| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., 21.1.2., 21.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
2023 02 27 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,
шүүгдэгч М.Б, Н.Д нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн,
шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч С.Сувдмаа,
шүүдэгч Х.А, М.О нарын өмгөөлөгч М.Үүрийнтуяа,
шүүгдэгч М.Б, Д.Б, Н.Д, Х.А, М.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Д-н Б,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б М-н Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж Н-н Д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М М-н О, А Х-н А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М Б-н Б нарт холбогдох эрүүгийн 2234000000015 дугаартай, 3 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
гэв.
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч Д.Б нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2.Шүүгдэгч М.Б нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн Самсунг брэндийн зурагтыг санаатайгаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт шалгагдаж байх явцдаа өөрийн сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Б-ийн зөвлөсний дагуу уг хэргийн гэрч болох М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг 1 дүгээр баг Хөшгийн Өвөр гэх газар М.О, Х.А нарын гэрт гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж улмаар М.О, Х.А нар нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн,
3.Шүүгдэгч Н.Д нь өөрийн эхнэр М.Б-г эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт шалгагдаж байх явцад түүний сонгон авсан өмгөөлөгч Б.Б-н зөвлөсний дагуу урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн уг хэргийн гэрч болох М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг 1 дүгээр баг Хөшгийн Өвөр гэх газар М.О. Х.Анарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж улмаар М.О. Х.А нар нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн,
4.Шүүгдэгч М.О нь эрүүгийн 2234000000015 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо уг хэргийн яллагдагч М.Б болон түүний сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Б-н М.Б-т зөвлөсний дагуу түүний нөхөр Н.Д нарын худал мэдүүлэг өгүүлэх ятгалганд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орж улмаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
5.Шүүгдэгч Х.А нь эрүүгийн 2234000000015 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо уг хэргийн яллагдагч М.Баярцэцэг болон түүний сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Б-н М.Б-т зөвлөсний дагуу түүний нөхөр Н.Д нарын худал мэдүүлэг өгүүлэх ятгалганд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орж улмаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
6.Шүүгдэгч Б.Б нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 2234000000015 дугаартай хэргийн яллагдагч Д.Б- хууль зүйн туслалцаа үзүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Д.Б-н яллагдагчийн мэдүүлэгт оролцон Д.Б-т уг хэргийн гэрч болох М.О, Х.А нараар дахин мэдүүлэг өгүүлэх тухай хүсэлт бичүүлж ирэхийг зөвлөн Д.Б-г гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж улмаар Д.Б нь өмгөөлөгч Б.Б-н зөвлөсний дагуу нөхөр Н.Д-н хамтаар М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг М.О, Х.А нарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлэн уг хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгсөн,
Мөн М.О, Х.А нар нь өмгөөлөгч Б.Б-н зөвлөсний дагуу Д.Б, Н.Д нарын ятгаланд орж 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Б: “Өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Д.Б: “Өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Д: “Өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Х.А: “Өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч М.О: “Өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Б: “Өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Үүнд: Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 2/, Д.Б-н мэдүүлэг /хх 5-6/, Гэрч М.О-ын мэдүүлэг /хх 11-12/, Гэрч Х.А-н мэдүүлэг /хх 14-15/, Гэрч Г.А-н мэдүүлэг /хх 19-20/, Үнэлгээ, түүнтэй холбоотой баримтууд /24-32/, шинжээчийн 35 дугаартай дүгнэлт /хх 37-38/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 43-47/, Яллагдагч Д.Б-н мэдүүлэг /хх 56-57/, Төв аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 115-118/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаартай шүүгчийн захирамж /хх 147-148/, Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 154-171/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 172-174/, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Б-н гаргасан хүсэлт /хх 190/, Яллагдагч М.Б-н мэдүүлэг /хх 200-202/, Гэрч Х.А-ын мэдүүлэг /хх 204/, Гэрч М.О-н мэдүүлэг /хх 207/, Хохирогч Д.Б-н мэдүүлэг /хх 210/, Гэрч н.Л-н мэдүүлэг /хх 211/, Гэрч Н.Д-н мэдүүлэг /хх 214-215/, Насанд хүрээгүй гэрч Б.Ж-ын мэдүүлэг /хх 216-217/, Насанд хүрээгүй гэрч А.Э-н мэдүүлэг /хх 218-219/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан үзүүлэлтүүд /хх 220-223, Яллагдагч М.О-ын мэдүүлэг /хх 238-239/, Яллагдагч Х.А-ын мэдүүлэг /хх 249-250/, Яллагдагч Н.Д-н мэдүүлэг /2 хх-ийн 11-12/, Яллагдагч М.Б-н мэдүүлэг /хх 27-28/, Яллагдагч Б.Б-н мэдүүлэг /2 хх-ийн 38-39/, Яллагдагч М.Б-н мэдүүлэг /2 хх-ийн 78/, Гэрч Б.Г-н мэдүүлэг /2 хх-ийн 80/, хуульчдийн холбооны албан тоот /хх 225/, мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 90/, Х.А-н ял шалгасан хуудас /хх 92/, гэрчид эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа /1 хх 205/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б, Д.Б, Н.Д, Х.А, М.О, Б.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан доорхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
“Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
Шүүгдэгч Х.А, М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б, Н.Д, Б.Б, Х.А, М.О нарын өмгөөлөгч нараас: “ нэр бүхий шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү,” гэх адил агуулга бүхий дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 30/А дугаартай яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч Н.Д нь өөрийн эхнэр М.Б-г эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт шалгагдаж байх явцад түүний сонгон авсан өмгөөлөгч Б.Б-н зөвлөсний дагуу урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн уг хэргийн гэрч болох М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг 1 дүгээр баг Хөшгийн Өвөр гэх газар М.О. Х.А нарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж улмаар М.О. Х.А нар нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч Б.Б нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 2234000000015 дугаартай хэргийн яллагдагч Д.Б-т хууль зүйн туслалцаа үзүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Д.Б-н яллагдагчийн мэдүүлэгт оролцон Д.Б-т уг хэргийн гэрч болох М.О, Х.А нараар дахин мэдүүлэг өгүүлэх тухай хүсэлт бичүүлж ирэхийг зөвлөн Д.Б-г гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж улмаар Д.Б нь өмгөөлөгч Б.Б-н зөвлөсний дагуу нөхөр Н.Д-н хамтаар М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг М.О, Х.А нарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлэн уг хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгсөн,
шүүгдэгч М.Б нь эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт шалгагдаж байх явцдаа өөрийн сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Б-н зөвлөсний дагуу уг хэргийн гэрч болох М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг М.О, Х.А нарын гэрт гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж улмаар М.О, Х.А нар нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн нь:
гэрч Н.Д-н мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Э-н мэдүүлэг, гэрч М.О-ы мэдүүлэг, гэрч Х.А-н мэдүүлэг, яллагдагч М.Б-н өгсөн мэдүүлэг, яллагдагч М.Б-н албан ажлын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Б.Г-н мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын газарт өмгөөлөгч Б.Б-н гаргаж өгсөн хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар тус тус нотлогдон тогтоогдсон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мэдүүлэг авч, яллах дүгнэлт үйлдэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд ирүүлсэн боловч:
-Шүүгдэгч М.Б, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай гэх үйлдэл дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар Эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Б-тэй Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... тоот үнэмлэхтэй өмгөөлөгч Б.Б-г өмгөөлөгчөөрөө сонгон 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна./1 хх-119 тал/
Б.Б нь Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 19.5 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаарын зөвшөөрөлтэй /1хх-87 тал/ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуульч, өмгөөлөгч бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “өмгөөлөгчийн эрх, үүрэг”-ийг хэрэгжүүлж Б.Б-т эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нь хэрэгт авагдсан баримтад тусгагдсан байна.
Эрүүгийн 2234000000015 дугаартай хэргийн гэм буруугийн 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь хэсэгт зааснаар “хэргийг прокурорт буцаах шаардлагатай” гэж яллахаас татгалзах санал гаргасан тул шүүх 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж гарсан байна.
Хэргийг прокурорт буцаасны дараа мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулж эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт нь өмгөөлөгчөөр ажиллаж эрх зүйн туслалцаа үзүүлж байсан Б.Б-г тухайн хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн...” , мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэрч, хохирогч гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, тайлбар мэдүүлэг авч, улмаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 30/а дугаартай хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж /2 хх-129 тал/, эрх зүйн туслалцаа үзүүлж байсан үйлчлүүлэгч нартай нь хамт нэг дугаартай хэргийн хамт шүүхэд ирүүлсэн нь:
Монгол Улсын үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “....өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд өмгөөлөгчийн баталгаа мөн зүйлийн 5.4.1-т “Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж,
Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйл “Өмгөөллийн нууц”-ийн 25.1-д “ Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна”, 25.2-д “Үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг, тайлбар авах, энэ хуулийн 20.3-т зааснаас бусад тохиолдолд нууц задруулахгүй байх баталгаа гаргуулахыг хориглоно”.
26 дугаар зүйл “Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа”-ийн 26.1-д “Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно”. 26.2-д “Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.
Мөн хэрэгт нотлох баримтаар өмгөөлөгч Б.Б нь М.Б-р дамжуулан гэрч Х.А, М.О нарт нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэх хууль зүйн зөвлөгөө өгсөн, гэрчийг худал мэдүүлэг өгөхийг нөлөөлсөн гэх үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээ зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч... үйлдсэн бол...” гэж,
Мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор..” гэж мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, түүнийг дээрхи эрх бүхий албан албан тушаалтан үйлдэх, хуурамчаар үйлдсэн нотлох баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болсон байхыг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн байхыг шаарддаг бөгөөд дээрхи хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх шаардлагатай.
Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Х.А, М.О нарт худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримт хэрэгт мөн авагдаагүй тэдний хоорондоо холбогдсон гэх үйл баримт ч авагдаагүй байна.
Шүүгдэгч М.Б, Н.Д нарын тухайд Монгол Улсын үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “....өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж заасныг ноцтой зөрчсөн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан нэр заан хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд , эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ яллагдагчид өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр хэрэгт хөндлөнгийн нотлон баримт авагдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Н-н Д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н Б нарт холбогдох гэмт хэргийг “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,
Б овогт М-н Б-т, Ж овогт Н-н Д-д, М овогт Б-н Б нарыг тус тус цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Д.Б нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Б нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн Самсунг брэндийн зурагтыг санаатайгаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.О, Х.А нар нь эрүүгийн 2234000000015 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Шүүгдэгч М.Б-н өгсөн: "...Д.Б нь өөрөө аяглаад сууж байснаа өдөр нь ярьсан "ОМО" вокны талаар яриад миний өөдөөс дайраад байсан. Надад хэлэхдээ би "ОМО" хэрэглэдэггүй юм уу? "ОМО"-ны үнийг мэдэхгүй байхдаа яадаг юм. Чи буруу яриад байна ингэж ярьдаггүй юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Д.Б-с уучлалт гуйгаад би буруу ярьсан байна гэж хэлтэл казак найз нь Д.Б-г чи зөв ярьж байна. Миний найз мундаг гэх мэтээр хөөргөж байсан. Миний өөдөөс дайраад байхаар нь Д.Б-г тэврээд уучлаарай найзаа би буруу ярьсан байна аа. Чи мундаг шүү дээ. Найз нь үнэхээр "OMO" хэрэглэдэггүй юм аа найз нь оросын "Ушастый няня" 0010 гэх вокыг хэрэглэдэг миний хүүхдүүд болон найз харшилтай болохоор хэрэглэдэг гэтэл цээжээ дэлдээд миний өөдөөс босож ирээд миний нүүрийг маажихаар нь холдох гэтэл миний үснээс зулгаагаад, давсаг руу тийрсэн тэгтэл А, О хоёр дундуур орж ирээд салгатал дахиад хүрч ирээд миний үснээс зулгаагаад давсаг руу дахиад тийртэл би өмдөндөө шээчихсэн мөн намайг хэл амаар доромжлоод орилж хашгичаад байхад нь манай нөхөр Д орон дээр нь унтаж байснаа босож ирээд Б-г тэврээд цаад том өрөө рүү нь ороод намайг янхан банзал гээд янз бүрээр хэлээд байхаар нь гутлаа тайлаад тэр хоёр луу шидсэн тэр оноогүй наана нь унасан чинь эргүүлээд Б над руу шидсэн, тэгэхэд манай нөхөр Б-г араас нь тэврээд байж байх хооронд бараагаа зөөж машинд ачаад явцгаасан, миний дух, хацар, гаран дээр маажсан, үснээс зулгааснаас болоод хуйх хөндүүрлэж өвдөөд байсан, цээж хөндүүрлэж өвдөөд байсан, би шүүх эмнэлэгт үзүүлнэ, ... би төрийн албанд тасралтгүй 14 жил ажиллаж байгаа надад хүнтэй муудалцах зан авир байдаггүй, би өөрөө бие болон сэтгэл санаагаар их хохирсон, би өөрөө гомдолтой байна, намайг гүтгэж байна би зурагт хагалаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-103/,
Шүүгдэгч Х.А-н өгсөн: “...М.Б Д.Б-г чи одоо болтол "ОМО” вок хэрэглээд байгаа юм уу наадах чинь их үнэртэй вок гэсэн чинь Д.Б нь чи муу "ОМО" хэрэглэдэггүй хаагуур явсан юм бэ, хэзээ чи ийм байсан юм гуйлгачин л байсан биз дээ гээд уурласан чинь М.Б за найзыгаа уучлаарай буруу юм ярьчихлаа гээд зөндөө уучлал гуйгаад босоод жижиг өрөө рүү орсон чинь араас нь Д.Б ороод хашгираад хэрэлдэж байснаа М.Б-н үснээс дээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би очоод Д.Б-г салгаад холдуулаад том өрөөний хоёр цонхны голд байх аквариумны хажууд аваачсан, тэр хооронд М.Б нөхөр болох Д-г сэрээгээд бос явъя гээд босгоод байж байтал Д.Б ахиж очоод М.Б-г үсдээд гэдэс рүү нь гараараа цохиод авсан, тэгэхэд нь Д босож очоод Д.Б-г тэврээд холдуултал М.Б гутлаа өмсөх гэж байснаа гутлаа аваад шидээд зурагтыг нь оночихсон, тэр хооронд эхнэр бид хоёр бараагаа зөөгөөд орж гараад байсан юм. М.Б нь эхлээд Д.Б-н хэрэглэж байсан вок, саван шампонийг муулаад ийм юм хэрэглээд байхдаа яадаг юм гээд муудалцаад М.Б "Амвэе" бараагаа сайн чанартай гэж ярилцаж байгаад л муудалцаад хоёр биенийгээ хэлэх хэлэхгүйгээр үгээр доромжлоод тэгээд барилцаж аваад ноцолдоод байсан. Тухайн үед анзаараагүй байж байгаад манай гэрт очсон хойно хартал М.Б-н хацар, духан дээр хумсаараа маажчихсан байсан, толгой руy цохичихсон толгой өвдөөд байна гээд эм уугаад байсан. Д.Б-т бол ямар нэгэн гэмтэж, шархадсан зүйл харагдаагүй" гэх мэдүүлэг, /1 xx-ийн 14-15/
Шүүгдэгч М.О-ын өгсөн: "...хүүхнүүд нь пиво уугаад сууж байсан чинь М.Б Д.Б-г чи одоо болтол "ОМО" вок хэрэглээд байгаа юм уу наадах чинь их үнэртэй вок, "Амвэе"-гийн вок их зүгээр ш дээ гэсэн чинь Д.Б чи муу "ОМО" хэрэглэдэггүй хаагуур явсан юм бэ, хэзээ чи ийм байсийн гуйлгачин л байсан биз дээ гээд уурласан чинь М.Б найзаа уучлаарай буруу юм ярьчихлаа гээд зөндөө уучлал гуйгаад босоод хойд жижиг өрөө рүү орсон чинь араас нь Д.Б ороод хашгичаад хэрэлдэж байснаа М.Б-н үснээс үсдээд хоорондоо хэрэлдээд байхаар нь манай нөхөр А очоод Д.Б-г салгаад холдуулаад том өрөөний хоёр цонхны голд байдаг аквариумны хажууд аваачсан, тэр хооронд М.Б нөхөр болох Д-г сэрээгээд бос явъя гээд босгоод байж байтал Д.Б ахиж очоод М.Б-г үсдээд гэдэс рүү нь гараараа толгой, гэдэс, нүүр рүү нь цохиод авсан, тэгэхэд Д босч очоод Д.Б-г тэврээд холдуутал том өрөөний буйдан дээр М.Б суугаад гутлаа өмсөх гэж байснаа гутлаа аваад шидээд зурагтыг оночихсон. Тэгэхэд Д Д.Б-г хориод байж байх хооронд би том хүүтэй нь том өрөөний буйдангийн хажууд байсан барааг нь машин руу нь зөөж ачаад явцгаасан. 0011 М.Б тухайн үед цагаан өнгийн цасны зөөлөн ултай гуталтай байсан М.Б гутлаа тайлаад шидсэн чинь Д.Б-н зурагтны баруун дээд буланг сайн харалгүй ямар ч байсан асаалттай байсан.” гэх мэдүүлэг /1 xx-ийн 11-12/,
Гэрч К.А-н өгсөн: “М.Б нь эхлээд Д.Б-н хэрэглэж байсан вок, саван, шампунийг муулаад ийм юм хэрэглээд байхдаа яадаг юм гээд муудалцаад, хоёр биенийгээ хэлэх хэлэхгүйгээр доромжлоод тэгээд барилцаж аваад ноцолдоод байсан хоёр Баярцэцэг бие биенийхээ хаана нь юугаар хэдэн удаа цохисон бол хараагүй хоорондоо хэрэлдэж байгаад цаад жижиг өрөөнд ороод ахиад хэрэлдээд байсан, тэгээд тэр хоёр том өрөө рүү ороод иртэл Д босч ирээд Д.Б-г тэвэрчхээд тавихгүй байх хооронд М.Б гутлаараа хэд хэд цохиод, гутлаа шидээд зурагтыг нь хагалчихсан" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 19-20/,
Гэрч Н.Д-н өгсөн: "... би Угтаалцайдам суманд 2021 оны 11 сарын 05-ны орой эхнэр Б-н хамт "Amway" брэндийн бараа танилцуулж хамтран ажиллахаар Л-нд очиж хоносон, маргааш нь Б сумын хүмүүст эхнэр бид хоёрын авчирсан барааг танилцуулсан, орой нь 16 цагийн үед би ходоо байдаг найз А-г эхнэртэй нь дуудаад тэр хоёр ирээд А бид хоёр гарч дэлгүүрээс 0.75 литрийн "Хараа" архи, хүүхнүүдэд жижиг шилэн лонхтой пиво 6-г аваад Л-д очоод хүүхнүүд нь пиво уугаад А бид архи хувааж уугаад би тасраад унтчихсан байсан, тэгээд хүмүүс орилолдоод байхаар нь сэрээд харсан чинь манай эхнэрийг Д.Б үсдээд дарчихсан, элэг руу нь өшигчөөд байсан, хажуу талаас нь А, О хоёр очоод салгаж хоёр тийш нь холдуулсан, тэгээд Б орилж хашгичаад бид хоёрыг бараагаа аваад зайл гээд хөөгөөд гарах гэтэл Б гаргахгүй манай эхнэртэй хэрэлдээд замыг нь хаагаад байхаар нь би тэврээд цаад өрөө рүү нь оруулсан тэр хооронд манай эхнэр бараагаа машин руугаа зөөгөөд бид нар тэднийхээс явсан. тэднийхээс гараад А-нд очих замдаа харахад дух, хацар дээр нь маажсан, зүүн гарын бугалга нь хавдчихан гарын ар дээр нь маажсан байсан. А-н гэрт очоод ярихад Д.Б нь манай эхнэрийг дотуур өмдөндөө шээс алдтал давсаг, хэвлий рүү нь өшиглөсөн байсан, манай эхнэр авчирсан бараагаа сурталчилаад Д.Б муулаад тэрнээс болж муудалцсан гэсэн. телевизорыг хэн хагалсныг хараагүй, эхнэртэй муудалцаад байхаар нь Д.Б-г би тэврээд холдуулаад цаад том өрөө рүү нь оруултал манай эхнэр үүдний хэсгээс бид хоёр руу гутлаа аваад шидсэн, тэгэхэд зурагтанд хүрээгүй наана унасан" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 17/,
Гэрч Н.Л-н өгсөн: "...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажилдаа явсан хойгуур М.Б, Н.Д нар манай гэрт ирээд манай эхнэр тэр хэд архи уугаад хоорондоо маргалдсан юм байна лээ тэгээд манай эхнэр М.Б-г зодсон мөн М.Б нь манай зурагт руу гутлаа шидэж хагалсан байна лээ, манайх бол дундаж орлоготой гэр бүл байгаа юм, ямар аргаа барсан хүн байгаа биш өөрсдийнхөө эвдэрхий зурагтыг гэртээ ирсэн найз нараараа төлүүлэх гээд байгаа зүйл бол огт байхгүй ээ." гэх мэдүүлэг /1 хх-ийн 212/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ж-н өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр санагдаж байна манай аав ээжийн найз Б эгч Д ах нар манай гэрт ирсэн. Б эгч гоо сайхан гэр ахуйн бараа бүтээгдэхүүн зарна гэж ирээд манай гэрт байж байгаад орой тэр хэд архи уусан би хоёр дүүтэйгээ цаад өрөөндөө хэвтэж байхад манай ээж Б эгч хоёр муудалцаад пид пад гээд явчихсан тэгээд би яасан юм болоо гээд өрөөнөөсөө гарч ирээд дундуур нь орж болиоч та нар гэж хэлсэн тэгж байтал Б эгч явлаа гээд гутлаа өмсөж байснаа 2 гутлаа нэг нэгээр нь ээж рүү шидсэн 1 гутал нь стинк оносон, нөгөө гутал нь зурагт руу оносон, тэгээд бид нар гэртээ үлдээд хоносон, өглөө нь босоод манай бага дүү зурагт үзье гээд би зурагтаа асаахад зурагт ассан боловч дэлгэц нь болохгуй доод хэсгээрээ дүрс нь гараад бусад хэсгээрээ дүрс нь гарахгүй байна Б эгч бас явахаасаа өмнө ээжийг би чам шиг дагавар хүүхэдтэй хүнтэй суугаагүй гэх зэргээр их муухайгаар хэлээд байсан, манай зурагт Б эгчийг гутал шидэхээс өмнө хэвийн ажиллаж байсан учир нь би 2 дүүтэйгээ даад өрөө лүүгээ орохоос өмнө зурагтаа үзээд сууж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 216-217/,
Насанд хүрээгүй гэрч А.Э-н өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай аав, ээжийн найз Б эгч болон Д ах нар машинтайгаа хоёулахнаа нэлээн орой болсон байхад ирсэн. Тэгээд манай аав, ээж нартай юм яриад хоол унд идээд байж байгаад Б эгч компьютер дээр бичээд шивчихсэн бичиг гаргаж ирээд аав, ээж хоёрыг хуулаад бичээд өг гэсэн тэгээд аав болохоор тэр бичгийг нь өөрөө хуулаад бичээд өгсөн. Харин ээж болохоор удаан бичдэг, муухай бичдэг, бичиж чадахгүй гээд аав намайг дуудаад ээжийнхээ өмнөөс энэ бичгийг хуулаад бичээд өг гэсэн. Би тэр бичгийг нь хараад хуулаад бичиж байхад ээжийн нэрийг бичээд өмнөөс нь бичээрэй гэж Б эгч хэлж бичүүлсэн. Тэгээд миний хуулж бичсэн зүйл дээр ээж гарынхаа үсгийг өөрөө зураад YONNYO дэмий л юм хийлгэх гээд байна даа. Сүүлд нь өөрийгөө ороосон юм болох гээд өгсөн, ...аав ээж хоёрын зүгээс анхандаа бол татгалзсан. Тэгээд аав болохоор байгаа юм биш үү гэхэд Б эгч, Д ах хоёр зүгээрээ бид хоёр хуулийн зөвлөгөө авчихсан манай өмгөөлөгч та хоёроор ингээд бичүүлээд ирвэл асуудал шийдэгдчих юм аа, өмгөөлөгчтэйгөө ярьчихсан байгаа гэж хэлж байсан. Тэгж ятгасаар байгаад сүүлд нь аав, ээж хоёр зөвшөөрөөд асуудалгүй л юм байгаа биз дээ гэж хэлээд хоол унд идчихээд бүүр сүүлд нь бичиг хийж өгсөн. Би тэр үед нь унтаагүй зурагт үзээд сууж байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 218-219/,
2022 оны 03 дугаар сарын 11-ний өрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /1 хх-ийн 154-170/,
2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирогчид эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулсан тухай баримт /1 хх 150/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №35 дугаартай шинжээчийн "1.М.Б-н баруун хацарт сорви, дух баруун нарын сарвуунд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт / 1хх-ийн 38- 39 xyl
Зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 43-47/,
“Арвижих Эстимент” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/160 дугаартай “samsung маркийн телевизор нь 2021 оны 11-р сарын байдлаар манай зах зээлийн дунджаар 700 000 /долоон зуун мянга/ төгрөг үнэтэй” гэх үнэлгээ /1 хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “эд хөрөнгө санаатай устгах, гэмтээх” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлд “худал мэдүүлэх” гэмт хэргийн талаар хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх байх эрхтэй”,
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3, 13 дахь хэсэгт “халдашгүй,чөлөөтэй байх эрхтэй” гэж хүний эрүүл мэндийн болон эд хөрөнгийн өмчлөх эрхийн хувьд халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.Б, М.Б нарын хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн болон эд хөрөнгийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн,
Мөн шүүгдэгч М.О, Х.А нар нь шүүн таслан ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу гэрч санаатай худал мэдүүлэх гэмт хэргийг ухамсарлаж, түүнийг хүсч, үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч М.Б-н бусдын эд хөрөнгийг устгасан гэмтээсэн үйлдэл нь гэрч Х.А, Х.О нарын мэдүүлгээс гадна гэрч К.А-н”.. М.Б гутлаа шидээд зурагтыг нь хагалаад хаячихсан” гэх мэдүүлэг,
Зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Б-н эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд,
Шүүгдэгч М.Б-н гутал шидсэний улмаас Д.Б-н эд хөрөнгөд гэмтсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эд хөрөнгөд учирсан гэмтэл хоёрын хооронд,
Шүүгдэгч Х.А, Х.О нар нь худал мэдүүлэх гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Шүүгдэгч нарын үйлдэл нь дээрхи гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч М.Б, Д.Б, Х.А, Х.О нарыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Х.А, М.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял,
Шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах “ тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч С.Сувдмаа: “Миний үйлчлүүлэгч хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд шүүхээс тооцсон. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн цагаасаа эхэлж өөрийнхөө гэм бурууг хүлээж хохирлоо төлж өнөөдрийн шүүх хуралдаанд орж байна. Тийм учраас улсын яллагч 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Миний хувьд Д.Б өөрөө хохирсон. Тухайн үед гэр орондоо байсан. шүүгдэгчийн зүгээс 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгуулж өгнө үү” гэх санал,
Шүүгдэгч М.О, Х.А нарын өмгөөлөгч М.Үүрийнтуяа: “Миний үйлчлүүлэгч Х.А, М.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцож байна. Шүүгдэгч Х.А, М.О нарын хувьд хувийн байдлын тухайд 5-15 насны буюу бага насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Шүүгдэгч Х.А, М.О нарын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа гэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэм хэргийг анх удаа үйлдсэн гэх үндэслэлээр буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж байдал дээрх шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг хуульд заасан доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал,
Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч М.Мэндсүрэн, Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нараас: “Шүүх гэм буруутайд тооцсон. Прокуророос шүүгдэгч М.Б-г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал оруулж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Өөрөө гэм буруутай ч бай, гэм буруугүйд тооцоогүй ч бай хохирол болох 700,000 төгрөг төлье гэдгээ өмнө нь бид нарт илэрхийлж байсан. Тийм учраас төлье гэсэн ийм байдалтай байна. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ялын доод хэмжээ болох 450 нэгжээр торгож өгнө үү” гэх саналыг тус тус санал гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б, Д.Б, Х.А, М.О нар нь гэмт хэрэг үйлсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Д.Б, Х.А, М.О нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч М.Б-г гэмт хэргийн улмаас учирсан хохилоо мөн нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- шүүгдэгч Х.А, М.О нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Д.Б-н эд хөрөнгөд буюу Самсунг брэндийн зурагт эвдэрсний улмаас 700 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд
Хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн.
Хохирогч Д.Б-н эд хөрөнгөнд учирсан 700 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөрийн асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СИДИ-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, цасны гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг /1-р хх 175, 185/ эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Н-н Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б, Э.Д, Б.Б нарыг цагаатгасугай.
2.Ж овогт Н-н Д-д, М овогт Б-н Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3.Шүүгдэгч Б овогт Д-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт М-н Б-г бусдын эд хөрөнгө санаатай устгах гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А овогт Х-н А, М овогт М-н О нарыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- шүүгдэгч А овогт Х-н А, М овогт М-н О нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас урьдчилан цагдан хоригдсон 5 хоног /1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй дүйцүүлэн тооцож 75 000 төгрөгийг /-ийг хасаж, түүний торгох ялыг ялын хэмжээг 425 000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.Б, Х.А, М.О нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б, Д.Б, Х.А, М.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
8.Эрүүгийн 2234000000015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, цасны гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Х.А, М.О нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Д.Б, Х.А, М.О нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б, Д.Б, Х.А, М.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ