Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/шш2021/0731

 

 

 

 

 

  2021              11               04                                            128/ШШ2021/0731      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  У.Ө

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Л.Т, Д.З, “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах, Нийслэлийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Д.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, өмгөөлөгч Г.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...БЗД-ийн Шүүхийн 2011.06.06-ны өдрийн 1322 тоот шийдвэрээр нэхэмжлэгч У.Ө, иргэн Д.У, Д.Шнараас зээлийн гэрээний үүрэгт 53.100.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, У.Өын нэр дээр өмчлөх эрхтэй байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хурааж, битүүмжлэн авч, дуудлага худалдаагаар оруулан 2012.01.31-ны өдөр Л.Тд, 2012.06.08-ны өдөр Л.Тгаас Д.Зд шилжүүлсэн бүртгэлүүд хийгдэж, улмаар Д.Згийн өргөдлөөр 2012.08.17-ны өдөр 709 тоот тушаал гарч хувийн хэргийн бүртгэлийг хаагдсан байдаг боловч хожим нь энэхүү шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус байсан болох нь тогтоогдож, У.Өын өмчлөх эрх буцаж сэргэх хууль зүйн үндэслэл бүрдсэн. Өөрөөр хэлбэл У.Ө миний газар өмчлөх эрхийг хууль бусаар хүчингүй болгосон болох нь тогтоогдсон байтал одоо бодит байдал дээр уг газар дээр орон сууцны барилгууд баригдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг сэргээх боломжгүй гэх маргаан үүсээд байгаа билээ. Бодит байдал дээр газар дээр нь орон сууцны барилгууд баригдсан хэдий ч уг газрын өмчлөх эрхийг сэргээн бүртгэснээр миний хувьд газар буюу өмчлөлийн зүйлээ бодитоор өөрөө эзэмшиж, ашиглах боломжгүй ч гэлээ Иргэний хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчлөгчийн хэрэгжүүлэх зарим эрхүүдээ хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Миний бие анх 2007 оноос Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг өмчлөх эрхтэй байсан. Улмаар БЗД-ийн Шүүхийн 2011.06.06-ны өдрийн 1322 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж , дээрх газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хурааж, битүүмжлэн авч, дуудлага худалдаагаар оруулан, 2012.01.31-ны өдөр Л.Тд бүртгэл хийгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба улмаар Л.Тгаас Д.Зд бэлэглэж 2012.06.08-ны өдөр бүртгэл хийгдэж Д.Згийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, Д.Згийн өргөдлөөр 2012.08.17-ны өдөр 709 тоот тушаал гарч хувийн бүртгэлийг хаажээ. Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20.09.11-ний өдрийн 13897 дугаар шүүгчийн захирамжаар өмнөх Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.06.06-ны өдрийн 1322 дугаартай биелэгдсэн шийдвэрийг цуцлах захирамж гарсан. Ийнхүү миний нэр дээрх өмчлөх эрхийг хүчингүй болгож, улмаар иргэн Л.Т  Д.З нарын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, цаашлаад бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлийн хувийг хэргийг хаах үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болж, биелэгдсэн шийдвэрийг цуцалсан шийдвэрүүд гарсан байхад уг шүүхийн сэргээхгүй байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр, захирамжийг биелүүлэхээс зайлсхийж байгаа хэрэг болох ба уг бүртгэлээр өмчлөх эрхтэй болсон этгээдийн хийсэн бүх хэлцлүүд хүчингүй болох нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан зарчимд нийцнэ гэж ойлгож байна .

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд өөр хариуцагч буюу Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж байгаа боловч маргаж байгаа газрын байршил нэг бөгөөд өмнө нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан захиргааны актуудын үндсэн дээр тэрхүү газартай холбоотойгоор захиргааны актыг гаргаж байгаа тул хэргийг хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Энэхүү хууль бусаар "М" ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан болохыг нэхэмжлэгч миний бие уг захиргааны хэрэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг ирүүлснээр олж мэдсэн.

Миний газар өмчлөх эрх маань сэргэсэн байхад энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа "М" ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг маань эзэмшүүлсэн нь хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй Иймд Нийслэлийн Засаг даргын 2021.02.10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжныA тоот хаягт байрлах, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 бүртгэлтэй газрыг "М” ХХК-д эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Ө нь 2007 онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, кын дүгээр гудамж,-ын А тоот байрлах гэр бүлийн хэрэгцээний 542 м.кв талбайг анх эзэмших болсон. 2007 онд иргэн н.Бээс 5 сая төгрөгийг зээлсэн зээлэхдээ газрыг барьцаалаагүй зөвхөн мөнгө зээлсэн. Иргэн н.Б нь нэхэмжлэгчид болон түүний эцэг эх хоёрт холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд 2011 онд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн шүүх 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдийн 1322 тоот шийдвэрээр нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах, төлбөрийг түүний өмчлөлийн газраар гаргуулах шийдвэр гарсан байдаг.

Энэ шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж газрыг хураах, битүүмжлэх, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явагдсан. 2012 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр н.Т**************гийн нэр дээр бүртгэгдсэн. н.Т**************гаас Д.Зд бэлэглэлийн гэрээгээр 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүртгэл хийгдэж Д.Згийн өмчлөлд шилжсэн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдийн н.Бийн нэхэмжлэлтэй 1322 тоот шийдвэр нь У.Өаас 5 сая төгрөгийг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг газраар хангуулах шийдвэр байдаг.

Энэ шийдвэр нь илт хууль бус болох нь тогтоогдож шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг 20 онд гаргасныг үндэслээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгуулан ердийн замаар дахин шийдвэрлэхээр болсон байдаг.

Дахин шийдвэрлэж 20 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1822 тоот шийдвэрээр У.Өаас 7.635.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж үл хөдлөхтэй холбоотой шаардлага хамааралгүй гэсэн шийдвэр гарсан байдаг. Энэ 7.635.000 төлбөрийг барагдуулсан нь хэрэгт авагдсан байдаг. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 9 дүрээг сарын 11-ны өдрийн 13897 дугаартай  шүүгчийн захирамжаар өмнө гарсан байсан Баянзүрх дүүргийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдийн н.Бийн нэхэмжлэлтэй 1322 дугаартай биелэгдсэн шийдвэрийг цуцлах гэсэн захирамж гарсан.

Энэ захирамжаар дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж газрыг хураах, битүүмжлэх, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа цуцлагдсан. Энэ захирамжийн дагуу У.Ө нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт миний газрыг эгүүлэн нэр дээр бүртгэж өгөх хүсэлтийг бичгээр гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “гүйцэтгэсэн шийдвэр хүчингүй болсон бол эд хөрөнгийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд олгох үеийн ханшаар төлбөр авагчаас гаргуулах” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийг журмаар сэргээнэ”, мөн хуулийн 36.2-т “иргэний газар эзэмших эрх нь шүүхийн журмаар сэргэсэн бол Улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэл болно” гэж тус тус заасан байдаг.

2002 онд үйлчилж байсан, 2018 онд одоо үйлчилж байгаа эд хөрөнгө өмчлөх эрх түүнд холбоотой бусад эрхийн тухай хуульд заасны дагуу бүртгэл өөрөө үнэн зөв  байх, бодитой, нотлох баримтад үндэслэсэн байх гэсэн Улсын бүртгэлийн энэ хууль журамд нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад Улсын бүртгэл нь шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх ажиллагаа хийсэн боловч одоо нөхцөл байдал өөрчлөгдөөд хуулийн дагуу эзэмших эрх нь байхгүй болсноор энэ ажиллагаа огт хийх ёсгүй болсон. Энэ газрыг хууль ёсоор эзэмшээгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Газрыг буцааж шилжүүлэн авах гэтэл газар дээр барилга баригдсан, орон сууцны хотхон баригдсан гэсэн тайлбарыг Улсын бүртгэлийн газраас удаа дараа өгдөг.

Гарах ёсгүй байсан шийдвэрээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн байгаа тохиолдолд өмчлөх эрхээ шүүхээр сэргээлгэх боломжтой. Нэгэнт газар дээр барилга баригдсаныг нэхэмжлэгч тал ойлгож байгаа боловч газар эзэмших өөр, өөр  субьектив эрх байгаа учир нэхэмжлэгч эрхээ сэргээлгэх боломжтой гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлттэй байна.” гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаанбаатар Баянзүрх дүүрэг 14-р хороо К гудамж, тоот гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн С.Вгийн 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан мэдүүлэг, В.Ж//-гийн төрсний гэрчилгээний хуулбар, 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, иргэний өргөдөл зэргийг үндэслэн 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэсэн байна.

2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн У.Ө //-д 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эрх шилжин бүртгэсэн байна. 2007 оны 9 сарын 18-ны өдөр иргэн С.Бтэй байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлсэн байна. НШШГГ-ын 2011 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 2/7981 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/11557 тоот албан бичгээр эрх захиран зарцуулах эрхийг сэргээж өмчлөх эрхийн гэрчилгээг албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан Л.Т //-ийн өмчлөлд шилжүүлэх тухай албан тоот ирүүлсэн байна.

2012 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 182151 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.З //-ийн өмчлөлд эрх шилжин бүртгэсэн байна. Улмаар 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг 14-р олгосон эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарыг хүчингүй болгож хувийн хороо К гудамж, тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хэрэг бүртгэлийг хаалгах хүсэлт гаргасан тул Улсын бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 тоот тушаал гаран хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

Өнөөдрийн байдлаар дээрх газар болон түүний ойр орчмын нийт 8 айлын газарт “М” ХХК-ийн газар эзэмших эрх үүсч 310 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон байна. Дээрх эд хөрөнгө нь "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарын бүртгэлийг сэргээх үндэслэлгүй байна. Мөн дээрх хуулийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М " ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дүгээр захирамжаар иргэн Д.З болон Д.Тнараас Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий 8 өмчлөлийн газрыг нэгтгэн 3978 м.кв болгон орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн A/246 дугаар захирамжаар 4177 м.кв болгон талбайн хэмжээг өөрчилж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар тухайн газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой бөгөөд "М" ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцалгүй учир газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэсэн болно. Иймд "М" ХХК-ийн газар нь бусдын газартай давхцаагүй байх ба нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Л.Т шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие 2011 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож Баянзүрх дүүргийн 14-р оороо, Кын -р гудамжны тоот хаягт байрладаг 542 метр талбайтай газрыг худалдан авч өмчлөгч нь болсон юм. Би 2012 онд иргэн Д.Зд уг газрыг худалдаж, түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Би энэ газрыг тухайн үед төрийн байгууллагаас явуулсан хууль ёсны үйл ажиллагааны хүрээнд хуулийн дагуу болж, улмаар бусдад өмчлөгч шилжүүлсэн явдал нь Шийдвэр худалдан авч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Газрын дуудлага худалдаа болж өнгөрсний дараа тус газрыг дуудлага худалдаагаар худалдсан гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн баримт бичгүүдийг үндэслэн би энэ газрын өмчлөгчөөр бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн ба тухайн бүртгэлийг хийсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хууль ёсоор явагдсан тул 2012 онд намайг өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгох ёсгүй байна. Мөн надаас уг газрыг авсан Д.Згийн нэр дээр бүртгэл хийгдэж, улмаар одоо тухайн газар дээр барилга байгууламж барьсан компанийн үйлдэл хуулийн дагуу явагдсан байна. Уг асуудал олон жилийн өмнө болж өнгөрсөн болохоор одоо энэ газрын талаар У.Ө нь гомдол, санал гаргаж байгаа нь ойлгомжгүй, 2011 онд дуудлага худалдаагаар худалдагдсан газрын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Иймд нэхэмжлэгч У.Өын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Гуравдагч этгээд Л.Т миний бие нь гадаадад ажлаар явж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул цаашид явагдах шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр миний эзгүйд явуулж өгнө үү.” гэжээ.  

Гуравдагч этгээд Д.З шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан Баянзүрх дүүргийн 14-р хороо, Кын -р гудамжны А тоот хаягт байрлах нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2012.01.31-ны өрхийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012.06.08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012.08.17-ны өдрийн 709 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын 2007.08.27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгасан шийдвэрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Иргэн Д.З миний бие нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, Кын -р гудамжны тоот хаягт байрлах газрын өмчлөгч иргэн Л.Тгаас уг газрыг 2012 оны 5 дугаар сарын 21-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч өмчлөгч болсон юм. Тухайн газар дээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны барилга барих болсон миний бие газар өмчлөх эрхээсээ татгалзаж, улмаар уг газар болон түүний ойр орчмын газар 340 айлын орон сууцны барилга баригдаж ашиглалтад орсон байгаа.

Л.Т нь уг газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас явуулсан 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2 дахь худалдан авч өмчлөгч нь болсон байсан. Л.Т нь төрийн байгууллагаас явуулсан дуудлага худалдааны үр дүнд уг газрын өмчлөгч болсон нь хууль ёсны үйл ажиллагаа байсан ба миний бие түүнээс уг газрыг шилжүүлэн авсан нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Одоо миний хувьд энэ газартай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, тухайн газар 340 айлын орон сууцны барилга баригдсанаар нийтийн эзэмшлийн газар болсон гэж ойлгож байгаа. 2012.06.08-ны өдрийн бүртгэл, миний өргөдлийн дагуу хувийн бүртгэлийг хаасан Иймд Л.Тгаас иргэн Д.Зд надад өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012.08.17-ны өдрийн 709 тоот тушаалуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, кын дүгээр гудамж,-ын А тоот газрыг иргэн н.Т**************гаас 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр худалдан авч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч өмчлөгч болсон. Тухайн газар дээр орон сууцны барилга баригдах ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байсан. Үүний дагуу барилга барих эрхээсээ татгалзсан байгаа нь үйл баримт дээр тодорхой байдаг. Энэ газар нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2 удаагийн албан дуудлага худалдаа болсон энэ дуудлага худалдаагаар иргэн н.Т************** хууль ёсны дагуу газар эзэмшсэн гэж үздэг.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгуулсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр явагдсан, тухайн үед 30 сая төгрөг аваад 2007 онд тухайн газар дээр барьцааны гэрээ хийсэн нь эрхийн Улсын бүртгэлийн албанд бүртгэгдсэн.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн 101 тоот шийдвэрт “М” ХХК-ийг хариуцагчаар татсан, газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэсэн үйл баримт байдаг. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаныг буцааж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн агуулгаас харахад 1322 дугаар шийдвэр хүчингүй болсноор түүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болох ёстой гэж яриад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр заалт нь бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоох хууль зүйн зохицуулалт биш юм.

Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ захирамжийг нэхэмжлэгч У.Ө хэзээ мэдсэн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна вэ? Дээд шүүхийн тогтоолын огноог харахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний шүүхээр яригдаад хэлэлцээд дууссан асуудлыг захиргааны шүүх хянан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү.” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны- тоот хаягт байрлах, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй байсан газрыг манай компани 2012 онд иргэн Д.Згаас худалдан авсан. Манай компани дээрх газрыг иргэн Д.Згаас худалдаж авахаас өмнө хэний өмчлөлд байсан болох, худалдаж авсны дараа маргаан гарах эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд тухайн үед газрын худалдан авахад ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан тул иргэн Д.Зд газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл 2017 оноос иргэн У.Ө нь манай компанийн иргэн Д.Згаас худалдаж авсан газрын талаар маргаж, манай компаниас газрын төлбөр нэхэмжлэх болсон.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргийг шууд хүлээгээгүй, нөгөө талаас, тухайн үед холбоотой байх бөгөөд нэг талаас, хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага энэхүү худалдаагаар худалдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан хууль тогтоомж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий байгууллагын албан ёсны мэдэгдлийг үндэслэн хөтөлсөн улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй юм. Тиймээс энэхүү шүүгчийн захирамж нь эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар маргаан бүхий газрыг худалдаж авсан иргэн Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2012.01.31-ний өдрийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх шилжүүлэн бүртгэсэн 2012.6.08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012.08.17-ны өдрийн 709 тоот тушаал, цаашлаад манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн сэргээхийн тулд дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгох нь бодит байдалд нийцэхгүй.

Өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шийдэгдсэн У.Өын нэхэмжлэлтэй, Д.З, С.Б, "М” ХХК-иудад холбогдох гэм хорын (газрын) хохиролд хариуцагч тус бүрээс 185,571,140 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гурван шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 20 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/XT20/00952 дугаар тогтоол тус тус гарсан. Шүүхийн эдгээр тогтоол, шийдвэр, магадлалд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах, нэгж талбарын агатай бичиг 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээх эсхүл газар дамжигдан худалдагдсанаас тухайн хөрөнгийн үнийг төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж үзсэн болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч У.Ө тус шүүхэд хандаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2  талбайтай, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн, эдгээр үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр “У.Ө, Д.У, Д.Шнараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бэд олгож шийдвэрийн 3 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Кын - тоотод байрлалтай, нэгж талбарын 18 дугаартай, улсын бүртгэлийн Г-2 дугаар бүхий 542 м.кв газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаж шийдвэрлэснээр уг газрыг дуудлага худалдаагаар иргэн Л.Т авч, Л.Тгаас Д.Зд шилжүүлэн бүртгэгдэж, улмаар Д.Згийн хүсэлтээр хувийн хэргийн бүртгэл хаагдсан боловч дээрхи шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус байсан болох нь тогтоогдож У.Өын өмчлөх эрх буцаж сэргэх хууль зүйн үндэслэл бүрдсэн,...хэдийгээр тухайн газар дээр орон сууцны барилгууд баригдсан хэдий ч миний газрын өмчлөх эрхийг сэргээж бүртгэснээр...өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ...” гэж тодорхойлсон

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...өнөөдрийн байдлаар дээрхи газар болон түүний ойр орчмын нийт 8 айлын газарт “М” ХХК-ийн газар эзэмших эрх үүсч 310 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон...Г-2 дугаар бүртгэлийг сэргээх үндэслэлгүй, буруутай гэж үзвэл мэдүүлэг гаргагч нь...бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж тайлбарлан, гуравдагч этгээд Л.Тгаас “...2011 онд дуудлага худалдаагаар, хууль ёсоор худалдаж авсан, газрын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж, гуравдагч этгээд Д.Згаас “...Л.Тгаас бэлэглэлийн гэрээгээр авсан, уг газар дээр ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц барихаар болсон тул өмчлөх эрхээсээ татгалзсан...,340 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон...хууль ёсны дагуу хийгдсэн бүртгэлүүд тул хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж, гуравдагч этгээд “М” ХХК-иас “...2012 онд уг газрыг иргэн Д.Згаас худалдаж авсан, 2017 оноос иргэн У.Ө маргаан үүсгэсэн, тухайн үеийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдаагаар тухайн газрыг худалдаж авсан, шилжүүлсэн бүртгэлүүд болон хувийн хэргийг хаасан тушаал нь хууль зөрчөөгүй, дээрхи үйл баримтууд нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3844 дүгээр шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон...” гэж, хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...М” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

-2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр У.Ө нь иргэн С.Вгаас БЗД-ийн 14-р хороо, Кын -******* тоот 542 м2 газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан,

-2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр С.Б, У.Ө нар зээлийн гэрээ байгуулж, С.Бээс У.Ө нь 5.000.000 төгрөгийг 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 1,8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд БЗД-ийн 14-р хороо, Кын -******* тоот 542м2, нэгж талбар-18 бүхий газрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр “У.Ө, Д.У, Д.Шнараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бэд олгож шийдвэрийн 3 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Кын - тоотод байрлалтай, нэгж талбарын 18 дугаартай, улсын бүртгэлийн Г-2 дугаар бүхий 542 м.кв газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаж шийдвэрлэсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн Шүүгчийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5425 дугаар захирамж болон 489 дүгээр “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-аар У.Ө, Д.У, С.Шнараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 53.522.910 төгрөгийг гаргуулахаар заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаанд Л.Т нь оролцож тухайн газрыг 54 020 000 төгрөгөөр худалдан авсан байна.

Үүний дараа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02 дүгээр сарын 22-ны 103 дугаар тогтоолоор тус шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр, тус шүүхийн шүүгчийн 20 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 дугаар захирамжаар дээр дурдсан, 1322 дугаар бүхий биелэгдсэн шийдвэрийг цуцалж тус тус шийдвэрлэсэн байх ба мөн тус шүүхийн 20 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаар шийдвэрээр “...хариуцагч У.Өаас 7 635 000 төгрөг, хариуцагч Д.У, С.Шнараас 38 175 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Бэд олгохоор шийдвэрлэсний дагуу У.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 09-нд төлбөрийг төлж 20 оны 6 дугаар сарын 18-ны 1822 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл баримтууд тогтоогдов.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 12 дугаар сарын 26-ны 1/11557 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт БЗД-ийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 шийдвэрийг биелүүлэхээр барьцаалсан газрыг 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  албадан дуудлага худалдаагаар Л.Т худалдан авсан тул газрын захиран зарцуулах эрхийг сэргээж, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Тгийн нэр дээр шилжүүлэхийг мэдэгдсэн болон иргэн Л.Тгаас гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14271 дугаар бүхий мэдүүлгийг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 01 дүгээр сарын 31-ний 000083316 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Л.Тд олгож, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Кын , тоот байршилтай газрыг Г-2*******дугаарт бүртгэсэн,

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1495185 дугаар мэдүүлгээр Л.Т нь уг газрыг Д.Зд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг Г-2 дугаарт  бүртгэж гэрчилгээ олгосон,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны 709 дугаар “Эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай” тушаалаар “...газрын өмчлөгч Д.З газрын өмчлөх эрхээсээ татгалзсан” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Кын , тоот 542 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт олгосон эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаасан,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3844 дугаар шийдвэрээр “М” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч У.Өын “Барьцааны гэрээг халхавчлан хийсэн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулах, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б, Д.З нараас хувь тэнцүүлэн С.Бээс 185,571,140 төгрөг, Д.Згаас 185,571,140 төгрөгийг гаргуулах, Д.З, С.Б нар нь “Санаачилга хороолол” төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй “М” ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд хулгайн төслийг төслийн эзний зөвшөөрөлгүй худалдан авсан “М” ХХК-иас 185,571,140 төгрөг, хулгайн төсөл худалдсаны гэм хорын хохиролд Д.Згаас 185,571,140 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  20 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 20 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 952 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Харин маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын захирамжийн тухайд, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжаар 18 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсны дотор “М ХХК нь Д*******ын З*******гийн өмчлөлийн нийт 3987 м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ шилжүүлэн авсан,

-Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар 50 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулсны 4-т “М” ХХК багтсан байх ба Нийслэлийн Засаг даргын, 2021 оны 02 дугаар сарын 10-ны А/82 дугаар захирамжаар “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 14-р хороонд 13******* нэгж талбарын дугаартай, 4172 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Э-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгон 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 471 дугаар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан үйл баримтууд тогтоогдов.

Нэг. Нэхэмжлэгчээс гаргасан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс бүртгэлүүдийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах шаардлагаа “...шүүхийн шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж, биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай Шүүгчийн захирамж гарсан..тул нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг сэргээн бүртгэх ёстой..., шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай...” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг “...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл...” гэж тус тус тодорхойлон, маргаан бүхий бүртгэлүүдийг хууль зөрчсөн гэх агуулгаар биш, харин хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа цуцлагдсан гэх үндэслэлээр маргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д  “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон нөхцөлд шүүх тухайн бүртгэлийг хүчингүй болгох учиртай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас, тухайлбал, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/11557 дугаар тодорхойлолтыг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн, уг тодорхойлолтоор Л.Т нь тухайн газрын дуудлага худалдаанд оролцож ялснаар шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг төлсөн нь тогтоогдсон, нөгөө талаар Л.Тгаас гаргасан өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичигт үндэслэн бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.” гэж заасантай нийцсэн, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн Л.Т нь тухайн газрын хууль ёсны өмчлөгч болохын хувьд өөрийн өмчлөлийн зүйл болох газрыг Д.Зд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, үүнийгээ Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн нь хуулийн дагуу хийгдсэн, талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ болон түүнийг гэрчилсэн нотариатын үйлдлийн хууль ёсны эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул уг гэрээг үндэслэн бүртгэсэн энэ бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.

Уг хаягт орших газар дээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 310 айлын орон сууц барихаар төлөвлөснөөр тухайн газрын хууль ёсны өмчлөгч болсон Д.З нь уг газрыг “М ХХК-д шилжүүлэн өгч, үүний үндсэн дээр Д.З нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдлөө гарган хувийн хэргийн бүртгэлийг хаалгахыг хүссэн, уг өргөдлийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалаар уг газрын хувийн хэргийн бүртгэлийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, эдгээр бүртгэл болон тушаал нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргагчаас ирүүлсэн нотлох баримтад үндэслэн хийгдсэнээс гадна мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дор дурдсан тохиолдолд өмчлөгчийн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр У.Өын нэхэмжлэлтэй, Д.З, С.Б, “М” ХХК-д тус тус холбогдох гэм хорын хохиролд хариуцагч тус бүрээс 185 571 140 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцээд У.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн 20 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 952 дугаар тогтоолоор “...хариуцагч...Д.З нар бусдын газрыг буцаан шилжүүлэх үүрэг хүлээх, улмаар газар нь дамжигдан худалдагдсанаас тухайн хөрөнгийн үнийг төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй...”  гэж дүгнэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Эдгээрээс үзвэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр У.Ө... нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бэд олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч У.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй үндэслэлээр барьцааны зүйл болох газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, уг дуудлага худалдаанд оролцсон иргэн Л.Т уг газрыг худалдан авч төлбөрийг төлж хууль ёсны өмчлөгч болсны дараа тухайн биелэгдсэн шийдвэр цуцлагдсан байх боловч энэ үйл баримт нь дээр дурдсан, 1322 дугаар бүхий хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх явцад хуульд заасан журмын дагуу шударга өмчлөгч болсон этгээдүүдийн өмчлөлд тухайн газрыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан, “У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “...У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүй”  гэдгийг “Улсын бүртгэлийн ерөнхий газрын, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/10099 дугаар албан бичиг” гэж тодруулсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын, У.Өт өгсөн, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/10099 дугаар албан бичгээр “...дуудлага худалдаагаар иргэн Л.Т нь уг газрыг худалдан авч уг газрын өмчлөгч болсон, иргэн Л.Т, Д.З нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн газар бэлэглэх гэрээг үндэслэн дээрх газрын өмчлөгч нь Д.З болсон бүртгэлийг тус тус бүртгүүлсэн байна, иргэн Д.Згаас ирүүлсэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн өмчлөлийн газар дээр орон сууцны барилга барих болсон тул газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарыг хүчингүй болгон хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна, өнөөдрийн байдлаар дээрх газар болон түүний орчмын 8 айлын газарт “М ХХК-ийн газар эзэмших эрх үүсч 310 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон, иймд уг бүртгэлийг сэргээх үндэслэлгүй” гэж мэдэгджээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын, У.Өт өгсөн, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/10099 дүгээр албан бичиг нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж дүгнэв.

Тухайлбал, уг албан бичиг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх”-ийг заасан ба 17.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.8-д “улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх” гэж заасанд нийцсэнээс гадна нэхэмжлэгчийн шаардаж буй бүртгэлийг сэргээх үндэслэлгүй нь шүүхийн энэ шийдвэрээр дүгнэгдсэн тул тухайн албан бичгийг хууль бус татгалзал гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн энэ шийдвэрээр тухайн газрын хувьд хийгдсэн бүртгэлүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн, уг газрыг нэхэмжлэгч У.Өын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлсэн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байгаа нөхцөлд хариуцагч байгууллага уг газрыг У.Өын эзэмшил, өмчлөлд шууд бүртгэх үүрэггүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл, хариуцагчийн хууль бус татгалзал гэж тодорхойлогдож буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/10099 дугаар албан бичиг нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул  2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн Г-2 дугаарын бүртгэлийг сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Гурав. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2  талбайтай, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2  талбай бүхий газар болон түүний ойр орчмын 8 айлын газрыг “М” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“М” ХХК нь тухайн газрыг 2012 онд Д.Згаас эрх шилжүүлэн авсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч энэ үйл баримтын талаар маргадаггүй ба харин Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэр хүчингүй болж биелэгдсэн шийдвэр цуцлагдсан тул миний газар өмчлөх эрхийн бүртгэл сэргээгдэх ёстой, энэ тохиолдолд миний газартай давхацсан хэсгээрээ хууль бус...” гэж тодорхойлон маргасан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно...” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга А/82 дугаар захирамжаар “М” ХХК нь иргэн Д.Згийн газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг баталгаажуулсан нь Газрын тухай хуульд заасан хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт, тухайн цаг хугацаанд уг газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлээс гарсан байсан тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Л.Тгийн хууль ёсоор өмчилж авсан газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсны дараа Д.З нь тухайн газрыг “М” ХХК-д шилжүүлэн өгсөн нь хуулийн дагуу хийгдсэн үйлдэл байх бөгөөд ийнхүү хууль ёсоор эзэмшил үүссэний дараа “...шүүхийн шийдвэр хүчингүй болсон...” гэх асуудал нь тухайн газрыг “М” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ” гэж заасныг үндэслэл болгон маргаж байх боловч хуулийн энэ заалт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдааны ялагчийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлсэн Л.Тгийн, уг өмчлөх эрхийг шилжүүлж авсан Д.Згийн болон “М” ХХК-ийн эзэмших эрхийн талаар гарсан захиргааны байгууллагуудын хууль ёсны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох зохицуулалт биш болохыг дурдах нь зүйтэй.  

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 23 дугаар зүйлийн 23.1,  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан У.Өаас гаргасан, “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Т*******ын өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах, Нийслэлийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, нэгж талбарын 18 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН