| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0801/3 |
| Дугаар | 221/МА2025/0218 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0218
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар
Гуравдагч этгээд: “Со” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хотын стандартын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2021/*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0801/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр:
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.7, 32.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2021/*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1.“..."Со" ХХК нь орон сууцны 3 барилга барьж, барилга хоорондын зай, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийг зөрчих, төслийн гол гудамж, зам баригдахаар төлөвлөгдсөн байсан талбайд барилгаа давхцуулан барих, "Б" ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хүчитгэн сайжруулсан дулааны шугамын ачааллыг нэмэгдүүлэх зэрэг зөрчил гарган "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийг цааш үргэлжлүүлэхэд саад учруулаад зогсохгүй төслийн хүрээнд газраа өгөөд орон сууцаа баригдахыг хүлээж буй иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэлд хууль шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй мөн нэхэмжлэгчийн зүгээс “Со” ХХК нь 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 037/2021 дугаартай техникийн нөхцөлд заасан "Дулааны 6в магистралын ДХ-642 дугаартай худгаас холболттой дэнжийн 1000-ийн 2ф300мм-ийн шугамаас авлагатай тухайн орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хангах шугамын үл хөдлөх тулгууртай цэгээс тусдаа салаа шугам татаж холбосон" эсэхийг бодитоор тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
2.2. "Өөрөөр хэлбэл дулаан эрчим хүчний техникийн нөхцөлийг нэхэмжлэгчид “УДС” ТӨХК-иас олгохгүй байгаа асуудал нь гуравдагч этгээдэд хариуцагчаас баталж өгсөн Архитектур төлөвлөлтийн даалгавартай хамааралгүй тус даалгавраар дулаан эрчим хүчний техникийн нөхцөлийг олгоогүй..." гэжээ. Гэтэл дулааны техникийн нөхцөлийн зөвшөөрлийг авахын тулд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хавсаргаж түүний үндсэн дээр тус зөвшөөрлийг олгодог. Мөн түүнчлэн “Со” ХХК-д олгосон 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 037/2021 дугаар Техникийн нөхцөлөөр "Дулааны ба магистралын ДХ-642 дугаар худгаас холболттой, Дэнжийн-1000 2ф300 мм шугамаас авлагатай тухайн орчмын тулгууртай цэгээс тусдаа салаа шугам татаж холбогдох холбогдох цэг байршлын схемийг тодорхойлсон. Харин “Со” ХХК-ийн дулааны шугамын салаатай шугам нь манай компанийн дулааны шугамаас авсан байх боломжтой байтал хэргийн бодит нөхцөл байдалд огтоос дүгнэлт хийгээгүй болох нь харагдаж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ" гэж заасныг зөрчин зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг хөндсөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна.
Иймд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “Хот байгуулалт, хотын стандартын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2021/*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргажээ.
1.1.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн засаг дарга нараас 2014 онд “Б” ХХК-нд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоосон байршлын ХЕТ2013-3 багцын А хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламж[1] авчээ.
1.2.Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/*** дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар[2] Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр ХЕТ-2013-3 багцын А хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Б” ХХК-ыг шалгаруулсныг батламжилсан байна.
1.3.Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газраас “Б” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ДТ**** дугаар Төмөр бетон каркасан /цутгамал/ хийцтэй, 9 давхар, үйлчилгээ 3 давхар /1-зоорьтой/ орон сууцын барилгын “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[3] олгосон байна.
1.4.Тус газраас дахин “Б” ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №ДТ**** дугаар “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/*** тоот захирамжаар батламжлагдсан “Б” ХХК-д Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт, “Дэнжийн 1000 орчим/ ХЕТ-2013-3 багцын А блок 39.7 га газрыг үндэслэн 5.2 га барилгажих талбайд орон сууц, амины орон сууц, сургууль 960 сурагч, цэцэрлэг 360 хүүхэд, эмнэлэг 120 ор, худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай орон сууц 4, 9 давхар; худалдаа үйлчилгээ, оффис 16 давхар ; амины орон сууц 2 давхар; эмнэлэг 3 давхар /зоорьтой/; сургууль, цэцэрлэг 2,4 давхар/зоорьгүй/; төмөр бетон каркасан барилга”-ын Архитектур төлөвлөлтийн даалгавар олгожээ.
1.5.Хот байгуулалт, хөгжлийн газраас “Со” ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон №МЗХ2021/*** дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[4]-т “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/***дугаар захирамжтай “Со” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1500744651 нэгж талбарын дугаартай, үйлчилгээний орон сууцны зориулалттай олгосон 4423 м.кв газрыг үндэслэн 1440 м.кв барилгажих талбайд 16 давхар хүртэл /зоорьтой/ өдөр өнжүүлэх төв, үйлчилгээний орон сууцны барилга” гэжээ.
1.6.Нэхэмжлэгч “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 244/23 дугаар албан бичгээр[5] “...“Со” ХХК-ийн орон сууцны барилга барьсан газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс бөгөөд хамгаалалтын зурвасаас 2.7 м зайд барилга байгууламжийг барьсан байгаа нь тус хууль болон дүрмийг зөрчиж байна. ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/***дугаар захирамжийн “Со” ХХК-д холбогдох хэсэг, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2021/*** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргасныг Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 01/*** дугаар албан бичгээр[6] нэхэмжлэгчид “...Мөн “Б” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79/169 дугаартай албан бичгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан иргэн Д.Дийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн ард 18642313***** нэгж талбарын дугаартай газар дээрээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлчилгээтэй орон сууц барихад татгалзах зүйлгүй талаар хүргүүлжээ. ..хяналт шалгалтын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газраас авсан хавсралтаар ирүүлсэн байр зурагт шугам сүлжээний хамгаалалтыг зөрчөөгүй талаар ирүүлсэн байна.” гэх хяналт шалгалтын хариуг хүргүүлсэн байна.
2.Нэхэмжлэгч “Б” ХХК-иас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ“...Хот байгуулалт, хотын стандартын газраас гуравдагч этгээд “Со” ХХК-д орон сууцны зориулалттай барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар өгч, манай хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн 6в магистраль шугамаас техникийн нөхцөл олгосноос шугамын ачаалал хэт ихсэж, манайх 4-р ээлжийн орон сууцны барилгадаа техникийн нөхцөл авах боломжгүйд хүрч бидний төсөл зогсоод байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
2.1.Хариуцагч захиргааны байгууллагаас “ ...“Со” ХХК-ийн нэр дээр олгогдсон 4427 м.кв газрыг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон бөгөөд илт хууль бус байх захиргааны актын шинжийг агуулаагүй, ... гуравдагч компанид олгосон газрын зориулалт анхнаасаа орон сууц, үйлчилгээний зориулалттай байсан, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зургаа батлуулж барилгын ажлаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.2.Гуравдагч этгээдийн зүгээс “...газрын зориулалт анхнаасаа орон сууц, үйлчилгээний зориулалттай байсан, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зургаа батлуулж барилгын ажлаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд “Со” ХХК нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15007***** нэгж талбарын дугаар бүхий, Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 4423 м.кв газрыг эзэмших эрхтэй бөгөөд уг газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу бусдаас шилжүүлсэн авсан болох нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж[7], Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/***дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06/1898 дугаар албан бичиг[8] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1.7-т “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах”, 32.1.8-т “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн Гурав. Инженер хайгуулын судалгааны ажил гэсэн хэсгийн 3.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, 3.3-д “Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна”, “барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг дүгнэсэн, барилга байгууламжийн хэмжээ, өндөр, давхрын тооны, тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний, хүрээлэн байгаа орчин, тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэмжээ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын, инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох боломж, техникийн нөхцөлийн, нарны тусгал, ээвэрлэлтийн шаардлагыг хангуулах, нүүр тал буюу фасадны зонхилох өнгө, дээвэр, тагтны хашлага, хаалт, материалын, инженерийн хангамжийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх” талаар тус тус тусгасныг тус дүрмийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж заажээ.
5.Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд “Со” ХХК-д олгосон “Архитектур төлөвлөлтийн даалгавар” нь маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.Нэхэмжлэгчээс маргаан бүхий Хот байгуулалт, хотын стандартын газраас “Со” ХХК-д олгосон 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2021/*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч маргааны үндэслэл нь нэхэмжлэгч “Б” ХХК-д “УДС” ТӨХК-иас дулааны техникийн нөхцөл олгохгүй байгаатай холбоотой байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.
7.Тодруулбал, Хот байгуулалт, хотын стандартын газраас гуравдагч этгээд “Со” ХХК-д Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосноос нэхэмжлэгчид олгох ёстой байсан дулааны техникийн нөхцөл олгогдохгүй гэх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...дулаан, эрчим хүчний техникийн нөхцөлийг нэхэмжлэгчид “УДС” ТӨХК-аас олгохгүй байгаа асуудал нь гуравдагч этгээдэд хариуцагчаас баталж олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавартай хамааралгүй, тус даалгавраар дулаан, эрчим хүчний шугамын техникийн нөхцөлийг олгоогүй, барилгын зураг, төсөл боловсруулах, магадлал хийлгэх, цаашлаад барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд шаардлагатай төлөвлөгөөг гаргаж бэлтгэх, барилгын зураг төсөлд шаардлагатай зүйлсийг тусгах, тухайн зураг нь уг архитектур төлөвлөлтийн даалгавартайгаа нийцсэн байх шаардлага бүхий баримт бичиг болохоос бус нэхэмжлэгчийн тодорхойлж буй уг акт гарснаар шууд нэхэмжлэгчид олгогдох ёстой байсан ус, дулааны техникийн нөхцөл олгогдох боломжгүй болсон гэж хамаатуулах, хооронд нь холбож тайлбарлах боломжгүй тул илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт үндэслэлтэй.
9.Харин нэхэмжлэгч “Б” ХХК нь “УДС” ТӨХК-иас дулааны эрчим хүчний техникийн нөхцөл олгохгүй байгаа шийдвэртэй маргаагүй.
10.“УДС” ТӨХК-иас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1269 дугаар албан бичиг[9], 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1444 дугаар албан бичиг[10], түүнд хавсарган ирүүлсэн тайлбар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/1***дугаар албан бичгээр[11] “...2016 оноос хойш Улаанбаатар хотын зүүн болон хойд байршилд барилгажилт эрчимтэй баригдсанаар дулааны хангамжийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын 10а магистралийн сүлжээ дагуудаа нийт ачаалал тулсан, шинэ эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэл шинээр нэмж техникийн нөхцөл олгохгүй байгаа. “Б” ХХК-ийн дахин төлөвлөлтийн орон сууцны барилгуудаас гадна тухайн орчмын төлөвлөлтийн барилгуудыг дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн дулааны шугам болон УДДТ нь одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байгаа болно” гэх тайлбар өгчээ.
11.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 27 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 25 дахь тал
[3] Хэргийн 2-р хавтас 229-231 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтас 38-41 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 34-35 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 108-111 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 44-45 дэх тал
[9] Хэргийн 2-р хавтас 203 дугаар тал
[10] Хэргийн 2-р хавтас 223-226 дахь тал
[11] Хэргийн 3-р хавтас 77-78 дахь тал