Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1157

 

Г.А-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч У.Түвшин,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1477 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Г.А-т холбогдох эрүүгийн 1906041151796 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигин овгийн Г.А-, 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Г.А- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр Плаза” худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байхдаа, тус худалдааны төвд лангуу ажиллуулдаг иргэн Б.Лхагвасүрэнгээс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Эгч нь Манжуур хот луу бараандаа явах гэсэн юм” гэж худал хэлж 10.000 юанийг бэлнээр авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлэх нэрийдлээр залилж, 3.594.900 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн тус худалдааны төвд лангуу ажиллуулдаг иргэн Б.Сайнбаярт “Бараандаа явах гэсэн юм, мөнгө зээлэх боломж байна уу” гэж худал хэлж 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030302001 дугаарын дансаар шилжүүлж авсан, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “5 ширхэг том хүний цамцыг зарж өгнө” гэж хэлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлэх, зарж борлуулж өгөх нэрийдлээр залилж, 3.525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Болдбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.А-ээс 2.465.900 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд, 2.835.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сайнбаярт тус тус олгож, Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч У.Түвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Г.А-ийн зүгээс учруулсан хохирлоо бүрэн төлж, хор уршгийг арилгасан тул түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье. Түүнчлэн шүүгдэгч Г.А- нь 08-20 насны хоёр хүүхэдттэй. Эдгээр хүүхдүүд харж хандах хүнгүй хоцорсон тул энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгч Г.А-ийн зүгээс хохирол төлбөрийг барагдуулаагүй байсан тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байсан гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, тэрээр хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Үүнд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Г.А- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр Плаза” худалдааны төвд бэлэн хувцасны лангуу түрээслэн ажиллуулдаг байхдаа, 2018 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд тус худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Б.Лхагвасүрэн, Б.Сайнбаяр нарыг “Бараандаа явах гэсэн юм, хүүтэй мөнгө зээлүүлээч, барааг чинь худалдан борлуулаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж биет мөнгө, бэлэн хувцас зэрэг эд хөрөнгийг нь шилжүүлэн авснаас иргэн Б.Лхагвасүрэнд 3.594.900 төгрөгийн, иргэн Б.Сайнбаярт 3.525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Лхагвасүрэн нь “...би 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №83 дугаартай лангуун дээр Г.А-т 10.000 юанийг бэлнээр өгсөн. Тэрээр мөнгө авахдаа “Эгч нь Манжуур луу бараандаа явах гэсэн юм. 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хэлсэн. Үүнээс хойш мөнгөө асууж ярихаар “Эгч нь зээл хөөцөлдөж байна” гэх зэргээр худал хэлдэг болсон. Зээлийн хүү гэж 729.000 төгрөг л өгсөн. Өөр мөнгө аваагүй. ...” /хх-ийн 16-18, 131/ гэж,

хохирогч Б.Сайнбаяр нь “...зүс таних Г.А- гэх эмэгтэй “Бараандаа явах гэсэн юм, 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 3.400.000 төгрөгийг түүний Хаан банкны 5030302001 дугаартай данс руу шилжүүлсэн. Мөнгө зээлэх үедээ “7 хоногийн дараа өгнө” гэж хэлээд авдаг байсан. Зээлийн хүү гэж 290.000 төгрөг л өгсөн. Өөр мөнгө аваагүй. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 5 ширхэг том хүний цамцыг зарж өгнө гэж хэлээд авсан.
Тухайн үед 1 ширхэг цамцаа 25.000 төгрөгөөр зарж байсан. ...” /хх-ийн 24-25, 131/ гэж Г.А-т мөнгө, эд хөрөнгөө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- гэрч Б.Ганцэцэгийн “...би “Тэнгэр Плаза” худалдааны төвд хуулийн зөвлөхөөр ажилладаг. Г.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, №49 дугаартай лангуунд бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг байсан. 2018 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй, лангуугаа хаагаад ор сураггүй алга болсноор 2019 оны 4 дүгээр сард түрээсийн гэрээг цуцалсан ба 2019 оны 6 дугаар сард лангуун дээрх барааг түрээсийн төлбөрт тооцон хураан авсан байгаа. ...” /хх-ийн 31/,

- шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 62-63, 129/ мэдүүлгүүд,

Монгол банкнаас зарласан ханшийн мэдээлэл /хх-ийн 94-95/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 52/, Хаан банкин дахь Б.Сайнбаярын эзэмшлийн 5920043102, Г.А-ийн эзэмшлийн 5030302001 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 27-30, 66-71/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Г.А- нь хохирогч нараас дээрх эд хөрөнгийг авахдаа, өөрийгөө Хятад улс руу бараанд явах гэж байгаа, зээл хөөцөлдөж байгаа мэтээр ойлгуулж, “Богино хугацаатай хүүтэй мөнгө зээлүүлээч, барааг чинь худалдан борлуулаад өгье” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжээгүй бөгөөд тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.

Хохирогч нарын хохирсон байдлын талаарх мэдүүлгүүд нэгэн адил утга бүхий ба  Г.А-ийн үйлдлийг шууд санаа, шунахай зорилготой гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэйн гадна, тэрээр бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгавал зохино.

Дээрх байдлыг үндэслэн, шүүгдэгч Г.А-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Г.А- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх боловч тэрээр урьд залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж байсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэгт шүүх дүгнэлт өгч, ял шийтгэл оногдуулжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймээс “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан, техникийн шинжтэй дараах алдааг гаргасан байна.

Шүүгдэгч Г.А- ам бүл 3, 8-20 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага охин Г.Хүслэн нь 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 78/-аар тогтоогдсон байхад насанд хүрээгүй буюу 8 нас 6 сартай Г.Хүслэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсны гадна, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт буюу хорих ял эдлэх байгууллагын дэглэм тогтоосон хэсэгт шүүгдэгч Г.А-ийн нэрийг “Б.Болдбаяр” гэж ташаарч тусгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгүүлсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэх эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус заасан байна.

Иймээс шүүгдэгч Г.А-ийн насанд хүрээгүй хүүхэд болох 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Г.Хүслэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

Эдгээрийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн зарим нотлох баримтууд болох шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн тухай шүүхийн шийдвэр, Монгол банкнаас зарласан ханшийн мэдээлэл зэргийг эх хувиас нь хуулбарлах, албан ёсны баримтаар нь авч хэрэгт хавсаргах, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг үнэн зөв тусгах шаардлагатай байгааг цаашид холбогдох албан тушаалтнуудад анхааруулж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1477 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.А-ийн насанд хүрээгүй хүүхэд болох  2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Г.Хүслэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Б.Болдбаярт...” гэснийг “...Г.А-т...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН