Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч В.Батдэлгэр,

насанд хүрээгүй шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Ө.Болормаа,

иргэний нэхэмжлэгч Б.Г,

иргэний хариуцагч С.А,

шүүгдэгч С.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал би Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б овогт А-н Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт С-н Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203002060296 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч А.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын зогсоолын нэг болон хоёрдугаар давхар салдаг хэсгийн замд эзэмшлийн .............. улсын дугаартай "Хонда Инсайт" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн ... дүрмийн 12.2-т заасан " Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хашлага мөргөн онхолдож зорчигч Г.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

шүүгдэгч С.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо ..... байрны гадна байсан эгч Ч.С-н эзэмшлийн ............ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Т: “Гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч С.Б: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Г: “Тээврийн цагдаагийн албаны хэсгийн цагдаагийн албаны хошууч надтай холбогдоод ийм машин осол гаргачихлаа танайх дээр ийм осол боллоо. Ийм хохирол байна.Тэгэхээр танайх энэ дээр хэмжилтээ хийж өгнө үү гэсэн. Тэгээд би 9-10 цагийн хооронд яг осол гаргасан машин ачигдаж байх үед очсон. Тэгээд очоод хэмжилт хийгээд нийт 15 ширхэг тууз хайчлаад эвдэрсэн зүйл дээр тооцоо гаргаж өгсөн байгаа. Манайх одоо энэ дээр 15 ширхэг тууз хайчилсны өртөг болон тоо хэмжээ, ажилчдын хөлсийг шингээсэн үнийн дүн өгсөн байгаа. Энэ зам олон улс, улсын чанартай авто зам юм. Энэ замын арчлалтыг манай компани бүрэн хариуцах гэрээ хийгээд ажилладаг. Осол гарсан үед өөрсдөө бас шинжээч дуудаад давхар үнэлгээ гаргачихдаг. Өглөө ирээд л мэдлээ л дээ баримт гаргаж өгөх байсан аа. Тууз хаачилахад ямар үнэтэй байдаг. Одоо байгаа үнэ өмнөх үнэ 2-ийн зөрүүг бас өөр бусад зүйлс дээр материал бүрдүүлж орж ирэх байсан байна. Одоо энэ зам маань өөрөө ингээд эвдэрхий байгаад байж болохгүй зам. Дахиж хэрвээ осол аваар тэр зам дээр гарах юм бол одоо хэн нь хариуцах уу болчхоод байна. Одоо энийг нэн даруй янзалъя гэхээр технологийн хугацаа нь өнгөрсөн. Технологийн хугацаа нь 5-6 сарын хооронд янзлах ёстой газар хэсгээр, тэгэхээр одоо тэр хэсэг янзлагдаагүй байгаа.” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

  Шүүгдэгч А-н Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын зогсоолын нэг болон хоёрдугаар давхар салдаг хэсгийн замд эзэмшлийн ................. улсын дугаартай "Хонда Инсайт" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн ... дүрмийн 12.2-т заасан " Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хашлага мөргөн онхолдож зорчигч Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

шүүгдэгч С.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо ..... байрны гадна байсан эгч Ч.Сэргэлэнгийн эзэмшлийн ................. улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2203002060296 дугаартай хэрэгт авагдсан:

Тээврийн цагдаагийн албанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн "Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл" хх-ийн 02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 04-10 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Э-н... Би Сүхбаатар дүүрийн ..... дүгээр хороо ........ тоотод оршин суудаг бөгөөд ........... ангид сурдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой манай ангийн Т над луу 22:00-23:00 цагийн үед байхаа уулзаж юм яриад Б-н гэрт нь хоноё гэж ярьсан ба дараа нь Б над луу залгаад манайд хононгоо кино үзээд юм ууя гэж хэлсэн. Тэгээд удалгүй Т, Б, Т гурав ирээд манай гэрийн гаднаас намайг аваад бид дөрөв такси бариад Б-н гэрт нь очсон. Б-н гэрт очиход 00:00 цаг өнгөрч байсан ба Б гэрээсээ гарч ирэхдээ 5 шил "Эсса" гэдэг пиво авч гарч ирсэн. Тэгээд манайд хонохоо больё би ааваасаа машиныг нь авчихсан гадуур явья гээд зогсоолд байсан .......... улсын дугаартай "Honda Insight" загварын автомашинд орж сууцгаагаад Т тэр машиныг нь асаагаад хөдөлсөн. Ингээд Б-н байрнаас хөдлөөд байрнууд дундуур сүлжиж яваад Удирдлагын академийн хажуугаар гараад Зайсангийн зам луу ороод Зайсан луу чиглэлтэй замаа дагаж явсаар байгаад Зайсан толгойн танктай хөшөөний дээр байдаг зогсоол дээр очиж зогсоод бүгдээрээ машинаас бууж сандал дээр суугаад авчирсан "Эсса" пивоо ууцгаасан. Тухайн үед би нэг шил пиво уусан. Энэ үед цаг 01:00 цаг болж байсан байх. Тэгээд бид нар машинтай гадуур явахаар тохиролцоод Т машин бариад би жолоочийн эсрэг талын ард суугаад хөдөлсөн. Ингээд тэндээс хөдлөөд зайсан Хиллийн хажуугийн замаар гараад Богд-Уулын замаар яваад шууд Яармаг луу орсон. Ингээд чигээрээ явсаар байгаад Нисэхийн тойргоор эргээд Төв аймгийн зам луу орж яваад шинэ нисэх буудлын хурдны замаар ороод явсан. Тэгээд явсаар байгаад шинэ нисэх буудал дээр ирээд пост дээр нь зогсоод Б надад мөнгө өгөөд би тэр постны хүнд нь мөнгөө хураалгаад цаашаа хөдлөөд 5-6 секунд орчим болоод Т над луу эргэж хараад андаа гэж хэлтэл би урагшаа хартал ногоон өнгийн хашлага тулаад ирэхээр нь би наад замаа хараач гэж орилоод ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг сэргэхэд машин онхолдчихсон Т Б-г татаж байхыг хараад дахиад ухаан алдчихсан бөгөөд дахин ухаан ороход Т намайг машинаас татаж гаргаж байсан. Ингээд удалгүй түргэн тусламж ирээд бид нарыг аваад явсан. Ийм л асуудал болсон юм. Тэр үед Т машин бариад хажуу талд нь Б суугаад арын суудал дээр зүүн талд би дунд нь Б баруун талд нь Т сууж явсан. Урд сууж явсан хоёр хамгаалах бүс зүүсэн. Хойно сууж байсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй. Би тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нь сайн санахгүй байна. Т машин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тэр үед Т өөрөө машин барьж чадна гээд машиныг жолоодоод явж байсан юм.  Тухайн үед гадаа харанхуй байсан бөгөөд осол болсон газар нь асфальтан хатуу хучилттай засмал замтай хажуугаараа Гэрэлтүүлгийн хувьд гэрэлтүүлэг бараг байгаагүй. Миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн үед миний эгэм хугараад нүүрэнд гэмтэл учирсан байсан. Одоо бол эдгээд гайгүй болж байгаа. Миний хувьд ямар нэгэн гомдол санал гээд байх зүйлгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг Т-д ашигтай байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ч.С-н өгсөн: “Би .......... тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр миний өмчлөл эзэмшилд байдаг ............ улсын дугаартай "Honda insight" загварын автомашиныг гэрийн гадаа байхад нь манай эгчийн охин болох Б нь надад мэдэгдэлгүй түлхүүрийг нь зөвшөөрөлгүй авч гараад өөрийн ангийн хүүхэд болох насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй Т гэх хүүхэд миний машиныг жолоодож яваад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудлын орчим онхолдож авто осол гаргаж миний эзэмшлийн машиныг маш ихээр гэмтээж эвдэн надад хохирол учруулсан юм. ......... улсын дугаартай "Honda insight" загварын автомашин нь миний өөрийн өмчлөл эзэмшилд байдаг. Би тухайн үед өөрөө унаж хэрэглэдэг байсан. Би уг машиныг цалингийн зээл авч худалдаж авсан юм. Би одоо ч цалингийн зээлээ бүрэн төлж дуусаагүй төлөөд явж байгаа. Тэр өдөр би гэртээ байгаагүй бөгөөд манай дүү С.Б надаас миний машиныг авч явах талаар зөвшөөрөл аваагүй. Гэрт манай найз залуу Д.М байсан ба түүнээс л түлхүүр аваад гарсан байсан. Яг юу гэж хэлж авсныг мэдэхгүй Буруутай этгээдээр машиндаа учирсан хохирлыг нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Миний зүгээс өөрийн дүү болох С.Б-д бол ямар нэгэн гомдол санал байхгүй.  Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өөрийн хүүхдийг хичээлд нь зөөх зорилгоор зах зээл дэх хамгийн хямд машиныг цалингийн зээл авч худалдан авсан ба Үүний төлбөрийг сар бүр төлөөд явж байна. Одоогоор санхүүгийн хувьд хүнд дарамтад байгаа тул өөрт учирсан хохирлыг машин жолоодож явсан хүнээр төлүүлэх хүсэлтэй байна. Би уг машины хохирол болох 8990000 төгрөг дээр нэмээд үнэлгээний төлбөр болох 575.00 төгрөг, машины ачилтын төлбөр болох 120.000 төгрөг, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулсны төлбөр 265.000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 43-44 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-н өгсөн: “Би Төв аймгийн "Авто зам засвар арчлалт" төрийн өмчит хувьцаат компанид ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд манай байгууллага Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байх "Чингис хаан" нисэх онгоцны буудал хүртэлх Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 32.3 километр тууш замын засвар арчлалт болон замын байгуулам гэх зэргээр тухайн замтай холбоотой бүхий л асуудлыг хариуцдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нэг болон хоёрдугаар давхарын салдаг хэсэгт "Honda insight" загварын автомашин онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн улмаас манай байгууллагын хариуцдаг замын туузан хашлага эвдэрч хохирол учирсан бөгөөд угн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Энэ ослын улмаас 15 ширхэг туузан хашлага эвдэрч дахин ашиглагдахгүй болсон бөгөөд нэг ширхэг хашлага нь 264.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг тул 3.960.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Уг эвдэрсэн замын байгууламжийг сэргээн засварлахад 5 ажилчин нэг өдөр ажиллана гэхээр тэдгээрийн цалин хөлс ороод нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн маань 4.247.896 төгрөг болж байгаа юм. Энэ мөнгөн дээр НӨАТ-ын үнэ 424.790 төгрөг нэмэгдэх ба буруутай хүн хохирлоо төлсөн тохиолдолд уг НӨАТ-ын мөнгийг манай байгууллагаас нэхэмжилж авах эрхтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-39/,

Гэрч А.Т-ийн өгсөн: “Би ............. тоотод оршин суудаг бөгөөд ............... сурдаг юм. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой ангийнхаа Б гэдэг охинтой яриад улаа болоод мөн ангийнхаа Б, Т нартай Баянмонгол хороололд уулзаад Замын цагдаагийн орчмоос Э-г аваад Удирдлагын академид Б-н гэрт нь очсон. Гэрт нь очиход Б-н аав нь ирсэн гээд гэрт нь орох боломжгүй болоод Б аавынхаа машины түлхүүрийг аваад гараад ирсэн. Б бари ирэхдээ 5 шил Эсса гэдэг пиво авч гарч ирээд бид нар түүний байрны гадаа зогсоолд тавьсан байсан гэрийнх нь ............ улсын дугаартай "Toyota Insight" загварын цэнхэр өнгийн автомашинд орж сууцгаагаад Т тэр машиныг нь асаагаад хөдөлсөн Ингээд Б-н байрнаас хөдлөөд байрнууд дундуур сүлжиж яваад Удирдлагын академийн хажуугаар гараад Зайсангийн зам луу ороод Зайсан луу чиглэлтэй замаа дагаж явсаар байгаад Зайсан толгойн танктай хөшөөний дээр байдаг зогсоол дээр очиж зогсоод бүгдээрээ машинаас бууж сандал дээр суугаад авчирсан "Эсса" пивоо ууцгаасан. Тухайн үед Т пиво уугаагүй. Энэ үед цаг 02:00 цаг болж байсан байх. Тэгээд бид нар машинтай гадуур явахаар тохиролцоод Т машин жолоодоод жолоочийн Б суугаад жолоочийн суудлын чанх ард би суугаад нөгөө талд Э суугаад дунд нь Б суугаад хөдөлсөн. Тэгээд тэндээс хөдлөөд зайсан Хиллийн хажуугийн замаар гараад Богд-Уулын замаар яваад шууд Яармаг луу орсон. Ингээд чигээрээ явсаар байгаад Нисэхийн тойргоор эргээд Төв аймгийн зам луу орж яваад шинэ нисэх буудлын тууш зам луу ороод явсан. Ингээд тууш замаараа явсаар байгаад шинэ нисэх буудал дээр ирээд пост дээр нь зогсоод Б мөнгө хураалгаад цаашаа онгоцны буудлын бүс лүү ороод явж байгаад гэнэт осол болсон. Би яг юу болсныг ойлгоогүй. Ямар ч байсан нэг нь Т андаа гээд хашхирч байсныг санаж байна. Нэг сэргэхэд би хав харанхуй утаатай орчинд байсан бөгөөд мөлхөөд машины зүүн талын арын хаалгаар гарч ирсэн. Ингээд тэнд байж байхад нэг ах ирээд цагдаа дуудсан ба удалгүй эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Тэр үед Т машин бариад жолоочийн хажуу талд Б суугаад арын суудал дээр зүүн талд би дунд нь Б баруун талд нь Э сууж явсан. Т машин жолоодож байсан болохоор хамгаалах бүс зүүсэн. Мөн урд сууж байсан Билгүүнтөгс хамгаалах бүс зүүсэн. Хойно сууж байсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй. Би тухайн осол болох үед машин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Т машин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тухайн үед гадаа харанхуй байсан бөгөөд осол болсон газар нь асфальтан хатуу хучилттай засмал замтай хажуугаараа ногоон хашлагатай Гэрэлтүүлгийн хувьд маш муу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд ангийн хүүхэд болох А.Т-д гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,

Насанд хүрээгүй гэрч О.Б: “Би ......... тоотод оршин суудаг бөгөөд ...........сурдаг юм. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой 23:00 цаг өнгөрч байх үед байхаа манай ангийн Т-с гадуур гарах уу? гэсэн чат ирээд би гэрээсээ гараад Т-тэй уулзаад замын цагдаагийн газар ороод Э, Т нартай уулзаад дөрвүүлээ такси бариад ангийнхаа Б гэдэг охинтой уулзахаар Удирдлагын академийн орчимд байх гэрт нь очсон. Гэрт нь очиход Б-н аав нь ирсэн гээд гэрт нь орох боломжгүй болоод Б аавынхаа машины түлхүүрийг аваад гараад ирсэн. Б гарч ирэхдээ 5 шил Эсса гэдэг пиво авч гарч ирээд бид нар түүний байрны гадаа зогсоолд тавьсан байсан гэрийнх нь ........... улсын дугаартай "Toyota Insight" загварын цэнхэр өнгийн автомашинд орж сууцгаагаад Т тэр машиныг нь асаагаад хөдөлсөн. Ингээд Б-н байрнаас хөдлөөд байрнууд дундуур сүлжиж яваад удирдлагын академийн хажуугаар гараад Зайсангийн зам луу ороод Зайсан луу чиглэлтэй замаа дагаж явсаар байгаад Зайсан толгойн танктай хөшөөний дээр байдаг зогсоол дээр очиж зогсоод бүгдээрээ машинаас бууж сандал дээр суугаад авчирсан "Эсса" пивоо ууцгаасан. Тухайн үед Т пиво уугаагүй. Энэ үед цаг 01:00-02:00 цаг болж байсан байх. Тэгээд бид нар машинтай гадуур явахаар тохиролцоод Т машин жолоодоод жолоочийн хажууд би суугаад жолоочийн суудлын чанх ард Т суугаад нөгөө талд Э суугаад дунд нь Б суугаад хөдөлсөн. Тэгээд тэндээс хөдлөөд Зайсангаас Богд-Уулын зам луу ороод тэр замаараа явсаар шууд Яармаг луу орсон. Ингээд чигээрээ явсаар байгаад Нисэхийн тойргоор эргээд Төв аймгийн зам луу орж яваад шинэ нисэх буудлын тууш зам луу ороод явсан. Ингээд тууш замаараа явсаар байгаад шинэ нисэх буудал дээр ирээд пост дээр нь зогсоод би 2000 төгрөг постны хүнд хураалгаад цаашаа онгоцны буудлын бүс лүү ороод явсан. Ингээд цаашаа 1 километр орчим л байх яваад замын гэрэлтүүлэг муу байсан болохоор гэнэт эргэлт таараад замын хашлага тулаад ирсэн. Ингээд шууд тэр замын хашлагыг мөргөөд замаас гарч онхолдсон. Ингээд би хэсэг ухаан алдсан байсан ба сэргэхэд машин дээшээ харчихсан би уруу харсан байдалтай байсан ба би хамгаалах бүсээ тайлаад жолооч талын хаалгаар гадагшаа гарсан. Тэр үед Э машинд ухаан алдчихсан байсан бөгөөд Т бид хоёр түүнийг машинаас хамжиж гаргаж авсан. Ингээд тэнд байж байхад нэг ах ирээд цагдаа дуудсан ба удалгүй эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Ингээд Т-г үлдээгээд бусдыг нь Төв аймгийн эмнэлэг лүү авч явсан. Ийм л асуудал болсон юм. Тэр үед Т машин бариад жолоочийн хажуу талд би суугаад арын суудал дээр зүүн талд Т дунд нь Б баруун талд нь Э сууж явсан. Т машин жолоодож байсан болохоор хамгаалах бүс зүүсэн. Мөн би урд сууж байсан болохоор хамгаалах бүс зүүсэн. Хойно сууж байсан хүмүүс хамгаалах бус хэрэглээгүй. Тухайн осол болох үед Т машин жолоодоод 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Би хажууд нь сууж явсан болохоор хурыг нь харж байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд ангийн хүүхэд болох А.Т-д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 74/,

Гэрч П.М-ын өгсөн: “Би Ч.С гэдэг эмэгтэйтэй дотно харьцаатай байдаг боловч яг гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэр бүл биш юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой би гадуур найз нартайгаа явж байгаад нэлээд согтуу найз эмэгтэй болох С-н гэрт нь ороод унтсан юм. Тухайн үед С гэртээ байгаагүй ба түүний эзэмшлийн .......... улсын дугаартай "Хонда Инсайт" маркийн машиныг нь би дуудлагын жолоочоор бариулж ирээд гэрийнх нь гадаа тавьсан байсан. Ингээд намайг унтаж байхад С-ийн дүү болох Б надаас машины түлхүүрээ өгөөч гэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуухад Б ямар нэгэн юм хэлээгүй. Ер нь Б маш дуу муутай хүнтэй юм яриад байдаггүй хүүхэд байгаа юм. Тэгэхээр нь би машины түлхүүр гаргаад өгчихсөн. Би бодохдоо найз залуу нь ирчхээд машинд сууж юм ярих гэж байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд ч миний машин биш эгчийнх нь машин болохоор надад түлхүүрийг нь өгөхгүй гэх эрх байгаагүй. Тухайн машин нь миний эзэмшил, өмчлөлийн машин биш юм. Тэгээд шөнө би унтаж байхад Б над луу залгаад машинаар явж байгаад юм мөргөчихлөө гэж хэлэхээр нь би бага зэргийн юм мөргөөд гупер энэ тэрийг нь гэмтээчихсэн юм байх гэж бодоод нойрондоо дийлдээд буцаад унтчихсан. Ингээд өглөө нь босоод цагдаагийн ажилтан залгаад ийм осол болсныг мэдсэн. Ийм л асуудал болсон юм. С.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Б надаас машин жолоодон, унаж явна гэж хэлж түлхүүр аваагүй. Би бодохдоо найз залуу нь ирчхээд дотор нь сууж юм ярих гэж байгаа юм байх гэж бодоод л түлхүүр өгсөн. Тэгээд ч тухайн машин миний эзэмшил өмчлөлийн машин биш эгчийнх нь машин болохоор түлхүүрийг нь өгөхгүй гэх боломж байгаагүй. Тухайн үед С бид хоёр маргалдаад С огт утсаа авахгүй байсан. Тийм болохоор Б нь С-тэй холбогдож машин авах талаар зөвшөөрөл авсан эсэхийг нь мэдэхгүй. Ер нь бол сүүлд нь бодоход Б намайг элэг бариад машины түлхүүр авсан байх гэж бодож байна.”

Иргэний хариуцагч С.А-н өгсөн: “А овогтой Т нь миний төрсөн хүү бөгөөд одоо ... настай, насанд хүрээгүй тул миний асаргаанд байдаг юм. Манай хүү 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хүний машин жолоодож яваад авто осол гаргаж дотор нь сууж явсан нэг хүүхэд нь хүндэвтэр гэмтэж хүний машин эвдэрч хэмхэрсэн байгаа. Тиймээс би өөрийн хүүгийн асран хамгаалагч төрсөн эхийн хувьд энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдож байгаагаа ойлгож мэдэж байгаа. Уг хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан насанд хүрээгүй хохирогч Г.Э болон түүний ар гэрийнхэн нь ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Харин автомашины эзэмшигч, өмчлөгчийн хувьд үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Автомашины нь хохирлын тухайд гэвэл машины эзэмшигчийн охин дүү нь өөрөө насанд хүрсэн байж байж хүний машиныг зөвшөөрөлгүй авч гарч ирээд манай насанд хүрээгүй жолоодох эрхгүй хүүхдэд машиныг бариулсан тул тэр охиныг ч бас буруутай гэж үзэж байна. Тийм учраас тодорхой хэмжээгээр шүүхийн шийдвэр гарсан үед даалгасан хохирол төлбөрийг телне гэж бодож байгаа. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд амьдралын боломж тааруу тул даалгасан хохирлыг аль болох чадах хэмжээгээрээ цувуулж байгаад төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

Шүүгдэгч С.Б-н өгсөн: “Би ...........тоотод эгч болон хүргэн ах мөн дүүгийн хамт оршин суудаг бөгөөд ............. сурдаг юм. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 11- ний орой 23:00 цагийн үед манай ангийн Т гэдэг хүүхэд миний хувь чатаар орой машинтай гарах уу? Сэтгэл санаа жаахан тиймэрхүү байна гэж бичсэн юм. Тэгээд би чатаар машин барьж чаддаг хүн байгаа юм уу? гэж асуухад Б, Т хоёр машин барьж чадна гэж хариу бичсэн. Ингээд тухайн үед манай эгч С гэртээ хонохгүй найзындаа хононо гээд байхгүй байсан болохоор би эгчийнхээ машины түлхүүрийг нь аваад хүргэн ах М-д машинаас юм аваад ирье гэж худлаа хэлээд гарсан. Тэгээд манай гэрийн гадаа манай ангийн Б, Т, Э, Т нар ирээд бид тав нийлээд манай гэрийн доор байдаг дэлгүүрээс 5 шил "Эсса" гэдэг нэртэй пиво аваад байрны гадаа зогсоолд тавьсан байсан манай эгчийн ............ улсын дугаартай "Toyota Insight" загварын автомашинд орж сууцгаагаад Т машин асаагаад хөдөлсөн. Тэгээд манай гэрийн гаднаас хөдлөөд байрнуудын дундуур яваад Зайсангийн зам луу ороод Зайсан луу чиглэлтэй замаа дагаж явсаар байгаад Зайсан толгойн танктай хөшөөний дээр байдаг зогсоол дээр очиж зогсоод бүгдээрээ машинаас бууж сандал дээр суугаад авсан "Эсса" пивоо ууцгаасан. Тухайн үед Т машин барина гээд пиво уугаагүй. Энэ үед цаг 01:00 цаг орчим болж байсан. Тэгээд бид нар машинтай гадуур явахаар тохиролцоод Т машин бариад жолоочийн хажуу талд Б суугаад арын суудлын голд би суугаад миний баруун гар талд Т суугаад зүүн талд Э суугаад хөдлөөд явсан. Ингээд тэндээс хөдлөөд Зайсан хиллийн хажуугийн замаар гараад Богд-Уулын замаар яваад шууд Яармаг луу орсон. Ингээд чигээрээ явсаар байгаад Нисэхийн тойргоор эргээд Төв аймгийн зам луу орж яваад шинэ нисэх буудлын хурдны замаар ороод явсан. Ингээд би ард сууж яваад хэсэг зүүрмэглэсэн байсан ба хальт сэрэхэд нисэх буудлын пост дээр Э 2000 төгрөг хураалгаад гарч байсан. Тэгээд би дахиад хэсэг унтчихсан байсан ба нэг мэдэхэд би түргэн тусламжийн фургон маягийн эмнэлгийн машин луу орж байсан. Би унтаж байсан болохоор хаана яг яаж осолд өртсөнийг мэдээгүй. Энэ үед хэдэн цаг болж байсныг ч мэдэхгүй байгаа ба Б, Э, Т бид дөрвийг эмнэлгийн машинд тээвэрлээд төв аймгийн эмнэлэгт аваачиж өгсөн. Эмнэлгийн зүгээс надад анальгин димедрол тариад мен толгойны зураг аваад эмчилгээ хийгээд бид нарыг тэнд эмнэлэгт гэгээ ортол хэсэг унтуулж амраасан. Ийм л асуудал болсон. Тэр үед Т машин бариад жолоочийн хажуу талд Б суугаад арын суудлын голд би суугаад миний баруун гар талд Т суугаад зүүн талд Э сууж явсан. Жолоо барьж байсан Т болон урд сууж байсан Б хоёр хамгаалах бүс зүүсэн. Хойно сууж байсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй. Манай эгчийн машины хурдны заалт нь хянах самбар дээрээ тоогоор асч харагддаг болохоор арын суудалд суусан хүмүүс ч харах боломжтой байдаг юм. Ер нь бол Т машин барьж явахдаа нэлээд хурдтай 80-100 километр цагийн хурдтай л яваад байсан.  Т машин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би Т-с машин барьж чадах уу? гэж асуухад чаддаг гэхээр нь л эгчийнхээ машиныг бариулчихсан юм. Тухайн үед гадаа харанхуй байсан бөгөөд осол болсон зам нь засмал замтай хажуугаараа ногоон хашлагатай зам байсан. Би машин жолоодоогүй байсан болохоор гэрэлтүүлэг ямар байсныг мэдэхгүй байна. Миний толгойн зүүн талаар хавдаж гэмтсэн байгаа.

Тэр осол болсон өдөр Ч.С эгчээс зөвшөөрөл авч машины түлхүүрийг нь аваагүй бөгөөд тэр өдөр угаасаа манай эгч найзындаа хононо гээд гэртээ байгаагүй. Би хүргэн ах болох М-с машины түлхүүр өгч байгаа ч гэж гуйтал хүргэн ах надад түлхүүрээ өгөхөөр нь аваад гарсан. Би эгч С-с машиныг нь унаж явна гэж гуйж зөвшөөрөл аваагүй. Би тэр үед зүгээр л ангийнхаа хүүхдүүдтэй машинд сууж байгаад юм ярьж байгаад буцаад гэртээ орно гэж бодож түлхүүрийг нь авсан юм. Машиныг нь унаж авч явна гэж бодоогүй. Би тэр үед Т-с машин барьж чадах уу гэж асуухад Т өөрөө л би машин барьж чадна гээд байсан болохоор машин бариулсан юм. Угаасаа тухайн өдөр бид нар дунд машин жолоодож чаддаг, жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн нэг ч байгаагүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48, 50-51, 147/,

Шүүгдэгч А.Т-н өгсөн: “Би ................. тоотод оршин суудаг бөгөөд .................... сурдаг юм. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой манай Т над луу 22:00-23:00 цагийн үед байхаа салхинд гарах уу? гэсэн чат бичээд тэгээд манай ангийн Э, Б, Т бид дөрөв уулзахаар болоод би гэрээсээ гараад төв замын цагдаагийн газрын урд бид дөрөв уулзаад удирдлагын академийн тэнд байдаг Б-н гэр лүү явцгаасан. Б-н гэрт очиход 00:00 цаг өнгөрч байсан ба Б гэрээсээ гарч ирэхдээ 5 шил "Эсса" гэдэг пиво авч гарч ирсэн. Бид нар явж байхдаа Б-тэй чат бичээд Б эгчийнхээ машины түлхүүрийг авч гарч ирнэ гээд тохиролцсон байсан Тэгээд Б-н гэрийн байрны гадаа зогсоолд тавьсан байсан эгчийнх нь ............. улсын дугаартай Toyota Insight" загварын автомашинд орж сууцгаагаад би тэр машиныг нь асаагаад хөдөлсөн. Ингээд Б-н байрнаас хөдлөөд байрнууд дундуур сүлжиж яваад удирдлагын академийн хажуугаар гараад Зайсангийн зам луу ороод Зайсан луу чиглэлтэй замаа дагаж явсаар байгаад Зайсан толгойн танктай хөшөөний дээр байдаг зогсоол дээр очиж зогсоод бүгдээрээ машинаас бууж сандал дээр суугаад авчирсан "Эсса" пивоо ууцгаасан. Тухайн үед би пиво уугаагүй. Энэ үед цаг 01:00 цаг өнгөрөөд 02:00 цаг болж байсан байх. Тэгээд бид нар машинтай гадуур явахаар тохиролцоод би машин бариад миний хажуу талд Б суугаад арын суудал дээр зүүн талд Т дунд нь Б баруун талд нь Э суугаад хөдөлсөн Ингээд тэндээс хөдлөөд Зайсан Хиллийн хажуугийн замаар гараад Богд уулын замаар яваад шууд Яармаг луу орсон. Ингээд чигээрээ явсаар байгаад Нисэхийн тойргоор эргээд Төв аймгийн зам луу орж яваад шинэ нисэх буудлын хурдны замаар ороод явсан. Тэгээд явсаар байгаад шинэ нисэх буудал дээр ирээд пост дээр нь зогсоод Б мөнгө хураалгаад цаашаа онгоцны буудлын бүс лүү ороод явж байгаад хальт арагшаа хараад Э-тэй юм яриад урагшаа хартал ногоон өнгийн замын хашлага тулаад ирчихсэн байсан ба би машинаа зогсоох ямар ч арга хэмжээ авч чадалгүй хашлага мөргөөд онхолдчихсон. Тэгээд би машинаас эхэлж гараад дараа нь Б гараад бид хоёр арын суудлаас үлдсэн Б Э хоёрыг гаргаад байж байтал нисэхийн ажилчин бололтой нэг ах ирээд цагдаа дуудаж өгсөн ба дараа нь түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд намайг үлдээгээд манай дөрвөн найзыг аваад эмнэлэг явсан. Ийм л асуудал болсон юм. Тэр үед би машин бариад миний хажуу талд Б суугаад арын суудал дээр зүүн талд Т дунд нь Б баруун талд нь Э сууж явсан. Би жолоо барьж байсан болохоор хамгаалах бүс зүүсэн. Мөн урд сууж байсан Б хамгаалах бүс зүүсэн. Хойно сууж байсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй. Би тухайн осол болох үед 50-70 километр цагийн хурдтай л явж байсан. Би машин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тэр үед надаас өөр машин жолоодож чаддаг хүн байхгүй байсан болохоор би машиныг жолоодоод явж байсан юм. Тухайн үед гадаа харанхуй байсан бөгөөд осол болсон газар нь асфальтан хатуу хучилттай засмал замтай хажуугаараа ногоон хашлагатай зам байсан.Гэрэлтүүлгийн хувьд маш суу замын гэрэлтүүлэг бараг байгаагүй. Би ойрын гэрэлтэй явж байсан бөгөөд миний урдаас машин гэрлээ гялбуулсан ямар нэгэн зүйл байхгүй.”

Тэр үед би машиныг аваагүй бөгөөд Б гарч ирэхдээ тухайн машиныг түлхүүрийг авч гарч ирээд манай аавын жолоочийн машин байгаа юм. Би аавд хэлээд түлхүүрийг нь авчихсан, машин барьж чаддаг хүн байна уу гэж асуугаад би машин барьж чадна гэж хэлэхэд надад түлхүүрээ өгөөд явъя гэсэн болохоор би машин барьж чадна гэж хэлээд надад түлхүүрээ өгөөд явъя гэсэн болохоор би машиныг нь бариад явсан юм. Би машин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тэр үед надаас өөр машин жолоодож чаддаг хүн байсан болохоор би машиныг жолоодоод явж байсан юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 66-67, 142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №5854 дугаартай “1.Г.Э-ийн биед баруун эгэм ясны зөрөөгүй далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хацарт цус хуралт, зүүн шанаа, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 95 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөг, цагдаагийн хошууч Б.Отгонбаярын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаартай “1.Honda insight ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн ... дүрмийн 12.2-т заасан " Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 123/,

“ВЕНДО” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний  №...........ДД№............. дугаартай Honda insight маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл учирсан хохирлыг 8.990.000 төгрөгөөр тооцсон үнэлгээний тайлан” /хх-ийн 152/ бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Т нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүгдэгч А.Т, С.Б нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч А.Т, С.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, хэргийн зүйчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно. 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Шүүгдэгч С.Б-н үйлдэл  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул  түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

  Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

Улсын яллагчаас: шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Нийслэлийн Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох,

Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Ө.Б-с: Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд зааснаар хоёр дахин багасгаж, ялын бүсийг Улаанбаатар хотоор тогтоох тухай саналыг тус тус гаргав.

 

  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих”,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх.” Шударга ёсны, хууль ёсны байх зарчмуудыг үндэслэн шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

  Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

  Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 07 сар 04 хоногтой болох нь нас тоолсон тэмдэглэл /хх 13/-р тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Т, С.Б нар нь Улаанбаатар хотод оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

  Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ч.С-н Honda insight маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 8990000 төгрөгийн хохирол, Төв “АЗЗА” ТӨХК-н хариуцсан замын байгууламжид хохирол тус тус учирсан бөгөөд,

Насанд хүрээгүй хохирогч Г.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч  нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх баримт хэрэгт авагдсан/хх-204 тал/ шүүхэд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна..

          Иргэний нэхэмжлэгч Ч.С-н эзэмшлийн Honda insight маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8990000 төгрөгийн хохирол /хх152/, үнэлгээний төлбөр 575000 төгрөг /хх 153, 157/, ачилтын төлбөр /хх 151/, түр саатуулах байранд байршуулсан төлбөр /хх 150/ төгрөг нийт 9995000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Г нь 4247896 төгрөгийг нэхэмжилдэг боловч энэхүү нэхэмжлэл шаардлага бичгийн баримтаар нотлогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол хор уршигтай холбоотой ямар нэгэн нотлох гаргаж өгөөгүй зэрэг үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, энэ хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн 2203002060296 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч А.Т, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт А-н Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч У овогт С-н Б-г Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         

            2.Насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт А-н Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

  шүүгдэгч У овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Шүүгдэгч А.Т, С.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, С.Б нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, С.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, С.Б нараас хувь тэнцүүлэн 9995000 /есөн сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.С-д олгосугай.

 

            8.Иргэний нэхэмжлэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас замын байгууламжид учирсан 4247896 /дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн 2203002060296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч А.Т, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

            10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ