Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1158

 

Я.Д-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Я.Д-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 975 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлоор Я.Д-т холбогдох эрүүгийн 1808037261059 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Я.Д-, 1988 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Я.Д- нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн задгайд оршин суух иргэн Я.Долгорсүрэнгийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ш.Мөнхсайханы шанаа руу 1 удаа цохиж, гадаа хашаан дотор нүүрэн тус газар нь гараараа болон төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Я.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Я.Д-ийн цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас долоон зуун хорин цагийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Я.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардал нь Я.Д-ийн үйлдсэн хэрэгтэй шалтгаант холбоогүй байх тул түүний 4.004.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Я.Д- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Я.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт хуулийн шаардлага хангаагүй баримт бүрдүүлж, түүндээ тулгуурлан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Урьд нь анхан шатны шүүхээс тодорхой үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байсан. Гэвч уг шийдвэрт ач холбогдол өгөөгүй, мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгаагүй. Иймээс хэргийг прокурорт буцааж эргэлзээтэй, дутуу шалгасан зүйлүүдийг бүрэн шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:

1. Шүүгдэгч Я.Д- нь талийгаачийг маш олон удаа гараараа болон төмрөөр цохиж, “Чамайг алсан ч яадаг юм” гэх зэргээр тамласан нь хөндлөнгийн гэрч С.Дэнсмаа, Б.Цагаансар нарын мэдүүлгүүд, талийгаачийн цогцост үүссэн гэмтлүүдээр нотлогдсон байхад прокурор, шүүх түүнийг хүний хацар шалбалсан төдийхнөөр буруутгасан.

2. Талийгаач ах маань тухайн айлд хорогдон байсан шалтгаан нь өөрийн алдсан гар утсаа авахын тулд байсан хэрэг. Шүүгдэгч Я.Д- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ тухайн үед бүгдээрээ нийлж архидсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүс талийгаачийн гар утсыг барьцаанд тавьж олсон мөнгөөрөө архи авч уусан байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс буюу С.Дэнсмаа, Б.Цагаансар нараас бусад хүмүүс бүгд Я.Д-ийн төрөл садан байсан. Гар утас алдагдсан гэх дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтнууд ямар нэгэн арга хэмжээ авах бус, харин “Чам шиг юманд ямар утас байдаг юм” хэмээн доромжлоод орхиод явсан байдаг. Үүнээс үзэхэд хулгайд алдсан гар утасны талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, мөн ажилдаа хариуцлагагүй хандсан цагдаагийн ажилтнуудад ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт даргалагч шүүгчээс “Хэрэг болсон өдрийн өглөө Я.Д-ийн явсан газрын маршрутыг шалга гэж буцаасан байхад яагаад шалгаагүй юм бэ” гэж асуухад прокурор ямар ч хариулт өгч чадахгүй байсан. Я.Д- тухайн өдрийн өглөө дахин архи авч уусан гэдэг. Чухам яагаад архи уух болсон, ямар нэг асуудлаас айсан уу, эсхүл зориг орох гэсэн үү гэдэг нь ойлгомжгүй.

4. Талийгаачийн дүүжлэгдсэн, боомилогдсон гэх дүр зураг нь хэмжээ, орон зайны хувьд бодит үнэнд нийцэхгүй байгаа. Тухайлбал талийгаач 178 см өндөр, боомилсон даавууны урт 64 см, дээр нь гарч зогссон гэх сээтэг 40 см, толгойн өндөр 10 см гэж үзвэл нийт 272 см байна. Харин хэрэг болсон амбаарын шалнаас тааз хүртэл нийт өндөр 220 см байна. Түүнчлэн дээр нь гарч зогссон гэх сээтэг хүн даахуйц зүйл биш байна. Иймд хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх шаардлагатай.

5. Миний бие шүүгдэгч Я.Д-ийг талийгаач ахыг маань зодож байгаад муужирсан хойно нь амьдаар нь дүүжилж амьсгал хураалгасан гэж үзэж байна. Учир нь талийгаачийн цогцост үүссэн бугалганы шарх гэмтэл, зүүн сарвууны зулгаралт зэргээс үзэхэд ах маань амь өрсөн тэмцэлдсэн байдал харагдаж байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхбатын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгийнхээ давж заалдсан гомдол, гаргасан тайлбар зэргийг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж чадаагүй. Талийгаач тухайн өглөө өөрийн гар утсаа нэхээд л зодуулаад байсан. Дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтнууд “чам шиг юманд ямар гар утас байдаг юм” гэж хэлээд авч хэлэлцэлгүй орхиод явсан байдаг. Хэрэв цагдаагийн ажилтнууд тухайн үед зодсон, зодуулсан хоёр этгээдийг авч яваад эрүүлжүүлсэн бол талийгаачийн амь нас хохирохгүй байх байсан.” гэв.

Шүүгдэгч Я.Д-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн зөрчигдсөн, ямар нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тодорхой дурдсангүй. Прокурорын зүгээс шалгавал зохих асуудлыг бүрэн шалгасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн ахыг Я.Д-т муужирч унатлаа зодуулаад, дараа нь амьдаар нь дүүжилж алсан гэж ярьдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Харин Я.Д- нь талийгаачид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогддог. Түүнчлэн Я.Д- урьд ял шийтгүүлж байгаагүй ба түүнийг шүүхийн шатнаас оргон зайлсан гэдэг шалтгаанаар таамаг төдий зүйлд тулгуурлан буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Шүүгдэгч Я.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон ба гэм буруудаа тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлын тухайд тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн зөрчигдсөн, ямар нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой дурдаагүй, таамаг төдий байдлаар бичсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсан байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч О.Энхбаяр /1хх 34-35/, С.Дэнсмаа /1хх 40-43/, Б.Цагаансар /2хх 80/, О.Батсайхан /1хх 44/, Э.Сайнбилэг /1хх 47/, Ш.Нямдорж /1хх 55-56/, Я.Долгорсүрэн /1хх 59-60/, шинжээч О.Болороо /1хх 84/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1хх 3-6, 8-10, 13-17, 2хх 48-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1760, 506 дугаартай дүгнэлтүүд /1хх 88-89, 2хх 25-27/-ийг харьцуулан судлахад:

2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 06-07 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн задгайд оршин байх хашаанд Я.Д- нь үл ялих зүйлээр шалтаглан Ш.Мөнхсайханы толгойн тус газарт гараараа болон төмрөөр цохисноос эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан ба Ш.Мөнхсайхан нь эдгээр шарх, гэмтлийг авснаас хойш 4-5 цагийн дараа тухайн хашаанд байрлах амбаар дотор нуруувч хэсгийн модонд зангидаж унжуулсан хөх өнгийн даавуугаар хоолойгоо боомилж, нас барсан байдалтай олдсон үйл баримт байна.   

Талийгаач Ш.Мөнхсайханы үхлийн шалтгааныг тогтоохоор хийсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, түүнтэй холбогдуулан өгсөн шинжээчийн тайлбар, мэдүүлэг зэргээр “...талийгаач нь хүзүүн дэх дарагдлын ором, механик амьсгал бүтэлт, дүүжлэлтийн улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас барсан. Дүүжлэгдэх үйлдлийг гадны хүчээр хийсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэжээ.

Дээрх байдлаас үзэхэд, талийгаач Ш.Мөнхсайханыг амиа хорлосон гэж шууд дүгнэх боломжгүй, өөр бусад шалтгаан байсан байж болох эргэлзээтэй нөхцөл байдлуудыг сайтар шалгах нь зүйтэй.

Тухайлбал, цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаач Ш.Мөнхсайханыг нас бараад 12-14 цаг өнгөрсөн болохыг тогтоосон бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 08 цаг 30 минутаас 10 цаг 30 минутын хооронд буюу гэрч С.Дэнсмаа, Б.Цагаансар нарыг ажилдаа явснаас хойш болсон үйл явдал, өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд Я.Д- хаана, юу хийсэн эсэх, мөн Я.Д-, талийгаач Ш.Мөнхсайхан нарын хувийн байдал, талийгаач Ш.Мөнхсайханд амиа хорлох шалтгаан нөхцөл үүсч байсан талаар холбоотой баримт, мэдээллийг бүрэн гүйцэд цуглуулж, ингэхдээ Я.Д- нь тооно туших болон давхар хазаарын зангилаа хийж чаддаг байсан эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай.

Анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 510 дугаартай шүүгчийн захирамждаа дээрх үндэслэлийг нэгэн адил дурдсанаас гадна, “...талийгаачийн гар утас алдагдсан нөхцөл байдал, энэхүү дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдын албаны үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа зэрэг нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах...” гэсэн заалтууд бүрэн биелэгдээгүй, эдгээрт төдийлөн ач холбогдол өгөөгүй байгааг дахин анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул энэ талаар бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхбатын давж заалдсан гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Я.Д-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 975 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Д-т холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Я.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН