| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | 176/2023/0036/Э |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Н.Мөнхнавч,
шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн Б овогт Д-н З т холбогдох эрүүгийн 2202005840451 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.З нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн ТК-236 дугаартай аяллын онгоцоор Бүгд Найрамдах Турк улсаас зорчин ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан’’ боомтоор Монгол Улсад орох хил нэвтрэхдээ өөрийнх нь гэрэл зургийг иргэн Цогзолын Оюунбилэгийн .... дугаартай энгийн гадаад паспортод хийсэн хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэв.
Шүүгдэгч Д.З нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн ТК-236 дугаартай аяллын онгоцоор Бүгд Найрамдах Турк улсаас зорчин ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан’’ боомтоор Монгол Улсад орох хил нэвтрэхдээ өөрийнх нь гэрэл зургийг иргэн Цогзолын Оюунбилэгийн .... дугаартай энгийн гадаад паспортод хийсэн хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:
Гадаад харилцааны яамны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/4785 дугаартай албан бичиг /1хх-ийн 4 тал/,
Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 16/1097 дугаартай албан бичиг /1хх-ийн 5 тал/,
Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 10/5272 дугаартай албан бичиг /1хх-ийн 6 тал/,
Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16/1051 дугаартай албан бичиг /1хх-ийн 7 тал/,
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 246/4183 дугаартай албан бичиг /1хх-ийн 8 тал/,
Тагнуулын Ерөнхий газар Мөрдөн шалгах газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16/1050 дугаартай албан бичиг /1хх-ийн 11 тал/,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/8107 дугаартай албан бичиг /1хх-ийн 12 тал/,
Тагнуулын Ерөнхий газар Мөрдөн шалгах газрын 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16/1151 дугаартай албан бичиг /1хх-ийн 43 тал/,
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 246/4438 дугаартай албан бичиг /1хх-ийн 44 тал/,
Тагнуулын Ерөнхий газар Мөрдөн шалгах газрын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 16/1161 дугаартай албан бичиг /1хх-ийн 45 тал/,
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 246/4474 дугаартай албан бичиг /1хх-ийн 46 тал/,
Тагнуулын Ерөнхий газар Мөрдөн шалгах газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16/1226 дугаартай албан бичиг /1хх-ийн 54 тал/,
Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/818 дугаартай албан бичиг /1хх-ийн 55 тал/,
Ц.Оюунбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 56 тал/,
Л.Уранчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 57 тал/,
С.Цогзолын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 58 тал/,
Тагнуулын Ерөнхий газар Мөрдөн шалгах газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16/1225 дугаартай албан бичиг /1хх-ийн 59 тал/,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/9362 дугаартай албан бичиг /1хх-ийн 60 тал/,
Тагнуулын Ерөнхий газар Мөрдөн шалгах газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16/1227 дугаартай албан бичиг /1хх-ийн 64 тал/,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 246/4911 дугаартай албан бичиг /1хх-ийн 65 тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2770 дугаартай шинжээч Г.Оюунболдын: “1. Шинжилгээнд ирүүлсэн .... сери дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх .... сери дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна. Харин гар аргаар засварласан, хуудас сольсон зэрэг шинж тэмдгүүд илрэхгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэх .... сери дугаартай үндэсний энгийн гадаад паспортын 32 дугаартай нүүрний доод хэсэгт “MONGOLIA, 07-DEC-2021, CHINGGIS KHAAN 599” гэсэн бичвэртэй ногоон өнгийн штампны дардас мэт зүйлийг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 69-71 тал/,
Гэрч Д.Сэржмядагийн өгсөн: “Миний төрсөн эгч Д.З нь айлын том болохоор аягүй ажилсаг, багаасаа хичээмтгий хүн байсан. Хөвсгөл аймагт арван жилээ төгсөх үед 3 дугаарт жагсаж, Их Засаг их сургуулийн Эрх зүйчийн анги авч байсан. Тэгээд төлбөрийн боломжгүй байсан тул 1 дүгээр курсээсээ гарсан. 2006 он хавьцаа миний төрсөн эгч Д.З нь одоогийн нөхөр болох Мягмаржавтай танилцаад хүүхэдтэй болоод 2010 онд Бүгд Найрамдах Турк улс руу явсан. Тэгээд миний эгч Д.З нь 2016 он бил үү 2017 онд Сүрьеэ өвчинтэй болоод буцан Монгол улсдаа ирэн эмчлүүлсэн. Тэгээд 2018 онд миний төрсөн эгч Д.З нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа явсан, том хүүхдээ эмээ өвөөд нь үлдээгээд явсан. Миний төрсөн эгч Д.З , түүний нөхөр Мягмаржав, хүүхэд нь 2022 оны 7 дугаар сард ирсэн. Миний төрсөн эгч Д.З нь давхар биетэй 2018 оны зун хавьцаа Монгол улсаас Бүгд Найрамдах Турк улс руу зорчсон. Тэгээд манай аав, ээж хойноос 2018 оны 12 дугаар сард очиж хүүхдийг нь харж өгсөн. Миний төрсөн эгч Д. З нь 2022 оны 7 дугаар сард Монгол улсад ирсэн. Миний төрсөн эгч Д.З нь өөр хүний гадаад паспорт худалдан авсан талаар огт яриагүй.
Би өөрийн төрсөн эгч болох Д.З т өөрийнхөө Монгол улсын хилээр орж гарснаа үнэн зөвөөр хэл гэж дамжуулъя” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 тал/,
Шүүгдэгч Д.З ийн өгсөн: “... 2007-2010 он хүртэл гэртээ хүүхдээ харж байгаад 2010 онд Бүгд Найрамдах Турк улс руу явсан. 2011 онд Монгол улсдаа буцан ирсэн. Сүрьеэ өвчний улмаас 2011 онд Дархан хотод эмчилгээнд 6 сар эмчлүүлсэн. Тэгж удаан эмчлүүлээд ч эмчлэгдээгүй. Нэг талын уушги маань үхжилттэй болчихсон байсан. Тухайн үед Монгол улсад эмчлэгдэх боломжгүй болсон. Тэгээд нөхөр Э.Мягмаржав Бүгд Найрамдах Турк улсад үлдсэн учир Турк-д эмч хайж эхэлсэн. 2011 онд Монгол улсад ирэхдээ Бүгд Найрамдах Турк улсын хил дээр өөрийн гадаад паспорт дээрээ хар даруулчихсан гэж бодож байсан. Тийм учир Монгол улсад эмчлүүлчхээд буцахдаа хуний гадаад паспортоор Монгол улсын хилээр гарсан, мөн Бүгд Найрамдах Турк улсын хилээр тухайн хүний гадаад паспортоор орсон болно. Бараг 10аад жилийн өмнө учир хэн гэдэг хүнээс яаж авч байснаа үнэхээр санахгүй байна. 2012 онд Бүгд Найрамдах Турк улсад очоод 2 жил уушгины эмчилгээ хийлгүүлсэн. Мөн 4 сар Туркийн эмнэлэгт хэвтсэн байдаг юм. 2014-2016 оны хооронд Бүгд Найрамдах Турк улсад оёдлын үйлдвэрт оёдолчин хийдэг байсан. 2016 онд буцан Монгол улсад ирэхдээ Бүгд Найрамдах Турк улсын хил дээр өөрийн гадаад паспорт дээрээ 5 жилийн хар даруулаад ирсэн. 2016 онд ирэхдээ жирэмсэн ирсэн. 2016-2018 онд Монгол улсад хүүхдээ гаргаад амьдарсан. 2018 онд Бүгд Найрамдах Турк улс руу өөрийн хүү болох М.Мөнххүслэнтэй явахаар шийдсэн. Тухайн үед би дахиад жирэмсэн болсон байсан. 2018 оны 5 дугаар сард Монгол улсын хилээр өөрийн гадаад паспортоор гараад Бүгд Найрамдах Турк улсын хилээр өөр хүний гадаад паспортоор нэвтэрсэн. Яагаад гэвэл хар даруулчихсан учраас. Тэгээд 4 жил гаруй ажиллаж байтал миний төрсөн аав болох Д.Даваадорж 2022 оны 6 дугаар сард өөд болсон. Тухайн үед миний нөхөр Э.Мягмаржав Бүгд Найрамдах Турк улсын цагдаа нарт хууль бусаар ажилласан гээд баригдаад 2 сар гаруй уулзаагүй бүх зүйл давхцаад надад хэцүү байсан. Тэгээд би 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүний гадаад паспорт худалдан авч нөхөр Э.Мягмаржав, хүү М.Мөнххүслэн, охин М.Гэрэлцэцэгийн хамт Монгол улсад ирсэн. Миний бие анхны удаа мэдүүлэг өгөхдөө сандарч айсандаа болоод худлаа хэлчихсэн. Одоо бүх үнэн зөвийг ярих болно. 2018 оны 5 дугаар сард Монгол улсаас Бүгд Найрамдах Турк улс руу зорчоод 2022 оны 7 дугаар 26-ны өдөр ирсэн нь үнэн болно. 2018-2022 оны хооронд Монгол улсад ирээгүй. Гэм буруугаа хүлээж байна. Миний бие 2010 онд Бүгд Найрамдах Турк улс руу явсан. Тэгээд сүрьеэ өвчин туссан тул 2011 онд Монгол улс руу буцан ирсэн. Тэгээд 1 жилийн хугацаатай Монгол улсад ирээд Дархан уул аймгийн Сүрьеэгийн тасагт 6 сар эмчлүүлсэн. 2012 оны хавар Өлзийжаргал байхаа тийм хүний гадаад паспортоор Монгол улсын хилээр гараад Бүгд Найрамдах Турк улсын хилээр нэвтрэн орсон. Би өмнөх мэдүүлэг дээр мөн давтан хэрэг хийчихсэн учир айсандаа өөрийн гадаад паспортоор гарсан гэж мэдүүлсэн. Тухайн Өлзийжаргал гэх хүний гадаад паспортыг хэдэн төгрөгөөр болон хэнээс авч байснаа үнэхээр санахгүй байна. Яагаад санахгүй байна вэ гэвэл хүнд эмчилгээнүүд хийлгүүлж байсан. Наркозод их орч байсан учир. Тэгээд 2016 онд Бүгд Найрамдах Турк улсад суух консулын газраас түр үнэмлэх аваад Монгол улсдаа буцан ирэхдээ Бүгд Найрамдах Турк улсын хил дээр 5 жилийн хар даруулсан. 2016 оны 6 дугаар сард намайг Монгол улсын хилээр орж ирж байхад хилийн байцаагч нар "Чи 2012 онд Монгол улсын хилээр гарсан юм бол яагаад бүртгэлгүй байдаг юм" гэж асууж байсан. Тэгээд нэг алба хаагч надаас мэдүүлэг авсан. Ямар алба хаагч мэдүүлэг авсныг үнэхээр санахгүй байна. Тэгээд миний хувийн байдлыг тодруулж юм асуугаад явуулсан. Би 2010, 2018, 2021 онуудад гадаад паспорт захиалж авч байсан. Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилээр өөрийн гадаад паспортоор гараад, Бүгд Найрамдах Турк улс руу хүний гадаад паспорт ашиглан нэвтэрсэн. 2018 онд миний бие фейсбүүкийн "Турк дахь Монголчуудын зар" гэх групп дээр "Бичиг баримтын асуудалтай хүнд тусална" гэх зарын коммент хэсэг дээр "Паспорт байна уу" гэж бичихэд "Ariunaa" гэх хүн над руу чатаар холбогдоод нэг утасны дугаар өгөөд "Ийм гадаад паспорт байна. Өөртэй чинь адилхан. Энэ гадаад паспортоор туркийн хилээр орж болно. Ийшээ залга" гэж хэлсэн. Тухайн үед 150 доллар аар паспорт өгнө гэж Ариунаа хэлж байсан. Ариунаагийн өгч байсан дугаарыг нь санахгүй байна. Тэгээд би тэр дугаар луу яриад "Ариунаа хэлсэн юмаа. Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Турк улс руу нисэх гэж байгаа юм" гэж хэлээд ярьсан өдрийн нөгөөдөр нь Улаанбаатар хотын Бөхийн өргөөний урд тухайн ярьсан хүнтэйгээ уулзахад тэр хүн "Чамтай адилхан байна уу? Энэ паспортыг жинхэнэ байна уу? Сайн шалгаад үз" гэж хэлээд тэр паспортыг тэр хун авч явсан. Явахдаа "Чамайг нисэх өдрийн чинь өглөө энэ паспортыг аваачиж өгнө" гэж хэлэхэд нь би 150 доллар бэлнээр өгсөн. Тухайн гадаад паспорт үзүүлдэг хүн өөрийн нүүрээ далдалсан, масктай саравчтай малгайтай өндөр залуу байсан. Би тухайн үед гадаад паспорт руу анхаарч байсан тул тэр хүн рүү ч тогтож хараагүй. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Буянт Ухаа нисэх буудлын шалган өнгөрсний дараа нэг том зааланд нэг махлагдуу эгч надад гадаад паспорт дамжуулан өгсөн. Тэр гадаад паспорт дамжуулж өгсөн хүнийг би танихгүй, махлагдуу эгчийг би онгоцонд хараагүй. Миний 2018 оны 5 дугаар сарын 10-ны өглөө хүлээн авсан гадаад паспорт нь надтай ойролцоо насны хүн байсан. Тэгээд Монгол улсын хилээр өөрийн гадаад паспортоор гараад Бүгд Найрамдах Турк улсын хилээр Туяа ч бил үү тийм хүний гадаад паспортоор нэвтэрсэн. Тэгээд намайг Бүгд Найрамдах Турк улсын онгоцны буудал дээр буухад нэг шар үстэй намхан туранхай монгол эмэгтэй ирээд "Паспортоо ег" гэж хэлээд миний худалдан авсан паспортыг аваад явсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах очоод оёдлын үйлдвэрт оёдолчин хийдэг байсан. Мөн 2019-2020 оны хооронд Турк улсад эсгүүр, дизайнерын ангид сурсан. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Э.Мягмаржав, хүү М.Мөнххүслэн, охин М.Гэрэлцэцэг нартай ирсэн. 2018 онд ирэхдээ авчирсан шинэ гадаад паспортоо алга болгочихсон учир 2021 онд Фейсбүүкийн "Турк дахь Монголчуудын зар" гэх групп дээрээс "Паспорт найдвартай гаргаж өгнө" гэх зарын дагуу холбогдоод гадаад паспорт захиалсан боловч би өөрөө хүлээн авч чадалгүй замаасаа алдсан. Тэр хүний фейсбүүк хаягийг санахгүй байна. Би иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг, 400 мянган төргөг зэргийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ валют арилжааны хүнээр явуулж байсан. Тэгээд манай ар гэрт асуудал үүсээд миний төрсөн аав Даваадорж харваад, миний нөхөр Мягмаржав Бүгд Найрамдах Турк улсын цагдаад баригдаад бүх зүйл давхцаад Монгол буцах зайлшгүй шаардлагатай болсон. 2022 оны 6 дугаар сарын эхээр Ариунаа руу дахин холбогдож "Яаралтай Монгол буцах хэрэгтэй боллоо. Гадаад паспорт олоод өгөөч" гэж хэлсэн. Тухайн үед Ариунаагийн Турк утасны дугаар луу нь ярьж асуусан. Ариунаа зохицуулаад өгий, паспортыг чинь олоод өгнө, харин 150 доллароо бэлд гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сар хавьцаа Ариунаа над руу залгаад гадаад паспорт олдчихлоо билетийг чинь цуг захиалаад өгий гээд буцах билет захиалж өгсөн. Би Ариунаад мөнгийг нь явахаасаа 10 бил үү 14 хоногийн өмнө ажлын хажуу талын цайны газар нэг хүнд өгч явуулсан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр онгоцны буудал дээр дунд нуруутай туранхай, богино үстэй эмэгтэй надад гадаад паспорт авчирч өгсөн. Би худалдан авсан гадаад паспортоороо Бүгд Найрамдах Турк улсын хилээр гараад Монгол улсын хилээр тухайн гадаад паспортоор нэвтэрсэн нь үнэн болно. Намайг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингисхаан онгоцны буудал дээр буухад цагаан царайтай, махлагдуу, 30 гаруй насны залуу ирээд "Сайн явж ирсэн үү орж ирсэн паспортоо өгчих" гээд аваад явсан. Би хэн гэдэг хүний гадаад паспортоор Бүгд Найрамдах Турк улсын гараад Монгол улсын хилээр орсон талаар одоо үнэхээр санахгүй байна. Бусдаар бол би үлдсэн зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн. Ариунааг яг үнэндээ амьдаар нь харч байгаагүй. Хүмүүсийн дам яриагаар Турк хүнтэй суусан тарган эмэгтэй байдаг гэсэн. Монголчууд байдаг дүүргээс нэлээн зайдуу амьдардаг гэж сонссон. Ариунаа гэдэг нь жинхэнэ нэр нь гэдэгт эргэлзэж байна. Одоо би ямар ч холбоогүй. Паспорт авах гээд л хоёр удаа холбогдож байсан. Миний бие 2018 онд Монгол улсаас Бүгд Найрамдах Турк улс руу зорчоод 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ирсэн. Дундуур нь ирээгүй. Мөн гадаад паспорт худалдан авч хүний гадаад паспортоор орж ирсэн нь үнэн болно. 2022 оны 6 дугаар сард нөхөр маань Турк-д цагдаад баригдаад, аав минь өөд болчихсон учир сэтгэл санааны хямралд орч аргагүйн эрхэн ийм арга хэрэглэчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-92, 94-96 тал/,
Гэрч Ш.Нарантуулын өгсөн: “Миний бие өөрийн хүү болох А.Цэнд-Очрын 5315256542 дугаартай дансыг 2017 оноос эхлэн одоог хүртэл ашиглаж байна. 2022 оны 5 дугаар сард миний төрсөн дүү болох Ш.Болдхуяг надтай мессенжерээр холбогдоод "Нэг хүний гадаад паспорт гаргах гэж байгаа юм, өвчин зовлонтой хүн байгаа юм, тус болох гэсэн юм". Ta дансаа өгөөч таны данс руу 300,000 төгрөг хийнэ. Наад мөнгийг чинь эрэгтэй, эмэгтэй 2 хун очиж авна шүү. Очоод авахад нь та бэлнээр гаргаад өгөөрэй. Тэгээд хэд хоногийн дараа тан дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн паспорт аваачиж өгнө, гэж хэлсэн. Тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэй 2 хүн миний ажил болох Баялаг-Ундраа төвийн 39 номер дээр ирээд 290,000 төгрөг бэлнээр ирээд аваад явсан. Тухайн 290,000 төгрөгийг тэр 2 хүнд өгснөөс хойш 10-аад хоногийн дараа тэр 2 хүн ирээд "Оюунбилэг" гэх нэртэй гадаад паспортыг надад авчирч өгсөн. Миний төрсөн дүү болох Ш. Болдхуяг нь дандаа гадаадад амьдардаг хүн байгаа юм. Монголд нээх их тогтож байдаггүй хүн. Ш.Болдхуяг нь 2022 оны 4 дүгээр сар юм уу 5 дугаар сарын үеэр Бүгд Найрамдах Турк улс руу явсан. 2022 оны 5 дугаар сараас миний төрсөн дүү болох Ш.Болдхуяг миний "Tuul Sarnai" гэх фейсбүүк хаягийг ашиглаж хүмүүстэй холбогдож тэгээд дараа нь Монголд мөнгө хүлээн авах гадаад паспорт хүлээлгэн өгөхийг надаас гуйсан. Яг үнэндээ надад Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт таньдаг хүн байхгүй. Би 2022 оны 5 дугаар сард Оюунбилэг гэх хүний гадаад паспорт, 2022 оны 7 дугаар сард нэг хүний гадаад паспорт /нэрийг нь санахгүй байна/, 2022 оны 9 дүгээр сард Нандинхишиг гэх жаахан охины гадаад паспортыг хүлээлгэн өгсөн. Гэхдээ Ш.Болдхуяг энэхүү хүмүүсийг олж холбогдоод миний ашигладаг хаан банкны 5315256542 тоот дансанд мөнгө явуулахаар нь Би нөгөө эрэгтэй эмэгтэй 2-т мөнгийг нь өгөөд 10-аад хоногийн дараа авчирдаг. Хүлээн авсан гадаад паспортыг би тухайн хүмүүст өгдөг юм. Баялаг-Ундраа, Нарантуул хавиар тэрхүү эрэгтэй эмэгтэй 2 нь Турк бараа зардаг юм. Хэд хэдэн удаа үнэртэй ус, бэлэн хувцас зарж байсан. Тэрнээс бол тэр 2 хүнийг танихгүй. Би өөрийн дүү Ш.Болдхуягийн гуйлтаар л ийм зүйл хийдэг болохоос ямар нэгэн ашиг авдаггүй. Би зүгээр гадаад паспорт зуучилж, дамжуулсан болохоос нарийн ширийн юм мэдэхгүй.
Надад нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100 тал/,
Гэрч А.Цэнд-Очрын өгсөн: “Миний бие 2017 бил үү 2018 оны оны үед өөрийн ээж болох Ш.Нарантуулд тус болох зорилгоор Хаан банкнаас өөрийн Цэнд-Очир нэр дээр карт захиалаад авч өгч байсан юм. Яагаад гэвэл миний ээж болох Ш. Нарантуул нь 2008 юм yy 2009 оны үед цалингийн зээл аваад телж чадахгүй байдалд хүрээд Хаан банканд данс нээж, пос машин авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Яагаад Хаан банк бэ гэвэл миний ээж болох Ш.Нарантуул нь Баялаг-Ундраа худалдааны төвд халуун ногоо кимчи зэргийг зардаг учраас хаан банкны данс хэрэгтэй болсон. Би Хаан банкнаас 2017 юм уу 2018 оны үед өөрийн нэр дээр авсан картаа нэг ч удаа ашиглаж байгаагүй. Энэ 2017 юм уу 2018 онд захиалсан картыг миний ээж болох Ш.Нарантуул одоог хүртэл ашиглаж байгаа болно. Надад энэнээс өөр хаан банкны данс болон карт байхгүй. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 290.000 мянган төгрөг хүлээн авсныг миний ээж болох Ш.Нарантуул авсан. Би өөрийн хаан банкны дансанд интернэт банкаар ч ордоггүй тийм учраас мэдэхгүй байна. Миний ээж болох Ш.Нарантуул нь 57 настай. Одоогоор миний ээж Ш.Нарантуул нь миний аав Б.Амарбаясгалан, миний төрсөн дүү А.Пүрэв, түүний эхнэр Б.Хулан, охин П.Танхилуун. П.Анхилуун нартай Улаанхуаранд байр түрээсэлж амьдардаг. Миний ээж болох Ш.Нарантуул нь намайг ой орсон үеэс л Говь-Алтай аймгийн Жаргалан, Есөнбулаг суманд халамжид ажилладаг байсан. Тэгээд 2014 он хавьцаа Улаанбаатар хотод миний ээж Нарантуул ирсэн. 2014-2018 оны хооронд ээж маань хувиараа дэлгүүр ажиллуулдаг байсан. 2016-2017 онд эмийн санд нягтлан бодогч, ямар нэртэй эмийн сан гэдгийг мэдэхгүй байна. 2018 оноос Баялаг-Ундраа худалдааны төвд ногооны лангуу ажиллуулж эхэлсэн ба одоог хүртэл ажиллуулж байна. Би өөрөө Баянгол дүүргийн 12 дугаар хороонд зохион байгуулагч хийдэг тул Улсын бүртгэгч танина. Нэг өрөөнд суудаг. Түүний нэрийг Л.Отгонжаргал гэдэг. Миний Хаан банкны энэ дансны карт миний ээж болох Ш.Нарантуулд байгаа. 2017 бил үү 2018 онд Бичил хорооллын хаан банкны салбараас авч ээжид өгөөд тэрнээс хойш би авч байгаагүй. Карт захиалж байхдаа ээжийн 90н хэдтэй билээ дээ /дугаарыг нь санахгүй байна/ дугаарыг нь интернэт банктай нь холбож өгч байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-104 тал/,
Гэрч Р.Батзаяагийн өгсөн: “...Миний бие 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болон 19-ний өдөр тэмцээнд оролцож буй тамирчид болон иргэний нийт 44 гадаад паспортын бүртгэл хөтөлсөн. Би бүртгэл хөтлөхдөө Оюунбилэг гэх хүний 2012 онд авсан гадаад паспортын зурагтай харьцуулж хараад нэг хүн мөн гэж бодоод бүртгэл хийсэн. Ц. Оюунбилэг өөрийн биеэр байгаагүй. Манай хэлтсийн дарга болох Түвдэний Нэргүй 2022 оны 5 дугаар сарын 19-ний өглөө надад Ц.Оюунбилэг гэх хүний үйлчилгээний хураамж төлсөн баримт, 4 хувь цээж зургийн хамт надад өгөөд энэ бүртгэлийг яаралтай хийгээдэх" гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу регистрийн дугаарыг нь мэдээллийн санд хийж үзээд 2012 онд авч байсан гадаад паспортынх нь зургийг харьцуулж хараад, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан эсэхийг хартал дуусаагүй байсан. Тэгээд би Монгол улсын үндсэн мэдээллийн санд Оюунбилэгийг бүртгээд баталгаажуулахаар ахлах бүртгэгч болох Ганболдын Оюунбилэгт өгсөн. Ахлах бүртгэгч болох Ганболдын Оюунбилэг баталгаажуулаад буцаан надад өгсөн болно. Би Ахлах бүртгэгч Ганболдын Оюунбилэгээс баталгаажуулсан гадаад паспортын ягаан хуудсыг буцаан авчхаад жагсаалт үйлдээд бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ц.Оюунбилэг нь өөрийн биеэр ирээгүй. Үйлчилгээний хураамж төлсөн баримт, Оюунбилэгийн цээж зургийг манай хэлтсийн дарга болох Т.Нэргүй надад өгсөн. Манай хэлтсийн дарга Т.Нэргүй надад "Энэ бүртгэлийг хийгээдэх гээд" Ц.Оюунбилэгийн үйлчилгээний хураамж төлсөн баримт, цээж зургийг өгсөн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Би 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ц. Оюунбилэгийн гарын үсгийг хэн зурсан талаар санахгүй байна. Надад хэлтсийн дарга Т.Нэргүй Ц.Оюунбилэгийн хэвлэсэн байдлаар 4 хувь цээж зураг өгсөн. Монгол улсын энгийн гадаад паспорт авахад 32.500 төгрөг үйлчилгээний хураамжид төлдөг. Хураамжийг Голомт банкны дансанд төлдөг юм. /Тухайн дансыг санахгүй байна/. Ц.Оюунбилэгийн үйлчилгээний хураамжийг хэлтсийн дарга Т.Нэргүй төлсөн. Хэлтсийн дарга Т.Нэргүй хаана хэрхэн төлсөн талаар санахгүй байна. Надад хэлтсийн дарга Т.Нэргүй баталгаажсан итгэмжлэл өгөөгүй. Манай ахлах бүртгэгч Цогзолын Оюунбилэгийг өөрийн биеэр байсан үгүйг нь мэдээгүй. Ц.Оюунбилэгийн 2012 онд авсан гадаад паспорттай нь харьцуулаад мөн гэж бодоод баталгаажуулсан байх гэж бодож байна. Ахлах бүртгэгч нь төрөлт, гэрлэлт, гэрлэлт дуусгавар болголт, овог нэр өөрчлөлт, нас баралт, үрчлэлт, эцэг тогтоолт, гадаад паспортод хийсэн бүртгэлийг баталгаажуулдаг юм. Монгол улсын иргэн нь өөрийн биеэр Улсын бүртгэлийн газарт ирнэ. Тухайн хүнийг регистрээр нь шүүж үзээд хэрвээ тэр хүн мөн байвал өмнөх гадаад паспортыг хүчингүй болгоод бүртгэл хөтлөхдөө хурууны хээг нь уншуулаад бүртгэж авна. Би "Монгол улсын энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын дагуу ажиллаагүй. Иргэн өөрийн биеэр ирээгүй учраас бусад материалыг шалгах боломжгүй. Хэлтсийн дарга Т.Нэргүйн гуйлтаас болоод Монгол улсын энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг мөрдөж ажиллаж чадаагүй. Би "Монгол улсын энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Би хэлтсийн дарга болох Т.Нэргүйн гуйлтыг биелүүлэхдээ ямар нэгэн шан харамж огт авч байгаагүй. Би Болдхуяг гэх хүнийг танихгүй. 2022 оны 2 дугаар сард манай хэлтсийн улсын байцаагч Баттөмөрийн Мэндсайхан эхнэр, нөхөр 2-н гадаад паспортыг гаргаж өгөөч гэж гуйгаад гаргуулж байсан. Ямар нэгэн итгэмжлэл байгаагүй. Манай хэлтсийн дарга Т.Нэргүйн гуйлтаар 2022 оны 5 дугаар сард Ц. Оюунбилэг гэх эмэгтэйн, 2022 оны намар н.Нандинхишиг охин хүүхдийнхийг гаргаж өгч байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-111 тал/,
Гэрч Т.Нэргүйн өгсөн: “Миний бие 1966 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймагт Түвдэнгийн 6 дахь охин болж төрсөн. Эхээс 7-лаа. 1973-1983 онд Говь-Алтай-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн, 1983-1989 онд Улаанбаатар хотод Орос хэлний багшийн сургуулийг дүүргэсэн. 1989-1993 онд Говь-Алтай аймгийн Сургалт үйлдвэрлэлийн төвд багшилсан, 1993-1998 онд Багануур дүүргийн 95 дугаар сургуульд багш, 1998-2000 онд Боловсрол цогцолбор сургуульд багш, 2001-2005 онд Багануур дүүргийн Монгол ардын хувьсгалт намын дэд дарга, 2005- 2009 онд хувиараа бизнес /сүлжээний/, 2009 оноос одоог хүртэл Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байна. Би Болдхуяг, Нарантуул хоёрыг танина. Би Болдхуягтай Зүүн 4 замын тэр хавьцаа 2021 онд танилцаж байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Болдхуягийн төрсөн ах Болдбаттай би оюутан байхдаа цуг сурч байсан учраас Болдхуягтай танилцаж байсан юм. Болдхуяг надаас гадаад паспорт гаргаж өгөхийг гуйдаг юм. Тэгээд би гадаад паспорт гаргаж өгдөг. Гадаад паспорт гаргаж өгсний шан харамж гээд Болдхуяг надад эхэндээ 50.000 мянган төгрөг өгдөг байсан, сүүлдээ 100.000 төгрөг өгдөг болсон юм. Нарантуул нь Болдхуягийн эгч юм. Гадаад паспорт гаргуулахыг хүсэж буй иргэн өөрийн биеэр улсын бүртгэлийн хэлтэст ирж чадахгүй байгаа учраас надаас Болдхуяг гуйж байгаа явдал юм. Тэгэхдээ Болдхуяг надад гадаад паспорт захиалах гэж буй хүний 4 хувь цээж зураг, регистрийн дугаар, эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, 50.000 /Сүүлийн үед 100.000 төгрөг/ төгрөгийн хамт хүнээр дамжуулж явуулдаг. Болдхуяг надаас "манай дүү /найз, хамт амьдардаг хүн/гадаадад байдаг юм, Монгол ирэх гэсэн гадаад паспортын хугацаа дууссан байна, Та нэг гадаад паспорт захиалаад өгөөч" гэж гуйдаг юм. Болдхуяг над руу 4 хувь цээж зураг, регистрийн дугаар, эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, 50.000 /Сүүлийн үед 100.000/ төгрөгийг хүнээр дамжуулаад явуулдаг юм. Тэр хүргэж ирдэг хүн нь таксины жолооч, танихгүй хүмүүс байдаг. Над руу 80н хэдтэй дугаараас ярьдаг, Яг ямар дугаар байсныг санахгүй байна. Фейсбүүкээр холбодоггүй. Яг энэ хүн гэж мэдэхгүй байна. Болдхуяг надад 2022 оны 5 дугаар сард 4 хувь цээж зураг, регистрийн дугаарын хамт нэг хүнээр явуулсан байсан. Болдхуяг надад тухайн үед "Энэ хүний гадаад паспортын хугацаа нь дууссан байна. Та нэг захиалаад өгөөч" гэж хэлсэн. Болдхуягийн хэлсний дагуу Улсын бүртгэгч Р.Батзаяад 4 хувь цээж зураг, регистрийн дугаарын хамт өгөөд би "Энэ хүнийг шалгаж байгаад бүртгээд авчхаарай" гэж хэлсэн. Миний таньдаг хүнээр лав явуулдаггүй. Болдхуяг ер нь дандаа өөр хүмүүсээр явуулдаг юм. Би энэ гарын үсгийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Болдхуяг надаас гадаад паспорт гаргаад өг гэж гуйхдаа итгэмжлэл огт явуулдаггүй. Монгол улсын иргэн нь өөрийн биеэр Улсын бүртгэлийн газарт заавал ирнэ. Ѳерийн биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэлээр гадаад паспортыг олгодог журамтай юм. Би "Монгол улсын энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын дагуу ажиллаагүй. Нэгдүгээрт миний ажилдаа хариуцлагагүй хандсан хандлага. Хоёрт бусдад итгэсэн итгэл, Нэг ч Монгол хүн гадаадад зовж байхаар Монголдоо хүрээд ирэг гэж бодсон. Журмаа зөрчсөнөө ойлгож байна. Би "Монгол улсын энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Болдхуяг надад нэг гадаад паспорт гаргаж өгөхөд 50.000 /Сүүлийн үед 100.000/ төгрөг өгдөг юм. Надад 50.000 /Сүүлийн үед 100.000/ төгрөгийг Болдхуяг бэлнээр өгдөг. Над дээр 4 хувь цээж зураг, регистрийн дугаар авчирдаг хүмүүс бэлэн мөнгийн хамтаар авчирч өгдөг. Би Болдхуягийн Болдхуяг надад гадаад паспорт гаргаж өгсөнд баярлаж талархсандаа бэлнээр 50.000 /Сүүлийн үед 100.000/ төгрөг өгдөг юм. Өгөхдөө дандаа танихгүй хүнээр явуулдаг юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-116 тал/,
Гэрч Ц.Оюунбилэгийн өгсөн: “Миний бие 1991 оны 8 дугаар сарын 03-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Бага насаа Завхан аймгийн Идэр болон Тосонцэнгэл суманд өнгөрүүлсэн. 2008-2010 онд Эрдэнэт хотын МСҮТ-д барилгын засал чимэглэлээр сурч байгаад дундаас нь хаячихсан. 2010 оноос хойш Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдарч байна. Би Даваадоржийн З гэх хүнийг танина. Би З эгчтэй анх 2009 онд танилцаж байсан. Эрдэнэт хотын МСҮТ-д сурч байхдаа З эгчийн хадам аавынд нь амьдардаг байсан. Манай эмээгийн эгчийнх нь хүүхдийн хүүхэд З эгчийн нөхөр болох Мягмаржав юм. Тэгээд л танилцаж байсан. Нэлээн холын хамаатан байгаа юм. Би гадаад орон руу огт зорчиж байгаагүй. Би гадаад паспорт нэг ч удаа захиалж авч байгаагүй. Би энэхүү гадаад паспортыг харлаа. Энэ миний зураг биш байна. Энэ гадаад паспорт дээр байгаа хүн З эгч байна. Яаж миний нэрээр гадаад паспорт захиалсан талаар огт мэдэхгүй байна. Надаас 2012 оны цагаан сарын үед Эрдэнэт хотод З эгч миний иргэний үнэмлэхийг гуйж авч байсан. Тухайн үед З эгч надад "Миний бие өвдөөд байгаа юм, Турк улс руу явж эмчлүүлэх шаардлага гарчихлаа, эгч нь өөрийнхөө гадаад паспорт дээрээ хар даруулчихсан юмаа. Эгчдээ иргэний үнэмлэхээ өгчих" гэж хэлсэн. Би ч дургүйцэлгүй З эгчид "Аа, аа" гээд өөрийн иргэний үнэмлэхээ өгч байсан. Тэгээд 2012 оны хавар намайг Тосонцэнгэлд ирсэн үед З эгч баярласнаа илэрхийлж миний иргэний үнэмлэх, 50.000 төгрөг, хэдэн хувцас дайвраар явуулж байсан. Би 2012 онд 50.000 төгрөг болон хэдэн хувцас авч байсан. З эгчтэй 2022 онд огт холбогдоогүй. Харин 2022 оны 10 дугаар сарын дунд үед З эгчийн нөхөр болох Мягмаржав надтай утсаар ярьсан болно. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би өмнө нь ерөөсөө гадаад паспорт захиалж байгаагүй. З эгч яаж миний нэрээр гадаад паспорт захиалаад байгаа талаар мэдэх зүйл огт байхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл болон санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 122-124 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.З нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 01 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /2-р хх-01 тал/ 2022 оны 12 сарын 21-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.З т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.З нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.З ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Д.З нь ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнийн 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудас авагдсан, одоо 37 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ялаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.З т холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.З ийн гэрэл зурагтай, Е3032508 дугаартай Цогзолын Оюунбилэг гэх гадаад паспорт хураагдаж ирсэн болно.
Эрүүгийн 2202005840451 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.З ийн гэрэл зурагтай, Е3032508 дугаартай Цогзолын Оюунбилэг гэх энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-н З ийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.З ийг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З т оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Оюунбилэгийн Е3032508 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.З т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ