Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох 2234006670016 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 202 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч М.М нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Арвайхээр аймаг руу явах А0301 чиглэлийн 129 дэх км-ийн асфальтан замд Делика маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-30 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Д-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

Шүүгдэгч М.М нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Арвайхээр аймаг руу явах А0301 чиглэлийн 129 дэх км-ийн асфальтан замд Делика маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-30 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Д-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234006670016 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Д.Д-н өгсөн: “Би 2022 оны 9 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум орохоор найз О-с такси хаанаас явдаг талаар асуухад надад таксинд дугаар өгсөн. Тэрийг утсаар яриад цэцэг төсвийн автобусны буудал дээрээс Приүс 30 маркийн цагаан өнгийн автомашинд суугаад явсан. Тэгээд Төв аймгийн Лүн сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон би унтаж явсан болохоор юу ч мэдээгүй сэрээд харахад үүд талын шил хагарсан байсан. Тэгээд жолооч хүүхэд хаалга онгойлгож намайг гаргасан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа болон эмч нар ирсэн. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд даралт хэвийн биед зовиургүй байсан. Тэгээд хотоох хүүхдүүд ирээд хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эхний 2 өдөр зовиургүй юм мэдэгдээгүй, 3 дахь өдрөөс нь цээжээ даахгүй босч чадахаа байсан компютер томографид үзүүлсэн 5 хавирга хугаралтай гэж гарсан.” /хх 6/,

Гэрч П.Н-н өгсөн: “Би 2022 оны 9 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум руу өөрийн ажил руугаа явж байгаад Төв аймгийн Лүн сумын нэрийг нь сайн санахгүй байна. Тэс нэртэй байх ямар ч байсан шатахуун түгээх станцын ойролцоо миний сууж явсан Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн эсрэг урсгалаас замын цагаан зураасыг голлоод дайвалзаад саарал өнгөтэй Делика маркийн авто машин ороод ирэхээр нь миний сууж явсан Приүс-30 маркийн машины жолооч зөрөх гээд жолооны хүрдээ зүүн тийш бага зэрэг дарсан. Тэгсэн чинь жолоочийн талаас маш хүчтэй мөргөсөн тэгээд аваарын дэр задраад дэрээ мөргөөд зогссон тэгээд гар утсаа хайгаад машины  хаалгыг онгойлгож буугаад гар утсаа машины сандлан доороос аваад эргээд хартал Делика маркийн автомашины жолооч гар нь салгалаж чичрээд зүүн гараараа бариад байсан. Тэгээд хэн нь цагдаад дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Миний сууж явсан Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Делика маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэрэглэсэн байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.Би тухайн машин барьж яваа хүний санаа бодлыг мэдэхгүй байна. Тэгэхдээ урдаас эсрэг урсгалаас цагаан машин цагаан шугам даваад дайвалзаад ороод ирэхээр нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч зөрөх гэж л эсрэг урсгал руу орсон байх гэж бодож байсан. Дээрх осол болох үед засмал зам дээр эвдрэл гэмтэл байгаагүй. Дулаахан нартай цаг агаартай байсан. Үзэгдэх орчин сайн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 73/,

Иргэний нэхэмжлэгч Г.Р-н өгсөн: “Миний бие Улаанбаатар хот ЧД-т эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. УБЦТС ТӨХК-д цахилгааны инженер монитор ажилтай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум руу өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй байдаг, өөрийнхөө эзэмшлийн .......... улсын дугаартай, цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй, зар дээрээс нэр бүхий 3 хүн аваад Булган аймгийн Дашинчилэн сумруу төрсөн аав ээжийнхээ гэр лүү явсан. Улмаар Төв аймгийн Лүн сумын наахан талд байдаг Тэс Петролиум ШТС-ын харалдаа өөдөөс ирж явсан, Делика машин колонк руу орох гэхээр нь би зам тавьж өгөх санаатай ардуур нь тойроод гарчихаа гэж бодоод эсрэг урсгал руу ороход тухайн жолооч гэнэт буцаад өөрийнхөө эгнээ рүү ороод тэгээд мөргөлдсөн юм. Тэгээд миний машин дотор сууж сууж явсан Д.Д гэх хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан юм. Харин нөгөө Делика машины жолооч М гээд жолооч ахад 9 765 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тухайн ахад би унаж явсан ....... улсын дугаартай приус-30 маркын тээврийн хэрэгслээ өгөхөөр болж тохиролцсон. Харин нөгөө Д. Д гээд эгч бол надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн болно. Би 2017 онд Булган аймгийн төвд байх Булган Азза нэртэй жолооны курс төгссөн. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Би жолооч болсноосоо хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байгаагүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан болно.

Би өөрийнхөө ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан үнэлгээгээр тогтоогдсон 5 775 000 төгрөг мөн үнэлгээ хийхэд гарсан 200 000 төгрөгийн төлбөр нийт 5 995 000 төгрөгийг нэхэмжилж байна.” /хх 56, 127/,

Шүүгдэгч М.М-н өгсөн: “2022 оны 09 сарын 12-ний өглөө 13 цагийн үед Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот орохоор М.Делика маркийн ........ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд сумын төвөөс гараад "Тэс" ШТС-руу орох гэтэл өөдөөс Приус-30 маркийн авто машин хурдтай орж ирэхээр амжихгүй юм байна гээд буцаж хариулж дараад эгнээ рүүгээ ороод зогстол миний буруу талаар тэс хөндлөн орж ирээд мөргөсөн тэгээд би зам дээрээ бүтэн эргээд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө хүнийхээ биеийг очиж асуухад жолооч нь намайг согтуу байна. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар би болон нөгөө жолооч 2- уулаа согтуурал шалгах багаж үлээсэн 2-уулаа эрүүл гэж заасан.  Миний хүзүү жоохон хөндүүр байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн осол болох үед би ганцаараа явж байсан. Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Осол болох үед би зогсож байсан. ” /хх 5/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.М-н өгсөн: “Дээрхи ........ улсын дугаартай 2003 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн Митсубиши Делька маркын тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын харьяат М-н М \.....................\ нь манай байгууллагад 3 500 000 төгрөгийн барьцаанд тавьж унаж явахаар зээл авсан. Дээрхи иргэн нь зээл авсан цагаасаа хойш зээлээ цаг хугацаандаа төлөөд явж байгаа болохоор болохоор манай байгууллагын зүгээс дээрхи тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэл гаргахгүй. Би шүүх хуралд суухгүй. Манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь жолоочийн хариуцлагын даатгалтай бөгөөд тээврийн хэрэгслийн даатгал хийгдээгүй байсан.

Манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд холбогдсонтой холбоотой манай байгууллага болон намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцуулж байна гэж бодож байна. Манай "Нарны Арвай" ХХК нь М-н М гэх хүнд зээлийн гэрээний дагуу дээрхи тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр бүртгэж М.М-т зээл гаргаж өгсөн болно. Тиймээс дээрхи тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой гарсан аливаа асуудлыг зээлдэгч М.М өөрөө хариуцахаар гэрээнд зааж зээл олгосон тул нөгөө талын тээврийн хэрэгсэл болон зорчигч нарт холбогдох нөхөн төлбөрийн асуудлыг манай байгууллага биш харин манай байгууллагын зээлдэгч М-н М өөрөө хариуцах болно.” гэх мэдүүлэг /хх 109, 112/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №122 дугаартай "1.Д.Д-н биед зүүн талын 2,3,4,5-р хавирганы хугарал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 49/,

            “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1214 дугаартай “.......  улсын дугаартай Toyota Prius-30  маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 5.775.000 /таван сая долоон зуун далан таван мянга/ төгрөг болно гэх дүгнэлт /хх 24-28/,

“ЦАГААН ШОНХОРЫН ЖИГҮҮР” НҮТББ-ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №22/173 дугаартай шинжээч Т.Түвшинбаярын: “1.Toyota Prius-30 маркийн ............ улсын дугаартай автомашины жолооч Г.Р-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Mitsubishi Delika маркийн ......... улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д заасан "зам тавьж өгөх" үйлдэл буюу замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг зөв гүйцэтгээгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлсэн, мөн дүрмийн 10.9. "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар зан тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчсөнөөс уг за тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байх үндэслэлтэй байна. 2.Mitsubishi Delika маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16, 10.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хавтаст хэргийн материалд жолооч нарын талаарх мэдээлэл авагдсан байх бөгөөд манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийн жолоочийн мэдээллийн санд нэвтрэх эрхгүй тул уг сан дахь мэдээллийн талаар дүгнэлт гаргах боломжгүй байна. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /хх 61/,

   ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2022 оны 11-р сарын 03-ны өдрийн 11/18 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “1.Монгол улсын ЗХХШТ хуулийн 9.1.2-д "Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.", ШШТХ-ийн 17.4 хэсэгт "Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ үнэн зөв эсэхийг хариуцна" гэж заасан байдаг тул бусад шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй.

2. .......... улсын дугаартай Приус-30 маркийн автомашины жолооч Г.Р нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

............ улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн автомашины явж байсан байж болох хамгийн бага хурдыг тогтооё. "Toyota Prius-30" маркийн автомашины тоормосны мөр 21.1 метр гарсан бөгөөд "Mitubishi Delica" маркийн автомашиныг хөндлөн чиглэлд 8.1 метр зайнд гулсуулсан байна. "Toyota Prius-30" маркийн автомашин хөндлөн чиглэлд 9.1 метр зайнд гулссан байна.

Автомашины хурдыг кинетик энерги хадгалагдах хуулийг ашиглан тогтооё.

...V = 22.79 м/с = 82.04 км/цаг

Мицубиши Делика маркийн ............ улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байна. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд жолооч М.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан болсон байна.

Харин жолооч Г.Р нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалтыг зөрчсөн үйлдэл нь Митсубиши Делика автомашины хийсэн үйлдлээс шалтгаалж урсгал сорсон байх магадлалтай байна. Жолооч Г.Р-н Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4. заалтыг зөрчсөн нь ослоос үүсч гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байна.” гэх дүгнэлт /хх 79-80/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч М.М нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй,

замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулсан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

          Иймээс шүүгдэгч М.М-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 01 сарын 31-ний өдөр 19 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-136 тал/ 2023 оны 01 сарын 31-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч М.М нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны ................ тоотод ам бүл ..., ...... хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо ..... настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Р-н .......... улсын дугаартай Toyota Prius-30  маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хохирол учирсан бөгөөд

Хохирогч Д.Д нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            Иргэний нэхэмжлэгч Г.Р нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд үнэлгээ гаргуулсан 200 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 5 775 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгчээс 5 975 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Р-т олгуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2234006670016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №............. дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, ........... улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-т буцаан олгож,

            шүүгдэгч М.М нь  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт М-н М-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С овогт М-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овогт М-н М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С овогт М-н М-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч М.М-с 5995000 /таван сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Р-т олгосугай.

 

            6.Эрүүгийн 2234006670016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №....... дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, .......... улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-т буцаан олгож,

            шүүгдэгч М.М нь  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

      

       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ