Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч А.Т,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Б.Очгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Амгалангийн Тд холбогдох эрүүгийн 2211021020039 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол ургийн овогт Амгалангийн Т, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32-14 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 5-59 тоотод түр оршин суудаг,

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо “Зүүн тасганы” 12-207 тоотод байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Буянтогтохын нүүрэн тус газар цохиж түүний биед дух, зүүн сарвуунд язарсан шарх, 2 нүдний алим, зовхи, баруун чихний ар тал, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, 2 нүдний зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.Т нь

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо “Зүүн тасганы” 12-207 тоотод байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Буянтогтохын нүүрэн тус газар цохиж түүний биед дух, зүүн сарвуунд язарсан шарх, 2 нүдний алим, зовхи, баруун чихний ар тал, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, 2 нүдний зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Буянтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11-р сарын 19-ний өдөр найз Хүрэлчулууны эхнэр Хулангийн төрсөн болсон. Тухайн өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад найз Хүрэлчулууныд очсон. Тэндээсээ гараад дэлгүүр орж нэг том “Сэнгүр” пиво аваад буцаад Хүрэлчулууны гэрт ороод авсан пивоо уугаад дуусаад. Бид юм яриад байж байтал Хүрэлчулууны эгчийнхэн хүүхэд болох Т гэх зүс мэдэх залуу гаднаас орж ирсэн. Хүрэлчулуун болон түүний эхнэр Хулан дүү Т бид нар гарч модны 2-ын тэнд байдаг “NRJ” нэртэй паб-д орсон. Тэнд дүүрэн хүнтэй сул ширээ байхгүй байна гээд бид 4 тэндээс гарч замын эсрэг талын дэлгүүр лүү орж хоёр том пиво нэг шил 0,75 граммтай “Соёрхол” архи аваад дэлгүүрээс гарч буцаад Хүрэлчулууны гэрт очсон. Бид 4 авч очсон пиво, архиа ууцгаасан. Тэгээд би тасарсан нэг сэрсэн чинь цус болсон хүнд зодуулсан байдалтай байсан. Намайг Хүрэлчулуун сэрээсэн. Би сэрэхэд гал тогооны өрөөнд Т зогссон гартаа үнс хутгадаг дэгээ төмөр барьсан байсан...” гэх /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Гэрч Ц.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болж байсан...Гэрт ирээд авч очсон архи пивоо уусан. Буянтогтох тасраад унтаад өгсөн. Нөхөр Хүрэлчулуун бид 2 унтахаар хэвтсэн, Тг Буянтогтохын хажуугаар ороод унтчих гэж хэлсэн. Тэгээд бид унтсан. Нэг сэрсэн чинь цагдаа ирсэн байсан юу болсон бэ гээд асуухад Т Буянтогтохыг зодсон байсан шат цус болсон байсан...” гэх /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Гэрч Ц.Хүрэлчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...унтаж байхад хүн орилж байгаа муудалцаж байгаа чимээ гараад би сэрсэн. Буянтогтох газар хэвтсэн Т, Буянтогтохын дээрээс нь цохиод зодож байсан би босоод тэр 2-ыг салгасан. Юу болсон гэж Тгээс асуусан. Т надад хэлэхдээ наадах чинь намайг хөх гэж байна гэж хэлээд Буянтогтохыг зодох гээд дайрахаар нь би салгасан тэр үед Буянтогтох сэргээд юу болсон яасан бэ гэж асуусан Буянтогтохын нүүр толгой цус болсон байдалтай байсан...” гэх /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №16054 дугаартай дүгнэлтэд:

Б.Буянтогтохын биед дух, зүүн сарвуунд язарсан шарх, 2 нүдний алим, зовхи, баруун чихний ар тал, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, 2 нүдний зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтлүүд байна.

Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт / хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд: “...иргэн Б.Буянтогтох нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар Зүүн тасганы 12-207 тоотод А.Тд гэгчид зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Буянтогтох нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөр тус тус 3 удаа үйлчлүүлж 273,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. 2022 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. 2023 оны 1 сард СХД-ийн ЭМТ-д үзүүлэн 17,000 төгрөгийн тусламж авсан байх тул нийт 305,000 төгрөгийг ЭМД Сангаас гарсан болох нь ЭМДЕГ-аас ирүүлсэн албан бичиг баримтуудаар тогтоогдож байх дээрх үйлчилгээний зардлыг яллагдагч А.Тгөөс гаргуулж ЭМДЕГ-ын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 04/490 дугаартай албан бичиг хавсралтын хамт  /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,

Шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Буянтогтохын мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч А.Тд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

Хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.Тээс нийт 352,000 төгрөг гаргуулж,  хохирогч Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 11-198 тоотод оршин суух, Батсүхийн Буянтогтох /РД: УШ97010310/-д 47,100 /дөчин долоон мянга нэг зуун/ төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд 305,000 /гурван зуун таван мянга/ төгрөг тус тус төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол ургийн овогт Амгалангийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Тээс нийт 352,000 төгрөг гаргуулж,  хохирогч Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 11-198 тоотод оршин суух, Батсүхийн Буянтогтох /РД: Уш97010310/-д 47,100 /дөчин долоон мянга нэг зуун/ төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд 305,000 /гурван зуун таван мянга/ төгрөг тус тус олгуулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД