Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/01714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  ЧБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д С холбогдох гэм хор учруулсны хохиролд 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З, иргэдийн төлөөлөгч Э.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 02-р сарын 5-ны шинийн нэгний орой миний хүү Эр нь миний эзэмшлийн 63-65 УБХ дугаартай Тоёота акуа маркийн машиныг бариад Яармагаас Нисэхийн чиглэлд явж байсан. Гэтэл 24-17 УБМ дугаартай машиныг жолоодож явсан Д.Со нь араас мөргөсөн. Тухайн үед цагдаад дуудлага өгч хэмжилт хийсэн. Араас мөргөснөөс болж миний машины арын буфер, гэрэл хагарсан. Эдгээрийг солих шаардлагатай, харин хаалгыг замаск тавихаар байнга нээгдэж, хаагддаг тул замаск унадаг гэсэн. Засварын газарт засварлуулах гэхэд 1 900 000 төгрөг болно гэсэн. Анхны үнэлгээ хийсэн газар нь 1 252 000 төгрөгөөр үнэлсэн. Яагаад ийм бага байгааг асуухад дахин үнэлгээ хийлгэж болно гэсэн. Үнэлгээний хөлсөнд 40 000 төгрөг өгсөн. Ингээд 1 300 000 төгрөгний хохирол учирснаас 700 000 төгрөгийг өгсөн, 600 000 төгрөгийг өгөөгүй. Иймд Д.С 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Содбилэг 2019 оны 2-р сарын 5-ны орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт явж байхдаа урдаа явж байсан цагаан өнгийн машиныг мөргөсөн нь үнэн. Тухайн өдөр баярын өдөр байсан болохоор Б 600 000 төгрөг өгчих гэсэн, мөнгө байхгүй байсан болохоор өгч чадаагүй явцгаасан. Одоогийн байдлаар 700 000 төгрөгийг төлсөн, үлдэх 600 000 төгрөгийг төлнө, гэхдээ солих гэж байгаа хаалга, буферээ өгчих гэсэн санал тавьсан ч өгөхгүй гэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Д.С холбогдох гэм хор учруулсны хохирол 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Д.С нь 2019 оны 02-р сарын 05-ны өдөр Ford маркийн 24-17 УНМ дугаартай машиныг жолоодон Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг Яармагаас Нисэхийн чиглэлийн замд явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэж заасныг зөрчиж, Б.Э жолоодож явсан Тоyота Aqua маркийн 63-65 УБХ улсын дугаартай авто машиныг мөргөж осол гаргасан буруутай болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас /хх 4-9/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх осол гарах үед 63-65 УБХ дугаартай машиныг Б.Э жолоодон жолоодож явсан боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ч.Б болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх 16/ тогтоогдсон, эзэмшигч эд хөрөнгөд учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.

Ослын улмаас Ч.Б машинд учирсан хохирлыг Итгэлт Эйстимэйт ХХК үнэлэхдээ 1 252 000 төгрөгөөр үнэлсэн /хх 13-15/ бол шүүхээс томилсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК учирсан хохирлыг 1 320 000 төгрөгөөр /хх 39-53/ үнэлсэн байна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо 1 252 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 48 000 төгрөг нийт 1 300 000 төгрөгөөр тооцож, хариуцагчийн төлсөн 700 000 төгрөгийг хасч 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба үүнийг хариуцагч маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д С 600 000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Ч Б олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.С 18 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б олгосугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Х.ЭНХЗАЯА