Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-т холбогдох 2234008020014 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын ......... дугаар багийн .... дүгээр байрны .... тоотод байрлах гэртээ эхнэр Э.Б-тай үл ярих зүйлээс болж маргалдан, үснээс нь зулгааж, дагзаар нь шалан дээр савуулж унагаан, зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын ........ дугаар багийн ......... дүгээр байрны ........... тоотод байрлах гэртээ эхнэр Э.Б-тай үл ярих зүйлээс болж маргалдан, үснээс нь зулгааж, дагзаар нь шалан дээр савуулж унагаан, зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

  Энэ нь эрүүгийн 2234008020014 дугаартай хэрэгт авагдсан

 

  Хохирогч Э.Б-н өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед нөхөр Д.С нь согтууруулах ундаа хэрэглэж гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжилж үснээс зулгааж, нэг удаа алгадан мөн үснээс арагш зулгааж шалан дээр ар дагзаар унагаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Д.С миний биеийн зүүн талын шанаа хацар луу нэг удаа алгадсан, үснээс 3 удаа зулгааж нэг удаа шалан дээр ар Дагзаар унагаасан. ...Нээх айхтар согтоогүй байсан. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Урьд өмнө нь миний биед халдаж зодож цохиж байгаагүй.....Нөхөр Д.С гаднаас архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн орж ирэхээр нь би архи ууж согтуу орж ирлээ гээд хэлсэн. Тэгээд үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар Д.С миний биед халдсан. ... Тухайн асуудал болоход манай 3 хүүхэд унтаж байсан. Д.С бид хоёр л байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр учир зүйгээ олоод хэвийн амьдарч байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

  Шүүгдэгч Д.С-ын өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гадуур явж байгаад нэг шил архи уугаад манай гэрийн гадуур архи уугаад яваад байдаг зүс таних 2 залуутай нэг шил 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад гэртээ ортол эхнэр Б чи гадуур явж архи ууж ирлээ гээд уурласан. Тэгээд бид хоорондоо маргалдаад эхнэр Б-н үснээс нь зулгаагаад газар унагаагаад хацар хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгээд мөн үг хэлээ ойлголцохгүй маргалдаад хүүхдүүдээ унтуулчхаад босч ирээд учраа олъё гээд хүүхдүүдээ унтуулчхаад 05 цагийн үед дахин босч ирээд бид маргалдаад өглөө болсон. Маргааш нь эхнэр цагдаад өргөдөл гаргасан байсан. Би урьд нь эхнэр болох Б-ийн биед гар хүрч зодож байгаагүй.  Би эхнэр Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр надаас хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Бид тэр асуудлаас хойш учир зүйгээ олж одоо хэвийн амьдарч байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан.” /хх-ийн 29, 36/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 12 дугаартай “...1.Э. Б-ийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

  Шүүгдэгч Д.С нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

  Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 01 сарын 19-ний өдөр 8 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-53 тал/ 2023 оны 01 сарын 19-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

  Шүүгдэгч Д.С-т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

  Улсын яллагчаас шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах саналыг гаргав.

 

  Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 

  Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

   Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

  Хохирогч Э.Б нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

  Эрүүгийн 2234008020014 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Д-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.С-т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Эрүүгийн 2234008020014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ