| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0220/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/268 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/268
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03866 0132 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овгийн Э.П , 1982 оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгалийн аялал жуулчлалын хөтөч менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.П нь 2022 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө 02 цаг 35 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын *** дүгээр байрны гадна байрлах М-10 СӨХ-ны эзэмшлийн автомашины хаалтыг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М овгийн Э.П нь 2022 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө 02 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын *** дүгээр байрны гадна байрлах М-10 СӨХ-ны эзэмшлийн автомашины хаалтыг гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,150,000.0 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага мэдээллийн хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал);
- Хохирогч Б.М-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 9 дүгээр байрны 2 талд байх автомашины зогсоолын хаалтыг албан ёсоор “М-10” СӨХ буюу би хариуцдаг. 2022 оны 09 дүгээр сарын 20-нд СӨХ-ны даргын ажил авснаас хойш 2022 оны 10 дугаар сард “Э” гэх компаниар 4,000,000 төгрөгөөр хийлгүүлж байсан. Намайг ажилд авснаас хойш оршин суугчдын хүсэлтээр тус хаалтыг тавиулж байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 02 цаг 30 минутын орчим Талх чихэр ХК-ийн хажуу талын *** дугаар байрны оршин суугч П буюу П манай 9 дүгээр байрны зүүн талын автомашины зогсоолын хаалтыг дээш нь хүчээр сөхөж эвдэлж машин оруулж байгаа бичлэг байсан тул П эвдсэн байна гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал);
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...мотор эргэх механизм 800,000 төгрөг, хаалтын гар төмөр 350,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13 дахь тал);
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.П нь яллагдагчаар “... би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба би гэрээсээ гараад 10 дугаар байранд байх ах Л руу орох гээд алхаад 9 дүгээр байрны тэнд явж байхад араас машин ирээд хаалт онгойлгох чип байна уу гэхээр нь би онгойлгоод өгье гээд авто зогсоолын шар хаалтыг гараараа хүчээр дээш өргөж хаалтыг угаар нь хугалсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсны улмаас тийм үйлдэл гаргасан...” гэж (хавтаст хэргийн 25-26 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.П нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллага хохирогчийн эвдэрч, хагарсан эд зүйлсийг нийт 1,150,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 1,150,000.0 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Э.П-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч “М-10” СӨХ-ны эд зүйлсийг эвдэлж сүйтгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.П-г “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 445,000.0 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 705,000.0 төгрөгийг нэг сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн төлөөлөгч Б.М-тай харилцан тохиролцсон байгааг тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.П-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/312 тоот албан бичиг (хавтаст хэргийн 30 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 31-32 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 35-39 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Э.П-д оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосон бөгөөд хэрэв тэрээр энэхүү ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулах нь зүйтэй.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.М овгийн Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.П-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хавтаст хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ээс 705,000.0 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч “М-10” СӨХ /Б.М/-д олгосугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА