| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01746/и |
| Дугаар | 102/ШШ2019/01620 |
| Огноо | 2019-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2019/01620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ариунзаяатай 2006 оны 11-р сарын 21-нд гэрлэж, 2007 оны 2-р сарын 25-нд охин Ө.Д төрсөн. Бид 2018 оны 7-р сарын 12-ыг хүртэл 15 жил хамт амьдарсан. Сүүлийн 2 жил бидний зан харилцаа болон бусад таарамжгүй байдлаас болж байнгын маргаантай байх болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхэд асрамтай холбоотой маргаан байхгүй. Охин Дээжтэйгээ амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэмж төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.
Хариуцагч О.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нөхөр Б.Ө нэхэмжлэлтэй танилцлаа, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Охин Ө.Дөөрийн асрамжинд үлдээж, тэтгэвэр тогтоолгохыг хүсч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө нь О.А холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Ө, О.Анар нь 2006 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2007 оны 2-р сарын 25-нд охин Ө.Д төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа бие биедээ үнэнч байгаагүй, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оны 12-р сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөх талаар тохирсон байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 5-р сарын 16-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө, О нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 2-р сарын 25-нд төрсөн охин Ө.Д эх О.А асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ө.Д 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ө тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.А 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА