Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0176

 

 

 

 

 

 

 

 

 

Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И

Хариуцагч ГИХГ

Нэхэмжлэлийн шаардлага: ГИХГ-ын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №05/006-*** дугаар дүгнэлт, ГИХГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ч.Ө

Орчуулагч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 128/2024/0123/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И нь ГИХГт холбогдуулж “ГИХГ-ын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №05/006-*** дугаар дүгнэлт, ГИХГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7-д заасныг баримтлан Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Игаас гаргасан “ГИХГ-ын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №05/006-*** дугаар дүгнэлт, ГИХГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

“...Шүүх улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж дүгнээд татгалзсан. Энэхүү шүүгчийн захирамж үндэслэлтэй байсан тул давж заалдах гомдол гаргалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/**** дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМЗ/*** дугаар магадлалаар шийдвэрлэгдсэн.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “...Гэвч эрх бүхий албан тушаалтнаас хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүйгээр, зөвхөн зөрчилд холбогдогчийн мэдүүлгээр хязгаарлаж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар И-г 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхээс И-г ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх хуудаст “2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Солонгос хоолны газарт ахлах тогоочоор ажиллаж байсныг фото зураг, видео бичлэг, гэрчээс авсан тайлбар зэргээр тогтоогдож байна” гэсэн боловч уг баримтууд хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдээгүй байна” гэж дүгнээд гомдлыг бүхэлд нь хангаж, Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан асуудлыг нь Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсний дараа “БНСУ-ыг иргэн И зөрчил гаргасан болох нь тогоочийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх “эрүүгийн журмаар хэрэг шийдвэрлэгдтэл захиргааны хэргийг түдгэлзүүлэх” тухай 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамж гаргасан бөгөөд үүгээрээ улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны урьдач нөхцөл болохыг зөвшөөрсөн байсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон асуудалд халдаж дүгнэлт хийх замаар зөрчлийг тогтоож “харьяаллын биш” асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна.

Хэрэв захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь шийтгэлийн хуудас хамааралгүй байсан юм бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлага байгаагүй. Тиймээс шүүх урьд өөрийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн нэхэмжлэгч гомдолтой байна. Зөрчил шалган шийдвэрлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн үйлдэлд, Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргах ажиллагаанд хяналт тавьж, харьяалан шийдвэрлэх учиртай.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэв.

ХЯНАВАЛ:

   1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Гадаадын иргэнийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №05/006-*** дугаар дүгнэлтээр[1] “...Бүгд найрамдах Солонгос улсын иргэн /И/ нь Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” *** дугаар тогтоолын 1-д зааснаар 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингисхаан олон улсын агаарын замын боомтоор визгүй зорчих нөхцөлөөр Монгол Улсад орж ирсэн. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн Б дүүрэг, ** дугаар хороо, *-р хороолол, Д гудамж, Т 1 давхарт байрлах Солонгос хоолны газарт ахлах тогоочоор ажиллаж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь фото зураг, видео бичлэг, гэрчээс авсан тайлбар зэргээр тогтоогдсон. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан...3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

          3. ГИХГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр “Монгол Улсаас албадан гаргах тухай” тушаалаар[2] “Монгол улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И нь /1982 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, М********* дугаарын паспорттай, визгүй зорчих нөхцөлийн дагуу орж ирсэн/-г 3 жилийн хугацаанд Монгол улсад дахин оруулахгүй байхаар тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор албадан гаргаж” шийдвэрлэсэн байна.

          4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс улсын байцаагчийн 00***** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон асуудалд халдаж дүгнэлт хийх замаар зөрчлийг тогтоож харьяаллын биш асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна” хэмээн маргасан.

          5. Зөрлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан”, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 8.1.6-д “Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших”, 37 дугаар зүйлийн 37.1.7-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж тус тус заасан.  

          6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ********* дүгээр “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор[3] иргэн О.Т-аас ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгаад Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй байх тул зөрчлийн хэрэг нээсэн байна.

          7. Зөрчилд холбогдсон гадаадын иргэний тухай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И-тай ярилцлага хийсэн тэмдэглэлээр[4] “...Би Монгол улсад 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ирсэн. Миний Монгол улсад ирсэн зорилго бол Т П сүши рестораны меню гаргаж өгөх, мөн сүшиний загвар гаргах, сүшиний ахлах тогоочоор ажиллахаар ирсэн. С-ий ахлах тогоочоор ажиллахаар 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэх эрх бүхий албан тушаалтантай ярилцлага хийжээ.

          8. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн L /И/ нь “Ж” ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б дүүрэг, ** дугаар хороо, * дүгээр хороолол, * давхар, Т-д тогоочоор ажиллахаар “Хөдөлмөрийн гэрээ”-г[5] байгуулж, И нь Амжилтын алхам сургалтын академид Тогоочоор суралцаж II дугаар зэрэг авч, 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 00**** дугаартай мэргэжлийн үнэмлэх[6] авсан байна.

          9. Улмаар ГИХГ-ын хяналтын улсын ахлах байцаагч нараас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05/47-*** дүгээр “Илтгэх хуудас”-аар[7] “...Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4.4.9 дэх заалтыг үндэслэн 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргах саналтай байна” гэжээ. 

          10. ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Р.З-оос Бүгд найрамдах Солонгос улсын иргэн L /И/ нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэх асуудлыг шалгаж,  2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 00***** дүгээр шийтгэлийн хуудсаар[8] Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан Бүгд найрамдах Солонгос улсын иргэн  /И/ нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн  /И/-г 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

          11. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/**** дугаар шийдвэрээр ГИХГ-ын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00***** дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМЗ/*** дүгээр магадлалаар эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас, анхан шатны шүүхийн шийтгэврийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

           12. Энэ талаар анхан шатны шүүх “...дээрх эрүүгийн зөрчлийн хэргийн шүүхийн шийтгэвэр, магадлал нь зөрчил шалган шийдвэрлэх процесс ажиллагаатай холбоотой асуудлаар дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотолж байгаа хэрэг биш” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          13. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолын хавсралт “Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4.4.10-т “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол 3 жил” гэж заасан.

          14. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И нь сүшиний ахлах тогоочоор ажиллахаар 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Ж” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “ГИХГ-ын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №05/006-*** дугаар дүгнэлт, ГИХГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй” болгох үндэслэл тогтоогдсонгүй.  

       Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 

                         ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

 ШҮҮГЧ                                              Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 216 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 215 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 16-17 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 28-30 хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 25 хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 48 хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 169 хуудас