Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/01782

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Өь ХХК-д холбогдох газар эзэмших эрхийг зөрчихгүйгээр шугам хоолойн ажлыг гүйцэтгэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З. нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: С ХХК нь Зайсангийн аманд 4.2 га газрыг хууль тогтоомжид заасны дагуу ашиглаж байна. 2018 оны 3-р сарын 16-ны өдөр Өргөн говь ХХК-иас 18/08 дугаартай албан бичиг ирж, ус зайлуулах шугам хоолой баригдах гэж байгаа талаар мэдэгдэл ирсэн. Барилгын төсөлтэй нь танилцахад тус шугам хоолойгоор зайлуулагдах ус нь нэлэнхүйдээ манай газрыг үер усанд автуулж болохоор нөхцөл байдал үүссэн байсан. Иймд Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.1-д зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйл, 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг. ӨХХК ус зайлуулах шугам хоолой барьснаараа манай эрх ашиг шууд зөрчигдөж байгаа тул бусдын эрхийг зөрчихгүйгээр шугам хоолойн ажил хийж гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2017 онд ХЗТ-Авто зам ХХК-ний зургаар Нийслэлийн замын хөгжлийн газраас даалгасны дагуу Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богдхан уулын арын авто замтай холбогдох 2.4 км замыг барьж гүйцэтгэсэн. Тухайн үед ус зайлуулах шугам хоолойн ажлыг газрын маргааны улмаас хийж гүйцэтгээгүй. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас энэ хоолойг хийж гүйцэтгэнэ гэвэл хийж гүйцэтгэнэ. Шаардлагагүй гэвэл ус зайлуулах хоолойн ажлыг хийж гүйцэтгэхгүй байх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь Ө ХХК-д холбогдох авто замын ус зайлуулах шугам хоолой барихдаа бусдын газар ашиглах эрхийг зөрчихгүйгээр хийж гүйцэтгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 тоот тушаалаар СХХК нь Хан-уул дүүргийн нутаг Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 4.2 га газрыг ашиглуулахаар олгож, 2014/28 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ /хх 148/ олгогджээ.

 

Ө ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан 2017 оны 7-р сарын 17-ны өдрийн НХАА-17/0069 тоот гэрээний дагуу Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богдхан уулын арын авто замтай холбогдох 2.4 км замыг барьж гүйцэтгэжээ. Гүйцэтгэгч энэ ажлыг гүйцэтгэхдээ ус зайлуулах шугам хоолойн ажлыг газрын маргааны улмаас хийж гүйцэтгээгүй гэх ба ус зайлуулах шугам хоолойн зураг төсөл нь СХХК-ний газар ашиглах эрхэд нөлөөлж, үер ус орох нөхцөл бүрдсэн гэж маргажээ.

 

Ө ХХК нь авто зам дагуу ус зайлуулах шугам хоолой бариагүй, С ХХК-ний эрх ашгийг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй боловч энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ бусдын газар ашиглах эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

 

Шинжээч Арвижих эстимейт ХХК-ний дүгнэлтээр Зайсан дахь хүүхдийн 441-р хорих анги, Америк сургуулийн хоорондох замын доогуур ПКО+234-д 1м * 1м хөндлөн огтлолтой борооны ус зайлуулах хоолой, ПКО+553-д 1м * 1м хөндлөн огтлолтой борооны ус зайлуулах хоолой барихад С ХХК-ийн ашиглах эрхтэй газарт ус орж улмаар газрыг ямар нэгэн зориулалтаар ашиглахад сөргөөр нөлөөлнө, ПКО+234-д ус зайлуулах хоолой хийгдсэнээр С ХХК-ийн ашиглах эрхтэй газарт баруун, урд талын хашааны өнцөгөөс 13-14 м-т хоолойгоор ус зайлуулаглаж ашиглах газраар урдаас хойш чиглэлтэй, ПКО+553-д ус зайлуулах хоолой гаргаснаар ашиглах газрын зүүн талын булангаар зүүн урдаас баруун хойш чиглэлтэй нэвтэрч гарах, мөн тогтох болно. Иймд С ХХК-ийн зүүн ба урт талын газрын усыг зайлуулах арга хэмжээг өөрөөр төлөвлөх шаардлагай гэсэн дүгнэлтийг /хх 122-139/ гаргажээ.

 

Шинжээч дүгнэлт гаргахдаа нөхцөл байдалтай танилцаж холбогдох зураг төсөлтэй танилцсан байх ба дүгнэлтийн талаар талууд маргаагүй, дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хамтран хариуцагчаар Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, ХЗТ-Автозам ХХК-ийг татан оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч энэ хүсэлтээсээ татгалзсан тул хүсэлт гаргаагүйд тооцож хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 135-р зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар Ө ХХК-д замын ус зайлуулах шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэхдээ С ХХК-ний газар ашиглах эрхийг зөрчихгүйгээр хийж гүйцэтгэхийг даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, Ө ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА