| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн Т овогт Б-ын Г-т холбогдох эрүүгийн 2334000000001 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг “Өндөр дов” гэх газарт байрлах цагдаагийн постонд албан үүрэг гүйцэтгэж байсан тул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Э-ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, дээд уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл учруулж, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг “Өндөр дов” гэх газарт байрлах цагдаагийн постонд албан үүрэг гүйцэтгэж байсан тул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Э-ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, дээд уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл учруулж, хүч хэрэглэсэн болох нь:
Эрүүгийн 2334000000001 дугаартай хэрэгт авагдсан:
Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Э-гийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Өндөр довын постонд тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, зогсож байхад .......... улсын дугаартай хэрэгслийг зогсоож шалгахад. Б.Г нь алхаж ирэнгүүтээ намайг хэл амаар доромжилж салаавч гаргаж дээд уруулыг цохиж гэмтээсэн. /хх-ийн 2 хуудас/ .
Камерын бичлэгт үзлэг хийсэн “Д.Э-с албан үүрэг гүйцэтгэж байх явцдаа ашиглаж байсан энгэрийн камерын бичлэгтэй 1 ширхэг СД-ийг тоглуулахад хар өнгийн куртик саравчтай малгайтай эрэгтэй хүн албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж, төрсөн нутгаар нь ялгаварлан гадуурхсан, дүрс бичлэгийн 01 минут 19 секундэд биед нь 1 удаа халдаж цохисон..." тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,
Хохирогч Д.Э-ийн өгсөн: “...би 2022 ооны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Эрдэнэ-Уул 4 дүгээр баг Өндөр довийн постонд үүрэг гүйцэтгэж байгаад ........ улсын дугаартай цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Уг тээврийн хэрэгслийн жолоочийг "Амрыг эрье та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд уг жолооч бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийн дугаараар нь тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд, жолооч О гэх эмэгтэйгийн жолоодох эрх нь хасагдсан байсан. Тэгтэл цаанаас О гэх жолооч эмэгтэйн нөхөр гэх үл таних залуу ирээд намайг пизда минь Э гэж чи юу гээд тамхи татсан байдалтай ирээд намайг хэл амаар доромжилж, харааж зүхээд салаавч гаргаад маш их доромжилж, над руу дайраад бид хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан О гэх цагдаа болон түүний эхнэр болох жолооч эмэгтэй нар уг залууг цааш авч явж байтал гэнэт над руу дайрч миний дээд талын уруул хэсэг рүү гараараа цохисон. Намайг цохисны дараа эхнэртээ хандан чи машинаа унаад зугт яв гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь болох эмэгтэй машинаа унаад зугтаагаад цааш явсан. Г гэх хүн миний биеийн дээд талын уруул хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Цохисны улмаас миний уруул язарч цус гоожсон. Би албан үүргээ гүйцэтгэж, хуулийн дагуу шаардлага тавьж байгаад хэл амаар доромжлуулж цохиулсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/
4. Гэрч Э.О-н " ...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэргэлэн сумын 4 дүгээр баг Өндөр довын постонд 4 цагийн үүрэг гүйцэтгэж байхад орой 18 цагийн үед ахлах ахлагч Д.Э ирж цуг үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг өнгөрч байхад ......... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэл байсан. Жолооч эмэгтэй эрх нь хасагдсан байсан. Тэгээд машинаасаа бууж ирэхгүй цонхоо хаагаад хаалгаа цоожилсон бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан. Удалгүй постны цаана байх Шунхлай колонкоос нөхөр болох Ганзориг нь алхаж ирээд Цагдаагийн ахлах ахлагч Д.Э-г хэл амаар доромжилж, заамдаж аваад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Ална шүү чи муу пизда манай машиныг байнга торгодог, чамайг би харна аа гэх мэт хараалын үгсээр доромжилж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн: “1.Д.Э-ийн биед дээд урууланд дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн Б/20 дугаартай "Цагдаагийн ахлах ахлагч Д-н Э-г шилжүүлэн томилох тухай" тушаал болон албан тушаалын тодорхойлолт, Д-н Э нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа зохицуулагчаар ажилладаг талаарх А-.............. дугаартай үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 99-101 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр 12 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 127 тал/ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Д.Э нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 123/ байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2334000000001 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Б-ын Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулах хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-ын Г-г хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-ын Г-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-ын Г-г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овогт Б-ын Г нь шүүхээс тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн 2334000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ