Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/01731

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М ХХК, Б.Б нарт холбогдох гэрээ цуцалж, 68 834 650 төгрөг гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Маршал таун хотхоны таун хауст хийсэн өргөтгөлийг буулгахыг даалгахыг хүссэн,

 

М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох хохиролд 252 803 144 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Н.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь М ХХК-тай 2011 оны 5-р сарын 23-ны өдөр 000294 дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 8-р сарын 05-ны өдөр 012011 дугаартай  Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан, гэрээ байгуулсанд хариуцагч маргадаггүй, харин ажил гүйцэтгэх гэрээний хугацаан дээр маргадаг. Талуудын байгуулсан 000294 тоот гэрээний 2.1, 01/2011 тоот гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар Маршал хотхоны 5-р таун хаусны 3 давхар, 209 мкв талбай бүхий сууцыг 1мкв-ийг 2 300 000 төгрөгөөр тооцож 480 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. МХХК нь гэрээний 3.1, 2.1 дэх хэсэгт заасны дагуу 1 м.кв цонхыг 69 900 төгрөгөөр буюу 100 хувь цонхны бартераар төлж дуусгахаар талууд тохиролцсон. Э ХХК таун хаусыг засалгүй хүлээлгэж өгсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар дотор заслыг өөрсдөө хийнэ, харин маргаан гарсан тохиолдолд худалдан авагч талаас өөрийн хөрөнгөөр авсан барилгын материалын үнийг худалдагч талын материалын үнээр тооцож, төлбөрөөс хасаж тооцно гэсэн заалт байгаа. Энэ заалтын агуулга нь цонх, хаалга, обой, тааз, шалыг ямар ч үнэтэй материалаар хийж болно, гэхдээ худалдагч талын материалын үнээр хасаж тооцно гэсэн тохиролцоо юм. Талуудын маргааны үндсэн шалтгаан нь М компани чанарын шаардлага хангахгүй цонхыг нийлүүлсэн. Тэгээд гэрээнээсээ татгалзаж, өгсөн авснаа буцаах шаардлага гаргасан. Хариуцагч нийт 59.000.000 төгрөгийн цонх нийлүүлсэн, таун хаус нь дотоод засалгүйгээр 480.000.000 төгрөгийн үнэтэй. Гэрээ болон хоорондын албан тоотуудаар бол М ХХК нь Германы түгжээ, резинтэй, 2 давхар жийргэвчтэй цонх нийлүүлэх тохиролцоо хийсэн, 2011 оны 4-р сарын 28-ны өдрийн 11/47 дугаартай албан бичигт нь бичсэн байдаг. Гэтэл 2 давхар жийргэвч хийх байтал 1 давхар жийргэвч хийсэн, графикаар бол 11-р сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж дуусгахаар тохирсон боловч хугацаандаа нийлүүлж дуусаагүй, үүргээ зөрчсөн. Харин 012011 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 2011 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн 60 хоногт багтаан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ зөрчсөн. Барилгын компанид цонх гэдэг цонхыг нийлүүлснээр дулаанаа авах, дотор заслын ажлаа хийдэг. Манай барьж байсан Голден парк хотхоны 110-р байр, одоогийн 301-р байр нь ма ш олон иргэдээс захиалга авсан, 16 давхар барилга, цонх, хаалгыг хугацаандаа нийлүүлээгүйгээс болоод захиалагч нарт хугацаа зааж өгсөн, бид хариуцагчид гомдол гаргаж, 2011 оны 12-р сарын 07-ны дотор нийлүүлэхээр болсон 11-р сарын 30-ны өдрийн график ч байгаа. Гэтэл бас л хугацаандаа нийлүүлээгүй. Дараа нь 2012 оны 02-р сарын 06-ны өдрийн 022012078 дугаартай албан мэдэгдлээр...суурилуулсан цонх нь чанарын шаардлага хангахгүй байгааг сануулсан, харин хариуцагч 2012 оны 02-р сарын 08-ны өдрийн 12/11 тоот хариундаа үйлдвэрийн дамжлагын ажилчдын хариуцлагагүй ажиллагаанаас болж чанаргүй хаалга, цонх хийснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгуулахад гарсан зардлаа төлүүлэх, эсвэл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Талууд гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байдаг. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн буруутай. Хариуцагч нь 2012 оны 8-р сарын 02-ны өдөр 12/01, 12/02 дугаартай гэрээт ажил хүлээлцсэн актаар орон сууцны цонх, хаалгыг давхар нэг бүрээр нь шалгаж чанарын шаардлага хангасан байдлаар хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч гарын үсэг зурж авсан гэж маргадаг. 2015 оны 7-р сарын 06-ны өдрийн гэрч н.Ср, н.Д, н.Нм нар ...ирсэн цонх, хаалгыг буулгахдаа тоо ширхгийг нь тулгаж, хүлээн авч гарын үсэг зурсан болохоос угсарч суурилуулсны дараа чанарын шаардлага хангасан эсэхийг шалгаж хүлээж аваагүй... гэж мэдүүлсэн. Гэрээт ажил хүлээлцсэн актын хүлээн авсан тал гэх хэсэг бөглөгдөөгүй байсан, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б 2 өөр бичгийн хэв байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр энэ бол акт биш, харин хэдэн ширхэг цонх буулгасан талаар байгаа. Энэ бүх маргаан хариуцагч компанийн буруутай үйлдлээс болсон, чанар стандартын шаардлага хангаагүй цонх нийлүүлсэн тул цонхыг буулгаж, дахин стандартын шаардлага хангасан цонх суурилуулах зайлшгүй шаардлага гарсан. Нэхэмжлэгч талаас 012011 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу 3 жилийн баталгаат хугацаандаа оршин суугчдын хохирлыг барагдуулахыг хариуцагчид сануулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч айлын гомдлыг барагдуулаагүй. 301-р байранд суурилуулсан вакуум цонх, тагтны хаалганд Монгол Улсын чанар стандартын шаардлага хангахгүй талаар 2014 оны 02-р сарын 20-ний өдрийн Барилга, хот байгуулалтын яамны Зураг, төсөл эрдэм шинжилгээний институтийн барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн дүгнэлт гарсан. Лабораторийн дүгнэлтээр М ХХК-ийн цонх стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч н.Төмөрсүх шинжээчийн 2013 оны 3-р сарын 12-ны өдрийн дүгнэлтээр Монгол цонх констракшн ХХК-ийн суурилуулсан цонх стандартыг зөрчсөн гэж дүгнэсэн. Бид 60.118.150 төгрөгийн зардал гаргаж цонхоо солиулсан, амалгаа хийлгүүлж, шавардуулах, эмульсэхэд гарсан зардал 8.716.500 төгрөг нийт 68.832.650 төгрөгийг М ХХК-иас нэхэмжилж байна.

 

Дараагийн шаардлагын хувьд, нь Б.Б 2011 оны 8-р сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хариуцагчийн бартераар хүлээн авсан 5-р таун хаусын дотоод засал, өргөтгөлийн ажлыг 38 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Б.Б нь Хятадаас өөрөө явж барилгын материалаа авчирч дотоод засал, өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэвч хариуцагч компани нь хариуцагч Б.Б барилгын материал ороогүй зөвхөн ажлын хөлс 78 000 000 төгрөг гэж үнэлсэн гэрээг хууль бусаар нөхөн хийж гэрээний он, сар, өдрийг 2011 оны 8-р сарын 22-ны өдрөөр болгон өөрчилсөн. Тэгвэл 78 000 000 төгрөгийн гэрээ байгуулах хүсэл зориг Б байгаагүй, үүнийг мэдээгүй, М ХХК-ийн захирал Өл нь Э ХХК-иас мөнгө авах гэсэн юм, энэ гэрээн дээр гарын үсэг зураад өг, харин мөнгөө авчихаад чиний ажил гүйцэтгэсэн мөнгийг өгнө гэж гуйсны дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Нэхэмжлэгч нь Өлзиймаад холбогдуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад гэрчээр Б.Б асуугдаж ...2011 оны 8-р сарын 22-ны өдөр 38 000 000 төгрөгний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ... компаниас мөнгөө авах гээд байна, чи гарын үсэг зурчих гэхээр нь л зурсан, гэрээтэй уншиж танилцаагүй гэж хариулсан байдаг. Энэ бол 78 000 000 төгрөгийн гэрээг ярьсан бөгөөд наториатаар баталгаажуулаагүй, үүнээс харахад 78 000 000 төгрөгийн гэрээний үр дагавар үүсээгүй, зөвхөн нэхэмжлэгч компаниас 5-р таун хаусыг засварласан зардлаас илүү мөнгө нэхэмжилж авах зорилгоор хуурч мэхлэх замаар 78 000 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Цагдаа энэ асуудлыг шүүх шийднэ гээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б Мх нарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр огноологдсон 78 000 000 төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэх гэрээг, хариуцагч нарын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулагдсан 38 000 000 төгрөгийн гэрээг халхавч зорилгоор хууль бусаар байгуулсан байх тул Монгол улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэг, 57-р зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасны М ХХК болон Б.Бнарын хооронд байгуулсан 78 000 000 төгрөгийн үнэ бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

 

3 дахь шаардлагын хувьд, М ХХК нь ЭХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт худалдан авагч нь орон сууцны дотоод зохион байгуулалттай холбоотой зураг төслийн өөрчлөлтийг ерөнхий захирал болон эрх бүхий удирдах ажилтантай зөвшилцөж бичгээр үйлдэх бөгөөд барилгын ажилчинтай албан бусаар хийсэн зөвшилцлийг хүчингүйд тооцохоор заасан. Тэгэхээр бичгээр хийсэн зөвшилцөл байдаггүй. Гэтэл нэмэлтээр тамбур хийсэн, үүнийгээ нураа гэж шаардлага тавьсан. Энэ нь бусад барилгын дизайнтайгаа тохирохгүй, зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр таун хауст өргөтгөл барьж, техникийн нөхцөлгүйгээр халаалтын шугам тавьсан байдаг. Энэ нь 2008 оны Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан барилга угсралтын ажлыг зураг төсөлгүйгээр хийхийг хориглоно, 16.6 дахь хэсэгт барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн үндсэн дэд бүтцийг анхны зураг төслөөс өөрчилж, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно гэснийг тус тус зөрчиж, иргэн Б.Б ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн байдаг. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь М ХХК-ийн өргөтгөлийн ажлыг буулгах, сэргээн засварлах ажлын зардал нь 5.6 сая төгрөг болохыг тогтоосон. Иймд Маршал хотхоны таун хауст хууль бусаар хийсэн өргөтгөлийг нурааж, таун хаусыг хэвийн байдалд нь буцаан оруулахыг М ХХК-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд таун хаус худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэхдээ барилга угсралтын ажил нь дууссан, дотоод засал чимэглэл хийгдээгүй дулаан, эрчим хүчээр хангах ажил нь хийгдээгүй, дуусаагүй барилгыг худалдан авсан. Харин дотор заслын ажлыг М ХХК өөрөө бие дааж шийдвэрлэх гэрээ юм. Талуудын хооронд цонх угсарч, бэлтгэж, нийлүүлэх тухай гэрээг 2011 оны 8-р сарын 15-ны өдөр байгуулж, 60 хоногийн дотор гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл захиалагч ямар хэмжээ, ямар дизайнтай цонх үйлдвэрлэх зураг төслийг 2011 оны 12-р сард өгсөн. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэх нөхцөлийг нэхэмжлэгч компани өөрөө биелүүлээгүй. Тэгэхээр талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ үйлдээд эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн актууд байгаа. Нэхэмжлэгч үүнийг чанарын шаардлага хангасан акт биш гэж тайлбарладаг. 2 талаас 2 хүн гарын үсэг зурж байгаа учраас 2 өөр бичгийн хэв байх нь ойлгомжтой.  Тэгэхээр талуудын хооронд энэ цонх нийлүүлэлтийн ажилд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн буруутай гэдгийг анхаарна уу. 2-рт: Барилга угсралтын газрын Мэргэжлийн хяналтын газраас шинжээчийн дүгнэлт гарсан. Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй цонх нийлүүлсэн гэж байна. Өнөөдөр хавтаст хэрэгт 4 хөндий вакуум цонх. 2 хөндий вакуум цонхны голд зүхэвч төмөр байх ёстой. 4 хөндий вакуум цонх бол нийт 4 тасалгаа үүсгэж байгаа өөрөө металлын орцыг бууруулж, зардлыг бууруулж байгаа. Сибирийн хүйтэн агаарын нөхцөлд Сибирская буюу 60 см-ийн өргөнтэй. Тасалгаа олонтой байх тусам сийрэгжилтийг хязгаарладаг ийм цонхыг нийлүүлсэн. Энэ түрүүчийн яриад байгаа шинжээчийн дүгнэлтэд дээр Сибирская гэдэг цонхонд шинжээчийн дүгнэлтэд гаргаагүй байдаг. Үүнийг ОХУ-ын ямар үйлдвэрлэлийн, ямар стандартаар зөвшөөрөгдсөн гэх стандартын шаардлага хангасан юм уу, гэх няцаасан ямар нэгэн баримт ирээгүй. Үйлдвэрлэгч биш улсын нэг зовлон нь үйлдвэрлэсэн барааны чанар, орцыг мэдлэггүйгээсээ болоод буруу дүгнэлт гаргадаг. Тиймээс чанарын шаардлага хангахгүй байна гэсэн ямар нэгэн дүгнэлт байхгүй. Маршал хотхоны 5-р таун хауст хийгдсэн засварын мөнгийг зөвхөн нэхэмжлэгч компанийн материалын үнээр тооцно гэж гэрээнд байгаа, гэхдээ нэхэмжлэгч компани ямар нэг барилгын материал үйлдвэрлэдэггүй, Э ХХК ийм ийм барилгын материал үйлдвэрлэдэг гэсэн ямар нэгэн баримт ирүүлээгүй. Энэ гэрээний үгийг шууд утгаар нь ойлгоно. Дутуу барилгыг худалдаж авсан, цаашид өөрөө гүйцээж барих, өөрсдөө амьдрах зорилготой, хувийн хэрэгцээд зориулагдсан гэж ойлгоно. Тэгэхээр өөрийнхөө оршин суух байрыг ямар хэмжээнд засаж тохижуулах нь хувь хүний асуудал. Өөрөөр хэлбэл, зүй ёсны буюу шударга ёсны, хүний эрхийн зарчим гэж бий, хуулиас давсан гэрээний заалт гэж байхгүй. Маршал таун хотхоны гадаад өнгө үзэмжийг муутгасан гэжээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа хотын өнгө үзэмжийг муутгасан гэж үзвэл дүгнэлт гардаг юм. Хотын өнгө үзэмжийг муутгасан гэсэн эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй. Нэхэмжлэгч Барилгын тухай хууль зөрчиж барилга угсралтын ажил хийсэн, барилга угсралтын ажил хийх тусгай зөвшөөрөлгүй, зохиогчийн зургийг зөрчсөн гэж маргадаг. Гэтэл үндсэн бүтээцийн даацын хана, барилга угсралтын ажилтай ямар ч хамааралгүй чимэглэлийн ажлыг хийсэн, харин барилга угсралтын ажил хийгээгүй. Барилга угсралтыг ажлыг тусгай зөвшөөрөлтэй барилгын компани хийдэг, үүнийг маргахгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрөө үндэслэлгүй байгаа учраас зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол хууль зүйн зохицуулалтыг нь хэлэх шаардлагатай. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бэ, зөрчигдсөн ямар эрх сэргээх вэ, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан ямар хамгаалалт үүсэх вэ. 78 000 000 төгрөгийн гэрээ хэлцлийг хуурамчаар бүрдүүлсэн, хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б холбоотой гэрээ бол өөрөө мэдэхгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй гэрээ. 38.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Б.Б бол засал хийдэг, 78.000.000 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээг Б.Б хуурамч гэж үзэ байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Орон сууц худалдах худалдан авах 00294 тоот гэрээ цуцалж,  209 мк талбайтай орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт болох 175 793 615 төгрөг, 1-16 давхарт нийлүүлсэн цонх, тагтны хаалганы үнэ 77 009 529 төгрөг нийт 252 803 140 төгрөгийг Э ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 5-р сарын 23-ны өдрийн бартерийн гэрээгээр Эко констракшн ХХК-ийн барьсан таун хаусаас дутуу баригдсан 5-р таун хаусыг мк-ыг нь 2 300 000 төгрөгөөр нийт 480 700 000 төгрөгийн үнэтэйгээр худалдаж авахаар тохиролцсон. Үүний хариуд захиалагчаас өгсөн даалгавар болох Э ХХК-ийн барьсан барилгуудад цонх нийлүүлэхээр тохирсон. М ХХК нь гэрээнд заагдсан үүргийн дагуу Монгол улсын стандарт чанарын шаардлагад нийцсэн нийт 1100, 178 м.кв цонх хаалгануудыг нийлүүлсэн. Нийлүүлсэн цонх хаалганы 1 ширхэг үнийн дүн нь 69 900 төгрөгөөр тооцож 77 009 529 төгрөгийн цонх хаалгыг нийлүүлсэн нь харагдана. Нийт нийлүүлсэн цонх хаалганы хувьд нэхэмжлэгч маргадаггүй, харин чанарын шаардлага хангасан эсэхэд маргадаг. Манайд өгсөн таун хаус бол цахилгаан сан техник, ус шугамны холболт байхгүй цутгамал 4 хананаас өөр зүйл байгаагүй. Үүн дээр өргөтгөл хийн хүн амьдрах бүхий л боломжийг ханган амьдрахад бэлэн болгосон байгаа. Үүний ажлын хөлсөнд 58 000 000 төгрөгийг, мөн 20 000 000 төгрөгийг өгсөн баримт нь байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн үнэлгээ нь 800 гаруй сая болсон, харин тэр үеийн ханшаар 400 000 000 гаруй төгрөгийн краказ өгсөн. Өа захирал өөрөө амьдрах зорилгоор 175 000 000 төгрөгөөр засвар хийсэн. Иймд Э ХХК-иас 252 803 140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 175 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, мөн өргөтгөл хийсэн зүйл бол огт үндэслэлгүй. Монгол цонх ХХК нь хариуцагч Б.Б байгуулсан гэрээнд хаусын дотоод засал чимэглэлийг хийж гүйцэтгэх гэрээг 38 000 000 төгрөгөөр байгуулсан. Манайхтай байгуулсан гэрээн дээр тухайн орон сууцны үнэ болох 1 мк-н үнийн дотоод заслыг өөрийн хөрөнгөөр хийнэ гэсэн байдаг. Бодит зардал бол 38 000 000 төгрөг юм. 209 мк байрыг 175 000 000 төгрөгөөр засагдсан гэсэн санхүүгийн баримт гарган өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Б нь өгсөн мэдүүлэгтээ ажил гүйцэтгэх гэрээний бүх зардлыг оролцуулан 38 000 000 төгрөгөөр хийсэн болохоос ажлын хөлс, засварын зардлыг оролцуулан 78 000 000 төгрөгөөр хийгээгүй болно гэж хэлсэн байдаг. 252 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь М ХХК-д холбогдох гэрээ цуцалж, 68 834 650 төгрөг гаргуулах, Маршал таун хотхоны таун хауст хийсэн өргөтгөлийг буулгахыг даалгахыг хүссэн, М ХХК болон Б.Б нарт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч М констракшн ХХК нь Э ХХК-д холбогдох хохиролд 252 803 144 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Э ХХК нь М ХХК-тай 2011 оны 5-р сарын 23-ны өдөр 000294 дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулж,  209 мкв талбай бүхий сууцыг 480 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь төлбөрийг 100 хувь цонх нийлүүлж бартераар төлөхөөр /1-р хавтас 48-50/, дотор заслыг өөрсдөө хийхээр тохирчээ.

 

Талууд гэрээний 6-р зүйлийн 6.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах, 4-р зүйлийн 4.7-д худалдан авагч талын хүсэлтээр гэрээний зүйлээр зохицуулагдаж байгаа орон сууцны дотоод засал болон зохион байгуулалтыг 1 удаа өөрчилж өгөх бөгөөд энэхүү өөрчлөлт нь даацын хана болон шугам сүлжээнд нөлөө учруулахгүй байх, 5.3-т худалдан авчг тал орон сууцны дотоод зохион байгуулалт, түүнтэй холбогдох өөрчлөлтийг 2 тал харилцан тохиролцож, худалдаг тал эхний удаад төлбөргүй гүйцэтгэх, дараагийн удаад худалдан авагч тал өөрөө хариуцах, 5.5-д худалдагч талын санал болгосон тоног төхөөрөмж болон дотоод заслын материалыг өөрчлүүлэх, солиулах эрхтэй, худалдан авагч талаас өөрийн хөрөнгөөр засах материалын үнийг худалдагч талын материалын үнээр тооцон төлбөрөөс нь хасч тооцохоор тус тус тохирчээ. харин энэ талаар гэрээний талуудаас ямар нэгэн хүсэлт, өөрчлөлт гараагүй байна.

 

Талууд 2011 оны 8-р сарын 05-ны өдөр 012011 тоот Вакуум цонх нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж М ХХК нь хуванцар цагаан өнгөтэй цонх, хаалгыг 1 м.кв талбайн үнийг 69 900 төгрөгөөр тооцох, үүнд амалгаа шавраас бусад өртөг багтсан, гэрээний 1.3-т захиалагч талын захиалсан цонх, хаалганы тоо ширхэг, нийт талбайг барилга тус бүрээр тооцох, гүйцэтгэгч тал өөрийн зардлаар тээвэрлэх, угсралтын ажил гүйцэтгэхээр тохирсон, Өөрөөр хэлбэл, цонх хаалгыг барилга тус бүрээр буюу ажлыг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохирсон, 480 000 000 төгрөгийн цонх, хаалгыг бүхэлд нь 60 хоногт багтааж хийхээр тохироогүй гэж дүгнэлээ.

 

Э ХХК-ний барьж байсан Баянгол дүүргийн нутаг Голден парк хотхоны 110-р байр буюу одоо 301-р байрны цонх хаалгыг М нийлүүлсэн, үүнээс өөрөөр, цонх хаалга нийлүүлээгүй байжээ.

 

Харин захиалагч нь М ХХК нь цонх, хаалгыг хугацаандаа нийлүүлээгүйгээс хүндрэл учирч байгаа талаар 2011 оны 9-р сарын 22-ны өдөр, 2011 оны 10-р сарын 2-ны өдөр, 2011 оны 10-р сарын 10-ны өдөр, тус тус мэдэгдэж, хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд гэрээ цулахыг мэдэгдсэн, 2012 оны 2-р сарын 6-ны өдөр нийлүүлэсн цонх, хаалганы доголдлын талаар тус тус маргаж байжээ.

 

Улмаар Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн 2013 оны 4-р сарын 2-ны 13/45 тоот, 13/46 тоот шинжилгээний дүн, барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн 2014 оны 2-р сарын 20-ны 14000311, 14000313 тоот дүн, шинжилгээний дүгнэлтэр гүйцэтгэгчийн нийлүүлсэн цонх, хаалга чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан, үүгээр гэрээ цуцалж хохирлоо гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, талууд 480 сая төгрөгийн хэмжээнд цонх хаалга нийлүүлэх гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байжээ.

 

Э ХХК нь 2012 оны 11-р сарын 17-ны өдөр Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 256 айлын цонх солих, 16 орцны хаалга солих ажлыг 28 837 250 төгрөгөөр гүйцэтгүүлэх, 2013 оны 3-р сарын 20-ны өдөр нэмэлт гэрээгээр 130 айлын цонх солих ажлыг 21 280 900 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирч 60 118 111 төгрөгийн зардал гаргаж, мөнгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон байна.

 

М ХХК нь 2012 оны 8-р сарын 2-ны өдрийн актаар 1-8 давхарын 207 цонх, 128 хаалга, 9-16 дугаар давхарын 193 цонх,128 хаалга нийт 400 цонх, 256 хаалга хүлээлгэн өгсөн, энэ актад чанарын талаар тусгаагүй, цонх хаалгыг суурилуулснаас хойш доголдол илэрсэн гэж үзнэ.

 

Харин Э , М ХХК-иуд нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т зааснаар 1 м.кв талбайн үнэ 69 900 төгрөгт амалгаа, шавраас бусад зардлыг багтаасан, өөрөөр хэлбэл, цонх, хаалга суурилуулахад амалгаа, шавардлага хийхээр тохироогүй гэж үзнэ. Иймд Нн ХХК-иар амалгаа, шавардлага хийлгэсэн гэх 3 444 480 төгрөгийг хасч тооцож 65 390 131 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

М ХХК нь Б.Б 2011 оны 8-р сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж худалдан авсан гэх 5-р таун хаусын дотоод засал, өргөтгөлийн ажлыг 38 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, улмаар засал өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Харин нэхэмжлэгч нь энэ өдрөөр огноолсон 78 000 000 төгрөгийн гэх гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэг, 57-р зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 

Энэ 78 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээний улмаас гэрээний талууд ямар нэгэн үр дагавар гаргаагүй, өөрөөр хэлбэл, 78 000 000 төгрөгийг шилжүүлсэн, өгсөн, авсан маргаан үүсгээгүй байна.

 

Нөгөө талаас, Б.Б, М ХХК-иуд нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлийн шинжийг агуулаагүйгээс гадна өгсөн, авснаа буцаах, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс хохирол шаардах үр дагавар үүсээгүй, энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж өөр хоорондоо холбогдох шаардлага гаргаагүй байна.

 

Түүнчлэн Э ХХК нь сонирхогч этгээд гэж үзэж Иргэний хуулийн 57-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж маргасан нь буруу, өөрөөр хэлбэл, хуулиар хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу 56-р зүйлд заасан хэлцэл гэж маргасан атлаа хүчин төгөлдөр бус байж болох ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл, хүч хэрэглэж хийсэн хэлцэл буюу энэ хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан хэлцэл гэж маргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Барилгын тухай хуулийн 4.1.28.засварын ажил гэж барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга байгууламжийг засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих зэрэг үйл ажиллагааг ойлгох ба Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.14.6.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэдэг байна.

 

Харин засварын ажил гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээс гадна Б.Б барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн үндсэн дэд бүтцийг анхны зураг төслөөс өөрчилж, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно гэснийг зөрчөөгүй.

 

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 12-р зүйлд зааснаар барилгын зураг төсөл нь хуулинд заасан шаардлагыг хангасан, 14-р зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар барилга зураг төслийн дагуу баригдсан байх, зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх хуулийн заалттай, харин худалдан авагч нь зураг төслийн өөрчлөлтийг ерөнхий захирал болон эрх бүхий удирдах ажилтантай зөвшилцөж бичгээр үйлдэх бөгөөд барилгын ажилчинтай албан бусаар хийсэн зөвшилцлийг хүчингүйд тооцохоор гэрээнд заасан нь хуулийн энэ зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг, хэдийгээр таун хаусыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч түүнд өмчлөх эрх үүсээгүй нь зохичгийн тайлбараар тогтоогдсон, өөрийн хөрөнгийн өргөтгөлийн хэсгийг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

М ХХК нь Орон сууц худалдах худалдан авах 00294 тоот гэрээ цуцалж, р 209 мк талбайтай орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт болох 175 793 615 төгрөг, давхарт нийлүүлсэн цонх, тагтны хаалганы үнэ 77 009 529 төгрөг нийт 252 803 140 төгрөгийг Э ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2015 оны 2-р сарын 16-ны өдрийн дүгнэлтээр таун хаусын засвар өргөтгөлийн ажлын зардлыг 84 183 217 төгрөгөөр, Төсөвчдийн холбооны 2014 оны 7-р сарын 16-ны өдрийн дүгнэлтээр 76 079 864 төгрөгөөр, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2017 оны 5-р сарын 22-ны өдийн 15 тоот дүгнэлтээр 172 497 000 төгрөгөөр, 2018 оны1-р сарын 10-ны өдрийн дүгнэлтээр 146 252 400 төгрөгөөр тус тус үнэлэлсэн байх ба эдгээр үнэлгээг дүгнэлт гаргасан үеийн зах зээлийн ханшаар үнэлсэн байна.

 

Харин Гэрэгэ эстимэйт ХХК-ний 2019 оны 2-р сарын 25-ны өдрийн дүгнэлтээр засвар, өргөтгөлийн ажлын үнэлгээг 2011 оны байдлаар 54 595 459 төгрөгөөр тогтоосон нь бодит дүгнэлт гэж дүгнэлээ. Энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангах нь зүйтэй.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагат хавсаргасан захиалгаар хийгдэх цонхны үнийг 46 499 577 төгрөгөөр тооцсон байх тул энэ хэмжээгээр хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэг, 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 65 390 131 /жаран таван сая гурван зуун ерэн мянга нэг зуун гучин нэг/ төгрөг гаргуулж Э ХХК-д олгож, 480 000 000 төгрөгний үнэ бүхий Маршал таун хотхоны 5 дугаар таун хаусыг Э ХХК-д үлдээж, Э ХХК-иас 101 095 036 /нэг зуун нэг сая ерэн таван мянга гучин зургаа/ төгрөг гаргуулж М ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 444 519 төгрөгийн нэхэмжлэл, өргөтгөл буулгахыг даалгах нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 151 708 104 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэг, 57-р зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар М ХХК болон Б.Б н нарын хооронд 2011 оны 8-р сарын 22-ны өдөр байгуулагдсан 78 000 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн Э ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922 330 төгрөг, хариуцагч М ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 422 000 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, М ХХК-иас 484 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Э ХХК-ниас 663 425 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА