Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2234003500379 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Яллагдагч Б.Б нь нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт Тоёото Нөтэ маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчиж, иргэн Ц.Г-ын хашааг мөргөж, хашаан дотор байсан иргэн Г.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Б “Би 2022 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 10:00 цагийн үед нөхөртэйгөө ногоон тэжээл авах гэж гарсан. Би гарахдаа өөрөө хашааныхаа хаалгыг түгжээ гарсан. Гараад гуанз ороод очих айлдаа бас жоохон чихэр боорцог, нэг шил архи авсан. Тэр айлдаа очиж ярилцаж сууж байгаад би эхнэртэй нь нэг шил архи хувааж уусан. Үдээс хойш 18 цагийн үед гэр лүүгээ буцсан. Буцахдаа манай нөхөр дэлгүүрээс дахиад нэг шил архи авсан, тэр архинаас нь би замдаа жоохон амссан. Гэрийнхээ гадаа хашааныхаа хаалганы үүдэнд зогсох гэж байгаад тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэчихсэн. Тэгээд шоконд ороод гэртээ орж сууж байгаад гарж үхрээ сааж орж ирээд жоохон унтаж байгаад боссон. Тэгээд гарч машинаа харсан чинь хүний гар харагдах шиг болсон. Очоод хартал хүн байсан. Тэгээд хашаанаас гараад урагшаа гүйтэл манай нөхөр ирж байхаар нь очоод хэлсэн.” гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

  Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт Тоёото Нөтэ маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчиж, иргэн Ц.Г-ын хашааг мөргөж, хашаан дотор байсан иргэн Г.Б-н амь насыг хохироосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, сэжигтэн Б.Б нарын мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн үзлэг тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын Цагдаагийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт,  мөн 22/66 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн боловч,

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг учрал гарсны дараах үйл баримтыг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд нь “иргэн Г.Б-н амь насаа алдах үед бие махбодид нь учирсан гэмтэл, шарх, үхлийн шалтгаан, үхэлд хүргэх өвчин байсан эсэхийг тогтоосон баримт болохоос түүнийг хэн хэрхэн учруулсныг нотолсон баримт биш юм.

  Мөн замын Цагдаагийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт,  мөн “ЦАГААН ШОНХОРЫН ЖИГҮҮР” НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №22/66 дугаартай дүгнэлтүүд нь хэрэг учрал гарсны дараах үйл баримтыг тус тус нотолсон баримтууд байна.

  Харин улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллах талын баримт болгосон сэжигтэн Б.Б-н өгсөн “...би машинаа бариад үхрээ саах гээд гэр рүүгээ 18 цагийн үед явж байгаад гэрийн хашааны хаалганы үүдэнд очоод зогсох гээд тормос оо гишгэх гэж байгаад андуураад хаазан дээр гишгээд хашааны хаалгаа, хашаатай хамт мөргөөд орсон. Тэгээд машинаасаа буугаад үхрээ саагаад, гэртээ орж жоохон унтаж байгаад 20 цагийн үед босоод гэрээс гараад машинаа хартал машины доор хүний гар цухуйх шиг харагдаад очоод тонгойгоод хартал хүн байсан. Тэгээд хашаанаас гараад урагшаа гүйтэл манай нөхөр Г урдаас хойшоо алхаад ирж байхаар нь очоод юу болсон талаар хэлээд гэртээ ирээд Э гэдэг хүн рүү залгаад Баянхангай сумын цагдаагийн утсыг аваад дуудлага өгүүлсэн..” гэх мэдүүлэг нь түүнийг  “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж чадахгүй байна.

 

  Иймд дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт Тоёото Нөтэ маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, иргэн Г.Б-н амь насыг хохироосон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

  Өөрөөр хэлбэл Б.Б-н 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт Тоёото Нөтэ маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ гаргасан үйлдлийн улмаас иргэн Г.Б-н амь нас хохирсон үйл явдал нь “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах эсвэл “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах гэдгийг ялгаж зүйлчлэх нь зүйтэй юм.

 

  Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,

 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж,

            Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

  Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан байсан боловч мэдэлгүй үйлдэж хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг  хангаж байна.

 

  Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт Тоёото Нөтэ маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ гаргасан үйлдлийн улмаас иргэн Г.Б-н амь нас хохирсон үйл баримт нь эрүүгийн 2234003500379 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-н өгсөн: “Талийгаач бид 2 2013 онд нэг гэрт орж улмаар дундаасаа 3 хүүхэдтэй. Бид хоёр гэрээ нүүлгэх гээд унаа хайгаад манай нөхөр Б 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Улаанбаатар хотод ажилладаг ажлаасаа чөлөө аваад Баянхангай суманд гэртээ ирээд тэр шөнөө хоноод 2022 оны 05 сарын 01-ний өглөө 7 цагт А гэх хүнтэй хамт ачаа ачих машин олно гээд гараад явсан. Тэгээд би эгч А-н Завхан зоог цайны газарт ажиллаж байхад 10 цагийн үед А манай нөхөр хоёр ирээд машин олчихсон, гэж хэлээд гараад явсан. Тухайн үед эрүүл явж байсан хоёулаа. Би ажлаа тараад 17 цагийн үед гэртээ ирэхэд А ах араас орж ирээд танай хүн миний мотоциклийг аваад явсан. Гэж хэлээд манай гэрт архи үнэртүүлсэн байдалтай ирээд манайд байж байгаад 21 цаг 30 минутын үед Талийгаачийг ирэхгүй болохоор нь айлуудаар хайгаад олоогүй. Би гомдолтой байна. 3 бага насны хүүхдүүдтэйгээ одоо ганцаараа үлдлээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч М.А-ын өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Б намайг маргааш өглөө гадуур яваад юм ачих машин олох хэрэгтэй байна гээд тэр орой тэднийд очиж хоноод талийгаач бид хоёр 05 сарын 01-ний өглөө 07 цагийн үед гэрээс нь гараад хөдөө Э гэх айлд очоод портер машиныг нь гуйгаад зөвшөөрөөд талийгаач бид хоёр миний мотоциклтой буцаад гэр рүүгээ явж байгаад Атарын цайны газруудын тэнд очоод О гэх залуутай уулзаад юм ярьж байхад талийгаач миний мотоциклийн түлхүүрийг аваад хүнтэй уулзаад ирье гээд 11 цагийн үед яваад өгсөн. Би тухайн үед хэнтэй уулзах талаар нь асуугаагүй байсан. Тэгээд талийгаач ерөөсөө буцаж ирэхгүй 14 цагийн үед би тэндээ дэлгүүрээс архи аваад уугаад тэндээ унтаж байгаад сэртэл харанхуй болж байхаар нь машинтай хүн гуйгаад талийгаачийн гэр рүү нь хүргүүлээд гэрт нь ирэхэд эхнэр хүүхдүүд нь л байж байсан. Тэгээд эхнэрийнх нь ээж машинтай ирээд бид хэд сумын төвөөр талийгаачийн байж болох газруудыг орж үзээд олоогүй. Тэгээд өглөө болтол цагдаа нар талийгаачийг нас барсан талаар хэлсэн. Бид хоёр ерөөсөө архи уугаагүй байсан. Би ч тухайн үед хаашаа явах талаар нь асуугаагүй. Талийгаач ч надад хайчих талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч Ц.Г-н өгсөн: “Би Төв аймгийн Баянхангай сумын ........ эхнэр Б-н хамт газар тариалан эрхэлж амьдардаг. 2022 оны 05 сарын 01-ний өдрийн өглөө 09 цагийн үед эхнэр Б-н хамт Г гэх айл руу очиж хуучин наймаа хийсэн үлдэгдэл мөнгө 700,000 төгрөгөө аваад Г байхгүй байсан бөгөөд эхнэр Ц-тэй хамт Б бид хоёр 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж манай эхнэр Б .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гэр рүүгээ явж байгаад Атрын гуанзнуудын тэндээс Арвижих дэлгүүрээс би орж 0,75 литрийн Хараа нэртэй архи худалдаж аваад эхнэр Б бид хоёр машиндаа сууж байгаад гурав, гурван аяга хувааж уугаад үлдэгдэл архиа би бариад машинаас буугаад Ш гэх айлаас муур авах гээд үлдээд Б цаашаа машинаа бариад гэр рүүгээ явсан. Тэгээд би айлаар орчоод гэр рүүгээ алхаж байтал манай эхнэр Б урдаас гүйж ирээд хашаагаа дайраад ортол цаана нь хүн байж байгаад дайруулаад машин доор орсон байна гэж хэлээд би Э гэх хүнээс цагдаагийн дугаар асуугаад цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх байхгүй. Манай эхнэр хэр согтсон байсан талаар сайн мэдэхгүй байна. Г гэх айлд Ц, Б бид 3 хувааж нэг 0.75 литрийн архи уугаад, дараа нь миний дэлгүүрээс авсан архинаас 3 аяга уугаад явсан. Манай эхнэр гэрлүүгээ явахдаа ганцаараа явсан. Би Б-г танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тухайн өдөр манайд ямар ажлаар явж байсан талаар мэдэхгүй байна. Бид уулзана гэж ярилцаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн  34/,

Иргэний нэхэмжлэгч Б.Х-н өгсөн: “........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл юм. Манай ээж ......... нь Төв аймгийн Баянхангай суманд хөдөө амьдардаг бөгөө би өөрөө машинаа унахгүй болохоор ээж Б-д машинаа өгсөн юм. ........ улсын дугаартай НӨТЭ маркийн тээврийн хэрэгслийг би ээждээ өгсөн нэрээ шилжүүлж чадаагүй байсан тул энэ хэрэгт би оролцохгүй, ээж Б нь дээрх тээврийн хэрэгслийг захиран зарцуулах бүрэн эрхтэй болно. Надад ямар гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Шүүгдэгч Б.Б-н өгсөн: “Би нөхөр Г-н хамт Төв аймгийн Баянхангай сум Найрамдал 1-р баг хуучин төв ........ тоотод оршин суудаг юм. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед нөхөр бид хоёр хөдөө Г гэх хүнийд очиж уулзахаар би ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод яваад. Г-д очоод урьд хийсэн ногоон тэжээлийн наймааны үлдэгдэл 700.000 төгрөгийг аваад Г-н гэрт 0,75 литрийн Хараа нэртэй архи Г-н эхнэр Ц болон манай нөхөр Г, бид гурав хувааж уугаад дуусгаад 17 цагийн үед Г-н гэрээс нөхөр Г бид хоёр машинтайгаа хөдлөөд би машинаа бариад гэр рүүгээ явж байгаад замдаа Баянхангай сумын асфальтан зам дагуу байрлах цайны газар дэлгүүрүүдийн тэнд байх "Арвижих" нэртэй хүнсний дэлгүүрт Г орж гарч ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад гарч ирээд бид хоёр машин дотроо уугаад гурав гурван аягыг уугаад талд нь оруулаад Г Арвижих дэлгүүрийн ард байдаг О гэх хүнээс очиж хулгана барьдаг муур авна гээд машинаас буугаад, би машинаа бариад үхрээ саах гээд гэр рүүгээ 18 цагийн үед явж байгаад гэрийн хашааны хаалганы үүдэнд очоод зогсох гээд тормос оо гишгэх гэж байгаад андуураад хаазан дээр гишгээд хашааны хаалгаа, хашаатай хамт мөргөөд орсон. Тэгээд машинаасаа буугаад үхрээ саагаад, гэртээ орж жоохон унтаж байгаад 20 цагийн үед босоод гэрээс гараад машинаа хартал машины доор хүний гар цухуйх шиг харагдаад очоод тонгойгоод хартал хүн байсан. Тэгээд хашаанаас гараад урагшаа гүйтэл манай нөхөр Г урдаас хойшоо алхаад ирж байхаар нь очоод юу болсон талаар хэлээд гэртээ ирээд Э гэдэг хүн рүү залгаад Баянхангай сумын цагдаагийн утсыг аваад дуудлага өгүүлсэн. Талийгаачийг нэг нутгийнх гээд зүс мэднэ. Ер нь Улаанбаатар хотод ажил хийдэг байсан гэж дуулдаж байсан. Уулзаагүй 4, 5 жил болж байна. Хашааны гадна талд ямар ч хүн харагдаагүй. Тэгэхээр хашааны хаалганы дотор талд явж таарсан юм шиг байна лээ. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Уг машин нь манай охин Х-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би согтуугаар машин барьж болохгүй гэдгийг мэднэ. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

“ДАМНО” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №Т22-38 дугаартай “........... улсын дугаартай Nissa Note маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1.295.800 /нэг сая хоёр зуун ерэн таван мянга найман зуу/ төгрөг болно гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №2590 дугаартай химийн шинжээч М.Арвижихын: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Б “...........” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. 3.Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн №92 дугаартай шинжээч эмч И.Ганболорын: “...1.Талийгаач Г.Б-н биед гавал ясны хугарал, тархины эдийн няцралт нарийн гэдсэнд цус харвалт, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтээ тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой. 4.Талийгаач нь /I/-р бүлгийн цустай байна. 5.Талийгаач Г.Б-н цусанд 3,7% этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 6.Талийгаач Г.Б нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 64-67 тал/,

“ЦАГААН ШОНХОРЫН ЖИГҮҮР” НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №22/66 дугаартай шинжээчийн “1. Nissan note маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а. "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Уг зам тээврийн осол, хэрэг болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогч Б.Б-г замын хөдөлгөөнд оролцогч гэж үзэх үндэслэлгүй байна. 4.Хохирогч Б.Б-г Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 5.Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 6.Нэмж тусгах санал үгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 96/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлтэй байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болон бусад зардлыг нөхөн төлсөн  байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-н амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А нь: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А би Б.Б-с амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирол төлбөрийн гарсан хохирлыг хоорондоо ярьж тохиролцсоны үндсэн дээр ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг /хх-ийн 168-169/ прокурорын шатанд гаргаж өгсөн

 байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

   Эрүүгийн 2234003500379 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

            2.Шүүгдэгч Х овогт Б-н Б-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

                  

   3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-н Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн 2234003500379 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ