Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогч С.Т,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бовогт Л-н Б-д холбогдох эрүүгийн 1934007740242 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 1 дүгээр багийн нутагт 2017 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд иргэн С.Т-с маллуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн 38 тооны үхэр, 29 тооны бог малыг завшиж, бусдад 22.502.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 1 дүгээр багийн нутагт 2017 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд иргэн С.Т-с маллуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн 38 тооны үхэр, 29 тооны бог малыг завшиж, бусдад 22.502.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 1934007740242 дугаартай хэрэгт авагдсан

 

  Хохирогч С.Т-ын өгсөн: “2017 оны намар 09, 10 сарын үед 015 дугаар ангийн үхэрчин болох танил залуу Л.Б гэх хүн манай энд хямдхан үхэр байна та үхэр авах уу гээд залгасан юм. Тэгээд би зөвшөөрөөд эхлээд бэлнээр том хүү А-р 11 сая төгрөг өгч явуулсан. Л.Б таны мөнгөөр 33 үхэр авчихлаа гэсэн. Тэгээд Л.Б-тэй хамтарч үхрийн ферм байгуулахаар тохиролцсон юм. Тэгээд бүх малаа Л.Б-д, өгөхөөр болоод Төв аймгийн Алтанбулаг суманд байдаг найз М-с Л.Б-н хамт түүний эзэмшлийн машин дээр би өөрөө хамт байж байгаад 7 тооны үхэр хүлээлгэж өгч машин дээр ачиж явуулсан. 2-3 хоногийн дараа Л.Б мөн М-с миний 29 тооны бог мал очиж ачиж авч явсан. Л.Б гэртээ очоод 6 малаа авчихлаа бог үхэр хоёрыг нь нийлүүлээд яахав дан үхрээрээ ферм байгуулах юм чинь бог малаа үхрээр сольчих уу гэсэн юм. Тэгэхээр нь би тэг тэг гэсэн. 2, 3 хоногийн дараа над руу утсаар залгаад бог малаа 3 Үхэр болгочихлоо гэсэн. Тэгээд нийт 43 үхэр болсон юм. 2018 оны намар Л.Б 1 шар гүйгээд тогтохгүй байна гээд байхаар нь би өрөө идшинд хэрэглэсэн. Тэр үед таны үхэр өсөөд 50 гарч байгаа гэж хэлж байсан. Тэр үед Б Төв аймгийн Батсүмбэр суманд фермийн газар байна хамт очиж үзье гээд эхнэрийн хамт Б дээр очиж аван Батсүмбэр сум орж үзсэн. Тус фермийн газар нь 80 сая гэсэн үнэтэй байсан. Л.Б энэ өвөл үхэрт тэжээл авах 4 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 2 сая төгрөг дансаар шилжүүлэн өгч 2 саяыг нь байгаа үхрүүдээс нядлаад мөнгийг нь гаргаад авчих гэж хоорондоо тохиролцсон. Тэгээд 2019 оны 03 сард миний бие Өмнөд Судан улс руу НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд томилогдож үүрэг гүйцэтгэхээр явсан. 2019 оны 05 сард манай эхнэр О том хүү А нар үхэртээ тэмдэг тавихаар, мөн 10 үхэр нядалж эхнэрийн эмчилгээний зардалд хэрэглэхээр Л.Б-нд явж очсон. Тэгтэл танай үхэр 2017 оны өвөл зуднаар бүгд үхсэн нэг ч үхэр байхгүй гэсэн байсан. Тэгээд 2019 оны 10 сард энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Судан улсаас амралтаа аваад Монгол улсад ирсэн. Ирээд цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх талаар гомдол гаргасан. Тэгээд би 2019 оны 11 сард Өмнөд судан улс руу буцаад явсан би Монгол улсад байх боломжгүй болсон тул охин З-г хохирогчоор өөрийгөө төлөөлүүлж үлдээсэн. Одоо миний НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаа дуусаад Монгол улсад ирсэн тул өөрийн биеэр хохирогчоор оролцох хүсэлтэй байгаа юм. 2018 оны намар очиж идэшний нэг үхэр авахад талаар бэлчиж байсан үхрүүдийг тэр манай үхэр гэж зааж байсан. Би бол үхрүүдийг зүсэлж мэдэхгүй. Манай хүү А тухайн үед зүсэлж авсан юм. Би гомдолтой байна. Б-д өгсөн мөнгө болон малаа гаргуулж авах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Би том хүү Т.А-г тухайн үхэртээ тэмдэг тэмдэглэгээ тавь будаг авч очоод гэсэн тэгсэн манай хүү очоод Т.Б-тэй уулзсан чинь үхэр чинь бэлчээрт байгаа хураагаагүй байна дараа ирж тэмдэглээрэй гээд тэмдэг тэмдэглэгээ хийлгээгүй гэсэн юм. Тэгээд тэрнээс хойш 2019 оны 8 сард утсаар Т.Б-тэй яриад танай үхэр бүгд байхгүй шүү энэ өвлийн зуданд бүгд үхсэн шүү гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх 10-11, 22/,

Гэрч Т.З-ийн өгсөн: “Манай аав С.Т Зэвсэгт хүчний 015-р ангийн захирагчийн албан тушаалыг гүйцэтгэж байх хугацаанд 2017 онд аав надад хандан хэдүүлээ үхэр малтай болъя гээд манай малчин Т.Б хямдхан үхэр зарах хүн олсон гэнэ ээ 10.500.000 төгрөг олоод явуул 31 тооны үхэр худалдаж авч өгье гээд байна гэхээр нь би надад өөрт байсан 10.500.000 төгрөгийг аавд өгсөн.  Тэгээд аав ажилтай байна гээд ах Т.А-д малчин Т.Б-тэй утсаар холбоо барьж байгаад уулзаад үхрийг нь үзэж хараад мөнгө өгөөд явуулсан юм тэгээд ах А үхэр харуулж байна зүс үзүүлж эм тамгыг нь харуулсан үхэр байхгүй худалдаж авч байгаа үхрүүд гээд бэлчээрт байгаа олон тооны үхрийг харуулж байна гэсэн юм. Тэгээд тэрнээс хойш ах Т.А болон аав. Т малчин Т.Б-тэй уулзаж үхэр малдаа тэмдэг тэмдэглэгээ тавих гэсэн юм гэхээр нь үхрүүд бэлчээрт байгаа цуглуулахаар тэмдэг тэмдэглэгээ хийлгүүлье гээд булзааруулан үхэрт тэмдэг тэмдэглэгээ хийлгүүлэхгүй байсаар одоо болохоор Т.Б нь танай үхрүүд бүгд үхсэн үхрүүд чинь үсэн байхад надаас юу авдаг юм гээд байгаа юм тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Манай аав С.Т гэр бүлдээ малтай үхэртэй болмоор байна манай малчин Т.Б хямдхан 31 тооны үхэр 10.500.000 төгрөгөөр зарах хүн байна гээд байна гэхээр нь би нээрээ малтай болъё гээд аавд бэлнээр 10.500.000 төгрөг өгсөн юм харин аав С.Т том ах Т.А-д мөнгийг өгч явуулаад ах Т.Б-д мөнгийг бэлнээр өгсөн гэсэн юм. Аав С.Т ах Т.А нар Т.Б-нд очиж үхрийг харж үзмээр байна гэхээр танай үхрүүдийн тал нь энэ байна гээд үхрүүд зааж байсан гэсэн би бол худалдаж авсан үхрийг нүд үзэж харж байгаагүй. Манай нөхөр цэргийн ангид ажилдаг болохоор энхийг сахиулах ажиллагаанд яваад яваад авсан бэлэн 10.500.000 төгрөг бэлэн байсан юм ямар нэгэн банканд хийгээгүй юм. Т.Б аавын ажиллаж байсан цэргийн ангийн малчин байсан тэгээд би тухайн үед итгээд мөнгө өгсөн юм ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулсан зүйл байхгүй. Анх 2017 оны 10 сард 10 500 000 төгрөгөөр 31 тооны үхэр худалдаж авсан аавд Т.Б нь танай үхрээс 15 үхэр туглах гэж байгаа тэгээд төлийг нь бодоод 40 тооны үхэр бүгд үхэж үрэгдсэн гээд байгаа юм. Үхрийг хаана хэний нэр дээр оны сүүлчээр малын тооллогод тоолуулдаг байсан талаар мэдэхгүй байна. Т.Б нь үхэр маллаж байх хугацаанд үхэр үхэж үрэгдэж байгаа талаар надад олон аав С.Т, ах болон гэрийнхэнд мэдэгдэж байсан зүйл байхгүй.

  2018 оны 08 сарын үеэр манай аав Т луу залгаад өвс тэжээлийн мөнгө явуулах хэрэгтэй байна гэж хэлээд 2.000.000 төгрөг авсан бас дээрээс нь өвс тэжээлийн мөнгө явуул гэж явуулсан 2.000.000 төгрөг дээр нэмээд 2 тооны эр үхэр хийл ээ гэж хэлсэн байсан. Гэтэл 2019 оны 05 сарын үеэр үхэртэй тэмдэг  тавья гээд 2,3 удаа очиход үхэр чинь бэлчээрт явж байгаа үзүүлэхгүй, танай үхэр 50 тооны үхэр болсон гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь үхрээ авъя гээд хэлтэл танай үхэр 2017 оны 12 сарын зуднаар үхсэн гэж хэлсэн. Хэрвээ 2017 оны зуднаар үхсэн бол тухайн үед нь манайд хэлэх байсан. Бас Дээрээс нь хэрвээ манай үхэр 2017 оны 12 сарын зуднаар бүгд үхсэн байсан бол 2018 онд манай аав Т-с өвс тэжээлийн мөнгө гэж 2.000.000 төгрөг, 2 эр үхрийг чинь хийлээ гэж хэлэхгүй байсан. Тэгэхээр Б худлаа хэлж манайхаас 2.000.000 төгрөг залилж авсан, бас дээрээс нь 2 тооны эр үхрийг чинь хийж өвс тэжээлийн мөнгө хийлээ гэж худлаа хэлж залилсан. 2018 оны 11 сарын үеэр манай аав Т очоод Б-тэй уулзахад танай үхэр 50 тоотой болох гэж байгаа бас дээрээс нь 15 тооны үхэр тулгална гэж худлаа хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 13-14, 18/,

  Гэрч Т.А-н өгсөн: “2017 оны 09 сард аав Т манай малчин Т.Б хямд үхэр зарах хүн олсон байна гээд утсаар яриад байна хэдүүлээ үхэртэй малтай болмоор байна би дүү З-с мөнгө авсан гээд надад аав 10.500.000 төгрөг надад өгөөд Т.Б-тэй ........... гэсэн дугаартай утсаар залгаж байгаад Төв аймгийн, аймгийн төвөөс хойш манзушир явах замд ойролцоо очиж аавын өгсөн 10.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Төв аймгийн төвөөс хойш Т.Б-д аавын өгсөн 10.500.000 мянган төгрөгийг өгөхөд мотоциклтой танихгүй нэг залуу ирсэн Т.Б би энэ хүнээс үхэр авч байгаа юм гэсэн хажуугаар нь их олон үхэр бэлчээрт байсан Т.Б тэр үхрүүдийг заагаад энэ авч байгаа үхрүүд энэ үхрүүд байгаа юм гээд заагаад байсан Т.Б 29 үхэр 10.500.000 төгрөг гэж байна хоёр үхрийн мөнгө дутаад байна аав руугаа залгаад 2 үхрийн мөнгө 1.500.000 төгрөг шилжүүл гэж хэл гэсэн тэгээд аав шилжүүлсэн байх. Би тухайн үед Т.Б-д цуг туугаад гэр лүү чинь явах уу? Гэсэн чинь би өөрөө туугаад явчихъя гэсэн тэгээд би аавын малчин юм чинь гээд итгээд мөнгийг өгөөд орхиод явсан. Намайг очиж Т.Б-д мөнгө өгөх үед Төв аймгийн төвийн хойно Манзушир явах замын ойролцоо бэлчээрт олон үхэр байсан би аль үхрүүд юм гэсэн чинь энэ үхрүүд байгаа юм гээд бэлчээрт байсан үхрүүдийг заагаад байсан надад энэ гэж зүс зааж эм тамгатай үхэр үзүүлээгүй. Би Т.Б-д бэлнээр 10.500.000 төгрөг үхэр худалдаж авах мөнгийг өгөх үед би ганцаараа очсон юм. Үхэр зарж байгаа гэх танихгүй мотоциклтой хүн ирсэн юм. Би үхэр худалдаж авах 10.500.000 төгрөг Т.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Би Т.Б-нд очиж худалдаж авсан үхрийг хаана байна гэхэд Т.Б гэрийнхэн ойр хавиар байгаа үхрүүдийг заагаад танай үхрүүд энэ байна гээд заагаад байдаг байсан юм. Тэгээд би үхрүүдэд тэмдэг тэмдэглэгээ тавимаар байна гэхээр тал нь энд байна бусад үхрүүд нь Сэргэлэн суманд байгаа нэг бөөгнүүлэхээр тэмдэг тэмдэглэгээ хийлгэе гээд булзааруулаад тэмдэг тэмдэглэгээ хийлгэхгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч С.Э-н өгсөн: “Би Л-н Б гэдэг хүнийг танихгүй 2017 оны 10 сард Төв аймгийн төвд надаас үхэр худалдаж авахдаа нэг уулзаж харсан өөр уулзаагүй. Би Т гэдэг хүнийг танихгүй 2017 оны 10 сарын 20-р Төв аймгийн төвд үхэртэйгээ отор хийж очсон байж байгаад буцах гэтэл шүлхий гараад явах аргагүй болоод өвөлжүүлэх хэцүү боллоо гэхээр нь зар тавьсан чинь 2 залуу ирээд 11 нэгэн тугалтай үнээ 22 үхэр 3 бяруу 2 хязаалан, 4 шүдлэн нийт 31 тооны үхрийг 10 сая төгрөгөөр зарсан. Би үхэр зарсан мөнгөө бэлнээр авсан тэд нар цүнхэнд хийгээд ирсэн мөнгө өгсөн бид нарын хажууд өөр хүн байгаагүй 3 уулаа байсан. Би эхлээд манай суманд ган болоод хүүгийндээ Төв аймагт очсон юм тэгээд үхрээ тэнхрүүлж аваад явах гэтэл шүлхий гараад явж болохгүй болсон тэгээд хаашаа ч үгүй болохоор нь хүүд маань мөнгөний хэрэгтэй гэхээр нь үхрээ зарсан юм аа.

            Миний зарсан 31 тооны үхэр буруу талын чих голоороо цуулбар имтэй, зөв талын чих нь онь имтэй байсан. Тухайн 31 тооны үхэр дотроос 11 тооны тугалыг имнэсэн эсэх талаар сайн санахгүй байна. Миний зарсан 31 нь үхрээс 11 нь үнээ, 11 нь тусгалтай, 3 бяруу, 4 шүдлэн, 2 хязаалан үхэр нийт 31 тооны үхэр хүлээлгэн өгсөн. Тухайн 31 тооны үхрийг нийт 10.000.000 төгрөгөөр зарж байсан. Одоо бүгдийг нь сайн зүсэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 улаан үнээ, 2 хар үнээ, буган халиун үнээ, хар тарлан үнээ, мухар хар үнээ, хар халзан үнээ, хүрэн эр шүдлэн, улаан шүдлэн, мухар хар халзан шүдлэн, хүрэн шүдлэн байсан бусдыг нь сайн санахгүй байан. Би өөрийн зарсан 31 тооны үхрүүд дотроос 11 тооны үнээ, 3 бяруу, 4 шүдлэн, 2 хязаалан үхрээ харвал сайн танина. Тухайн үед өгсөн 11 тооны тугалыг бол сайн санахгүй байна. Тухайн үед Б бид 2 үхрийн наймаа хийхдээ өвөл надаа нэг идэшний үхэр өгөхөөр тохирсон байсан юм. Тэр идэшний үхрээ авах гэж 2017 оны 11 сарын 20-ны үеэр ирсэн. Намайг ирэхэд үхрүүд нь хашаандаа байж байсан. 2 тооны бярууг нь алдчихсан, аймгийн төвөөр гарахдаа хүн амьтанд захиад өгөөрэй гэж байсан. Б заримыг нь зарсан, зарим нь үхсэн байх гэж бодож байна. Бүгд арай ч үхэхээргүй байсан. 2020 оны 08 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Гошуурт рашаан гэх газар очиж үзсэн 24 тооны үхэр дотор миний Б-д зарсан 31 тооны үхрээс зүс таних үхэр байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 31, 33/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “Манай Сэргэлэн сумын цэргийн ангийн малчин залуу байгаа юм. Хамаатан төрөл садангийн холбоо байхгүй. Сэргэлэн сумын хэмжээнд цас их унасан, хүйтэн өвөл болсон. Манай өөрийн хэмжээнд бол мал бага үхэж үрэгдсэн. Манай сумын иргэн Б тухайн үед 30 тооны үхэр маллаж байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цэргийн ангийн 50 тооны үхэр малладаг байсан. Тухайн цэргийн ангийн үхрийг 2017 оноос хойш маллаж байгаад 2019 оны зун маллахаа больсон гэж сонсож байсан. Би үхэр мал зарж үрсэн талаар сайн мэдэхгүй байна. 2019 онд цэргийн ангийн малыг буцааж өгөхөд тухайн цэргийн ангийн үхрийн нас, зүс зөрөөд байсан гэж цэргийн ангийн залуу тэгж байсан. Б тухайн өвөл Төв аймгийн Сэргэлэн сумын, сумын төв дээр өвөлжсөн, хаана үхсэн үхрээ хаясан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 31/,

Гэрч Б.М-ийн өгсөн: “2017 оны 11 сарын үеэр С.Т нь өөрийн үхрийг нь маллаж байгаа гэх Б гэх залуутай портер машинтай ирээд улаан үнээ, улаан бяруу, улаан тугал, бор гунжин үнээ, шар цоохор үнээ, гар цоохор тугал, халзан хязаалан насны эр үхэр нийт 7 тооны үхэр ачаад аваад явсан. Т хэлэхдээ Б гэх энэ залууд 31 тооны үхэр авч өгч маллуулж байгаа малаа бүгдийг нь нэг дор байлга гээд авч байгаа юм гэж хэлсэн. Нөгөө 7 тооны үхрийг явуулчхаад удаагүй байтал 2, 3 хоногийн дараа Т-ын малчин Б гэх залуу тэвштэй машинтай ганцаараа ирээд Т-н нэрийн 8 ишиг, 9 бүдүүн ямаа, 12 хонь нийт 29 толгой мал ачаад явсан. Тэрнээс хойг Т-тай холбогдоогүй байж байгаад 2020 онд уулзахад үхрүүдээ бүгдийг залилуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 41-42/,

Шүүгдэгч Л.Б-ийн өгсөн: “Надад Т дарга хямдхан мал зарах хүн байвал мэдэж байгаарай гэсэн тэгээд Булган аймгаас иргэн гээд нэг малчин хямдхан үхэр зарна гээд зар тавьсан байсан тэгээд би Т даргад тухайн хүний утасны дугаарыг өгөөд тэгсэн Т даргын дүү нь тухайн хүнтэй холбоо бариад тэгээд намайг гэртээ байсан чинь тухайн үхэр зарсан хүн энэ үхрийг танайд хүргэж өг гэсэн гээд манайд хүргэж ирсэн юм. Тухайн үхрүүд том бага нийлсэн 31 тооны үхэр ирсэн юм. Үхэр зарсан хүнийг нь би танихгүй Булганых гэсэн утасны дугаар ....... байна.  Тухайн үхрүүд 2017 оны зуднаар бүгд үхсэн юм. Үхэр тухайн өвөл үхсэн талаар зураг авч баримтжуулсан зүйл байхгүй байна. Үхэр үхэж байна гэж хэлсэн тэгэхэд өөрсдөө ирж үзэж байгаагүй. Би үхрийг эм тамгаар нь хүлээлцээгүй. Манайх үхрээ Төв аймгийн Сэргэлэн суманд тоолуулж байсан. Тухайн Т даргын дүү болон хүүхдүүдийн үхэр малын тоонд орж тоолуулж байгаагүй.

Би одоо Сэргэлэн сумын төв эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2016 онд анх Т гэх хүн 3Х 015 дугаар ангид харуулын малчнаар ажилд авч байсан юм. Тухайн үед манай ангийн захирагч байж байгаад 2016 ондоо ховд аймаг руу шилжээд явсан. Дараа жил нь буюу 2017 онд Т дарга утсаар яриад малтай болмоор байна, үхэр зарах хүн мэдэж байгаарай гээд захиж байсан. Би фейсбүүк үзэж байхад үхэр зарна гэсэн зар байхаар залгаад үхэр хэд вэ? хаан байгаа талаар асууж мэдээд, Т даргад хэлсэн. Авна гээд 3 хоногийн дараа Т даргын А гэх хүүхэд нь ирээд бид хоёр хамт явж үзээд авахаар болоод, тэд нар хоорондоо мөнгөө өгч авсан. Худалдаж авсан хүнээр туулгаад Сэргэлэн сумын төвд байх манай өөрийн гэрт авч ирсэн. Тухайн үхээрүүдийг Булган аймгаас отроор нүүж ирсэн гэх хүнээс Төв аймгийн Зуунмод сумын төв Энхтайван гэх газраас авч байсан. Нийт том жижиг нийлсэн 31 тооны үхэр ирсэн. Мөн М гэх айлаас Т даргын хамт очиж миний портер машинтай очиж 7 тооны үхэр авсан, хэд хоногийн дараа иргэж очиж хонь ямаа нийлсэн 29 толгой мал авч ирж манай малд нийлүүлэн би маллаж байсан. Би 2017 онд Сэргэлэн сумын төвд өвөлжсөн цаг хатуу зудтай жил болсон учир хүний өөрийн нийлсэн бүх мал үхсэн. Тухайн жил сүүлд ирсэн 7 тооны үхрийн 1 тооны үнээний тугал нь солигдоод ирсэн байсан тул нөгөө үнээ нь бусдыгаа дагуулаад нутаг руугаа гүйгээд тогтохгүй байсан. Тухайн жил мал ихээр үхээд байсан би Т даргад хэлж байсан. Хүний өөрийн бүх мал үхэж дууслаа гэхэд ирж үзээгүй. Байсан бүх малаас нь 2 тооны үхэр үлдсэн улаан халзан эр үхэр, хар халзан зүсмийн гүнж үлдсэн. Үлдсэн 2 тооны үхрийнхээ эр үхрээ 2018 оны намар ирж хүүхэд, эхнэрийн хамт ирж хийгээд аваад явсан. Үлдсэн 1 тооны гүнжийг дараа нь бас өөрсдөө нядлаад аваад явсан. Би тухайн жил машинаа зараад хүмүүсээс өр зээл хийж өвс тэжээл авсан байсан тэр талаараа Т даргад энэ талаараа хэлсэн би зөндөө өрөнд орсон бүх мал чинь үхсэн гэж хэлэхэд, Т дарга тэр яах вэ зүгээр ах нь 2 сая төгрөг өгнөө гэж хэлж байсан. Тэрнээс хойш намар нь 2 сая төгрөг тэжээлийн мөнгө шилжүүлж байсан. Би тухайн үед тэгж хэлж байгаагүй. Бүх мал нь үхээд дууссаны дараа би Баянчандмань суманд нутаглаж байхад Т дарга эхнэрийн хамт ирээ, энд айлын үхрийн фермийг авъя гэж ирсэн, тэгэхдээ урд жил мал нь амьд байхад тэжээл зээлээр авч байсан болохоор мөнгө өгнө гэж байсан. Тэгээд одоо ахын дүү бүх юмыг тэгээс нь эхэл нээ, ах нь чамд өгөх 2 сая төгрөгөө өгнө гээл өгсөн би мал чинь амьд байгаа гэж хэлээд огт өвс тэжээлийн мөнгө авч байгаагүй. Би 2017 онд Сэргэлэн сумын төвд өвөлжсөн өөрийнхөө хашаанд. Дараа жил нь буюу 2018 онд Баянчандмань суманд хаваржаад, намар нь буцаж ирээд Сэргэлэн сумын 4 зөрлөг гэх газарт өвөлжсөн. 2019 онд Цэргийн анги малаа буцааж авсан болохоор сэргэлэн сумын төвд өөрийн хашаандаа ирж өвөлжсөн. Цэргийн анги болон Т-н мал тухайн миний нэр дээр тоологддог байсан. Миний нэр дээр малын А данс тоологддог, Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багт тоолуулдаг.

Би үхэр малыг нь үрэгдүүлж завшсан хохирол бүрэн барагдуулах гэж машин тэргээ өгөх гэхээр нь тухайн хүмүүс нь мөнгийг нь бэлнээр авна гээд авахгүй байгаа юм. Би хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /хх 26, 45, 90/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХКомпаний 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Монгол улсын иргэн Т.З-н өмчлөлийн 38 тооны үхэр, 29 тооны бог малын зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2017 оны 11-р сарын байдлаар 22.502.400 /хорин хоёр сая таван зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг болно” гэх тайлан, /хх- ийн 227-243-р тал/, шүүгдэгч Л.Б-ййн малын 2020 оны тооллого /хх 127-128/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг тусган хуульчилж, 1 дэх хэсэгт нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

            “Итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж” аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмлөгчид тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож завшсан байдлыг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Завших гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Нөгөөтээгүүр завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

 

Шүүгдэгч Д.Б нь иргэн С.Т-с маллуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн 38 тооны үхэр, 29 тооны бог малыг завшсан үйлдэл нь “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 10.000.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Л.Б нь 38 тооны үхэр, 29 тооны бог мал нийт 22.502.400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг завшиж бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас: шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тогтмол орлоготой талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, Төв аймаг, Өмнөговь аймаг, Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч С.Т нь үнэлгээгээр гарсан 22502400 төгрөгийн хохирлыг нэхэмжилдэг бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Л.Б-с гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Б-с 22502400 төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох  “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХКомпаний 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан 240000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул шүүгдэгч Л.Б-с 240000 төгрөгийг гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХКомпанид олгуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 1934007740242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Л-н Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-н Б-г 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-н Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Төв аймаг, Өмнөговь аймаг, Дундговь аймгийн  нутаг дэвсгэрээс явахаар тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-н Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-с 22502400 /хорин хоёр сая таван зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-т олгож, шүүгдэгч Л.Б-г 6 /зургаа/ сарын хугацаанд хохирогчид хохирлыг төлж барагдуулахыг даалгасугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-с 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХКомпанид олгосугай.

 

   8.Эрүүгийн 1934007740242 битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ