазуулсан үеийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч энэ үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд тэмдэглэл хөтлөөгүй, цаашид шарханд нянгийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор эмийн эмчилгээг /антибиотик эмчилгээ/ яаралтай тусламжийн хуудсанд  бичээгүй, өөрөөр хэлбэл ийм том хэмжээний бохирлогдсон, урагдсан гүн шархны үед бактерийн эсрэг аль болох өргөн хүрээний антибиотик эмчилгээ эхлэх, холбогдох шинжилгээнүүд хийлгэхийг зөвлөөгүй, давтан үзлэг хийгээгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2 настай, эмэгтэй, Д.П-н баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх бүхий гэмтэл нь грамм эерэг нянгаар халдварлагдан үжлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан,

 шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө амь хохирогч Д.П-н гарын бугалганы шархнаас идээрхэг, цусархаг шингэн шүүс гарсан, боолт бохирдсон, хүүхдэд олон эрхтний дутагдлын шинж илэрсэн, үжлийн шокийн байдалд орсон, шарх нянгийн халдвараар халдварлагдсаныг оношлоогүй, өвчтөнг эргэж хянах хяналт муу, эмч нарын хамтарсан үзлэгийг яаралтай хийгээгүй, нянгийн эсрэг аль болох өргөн хүрээний антибиотик эмчилгээг эрт эхлээгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2 настай, эмэгтэй, Д.П-н баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх бүхий гэмтэл нь грамм эерэг нянгаар халдварлагдан үжлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “ ...Тухайн үед Э.А гэх хүүхдийн эрүүл мэндийн байдлыг шалгахад аюултай гэх ерөнхий шинж байгаагүй. Аюултай ерөнхий шинж буюу уусан бүхнээ бөөлжиж гаргах, таталт өгч байгаа, унтаа буюу ухаангүй байдалтай гэх шинжүүдийн аль нь ч байхгүй байсан. Мөн тухайн үед менингит гэх өвчний шинжилгээ бас хийсэн байдаг. Манайх 24 цагийн турш ажилладаг тул “хүүхдийн биеийн байдал муудсан тохиолдолд хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй” гэж ээжид нь зөвлөж эх хүүхдийг, буцаасан байдаг. Миний хувьд тухайн үед хүүхдийн ээжид нэмэлтээр эм бичиж, зөвлөгөө өгсөн” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “ ...Д.П гэх охинд 2019 оны 10 сарын 06-ны өдөр 09:00 цагаас 09:40 минут хүртэл 40 минутын хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Би Г.Ц гэх эмчээс 3 давхрын шатан дээр хүнд хүүхэд байгаа гэж надад хэлээд орсон. Би тухайн үед хүүхдийн зөвлөх эмч хийдэг байсан бөгөөд жижүүр эмчээр гарч байсан. Миний бие 2022 оны 11 сарын 16-ны яллах дүгнэлтэд 3 үйлдлээр буруутгагдсан байгаа. Нэгдүгээрт энэ хэрэг 2019 оноос хойш бүтэн 3 жил хууль шүүхийн байгууллагаар явж байгаа. Яллах дүгнэлтийн 8 дугаар хуудсанд аавынх нь мэдүүлэг байдаг. Би орж ирэнгүүтээ хувцсаа солиод сувилагчаа дуудаад хүнд хүүхэд байгаа гэсэн гээд тухайн хүүхэд дээр ороход биеийн байдал нь маш хүнд, шоконд орсон байдалтай байсан тул 09:05 минутад сэхээн амьдруулах тасагт оруулж эмчилгээ хийсэн. Яллах дүгнэлтийн 6 дугаар хуудасны 21,22,23 дугаар эгнээнд Д.П-н ээжийнх нь мэдүүлэг байдаг. Д.П гэх хүн  “...09:40 минутад нас барсан, сторид нас барсан цаг нь 11:40 цаг гэж бичигдсэн байсан. Мөн тухайн үед 09:05 минутад эмч нарын хамтарсан үзлэг хийх шаардлагатай гэж үзэж 5 хүний бүрэлдэхүүнтэй сэхээн амьдруулах эмчилгээг хийж эхэлсэн. Надтай хамтарсан 2 сувилагчийн нэг нь тариа хийж, нөгөө нь надтай хамт зүрхэнд массаж хийж байсан. Энэ талаар яллах дүгнэлтэд дурдагдсан байдаг. Энэ өвчин нь өөрөө маш хурдан хугацаанд хүндэрдэг. Намайг ээлжээ хүлээж авахад шоконд орчихсон маш хүнд байдалтай байсан“ гэв.

 

Шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “ ... н.П-г 2019 оны 10 сарын 03-ны 4 дэх өдөр 17:00 цагаас 18:00 цаг орчим үед үзсэн. Шархны халдварыг халдвартай болон халдваргүй гэж хоёр ангилдаг. Анх үзсэн эмч нь бол би биш. Бугалгын ар хэсэгт 6-7 см орчим арьс, өөхөн эдийн давхарга гэмтсэн шарх байсан. Тухайн өдөртөө үдээс хойш нохойнд хазуулчхаад хүлээн авах дээр байж байхад нь би шархыг нь цэгцэлж өгсөн. Тухайн үед шарх нь халдвартай, аюултай, ерөнхий гэх шинж тэмдэг байгаагүй. Шархны халдварыг илрүүлэхдээ шархны үүсгэгчийн шинжилгээ авдаг бөгөөд тухайн шинжилгээ нь 2 хоноод хариу нь гардаг. Цусны ариун чанарын шинжилгээ авдаг бөгөөд тухайн шинжилгээг халууралттай байхад л авдаг бөгөөд хариу нь 7 хоноод гардаг. Шархны цэгцлэлтийг хоёр төрлөөр хуваадаг бөгөөд тухайн охины шархыг халдваргүй, гэхдээ халдварлах эрсдэлтэй гэж тогтоосон байдаг. Хазуулсан болон нүх гарсан тохиолдолд оёдол тавигддаггүй. Гэвч хазуулсан газар ангайгаад том болчихсон байсан учраас оёдол тавигдсан. Намайг яаралтай тусламжийн хуудсанд тэмдэглэл хөтлөөгүй гэж буруутгасан. Ерөнхий хуудас нээгдээгүй байсан учраас а4 хэмжээтэй цаасыг голоор нь хувааж байгаад том хар балаар эмч нарын дугаарыг бичиж өгсөн. Тухайн өдрөөс хойш энэ охины талаар мэдээлэл аваагүй. Анх мөрдөн байцаалт авахад хангалттай хэмжээний туслалцаа үзүүлсэн гэж бодсон. Би яаралтай тусламжийн дэвтэр дээр тэмдэглэл хөтлөөгүй ч гэсэн цаасан дээр ямар эмчид үзүүлэх уух эм, өвчин намдаагч бичиж өгсөн. Мөрдөгч нь “та нар багаараа тусламж үзүүлсэн, та нар бүгдээрээ гэм буруугаа хүлээвэл Өршөөлийн тухай хуульд хамруулаад шүүхээр оруулахгүй” гэж надад буруугаар ойлгуулж байсан“ гэв.

 

Шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 сарын 29-ний өдөр жижүүр эмч хийх ээлж, дараалал ирсэн гэх шалтгаанаар ажил дээр дуудагдаж ирсэн. Би хүүхдээс “ямар зовуурь илэрсэн бэ” гэж асуухад “халуурсан” гэх хариу өгсөн. Мөн тухайн үед хүүхдийн биеийн байдалд аюултай ерөнхий шинж байхгүй байсан. Би тухайн өдөр жижүүр эмчийн үүрэг биелүүлж байсан бөгөөд хүүхдэд үзлэг хийж, эх хүүхдийн ягаан эрүүл мэндийн дэвтэр дээр оношилгоо хийсэн. Мөн биеийн байдал нь тогтвортой байсан учраас хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэж эмийн эмчилгээ бичиж өгөөд хүүхдийн ээжид нь зөвлөгөө өгч явуулсан байдаг. Би 2019 оны 10 сарын 03-ны өдөр нярайн тасагт хүлээн авах жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Халуурсан хүүхэд нь 2 хоногийн өмнө нохойнд уруулсан гэх оноштой ирсэн. Ээжээс нь асуумж асуухад ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй, боолт хийлгэсэн байсан бөгөөд “өдөр болгон тухайн боолтоо солиулж байгаа, мөн вакцинд хамрагдсан” гэж хэлсэн. Над руу өдөр 11:00 цаг болж байхад ирсэн. Орой 23:00 цагт дахин ирэхэд нь гормын дагуу эмчилгээ хийж өгсөн. Маргааш нь хүүхэд, ээжтэйгээ эргэлтээ авч байсан бөгөөд таталт өгөөд эрчимт эмчилгээнд орсон. Мөрдөн байцаагч нь миний дүгнэлтийг авсан 1340 тоот дүгнэлтэд тухайн үеийн эмчийн үзлэгийг эрүүл мэндийн ягаан дэвтэрт бичигдсэнээр дүгнэх боломжгүй гэж бичигдсэн байдаг” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас хх-02 тал/, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас хх-03 тал/, хохирогч Б.У-с мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-04-05 тал, 76-77, 145-147 тал, 2 хавтас хх-234-235/, гэрч Л.Ц-с мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-11-12 тал/, гэрч Д.Н-с мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-13-14 тал/, 92-93, 155-157 тал/, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/1 хавтас хх-17-29 тал/, гэрч Д.М-с мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-33 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №189 дугаар дүгнэлт/1 хавтас хх-35-36 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №10430 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 хавтас хх-38-41 тал/, Эмгэг судлалын шинжилгээний протокол №ТӨВ-21-2017/1 хавтас хх-43 тал, Ц.Т, Г.Ц, Н.Г нарын хувийн байдалд холбогдох материалууд/1 хавтас хх-47-74 тал/, гэрч С.Д-н мэдүүлэг/1 хавтас хх-75 тал,/, шинжээч И.Ганболороос мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-83-84 тал/, хавтас хх-91 тал/, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №4 дугаартай шинжээчийн дүгнэлт/1 хавтас хх-104-107 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №723 дүгнэлт/1 хавтас хх-113-122 тал/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт/1 хавтас хх-135-137 тал/, шинжээч Б.Ариунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-153-154 тал, Г.Ц нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1 хавтас хх-159 тал/, гэрч Г.М-с мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-169-170 тал/, гэрч Н.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хавтас хх-171-172 тал/, Ц.Т, Л.С, А.Т, Г.Ц нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/1 хавтас хх-174-179 тал, 2 хавтас хх-52-54 тал/, Монгол Улсын стандарт MNS 4621:2008, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалын 3.1, 3.3, 3.12 дахь заалтууд, Нэгдсэн эмнэлгийн байгууллагын дотоод журам, Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2013 оны 450 дугаар тушаалын 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2005 оны Зонхилон тохиолдох өвчний эмчилгээ, оношилгооны удирдамж 109 дүгээр тушаал, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 9.3.2-9.3.4, 12.1.1-12.1.5 дахь заалтууд, Эрүүл мэндийн тухай хууль зэргийн хуулбар/1 хавтас хх-180-250, 2 хавтас хх-1-40 тал/, бичмэл нотлох баримтыг авсан тухай тэмдэглэл, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүх/2 хавтас хх-55-94 тал/, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/254 дугаар тушаал/2 хавтас хх-125 тал/, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн б/254 дугаар тушаал/2 хавтас хх-126 тал/, Г.Ц-с яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/2 хавтас хх-195-197, 198-201 тал/, Г.Ц-н хувийн байдлыг тогтоосон баримтууд/2 хавтас хх-202 тал/, яаралтай тусламж үйлчилгээний хуудасны хуулбар/2 хавтас хх-207-208 тал/, Ц.Т-с яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/2 хавтас хх-216-218-222 тал/, Ц.Т-н хувийн байдлыг тогтоосон баримтууд/2 хавтас хх-223-226 тал/, шинжээч Б.Ариунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2 хавтас хх-228 тал/, Төв аймаг Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2 хавтас хх-230 тал/, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн б/19 дугаар тушаал, хавсралт /2 хавтас хх-231-233 тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Н-с мэдүүлэг авсан тэмдэглэл/2 хавтас хх-238-239 тал/, хохирлын баримтууд/2 хавтас хх-242-245 тал/, Эрүүл мэндийн бүртгэлийн болон тайлангийн маягтын жагсаалт, хадгалах хугацаа/3 хавтас хх-76-81 тал/, шинжээч О.Болороогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/3 хавтас хх-115-116 тал/, шинжээч Н.Долгорсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3 хавтас хх-117-119 тал/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /3 хавтас хх-132 тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /3 хавтас хх-133 тал/, Ц.Т-н өвчний түүх/3 хавтас хх-138-144 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №1340 дугаар дүгнэлт, шинжээчийн  299, 285 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

Гэм буруугийн талаар:

“Улсын яллагчаас шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Т, Г.Г, Ц.Б нарыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч О.П нас барсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Мөн шүүгдэгч Г.Ц-г “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч О.П, Э.А нар нас барсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Т, Г.Ц, Ц.Б, Г.Г нарын   өмгөөлөгч нараас: “ Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан  тул  шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү,” гэх адил агуулга бүхий дүгнэлтийг гаргаж тус  тус мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ая холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Т, Г.Ц, Ц.Б, Г.Г нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 188/А дугаартай яллах дүгнэлтэд:

 шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа “2017 оны 10 сарын 30-ны өдөр амь хохирогч Э.А-ын биед үзлэг хийж, оношлохдоо цусны болон бусад шинжилгээ хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 11 сарын 01-нд шилжих шөнө 2 нас 02 сартай Э.А нь “цочмог идээт үрэвсэл өвчний менингоэнцепфалит буюу тархины бүрхүүл, тархины идээт үрэвсэл, өвчний хүндрэлээр” амь нас хохирсон,

 шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх эмчээр ажиллаж байхдаа “ 2019 оны 10 сарын 6-ны өглөө амь хохирогч Д.П-ын гарын бугалганы шархнаас идээрхэг шингэн шүүс гарсан, боолт бохирдсон, хүүхдэд олон эрхтний дутагдлын шинж илэрсэн, хүүхдэд үхжилийн шокийн байдалд орсон, шарх нянгийн халдвараар халдварлагдсаныг оношлоогүй, нянгийн эсрэг аль болох өргөн хүрээний антибиотик эмчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлгээгүйн улмаас 2 настай Д.П-ын амь нас хохирсон нь:

-амь хохирогч нарын мэдүүлэг,

-өвчтөний түүхийн хуулбарууд,

-задлан шинжилгээний дүгнэлт,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн шинжээчийн 299 дугаартай дүгнэлт,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн шинжээчийн 285 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтогдсон гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Б, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 шүүгдэгч Ц.Б, Ц.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан улсын яллагчийн яллах нотлох баримтуудад шүүгдэгч Ц.Б, Ц.Т нар нь 2 нас 02 сартай Э.А, 2 настай Д.П нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, онош зөв тавигдсан нь дээрх нотлох баримтуудад тусгагдсан ба шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 299, 2021 оны 04 сарын 29-ний өдрийн шинжээчийн 285 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.Б-г шууд гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгч Ц.Б нь богино хугацаанд өвчтөнд онош зөв тавьж, цаг алдалгүй эмчилгээ хийсэн боловч өвчтөний биеийн байдал хүнд байсан тул амь нас нь хохирсон нь Б-н эрчимт эмчилгээ хийсэнтэй шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтэд: “ Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тасгийн эмч нар О.П-ыг ирэх үед биеийн байдлыг дутуу үнэлж буцаасан, хэвтэх үеийн үзлэг хяналт хангалтгүй, шаардлагатай лабораторийн шинжилгээнүүдийг бүрдүүлээгүй, оношийг хугацаа алдаж тавьсан байна.” гэх дүгнэлт” /5 хх-81 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 сарын 29-ны өдрийн 285 дугаартай дүгнэлтэд: “ амь хохирогч П-г Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 2019 оны 10 сарын 03-ны өдөр 18:00 цагийн үед ирэхэд мэс заслын тусламж үзүүлсэн боловч тусламж үйлчилгээний талаар яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд тэмдэглэл хөтлөөгүй, цаашид шарханд нянгийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор эмийн эмчилгээг/антибиотик/ яаралтай тусламжийн хуудсанд бичээгүй, өргөн хүрээний антибиотик эмчилгээ эхлэх, холбогдох шинжилгээнүүдийг хийлгэхийг, давтан үзлэг хийгээгүй байна.” гэх дүгнэлтээр /5хх-138 тал/ П-г хүлээж аваад 30 минутаас 01 цаг орчмын хугацаанд зөв оношлон эмнэлгийн тусламж үзүүлсэн Ц.Б-н идэвхтэй үйлдлийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 сарын 30-ны өдөр 2 нас 2 сартай Э.А-ын биед үзлэг хийж вирусийн хурц халдвар гэж оношлон халуун бууруулах эм, вирусийн лаа, ханиалганы эм эмчилгээ бичиж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог тул түүнийг дан ганц шинжилгээ хийлгээгүй гэх үндэслэлээр эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “ эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” үйлдэл, эс үйлдэхүйг эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлогддог.

 

Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон түүнтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулиар зохицуулсан байх ба эмнэлгийн мэргэжилтэн эдгээр хуульд заасан тусламж үйлчилгээг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс эс үйлдэхүйг, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй, үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн “ 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт тооцдог.

 

Дээрх дурдсан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хууль, дүрэм, журам, стандартын дагуу үзүүлсэн боловч өвчтөнд учирсан аливаа эрсдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц-н Т, Ц-н Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Эмнэлгийн тусламж, үзүүлэхгүй байх буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ... хохирогч нас барсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэн “ гэмт хэргийн шинжгүй” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц-н Т, Ц-н Б нарыг цагаатгаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Г.Ц нь Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн эмчээр ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амь хохирогч Э.А-ын  биед анх үзлэг хийхдээ, оношлохдоо цусны болон холбогдох бусад шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буюу 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.А нь цочмог идээт менингоэнцефалит буюу тархины бүрхүүл, тархины эдийн идээт үрэвсэл өвчний хүндрэлээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт нас барсан,

 мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 10 цаг 40 минутын үед амь хохирогч Д.П-ын биед биед үзлэг хийхдээ халуурч уйлагнан биеийн байдал хүндрээд ирэхэд биеийн байдлыг дунд гэж үнэлэн “Катаральная ангина, Острый бронхит” гэсэн оношоор эмчилгээ зааж, холбогдох шинжилгээнүүд аваагүй, биеийн нэг хэсэгт байгаа идээт шархыг үзээгүй, халуурсан шалтгааныг тодруулалгүй буцаасан, хэвтүүлэн нэн яаралтай үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй, 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цаг 26 минутын үед амь хохирогч О.П-г дахин ирэхэд хэвтүүлэн эмчилсэн боловч хүнд хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, хүнд хүүхдийг үзэн хянах журмын дагуу хяналтыг дутуу хийсэн, шарх бохирдсоны улмаас биеийн байдал хүндэрч байгааг анхаараагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2 настай, эмэгтэй, О.П-ын баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх бүхий гэмтэл нь грамм эерэг нянгаар халдварлагдан үжлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан,

шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтэл согог заслын эмчээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр амь хохирогч Д.П-н шарханд цэвэрлэгээ, цэгцлэлт хийж том хэмжээний урагдсан гүн шарх учир оёдол тавьж нохойд хазуулсан үеийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч энэ үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд тэмдэглэл хөтлөөгүй, цаашид шарханд нянгийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор эмийн эмчилгээг /антибиотик эмчилгээ/ яаралтай тусламжийн хуудсанд  бичээгүй, өөрөөр хэлбэл ийм том хэмжээний бохирлогдсон, урагдсан гүн шархны үед бактерийн эсрэг аль болох өргөн хүрээний антибиотик эмчилгээ эхлэх, холбогдох шинжилгээнүүд хийлгэхийг зөвлөөгүй, давтан үзлэг хийгээгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2 настай, эмэгтэй, Д.П-н баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх бүхий гэмтэл нь грамм эерэг нянгаар халдварлагдан үжлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-н: “..Миний төрсөн охин Э.А нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17-18 цагийн үед халуурч эхэлсэн тэгэхээр нь маргааш буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ирж охиноо Ц гэх нярайн эмчид үзүүлсэн халуун бууруулах ханиадны эм бичиж өгсөн, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж Тунгалаг гэх эмчид үзүүлсэн халуун бууруулах эм, ханиадны эм бичиж өгсөн цээж нь зүгээр байна гэсэн, зүгээр болохгүй болохоор нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Шинэ нялхас эмнэлэгт очиж С гэх эмчид үзүүлсэн бөгөөд ханиадны гүн хордлогод орсон, яаралтай хэвтэж эмчлүүл гээд хэвтэж бичиг хийж өгсөн ингээд 14 цагт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж Т гэж эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэж эхлээд хэвтсэн 19 цагийн үед Г гэх эмч жижүүр хүлээж аваад үзсэн, 01 цагийн үед биеийн байдал муудаж таталт өгч нас барсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Т: “Тухайн өдөр хүүхдийн тасагт жижүүр эмчээр ажилласан, А нь 16 цаг 10 минутад Улаанбаатар хотоос хэвтэж бичлэг хийлгэж ирсэн онош нь ханиад шуухнай, халдвар харшлын гаралтай хордлого, бронхит, амьсгал дутмагшил хоёрдугаар зэрэгтэй гэсэн оноштой байсан, би хүүхдийг уушгины хатгалгаа гэж онош тавиад стандартын дагуу ампицилин 550 мл, натри хлорид 0,9 процент 6 мл 8 цагаар судсаар, пентомицин 80 мл, 24 цагт  судсаар хийхээр халуунд парадент 12 цагаар хордлоготой байсан учир хордлого тайлах эмчилгээг тус тус хийсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Т: “ 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой ажил  тарахын үед 17 цагийн орчим Э.А гэх 2 нас 2 сартай охиныг ээж нь авчирч үзүүлсэн, үзэхэд хүүхэд ухаантай орчны харьцаатай, өөрөө явж гишгэж асуусан асуултад хариулж ээжээс нь зовуурийг нь асуухад халуураад байгаа, урд өдөр үзүүлсэн дахиж халуураад байна гэж хэлсэн би бол вирусийн хурц халдвар гэж оношлоод халуун бууруулах парацетомол уухаар, вирусийн лаа, ханиалганы эм гербион бичиж өгсөн, ... чихийг бол үзээгүй, чих өвдсөн гэж хэлээгүй учраас үзлэг хийгээгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Б-н: “..дунд чихний архаг идээт үрэвсэл өвчнийг аймгийн нэгдсэн эмнэлэг оношлох боломжтой, эмчийн үзлэг болон багажийн лабораторийн шинжилгээгээр дээрх өвчнийг тогтоох боломжтой, хийгдсэн эмчилгээнд хүндрэл гараагүй, лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн эмчилгээний сонголтыг хийх ёстой, лабораторийн шинжилгээ хийгдээгүй байсан, дунд чихний идээт үрэвслийг эмчлэх боломжтой байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М-н: “Менингоэнцефалит өвчнийг оношлохын тулд нугасны ус авч тархи нугасны шингэний шинжилгээ хийгддэг энэ нь манай эмнэлэгт хийгддэг шинжилгээ байгаа юм хугацааны хувьд 2-4 цагийн хооронд гарах бололцоотой ажлын бус цагаар лабораторийн эмч нарыг ажилтан нарыг дуудах бүрэн бололцоотой” гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 189 дугаартай дүгнэлт: “ Талийгаач Э.А нь дархлааны дутмагшил, дотоод шүүрлийн булчирхайн хямрал, дунд чихний идээт үрэвсэл, идээт менингоэнцефалиттай байжээ. Эмнэлэгт хэвтсэн онош эмгэг судлал, шүүх эмнэлгийн оноштой зөрүүтэй байна, өвчний түүхэнд тавигдсан оношинд тохирсон эмчилгээ хийгдсэн байна, эмгэг судлал, шүүх эмнэлгийн оношинд тохирсон эмчилгээ хийгдээгүй байна, хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, хэвтэх үеийн үзлэг хяналт хангалтгүй, шаардлагатай багажийн болон лабораторийн шинжилгээ хийгдээгүй, эмчилгээ үйлчилгээний дутагдалтай” гэх дүгнэлт,

Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эрүүл мэндийн яам, хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын гаргасан 4 дугаартай дүгнэлт: “ ... Э.А-г эмнэлэгт хэвтэх үед цусны шинжилгээ хийсэн бол хүүхдэд үрэвсэл байсан эсэхийг тодорхойлох боломжтой байсан, өвчний түүхэнд хавсаргасан цусны шинжилгээ байхгүй байна. А-д эмнэлэгт ирэх үед цусны шинжилгээ хийж, үзлэгийг Хүүхдийн өвчний цогц менежмент стандартын дагуу хийж, дагзны хөшингийг шалгасан бол тархины бүрхүүлийн үрэвслийг шалгах боломжтой байсан” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 723 дугаартай дүгнэлтэд: “ ... өвчний илрэл, үйл явц, хүндрэл нь хүүхэд бүрд суурь өвчин биеийн онцлогоос хамааран өөр өөр байдаг тул уг өвчин нь хэзээ эхэлснийг нарийвчлан тогтоох боломжгүй ч зовуурь эмнэл зүйн шинж тэмдэг эхэлсэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өвчлөл эхэлсэн байх боломжтой, хүүхдийг эмнэлэгт хэвтсэн даруйд цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, эмнэл зүйн шинжээс хамааран нарийвчилсан бусад шинжилгээ хийдэг, цаг алдалгүй эрт оношилсон тохиолдолд амь насыг аврах боломжтой, Э.А-г анх эмчид хандах үед болон эмнэлэгт хэвтсэн үед үзлэгийг хүүхдийн өвчний цогц менежмент стандартын дагуу үзлэг хийж, цусны шинжилгээ болон бусад холбогдох шинжилгээг хийж тархи бүрхүүлийн үрэвслийн ялган оношилгоо хийсэн бол тархины бүрхүүл ба идээт үрэвслийг оношлох боломжтой байсан” гэх дүгнэлт,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эмгэг судлаач эмч Л.Басхүү, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч Б.У нарын эмгэг судлалын шинжилгээний протоколд: “ Хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, хэвтэх үеийн үзлэг хяналт хангалтгүй, шаардлагатай багажийн болон лабораторийн шинжилгээ хийгдээгүй, эмчилгээ үйлчилгээ дутагдалтай болно.”гэх дүгнэлт, 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Х.О-н: “... талийгаач нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр манай урд айлын нохойд хазуулаад шууд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр камри маркийн машинаар нөхөр С, эгч Н нарын хамт хүрч ирсэн, ... хүүхдийг нохойд хазуулсан талаар хэлээд би хүүхдээ тэврээд сандал дээр сууж байтал О эмч манай талийгаач охины шархыг харчхаад О эмч сандал дээр сууж байгаад сувилагчаараа Г эмчийг дуудуулсан. Г эмч орж ирчхээд хүүхдийн нохойд хазуулсан гарт нь юм бариулаад, гарын сарвууг нь өөрөөр нь атгуулж үзчихээд “ Мэдрэл талдаа зүгээр судас нь тасраагүй байна “ гэж хэлээд сувилагч нь юмыг нь бэлдэж өгөөд Г эмч оёдол тавиад резинэн бээлийний хурууг хайчилж хийгээд гадуур бентээр боосон. Тэгээд би дотроосоо эм уух уу яах вэ гэж асуухад Г эмч “ Зүгээр зүгээр мөсөөр бентний гадуур хүйтэн жин тавиад бай, их уйлаад байвал өвчин намдаах лаа хийгээрэй маргааш боолтоо солиулаарай” гэж хэлээд ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй явуулсан. Маргааш нь халуураад байхаар нь Ц эмч хүүхдийн үзлэгийн өрөөнд чагнуураараа хүүхдийн цээжийг чагнаж үзээд, халууны шилээр халууныг нь, пульсийг нь үзчихээд халуун бууруулах тариа хийгээд 30 минут хүлээж байгаад Ц эмч “ Халуун нь буурчихлаа одоо явж бай” гэж хэлээд явсан. Тухайн үед Ц эмч огт эм бичиж өгөөгүй явуулсан. Тэгээд буцаад ээжийнд очоод орой 10 цаг өнгөрч байтал талийгаач охин маань халуураад байхаар нь 103 дугаарын утас руу залгаж түргэн дуудаад түргэний машинаар АНЭ-ийн хүүхдийн тасаг дээр хүргэгдэж очоод халууныг нь үзээд, чагнуураар чагнаж үзсэн. Ц эмч тухайн үед “ Энд уг нь хэвтэх ёсгүй, халдвартын эмч нь байхгүй болохоор та хоёрыг энд хэвтүүлж байна” гэж хэлээд 1 хүүхэдтэй хүнтэй хамт нэг өрөөнд хэвтүүлээд манай хүүхдэд Ц эмч тариаг нь дэвтэр шиг юман дээр сувилагчдаа бичиж өгсөн. Тэрнээс хойш эмч огт манай өрөөнд орж ирээгүй. Харин сувилагчаар 20-30 минут эмчилгээ хийгээд өрөөндөө хэвтэж байтал 01-02 цагийн хооронд дээш, доошоогоо өтгөн шингэн алдаад байсан би сувилагчид нь хэлсэн чинь “зүгээрээ хордлогод орсон, хордлого нь ингэж гадагшилж байгаа юм“ гэж хэлж байсан. Тэгээд шөнөжингөө ямар ч эмчилгээ хийлгүй өглөө болгоод 06 цагт ээж А бид хоёрт хоол авч ирж өгсөн чинь талийгаач охин маань 2 аяга бантан идчихээд сууж байснаа царай нь хөхрөөд цонхийгоод байхаар нь эмч дээр бариад орсон чинь цусаар шинжилгээ авах гэсэн чинь цус гарахгүй байсан. Тэр эмч бусад эмч нараа дуудаад хүүхдийг сэхээн амьдруулах тасаг руу авч ороод байж байтал 1 цагийн дараа нас барсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Н.О-н: “ ... 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө намайг гэртээ байж байтал 10 цагийн орчимд Ц эмч залгаад “ хүүхдийн биеийн байдал хүнд байна хамтарсан үзлэг хийх шаардлагатай байна” гэж дуудсан. Тэгээд би өөрөө АНЭ-ийн хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд ороод харахад хүүхэд орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн царай нь зэвхийрч хөхөрсөн, маш өнгөцхөн олон удаа амьсгалсан, ухаангүй байсан. Тэгээд эмч Б, Ц нар байсан. Миний ардаас халдвартын эмч Д, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н орж ирсэн. Тэгээд би хүүхдэд зүрхний массаж, судсаар нь адерналин 0,1мл/кг-аар хэд хэдэн удаа хийсэн / хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна / Б эмч аамбугаар амьсгалуулж байсан. Ц эмч цонхны дэргэд хараад зогсож байсан. П нь нохойд хазуулсан шарх нь бохир ороод цусанд үжил болоод нас барсан гэж үзэж байна. Үжил нь бол хэдхэн цагийн дотор бие нь муудаад нас бардаг.” гэх мэдүүлэг,

Гэрч Н.О-н: “ ... 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авахын жижүүр эмчийн үүргийг 17 цагаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан. П нь гадаа гэгээтэй жижүүр аваад удаагүй байхад ээж, аавтайгаа нохойд хазуулсан гээд ирсэн. Тэгээд би П хүүхэд анх орж ирэхдээ ухаантай, уйлсан байдалтай, баруун гарын шууг нь марлиар боочихсон, цус нэвтэрчихсэн, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, орчиндоо харьцаатай, үзлэгээр арьс салст цэвэр чийглэг, чагнуураар чагнахад зүрхний авиа тод, жигд хэм тэгш, уушги цулцангийн амьсгалтай байсан, тэмтрэлээр хэвлий зөөлөн эмзэглэлгүй, халууныг нь халууны шилээр үзэхэд халуунгүй байсан. Аав ээжээс нь боолтоос өөр ямар нэгэн зүйл хэрэглэсэн эсэхийг асуухад үгүй, бусад ямар нэгэн зовуурь байхгүй гэсэн. Тэгээд өвчин намдаах диклоденк 250 мг-тай лааг шулуун гэдсээр нь 1-ийг хийсэн, нохойд хазуулаад 7-8 см хэсэг баруун бугалгандаа урагдсан шархтай байсан учраас гэмтлийн эмч Г-г дуудаад үзүүлсэн чинь “ Шарх нь том байна, оёно “ гээд бохир шархыг нь угааж анхдагч цэгцэлгээ хийгээд гэмтсэн хэсэгт новкайнаар нэвчүүлж мэдээ алдуулалт хийгээд 7 оёдол тавиад урсгуур тавьсан / дотор байгаа бохирыг гаргах зориулалттай /, цэвэр боолт хийсэн. Яагаад гэвэл би цаана нь эрэмбийн хуудас дээр нь юм бичээд сууж байсан, ... нохойд хазуулсан хүнд үзүүлэх яаралтай тусламж гэж журам байдаг. Энэ журам дээр анхдагч цэгцэлгээг хийх / бохир эдийг цэвэрлэх, нохойн шүлс вирус байдаг учраас оёдоггүй /, галзуугийн болон татрангийн эсрэг вакцин хийх ёстой /хүүхдэд бол татран хийдэггүй/, бусад ажиллагааг хувь хүний биеийн байдлаас шалтгаалдаг.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ө-н: “ ... 2019 оны 10 сарын 04-ний өдөр цайны цагийн дараа ээжтэйгээ П гэх хүүхэд тэврүүлээд АНЭ-ийн амбулаторын боолт 1 гэдэг өрөөнд “ Боолт хийлгүүлэе “ гэж орж ирсэн. Тэгээд би хүүхдийн өмнөх боолтыг аваад 7,5 процентийн тамидинаар шархыг 2 удаа зориулалтын зажем гэдэг багажаар арчиж цэвэрлэсэн, тэгээд цэвэр шарикаар 1 удаа хуурайлсан, 3 хувийн периксээр 1 удаа гадна талыг арчсэн, 70 хувийн спиртийг шариканд шингээж тавьсан. Тэгээд сальфетка дээрээс нь тавиад пластар наалт наасан. Тэгээд бинтээр битүү ороож өгсөн, ... 2019 оны 10 сарын 05-ны өдөр ээжтэйгээ П гэх хүүхэд тэврүүлээд ирсэн. Тэгээд ээж нь өрөөнд орж ирэнгүүтээ манай хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаралтай тусламж руу явна уу гэж хэлсэн. Тэгээд П гэх хүүхэд ээжтэйгээ хүлээн авахын яаралтай тусламжийн тасаг руу гараад явсан. 2 дахь өдөр нь би боолт хийгээгүй явуулсан, ... 15 см орчим шархтай, оёдлуудыг стандартын дагуу 8-9 оёдол тавьсан санагдаж байна. Арьс дээр ямар нэгэн үхжилт өгсөн зүйл мэдэгдээгүй, ... П гэх хүүхдийн шарханд урсгуур байгаагүй.” гэх мэдүүлэг, 

Гэрч Ш.С-н: “ ... 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум “Дугуй булаг” гэх газарт оройн 16 цаг өнгөрт байх үед манай охин П хажуу талын У гэх айлын гадаа тоглож байгаад нохойд нь хазуулсан, ... гэнэт манай охин уйлаад, нохой ярдаглахаар нь бид хоёр очиход манай охин газар уначихсан байдалтай байсан манай хүүхдийн өмссөн байсан хүрэн өнгийн хүрмийн баруун гарын гадна талын булчин хэсэг нь соёо ороод хоёр талаасаа цоорчихсон байсан. Тэгээд охиноо гэртээ оруулаад гадна хувцсыг нь тайлаад үзэхэд гарын булчин нь сэтэрчихсэн байсан. Би гэрт байсан бинтээр гарыг нь боогоод шууд аймгийн төвийн эмнэлэг руу явсан, ... хүлээн авах дээр шархыг нь цэвэрлүүлээд оёдол тавиулаад өвчин намдаах лаа хийлгэсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 06-ний өдөр 09 цагийн үед аймагт ирээд эмнэлэг дээр очиход манай охин сэхээний тасагт хэвтчихсэн байсан. Удалгүй 09 цаг 40 минутын үед манай охин П өнгөрчихсөн.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-н: “ ... 2019 оны 10 сарын 05-ны өдрийн үдээс хойш П гэх хүүхэд халуураад байна гээд ээждээ тэврүүлээд ирсэн. Тэгээд би халууныг нь үзсэн чинь халуунтай байсан яг хэд байсныг нь санахгүй байна. Миний үүрэг бол амин  үзүүлэлтийг нь үзээд эмчдээ хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэгээд би гарыг нь үзсэн чинь гар нь боолттой байсан тэгээд ямар боолтыг нь асуусан чинь нохойд уруулсан юм аа гэсэн. Тэгээд эмчээ дуудаад эмч ирээд шархных нь талаар нь асуусан. Тэгээд ээж нь хариулаад байсан. Бас халуун бууруулах эм өгч зөвлөгөө өгөөд явсан. Тэгээд нэг цагийн дараа халууныг нь үзсэн чинь буучихсан байсан. Тэгээд би 17 цаг гээд ажлаасаа буусан. Тэрнээс хойш ямар ажиллагаатайг нь мэдэхгүй байна, ... П гэх хүүхдийн шархыг нь хараагүй. Надад үзүүлэхдээ ээж нь дөнгөж сая боолтоо хийлгэчхээд ирлээ гээд ирсэн, ... би шархыг хараагүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан боолтны завсраар нь урсгуур харагдахгүй байсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “гэмтлийн мэс заслын эмч Г.Г үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд тэмдэглэл хөтлөөгүй, өөрөөр хэлбэл ийм том хэмжээний бохирлогдсон, урагдсан гүн шархны үед бактерийн эсрэг аль болох өргөн хүрээний антибиотик эмчилгээ эхлэх, холбогдох  шинжилгээнүүдийг хийлгэхийг зөвлөөгүй, дахин үзлэг хийгээгүй байна, ...

 Г.Ц нь хүүхдийн биеийн байдлыг дунд гэж үнэлэн “ Катаральная ангина, Острый бронхит“ гэсэн буруу оношоор  эмчилгээ зааж,

холбогдох шинжилгээнүүдийг аваагүй, биеийн нэг хэсэгт байгаа идээт шархыг үзээгүй, халуурсан шалтгааныг тодруулалгүй буцаасан байх ба хэвтүүлэн нэн яаралтай үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй,

... жижүүр эмч Г.Ц хэвтүүлэн эмчилсэн боловч хүнд хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, хүнд хүүхдийг үзэн хянах журмын дагуу хяналтыг дутуу хийсэн нь өвчний түүхийн бичилтээс харагдаж байгаа ба шарх бохирлогдсоны улмаас биеийн байдал хүндэрч байгааг анхаараагүй байна, ... өргөн хүрээний антибиотик эмчилгээг эрт эхлээгүй, нян нь хоруу чанар өндөртэй байсан зэрэг нь өвчин хүндрэх шалтгаан болжээ “ гэх дүгнэлт/5 хх-130тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  “Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч нар О.П-г ирэх үед биеийн байдлыг дутуу үнэлж буцаасан, хэвтэх үеийн үзлэг хяналт хангалтгүй, шаардлагатай лабораторийн шинжилгээнүүдийг бүрдүүлээгүй, оношийг хугацаа алдаж тавьсан байна, эмчилгээ оношилгооны стандартыг шүүх эмнэлэг тогтоохгүй, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт тавьсан онош болон эмчилгээ зөв хийгдсэн байна, О.П-н цогцост баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх, арьс зөөлөн эдийн цочмог идээт үрэвсэл, цус харвалт, үхжил гэмтэл учирчээ, уг гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач О.П-ын цогцост учирсан баруун гарын бугалганы хоёр толгой булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба талийгаач нь уг гэмтлийн улмаас уг шарх нь грамм эерэг нянгаар халдварлагдан үжлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /5хх-81 тал/

Эмгэг судлалын шинжилгээний протоколд “П 2 настай эмнэлзүйн онош “ үжлийн шок. Олон эрхтний дутмагшил, /амьсгал, зүрх судас, тархи, хоргүйсэх тогтолцоо/ Төвийн гаралтай өндөр халууралт. Таталт.

Хазагдсан ил шарх, баруун гарын бугалганы дээд 1/3 хэсэгт “ гэжээ /5хх-84 тал/

Өвчтөний түүхийн хуулбар /5хх-91 тал/

Эмгэг судлалын шинжилгээний протокол Төв-30.2019 /хх-102 тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ц, Ц.Б, Г.Г, Ц.Т нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар “гэм буруугийн” талаар маргасан болно.

 

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ц нь Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа  2017 оны 10 сарын 29-ны өдөр Э.А-ын биед анх үзлэг хийж оношлохдоо цусны болон холбогдох шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 сарын 31-2017 оны 11 сарын 1-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.А нас барсан,

Мөн хүүхдийн эмч, жижүүр эмчээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 сарын 05-ны өглөө халуулсан байдалтай ирэхэд буруу онош тавьж, холбогдох шинжилгээ аваагүй, биеийг нь бүрэн үзэлгүй, /шархыг үзээгүй/ халуурсан шалтгааныг тодруулалгүйгээр буцаасан, байх ба нэн яаралтай үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлээгүй, орой 23 цаг 26 минутын орчим амь хохирогч дахин ирэхэд хэвтүүлсэн боловч хүнд хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, хүнд хүүхдийг хянах журмын дагуу хяналтыг дутуу хийсэн шарх бохирдсоны улмаас биеийн биеийн байдал хүндэрч байгааг анхаараагүй /үзлэг дутуу хийсэн/ буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 2 настай П нас барсан,

Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл согог заслын эмчээр /мэс заслын эмч/  ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 сарын 03-ны  өдөр амь хохирогч  П-г анх үзэж, шарханд цэвэрлэгээ, цэгцэлт хийж том хэмжээний урагдсан гүн шархыг оёдол тавьж, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламж үйлчилгээний хуулсанд тэмдэглэл хөтлөөгүй, цаашид шарханд нянгийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эмийн эмчилгээг /антибиотик эмчилгээ/ яаралтай тусламжийн хуудсанд бичээгүй, том хэмжээний бохирлогдсон шарханд өргөн хүрээний антибиотик эмчилгээ эхлэх, холбогдох шинжилгээнүүдийг хийлгэхийг зөвлөөгүй, давтан үзлэг хийгээгүй буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс  2 настай П /нохойд хазуулаад 30 орчим минутын дараа эрүүл мэндийн байгууллага, эмчийн тусламж үйлчилгээ авсан/ нас барсан байна.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогч 2 настай О.П нь нохойд хазуулж ил шарх бүхий гэмтэл авснаас хойш 30 минут орчмын дараа эрүүл мэндийн байгууллагад хандаж, шат шатны мэргэжлийн эмч нараас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан атлаа баруун гарын бугалганы булчин орчмын 7 см урт нохойд хазагдсан ил шарх бүхий хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд уг гэмтлийн грамм эерэг нянгаар халдварлагдан үржлээр хүндрэн олон эрхтний дутагдлаар нас барсан.

 

Уг гэмтлийг анх шарханд цэвэрлэгээ хийж оёсон эмч, халуураад очиход биеийг бүтэн үзээд харуулаад байгаа шалтгааныг тогтоогоод цаг алдалгүй шарханд нянгийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эмийн эмчилгээг дараагийн эмч эхлүүлж /антибиотик эмчилгээ/ яаралтай арга хэмжээ авсан бол амь нас нь хохирох эрсдэл үүсэхгүй байсан энэ талаар шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мөн мэдүүлдэг. /хэрэгт баримтаар нотлогддог/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас  хохирсон байх материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж , үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” буюу “эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх” шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд эрүүл  мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5  дахь заалтад “ эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.

 

Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгох бөгөөд энэ хуулиар  эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаж”  үүрэг хүлээсэн бөгөөд мөн эрүүл мэндийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 сарын 21-ны өдрийн А/29 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтын 1 дэх хэсгийн 1-3, 5-д мөн 2 дахь хэсгийн 3. 4-д заасныг,“Эмнэлгийн тусламж үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ц амь хохирогч Э.А, О.П нарт халуурч ирсэн хүүхдийг биеийн байдалд бүрэн дүгнэлт өгч үзээгүй, буруу оношлон шинжилгээ аваагүй, шархыг үзээгүй, халуурч байгаа шалтгааныг тогтоогоогүй буцаасан, хэвтүүлсэн боловч хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлэн хүнд хүүхдийг хянах журмын дагуу хянаагүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

шүүгдэгч  Г.Г амь хохирогч П-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч энэ үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар  яаралтай тусламжийн үйлчилгээний хуудсанд тэмдэглэл хөтлөөгүй, цаашид шарханд нянгийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор эмийн эмчилгээг /антибиотик эмчилгээ/ яаралтай тусламжийн хуудсанд бичээгүй, өөрөөр хэлбэл ийм том хэмжээний бохирлогдсон урагсан гүн шархны үед бактерийн эсрэг ал болох өргөн хүрээний антибиотик эмчилгээ эхлэх, холбогдох шинжилгээнүүдийг хийлгэхийг завдаагүй, давтан үзлэг хийгээгүйн  эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ц, Г.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч  шүүгдэгч Г.Ц, Г.Г нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан.” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас 2 сар 2 настай Э.А, 2 настай О.П нарын амь нас хохирсон бөгөөд амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Ц, Г.Г нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “ шүүгдэгч Г.Ц, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх “ тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат, “ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн цаг хугацаанд хамаарагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 10 сарын 29, 2019 оны 10 сарын 5, 2019 оны 10 сарын 3-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаа хүрээнд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчлагдсан байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ц, Г.Г нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1.Төв аймгийн  прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ю овогт  Ц-н Т, О овогт Ц-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Т, Ц.Б нарыг цагаатгасугай.

 

2. Ю овогт  Ц-н Т, О овогт Ц-н Б нарт авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

3.Шүүгдэгч С овогт Г-н Ц-г “Эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2 /хоёр/ хохирогч нас барсан” гэмт хэргийг,

шүүгдэгч  Р овогт Г-н Г-г “Эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” эрүүл мэндийн тусламж үзүүлэхгүйн улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Р овогт Г-н Г-н эмчлэх эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан С овогт Г-н Ц-н эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г, Г.Ц нарт урд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ