Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/01706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М. Эхолбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 онд М.Э танилцаад 2002 онд гэр бүл болж, бид Герман улсад амьдарч байсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2005 оны 1-р сарын 4-нд хүү О.А төрсөн, одоо 14 настай. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2008 оноос хойш тусдаа амьдарч, одоо тус тусын амьдралтай болсон.Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 оноос тусдаа амьдарч байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, тус тусдаа амьдралтай болсон. Хүү миний асрамжинд өссөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.О нь М.Э холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Д.О, М.Э нар нь 2002 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2005 оны 1-р сарын 5-нд хүү О.А төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос тусдаа амьдарч байгаа, одоо хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийг эхийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 4-р сарын 25-ны өдөр дуусгавар болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О, М.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Э 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА