Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/265

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

улсын яллагч: Р.Мягмардорж,

шүүгдэгч: ********, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*************/,

 Монгол улсын иргэн,*-ний өдөр ***** аймгийн*********** суманд төрсөн, 40настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ***********тоотод иргэн ************* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:        

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ********** нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод иргэн ************ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

        -Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байхад хөрш айлын ************** хамтаар манай гэрт 21 цагийн орчимд 0,75 граммтай Соёрхол нэртэй хоёр шил архи авч ******н төрсөн өдөр гэх шалтгаанаар орж ирээд дөрвүүлээ хамт уугаад байж байхад архи дуусаж байхад *********эхнэр ****** согтоод унтаад өгсөн чинь **********эхнэрээ босооч гэртээ оръё гээд үстээд татаад гараараа нүүр лүү нь цохиод байхаар нь би *******г болиоч эмэгтэй хүнийг яагаад зодоод байгаа юм гэхэд *********намайг чи яах гээд байгаа юм наад хүмүүс чинь өөрсдөө мэдэж байгаа биз гээд гараараа нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгээд миний уруулан доор сэтэрсэн, баруун шанаа хавдсан байхаар манай эгч ******** цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/,

               -Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...********* манай нөхөр********* татаж чангаасаар байгаад гэрээс аваад гарсан, тэгээд удалгүй гаднаас ******** эгч, нөхөр ********* дагуулаад гэрт орж ирсэн. ********гэрт орж ирэхдээ нүүр аман нэлээн цус болчихсон, өмсөж хувцас урагдчихсан, баруун нүд нь доод талдаа бага зэрэг хөхөрчихсөн байсан, яасан юу болсон талаар асуухад Батболд намайг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,

               -Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид хоёр гэрт орж ирээд байж байхад *******хоёр маргалдаад гэрээс гарах шиг болсон. *********бид хоёр гэр рүүгээ орж амарсан. Маргааш өглөө нь ******** гэр рүү ороход нэг нүд нь хөхөрчихсөн, эрүүнийхээ дээд хэсэгт оёдол тавиулчихсан эвгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

        -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ********* 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1340 дугаартай:  

              “...1.******** биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

               3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

               5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* хоёрын хөрш ********** гэрт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юмаа. Тэгээд бид хэд орж нилээн сууж байгаад согтсондоо би Ууганбаяртай хэрүүл маргаан хийгээд маргалдаж муудалцсан юм...” гэж /хавтаст хэргийн 60-61-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

-Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгэтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 35-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 38-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 39-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ******** 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1340 дугаартай дүгнэлтээр хохирогч *********** биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.   

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч *********** нүүр рүү гараараа цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ***** нь баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч ****** бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч ***** гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэгт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийг 2-3 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан талаар мэдүүлдэг. Бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ тодорхой хэмжээгээр дүгнэлт хийж байгаа гэж ойлгож байгаа. Дундговь аймагт оршин суух хаягтай боловч ажил хөдөлмөр хийхээр Улаанбаатар хотод ахындаа амьдарч байгаа. Хувиараа барилгын ажил хийдэг. Дансаар мөнгөө авдаггүй, бэлнээр цалингаа авдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял  өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ******** гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч ******** хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар мэдүүлсэн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ******** оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА