Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1127

 

 

 

 

 

 

 

 

                       

                                               

                                                    О.Т-т холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

Хууль ёсны төлөөлөгч Б.Есөнцагаан,

Хууль ёсны төлөөлөгч П.Баатарын өмгөөлөгч М.Намжилжав,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Батбилэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Батбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Тт холбогдох эрүүгийн 1819001260345 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

................ овгийн ................., 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэр үйлчилгээний менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эхнэр, охины хамт ................. дүүргийн .................. дугаар хороо, .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

О.Т нь согтуурсан үедээ, 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багын нутаг дэвсгэр, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч ................... эрүүл мэндэд хөнгөн хохирол, .................. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, .................... нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эд хөрөнгөд 13.275.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, ................ нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Тийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд 13.275.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, 3 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар О.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж, шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.Тийн №469868 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Төөс 13.275.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст, иргэний хариуцагч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 41.260.703 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бүрэнжаргалын хууль ёсны төлөөлөгч Б.Есөнцагаанд 18.273.445 төгрөгийг, хохирогч С.Шинжээгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амартүвшинд 12.637.508 төгрөгийг, хохирогч Д.Юмчинлхамын хууль ёсны төлөөлөгч П.Баатарт 10.349.750 төгрөгийг тус тус олгуулж, иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь тус байгууллагад учирсан хохирлоо, хохирогч С.Шинжээгийн хууль ёсны төлөөлөгч С.Амартүвшин нь цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Төөс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би байгууллагын даргын “машин жолоодож яв” гэсэн даалгавраар уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэж явсан этгээдэд хамааруулах ёсгүй байсныг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний биед тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүнд гэмтэл учирч, хөдөлмөрийн 80 хувийг алдаж группд орсон. Би эцэг, эхнэр, охины хамт амьдардаг. Аав маань тал харваж, бөөрний дутагдал гэх оноштойгоор байнгын хүний асаргаанд байдаг. Хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж ирсэн. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Т хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болон эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр төлөх байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг иргэний хариуцагчаар татсан нь хууль бус болсон. Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 44-87 УНК улсын дугаартай “Хьюндай Старекс- маркийн тээврийн хэрэгслийг О.Тт өгөөгүй ба түүнийг томилоогүй, харин Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагын заавраар уг тээврийн хэрэгслийг О.Т жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс гэм хорын хариуцлагыг хүлээх ёстой. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга уг арга хэмжээг зохион байгуулсан атлаа өнөөдөр хохирогч болоод өөрт нь тус болсон байгууллагыг хохироогоод байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйл “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” гэсэн заалт. Гэтэл шинжээч нарын дүгнэлтээр тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй гэдгийг нотолсон. Иймд шийтгэх тогтоолын иргэний хариуцагчтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү. ...” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Б.Есөнцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хууль ёсны төлөөлөгч П.Баатарын өмгөөлөгч М.Намжилжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч О.Т нь “тээврийн хэрэгслийн ашиглалтаас болоод хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн 80 хувийг алдаж группд орсон” гэсэн байна. Өөрийнх нь буруутай үйлдлээс болж зам тээврийн осол болсон. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө хохирол учруулсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “... бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээнд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн байдаг. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалт хууль ёсны үндэслэлтэй гарсан. Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Т жолоодож яваад өөрийн буруугаас тээврийн хэрэгслийн осол гаргасан. Ослын улмаас олон хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан учраас шүүгдэгч О.Төөс 13.275.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст төлөх үүргийг оногдуулж шийдвэрлэсэн нь зөв юм. Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс уг асуудал дээр маргаж байгаа бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй. Шүүгдэгч О.Тт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн хэлснээр уг зүйл нь 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ялтай. Гэтэл 3 хүний амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулчихаад миний ял хүнд байна гэж байгаа нь зохимжгүй байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай Хюндэй старикс /Hyundai Starex/ загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалтыг, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн, Л.Буянхүү, Ц.Лхагвасүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр, М.Отгонтуяа, С.Шинжээ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эд хөрөнгөд 13.275.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Б.Бүрэнжаргал, З.Төмөр, Д.Юмчинлхам нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх 5-13/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /1 хх 23-44/,

хохирогч М.Отгонтуяагийн “би машины урд талын жолоочийн хажуу суудалд сууж явсан. Бусад зорчигч нар арын зааланд суудалд сууж явсан. Хамрын хийд рүү эргэх тахир зам дээр явж байгаад машин гуйвах шиг болсон. Би жолоочоо дуудаж байснаа санаж байна. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна” /1 хх 61-63/,

хохирогч Ц.Лхагвасүрэнгийн “машин явж байгаад хоёр тийшээ хазайх шиг болсон. Нэг мэдэхэд газар дээш харан хэвтэж байсан” /1 хх 66/,

хохирогч Л.Буянхүүгийн “би осол болох үед машинд унтаад явж байсан. Нэг мэдэхэд зам тээврийн осол болсон, би газарт унасан байсан” /1 хх 70/,

иргэний нэхэмжлэгч С.Батбилэгийн “манай машиныг Дорноговь аймгийн Хамрын хийд чиглэлд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн жолооч нь унаж явсан” /1 хх 75/,

хохирогч С.Шинжээгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амартүвшиний “манай ээж Монгол ардын намын гишүүн байсан ба намаас ахмадуудаа хамрын хийд авч явна гээд 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө гэрээс гарсан” /2 хх 57/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4874, 6036, 6034, 6038, 6037, 6039 дугаартай дүгнэлтүүд /1 хх 151, 127, 313, 139, 134, 143/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний 2018 оны 02/029, 02/030, 02/031 дугаартай  шүүх эмнэлгийн дүгнэлтүүд /1 хх 121, 115, 112/,

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт, Тээврийн Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтүүд /1 хх 159, 2 хх 173/,

холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлсэн О.Тийн мэдүүлэг зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх ххуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх О.Тийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болон жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс осол гаргаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл, мөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Тийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 3 хүний амь насыг хохироосон, бусдын эд хөрөнгөд 13.275.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

          Шүүгдэгч О.Т “миний бие тээврийн хэрэгслийн ашиглалтаас болж хохирч хүнд гэмтэл авч, 80 хувийг хөдөлмөрийн чадвар алдалттай группт орсон. Аав маань тал харваж, бөөрний дутагдалтай байнгын асаргаанд байдаг. Би эцэг, эхнэр, охины хамт амьдардаг. Хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул ялыг хөнгөрүүлж өгөх”, түүний өмгөөлөгч Х.Даваахүү “анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдлыг нь болон хохирол төлбөр төлөх байдлуудыг харгалзан хорих ялыг багасгаж өгөх”, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч С.Батбилэг “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагын заавраар О.Т жолоодож яваад зам тээврийн осол гарсан тул иргэний хариуцагчтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг иргэний хариуцагчаар татаж өгөх” талаар тус тус давж заалдах гомдол гаргасан байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хорих ялыг багасган хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсний дагуу уг тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсноос гадна энэ талаарх хохирлоо жич нэхэмжлэх эрх нээлттэй байх тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Батбилэгийн давж заалдах гомдлыг мөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Батбилэгийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч С.Батбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ