| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0209/3 |
| Дугаар | 221/МА2025/0204 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0204
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч ХБХГ /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч НЗД
Хариуцагч ХБХГ /хуучин нэрээр/
Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ХБХГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0818 дугаар шийдвэр
Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2024/0209/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь НЗД, ХБХГ /хуучин нэрээр/-т тус тус холбогдуулж “НЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ХБХГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0818 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.6, 20.2.9, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 47 дугаар зүйлийн 47.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас НЗД, Нийслэлийн ХБХГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/** дугаар захирамжийг, Нийслэлийн ХБХГ /хуучин нэрээр/-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Захиргааны акт хүчингүй болгох тухай” А/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
“..Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахдаа бүхэлд нь буруу тодруулахаас гадна хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
“М” ХХК-ийн газар эзэмшлийн талаар: НЗД-ын 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар 450 м.кв талбай бүхий газрыг эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар У ********** төв эмнэлэгт эзэмшүүлэн нэгж талбарын 6002/**** дугаартай бүртгэсэн байна. НЗД-ын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар У ********** төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 6002/**** дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын эзэмших эрхийг “Ж” ХХК-д шилжүүлэн, газар эзэмших эрхийн 05**** дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна. /Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй/
НЗД-ын 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар нэгж талбарын 6002/**** дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай “Ж” ХХК-ийн газрын эзэмших эрхийг иргэн Г.С-т шилжүүлж, газар эзэмших эрхийн 02***** дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. НЗД-ын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар нэгж талбарын 6002/**** дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын зориулалтыг контор, орон сууцны зориулалттай болгож өөрчлөн, эзэмшил газрын талбайн хэмжээг 1360 м.кв болгон нэмэгдүүлж, газар эзэмших эрхийн 02***** дугаар гэрчилгээг иргэн Г.С-т 5 жилийн хугацаатай олгосон байна. НЗД-ын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн талбай, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар нэгж талбарын 6002/**** дугаартай 1359 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Г.С-ээс “М” ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрхийн 02***** дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.
НЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар нэгж талбарын 18643************ дугаар бүхий газрын эзэмших эрхийг 2 жилийн хугацаатайгаар сунгаж, газар эзэмших эрхийн 000********* дугаар гэрчилгээ олгосон байна. НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар дахин сунгаж нэгж талбарын дугаарыг 146********* болгон өөрчилж, газар эзэмших эрхийн 000********* дугаартай гэрчилгээг олгосон байна. “М” ХХК нь С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1460********* дугаар бүхий 1359 м.кв газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах болон гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгүй байгаа улмаас Мэргэжлийн байгууллагуудаас дараах дүгнэлтүүдийг гаргасан байдаг.
Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03/**** дугаар дүгнэлтийн талаар: У ********** төв эмнэлгээс “Ж” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх (нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ) заалт; “М” ХХК нь эзэмшсэн газартаа үйл ажиллагаа явуулаагүй, хог хаягдал ихээр үүсгэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 50 дугаар зүйлийн 50.1.1-д “газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах”, Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “хог хаягдлыг ил задгай хаях”, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т “энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан.
ХСХГ-ын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/***/**** дугаар дүгнэлтийн талаар: Хяналт шалгалтын буюу дүгнэлт гаргах үед барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр зоорийн давхар болон 1 давхрын төмөр бетон цутгалтыг хийж зогссон байдалтай байв. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГБМЗХ2020/**-**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг контор, орон сууцны зориулалтаар нийт 1359.0 м.кв-аас 550.0 буюу 40.4 хувьд барилгажихаар баталж, зураг төслийн “И” ХХК-д боловсруулсан “М” ХХК-ийн конторын барилга нэршилтэй загвар зургийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр баталсан байна.
Дээрх батлагдсан зураг төслийн тайлбар хэсэгт үйлчилгээний орцыг зүүн талаас, конторын орцыг хойд талаас буюу Н******* эмнэлгийн талаас орохоор төлөвлөсөн талаар тусгасан ба нийт 1755 ширхэг суудалтай, 29708 м.кв эзлэхүүнтэй, 533 м.кв барилгажна гэж тусгасан боловч нийт тэнхлэгээрээ 36.0x18.0 хэмжээтэй, 648 м.кв байгаа нь анх олгогдсон ГБМЗХ2020//**-*** архитектур төлөвлөлтийн даалгавраар олгогдсон хэмжээ /550 м.кв/-ээс 98 м.кв-аар нэмэгдүүлсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын сарын 14-ний өдрийн ** дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх”, /БНбД 31-22-**/-ИЙН Хавсралт А (заавал мөрдөх)-ын (Эмнэлгийн байгууллагын барилгууд ба бусад барилгуудын хоорондох зай хэмжээ) Палатны болон унтлагын корпусуудаас Орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 метр байх заалт, Мөн тус барилга нь туслах замаас 10-12 метрт байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 6.19 дэх (Гол гудамж, зам зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 метрээс багагүй байна) заалт, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.15, 26, 27, 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-д тус тус нийцэхгүй байна гэх дүгнэлт гарсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Улсын байцаагчийн дүгнэлт: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 1/**** дугаар албан бичгээр төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлэхдээ төрийн өмчөөс хассан тогтоол гарсан эсэх талаар тодруулга, лавлагаа авахад У ********** төв эмнэлгээс газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх асуудлаар зөвшөөрөл олгоогүй тухай 2023 оны А-1/**** дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна.
НЗД-ын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар У ********** төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 146********* дугаартай 450 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг анх “Ж” ХХК-д шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн байх бөгөөд ийнхүү шилжүүлсэн гэрээ, хэлцэл байхгүй байгаа нь газар шилжүүлсэн гэх асуудал өөрөө хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “М” ХХК нь С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1460********** дугаартай 1359 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсонтой холбоотойгоор НЗД-ын зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар хүчингүй болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Ийнхүү эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл /бүхий захиргааны акт байсаар атал анхан шатны шүүх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж шийдвэрлэсэн нь нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,1,4.2.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.2. Хариуцагч ХБХГ /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17 дугаар хэсэгт маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/**** дугаар дүгнэлтээр “М” ХХК-ийн Конторын барилгад дүгнэлт хийсэн бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ** дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх” /БНбД 31-22-**/-ний хавсралтаар А (заавал мөрдөх)-ын Эмнэлгийн байгууллагын барилгууд ба бусад барилгуудын хоорондох зай хэмжээ) палатны болон унтлагын корпусуудаас орон сууц, олон нийтийн барилга гудамжны улаан шугам хүртэл 30м байх нормын шаардлага хангахгүй, тус барилга нь туслах замаас 10-12 м байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01***-ийн 6.19 дэх заалт болох гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэл зай 50м-ээс багагүй байх заалтад нийцэхгүй байгаа тухай дурдсан боловч дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл 37.3-т “...Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно” гэж заасан бөгөөд “М” ХХК-д газрын эрх шилжсэн цагаас эхлэн тухайн газар дээрх барилгын үе шатны баримт бичгүүд болон түүнд холбогдох хариуцлага нэгэн адил шилждэг. Нэхэмжлэгч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасан “барилгын ажлыг эрх бүхий байгууллага зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэх заалтыг зөрчиж барилгын үйл ажиллагааг явуулсан. Түүнчлэн буулгалтын ажлыг эхлүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан буулгалтын ажлын зөвшөөрөл аваагүй байдаг.
Мөн тус газраас баталсан ГБМЗХ2020/01***** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраар баталсан барилгажих талбайн хэмжээнээс хэтрүүлж ажлын зургийг боловсруулж батлуулсан байдаг. Энэ нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.8-д заасан барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлээгүй байгаа нөхцөл байдлыг нутгийн захиргааны байгууллын үйл ажиллагаанаас үүссэн гэж дүгнэх нь үндэслэлгүй байна.
“М” ХХК-ийн барилгын суурь 10 жилийн өмнө баригдсан гэх тайлбарыг гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд “М” ХХК-ийн маргаан бүхий барилгын суурь анхнаасаа барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр суурын ажлыг эхлүүлсэн байх бөгөөд Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01 /******* дугаар дүгнэлтэд НЗД-ын 2021 оны А/*** дүгээр захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний газрыг удаан хугацаагаар хашаа барьж, зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдал, эзэмшил газраа хэтрүүлсэн болон зохих зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэж байгаа үйлдэлд хяналт тавих үнэлэлт дүгнэлт гаргах цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тайлбар санал гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж санал дүгнэлт гаргасан байдаг “Дээрх захирамжаар нөхцөл байдлын талаар үнэн зөв тодорхойлсон буюу барилгын ажлын зохих зөвшөөрөл аваагүй байхад зөвшөөрөлтэй байх үедээ хийгдсэн гэж тайлбарлаж дүгнэх нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг цуглуулсан боловч буруу дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар[1] иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, хавсралтын 30-д НЗД-ын 2016 оны А/*** дүгээр захирамжийг үндэслэн “М” ХХК-д Контор, орон сууцны зориулалттай, 1360 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.
3. ХСХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/**** дугаар “Төлөвлөлтийн тухай” дүгнэлтээр[2] “Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ** дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх” /БНбД 31-22-**/-ийн Хавсралт А (заавал мөрдөх)-ын (Эмнэлгийн байгууллагын барилгууд ба бусад барилгуудын хоорондох зай хэмжээ) Палатны болон унтлагын корпусуудаас Орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30м байх заалтад, Мөн тус барилга нь туслах замаас 10-12 метр байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.**/-ийн 6.19 дэх заалт (Гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 м-ээс багагүй байна.)-д, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.15, 26, 27, 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2021 оны **** дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-д тус тус нийцэхгүй” гэх дүгнэлтийг гаргасан байна.
4. ХБХГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/** дүгээр “Захиргааны акт хүчингүй болгох тухай” тушаалаар “НЗД-ын 2018 оны А/*** дугаар захирамжаар С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14*********** нэгж талбарын дугаартай контор, орон сууцны зориулалтаар “М” ХХК-д эзэмшүүлсэн газарт олгосон 2020 оны ГБМЗХ2020/**-**** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны Загвар зургийг Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/***/**** дугаартай дүгнэлтийн дагуу хүчингүй болгожээ.
5. НЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар “Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/*** дугаар дүгнэлтээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эзэмшиж байсан газрыг “М” ХХК нь шилжүүлж, эзэмшихдээ Газрын тухай хууль, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон байх тул С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-д контор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн /146*********/ нэгж талбарын дугаар бүхий 1360 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч нараас “...Барилгын ажлыг эхлүүлэхдээ барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавраар баталсан барилгажих талбайн хэмжээнээс хэтрүүлж ажлын зургийг боловсруулж батлуулсан... Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журамд нийцээгүй гэх улсын байцаагчийн дүгнэлт гарсан...Төрийн байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй байхад шилжүүлсэн нь үндэслэлгүй” хэмээн маргажээ.
7. Төрийн байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй байхад шилжүүлсэн нь үндэслэлгүй гэх хариуцагч нарын гомдлын тухайд:
8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасан.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд НЗД-ын 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар[3] У ********** төв эмнэлэг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд оношилгооны төв, эмнэлгийн тоног төхөөрөмж засварын газрын барилгын зориулалтаар С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус эмнэлгийн хашаан дотор байршуулан 0.14 га, 0.045 га газар эзэмшүүлсэн байна.
10. Улмаар У ********** төв эмнэлэгт 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжийг үндэслэн, нэгж талбарын 6002/**** дугаар бүхий 450 м.кв газрыг эмнэлгийн тоног төхөөрөмжийн засварын зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрчилгээ[4] олгожээ.
11. НЗД-ын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар[5] нэр шилжин баталгаажигдсан 103 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг гуравдугаар хавсралтаар баталж, хавсралт 3-ын 22-т У ********** төв эмнэлгээс “Ж” ХХК-д С дүүрэг, 1 дүгээр хороонд эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын зориулалттай 450 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна.
12. НЗД-ын 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар[6] НЗД-ын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжийг үндэслэн “Ж” ХХК-аас Г.С-т 450 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж, 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар[7] С дүүрэг, 1 дүгээр хороонд контор орон сууцны зориулалттай 1360 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
13. НЗД-ын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн, талбай, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар[8] 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжийг үндэслэн Г.С-ээс “М” ХХК-д контор орон сууцны зориулалттай 1360 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/*** “Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар[9] “М” ХХК-ийн 1360 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгаж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус сунгаж шийдвэрлэсэн байна.
14. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-1/**** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “У ********** төв эмнэлгээс газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх асуудлаар Төрийн өмчийн хороо /хуучнаар/, Төрийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл олгоогүй болно” гэжээ.
15. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02-13-04/018/** дугаар “М” ХХК-ийн газар эзэмшлийн тухай улсын байцаагчийн дүгнэлтээр[10] “НЗД-ын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар С дүүргийн 1 дүгээр хороонд байрлах У ********** төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 146********* /хуучнаар 6002/****/ дугаартай 450 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг анх “Ж” ХХК-д шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” заалт, 35.2 дахь “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан.
16. Хэдийгээр У ********** төв эмнэлэг, “Ж” ХХК нар нь 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Түншлэлийн гэрээ”-ээр[11] У ********** төв эмнэлгийн эзэмшил газрын хашааны заасан хэсэгт эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төвийн барилга барих зөвшөөрөл олгоход татгалзах зүйл байхгүй гэсэн утга бүхий гэрээ байгуулсан байгаа хэдий ч НЗД-ын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар “Ж” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар төрийн байгууллага газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна.
17. Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн шилжүүлэн авсан газар нь анх төрийн байгууллага буюу У ********** төв эмнэлгийн эзэмшил газарт хамаарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байх бөгөөд ийнхүү бусдад шилжүүлэн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь хууль бус байсныг маргаан бүхий А/** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2-т заасантай нийцүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй байх тул хариуцагчийн энэ гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
18. Архитектур төлөвлөлтийн даалгавраар баталсан барилгажих талбайн хэмжээнээс хэтрүүлж ажлын зургийг боловсруулж батлуулсан гэх хариуцагч нарын гомдлын тухайд:
19. НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар шийдвэртэй 146********* дугаар нэгж талбарын дугаартай, С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон 1359 м.кв газрыг үндэслэж “М” ХХК-д Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд ХБХГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГБМЗХ2020/01-*** дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[12] олгосон байна.
20. Гэтэл “М” ХХК нь контор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон 1359 м.кв газраас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архитектур төлөвлөлийн даалгавраар Төлөвлөлт хийх талбайг 550 м.кв газар гэжээ.
21. Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1620/**** дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”-д[13] 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГБМЗХ2020/01-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар “М” ХХК-ийн конторын барилгын ажлын зураг төсөл, Барилгын хэмжээ: Тэнхлэгээрээ 36.0м*18.0 м хэмжээтэй гэх дүгнэлтийг гаргасан.
21.1 “З” ХХК-ийн боловсруулсан “М” ХХК-ийн Конторын барилга гэх ажлын зургаар[14] “Эзлэхүүн төлөвлөлт: Барилгын архитектур, эзлэхүүн төлөвлөлтийг олгогдсон газрын хэмжээ, захиалагчийн санал хүсэлт, батлагдсан зургийн даалгаварт тулгуурлан боловсруулав. Уг барилга нь тэнхлэгээрээ 36.00*18.00 м хэмжээтэй, зоорьтой 14 давхар барилга” гэж, Тайлбар хэсэгт давхрын тоо 14, суудлын тоо 1755 ш, барилгын эзлэхүүн 29708 м.кв, барилгажих талбай 533 м.кв гэж тусгасан боловч тайлбар, эзлэхүүн төлөвлөлт нь зөрүүтэй, архитектур төлөвлөлтийн даалгавраар олгогдсон Төлөвлөлт хийх талбайг 550 м.кв-аас 98 м.кв нэмэгдүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.
22. Архитектур төлөвлөлийн даалгаврын 4-т Барилгын төрөл, давхрын тоог: Тухайлсан зураг төсөлтэй, Давхар талбайн харьцаа /FAR/ 10 үзүүлэлтийг баримтлан 13590 м.кв-аас хэтрүүлэхгүй төлөвлөх, 6-д Эдэлбэр газрын: 1359 м.кв, Төлөвлөлт хийх талбай: БА648 м.кв, 9-д Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл: Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-03-03/-ын дагуу тухайн орчны барилга байгууламжийн авто зам, зогсоол талбай, явган зам талбай, ногоон байгууламжийг уялдуулан, орчны хөрш залгаа нэгж талбаруудын үл хөдлөх хөрөнгө, газар эзэмшигч өмчлөгчидтэй зөвшилцөн төлөвлөх, Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм БНбД22.04.16 болон MNS 6426:2013 стандартын холбогдох заалтуудын дагуу төлөвлөх. Галын аюулгүй нормын дагуу /БНбД 21.01.02/ Онцгой байдлын үед гал унтраах, аврах баг бүрэлдэхүүн саадгүй ажиллах боломжтой авто машин очих боломжийг хангаж, авто болон явган замын хөдөлгөөний тасралтгүй байдлыг ханган хөдөлгөөний урсгалын шийдлийг иж бүрэн гарган төлөвлөх /ХБТХуулийн 12.6/, Барилгын түр хашааны тэг тэнхлэг тавиулж стандартын дагуу төлөвлөх. Авто замын хамгаалах зурвас зай хэмжээг ханган, орц гарц гудамж зам саадгүй төлөвлөх боломжтойгоор хамгаалах зурвас зай хэмжээг хангах барилгажуулах. Одоо байгаа барилгуудын хэвийн, аюулгүй байдлыг ханган барилгажуулах” гэжээ.
23. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх” Хавсралт А “Эмнэлгийн байгууллагын барилгууд ба бусад барилгуудын хоорондох зай хэмжээ” Хүснэгтийн 1-т Палатны болон унтлагын корпусуудаас Орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 метр байх заалт,
23.1 Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-**/-ийн 6.19-д “Гол гудамж, зам зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 метрээс багагүй байна” гэж тус тус заасан.
24. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/**** дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр[15] “М” ХХК-д олгосон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төсөл болон шинээр барилга барихтай холбогдох баримт бичгүүдийг хянан үзэж, хууль тогтоомж зөрчсөн бол хүчингүй болгох арга хэмжээ авах” тухай хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9/**** дугаар албан бичгээр[16] Хотын стандарт, хяналтын газарт хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
25. Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/*** дугаар дүгнэлтээр “...Тухайн төлөвлөгдсөн 14 давхар барилга нь Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн баталсан загвар зураг болон ebarilga.gov.mn цахим системд батлагдсанаар урд байрлах О плаза гэх 6 давхар албан конторын барилга /хойшоо гарсан шатны хийцлэл/-аас 14-15 метр, хойд талд байрлах Нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхар барилгатай жишүү байрлаж 14-15 метр, цахилгааны 4707 дугаартай дэд өртөөний барилгаас 8 метр, өргөтгөлийн 7 давхар барилгаас 27-28 метр, 188 дугаартай туслах замаас 10-12 метр тус тус төлөвлөгдөн батлагдсан” хэмээн дээрх норм ба дүрмийг баримтлаагүй гэх улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
26. Барилгын ажлыг эхлүүлэхдээ барилгын ажлын зөвшөөрөл аваагүй гэх хариуцагч нарын гомдлын тухайд:
27. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна” гэж заасан.
28. Өөрөөр хэлбэл барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас авсны дараа барилгын ажил эхлэх бөгөөд уг барилга барих зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглосон. Түүнчлэн, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг өмнө нь авсны дараа барилга барихыг зөвшөөрдөг, аваагүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хуулиар хориглосон энэ тохиолдолд нэхэмжлэгч “М” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
29. Анхан шатны шүүхийн “...Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Төлөвлөлтийн тухай 02-13-01/025/*** дугаар дүгнэлтээр Газрын тухай болон Барилгын тухай хуулийг зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон гэх боловч уг дүгнэлтэд энэ талаар дүгнэж тусгаагүй, маргааны зүйл нь газрын эрх байхад барилгын төлөвлөлтийн зөрчлийг үндэслэсэн нь ойлгомжгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан /газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан/ гэдгийг тогтоогоогүй, … маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй… үйл баримтад хамаарч, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, барилгын суурь нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчинтэй байсан хугацаанд баригдаад зогссон гэсэн агуулгатай тайлбарыг сонсох ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09/** албан бичгээр хүргүүлсэн, түүнчлэн “З” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зураг төсөлд тодруулга хүргүүлэх тухай ЗП-155**** албан бичгийг мөн хүргүүлсэн байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл НЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамж, ХБХГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/** дугаар тушаал Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, У ********** төв эмнэлгийн эзэмшиж байсан газрыг хууль бусаар шилжүүлснийг зөвтгөсөн зорилготой байх тул энэ талаарх нэхэмжлэлийг шүүхээс хангах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “НЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ХБХГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хариуцагч ХБХГ /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нарын давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 218-220 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 238-241 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 141-142 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 143 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 147-150 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 161-163 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 178-181 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 205-207 хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 127-130 хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 156 хуудас
[12] 2 дугаар хавтаст хэргийн 6-7 хуудас
[13] 2 дугаар хавтаст хэргийн 13-15 хуудас
[14] 2 дугаар хавтаст хэргийн 233-240 хуудас
[15] 2 дугаар хавтаст хэргийн 199-200 хуудас
[16] 2 дугаар хавтаст хэргийн 198 хуудас