Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

 

 

 

 

 

    2023          03          21                                    2022/ШЦТ/188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “B” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210025860081 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ***  оны *** дүгээр сарын *** -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,***   (РД:*** ).  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвийн орчим байрлах тамхины өрөөнд иргэн *** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний зовхинд зулгаралт, дээд, доод зовхи, хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ээс: Яллах дүгнэлтэд дурдсан зүйл таарч байна. Нэмж хэлэхэд *** өөрөө ялихгүй зүйлээр шалтаглаж надад гар хүрсэн учраас маргалдаж байхад найзууд ирж салгасан. Тэр үед миний хоолой боосон, цамц урагдсан байсан. Намайг тавихгүй байсан учраас өөрийн биеийг хамгаалах гэж цохиж гэмтэл учруулсан байсан. Гэм буруугаа хүлээж байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210025860081 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “зодоон болоод байна” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

2. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухайн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

3. Хохирогч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр танил Туул болон түүний найзуудтай ажлын шугамаар Хан-Уул дүүрэгт байрлах Морьтон цогцолборт уулзаж хоолонд орж байхдаа ***аар дамжуулан  танилцаж байсан *** гэх залуутай ажил ярих гэж дуудсан. *** ганцаараа ирээд бид нартай хамт хоол идэж байгаад хамт караоке орохоор болсон. Ингээд Мишээл экспо дотор байрлах караоке ороод хэсэг сууж байтал *** *** дуудсан байсан. Удалгүй *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надтай уулзсан. Бид 2 караокены өрөөнөөс гараад ярьсан чинь *** “Чи яасан том болчихсон юм бэ, надад хэлэхгүйгээр ***тэй уулздаг болчихсон юм уу” гэх мэтчилэн сонин зүйл яриад дайраад бид 2 хэсэг зууралдаж авсан. Энэ үйл явдлын дараа *** тайвшруулж байгаад дотогшоо хамт ороод ***тэй ажил ярих байсан учраас ***д хоёулаа тамхи татах өрөө рүү оръё гээд дагуулж ороод “*** архи уучихсан ирээд сонин сонин зүйл яриад байна, бас хоёулангийх нь ярьж байсан ажил дээр чиний үнийн санал хэтэрхий өндөр байна, бага зэрэг буулгах боломж байхгүй юу гэж асуутал *** нэлээн уурласан байдалтай “Чи намайг хэн гэж бодоод байгаа юм бэ гээд дайрахаар нь нэг түлхсэн чинь хажуугаар гараад *** дуудсан. *** орж ирэхэд энэ намайг зодоод байна гэж хэлэхэд *** энэ тэнсэнтэй хулгайчийг яасан ч яадаг юм бэ гээд намайг тэвэрч авахад *** миний нүүрэн тус газарт гараараа нэлээдгүй цохисон. Энэ явдал үргэлжилж байхад Туул орж ирээд “хүүе ээ юу болоод байгаа юм бэ, болиоч” гэж хэлж салгаад бид нар тус газраас гарсан. Гадаа гарахад *** намайг энэ тэнсэнтэй муу пизда гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад Цагдаагийн байгууллага дуудсан. Ингээд бид 3 эрүүлжүүлэх саатуулах байранд орсон. *** нүүрэн тус газар гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Эмчилгээний зардал болон нэг сарын ажлын хөлс, сэтгэл санааны хохирол учруулсан, намайг гүтгэсэн, цагдаад худлаа мэдүүлэг өгсөн зэрэг зүйлүүдийг нэхэмжилж маш их гомдолтой байна. Энэ явдал гарснаас хойш нэг сар болж байна. Над руу нэг ч удаа яриагүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дахь тал),

 

4. Гэрч О.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гадуур явж байхад найз *** залгаад Хан-Уул дүүргийн Мишээл экспо дээр очиход ***, *** нар ***ын найзуудын хамт караоке дотор сууж байсан. Хэсэг сууж байгаад *** ***ийг тамхи татах өрөө рүү аваад орох үед нь хамт оръё гэсэн боловч *** намайг хүлээж бай гэж хэлсэн. Түүний дараа сууж байгаад тамхи татах өрөө рүү харахад ***ий хөл нь тамхи татах өрөөний завсраар гарчихсан хөдлөөд байхаар нь гайхаад очоод харахад *** ***ийг боочихсон зогсож байсан. Би ороод салгах гэтэл ***, *** нар харилцан зодолдож эхэлсэн. ***, *** нарыг  салгаж байх явцад ***ын хамт явж байсан эмэгтэй араас ирээд болиоч ээ гэж хэлсэн. Тэр хоёрын хэрүүл маргаан дуусаад тухайн газрын тооцоог нь төлчхөөд гадаа гарсан чинь *** ***ийг алгадаж аваад хэрүүл маргаан нь дуусахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй цагдаагийн байгууллагын албан хаагч нар ирээд ***, *** бид гурвыг эрүүлжүүлээд саатуулах байранд саатуулсан. Маргааш нь ***тай уулзсан чинь 500000 төгрөг өгчихвөл гомдол саналгүй гэж хэлсэн. *** ***ын данс руу мөнгийг нь хийсэн. *** өөрөө сонин ааштай архи дарс уухаараа зүгээр байгаа хүнийг өдөөд, үг хэлээр идээд байдаг. Тийм ч болохоор ***ийг оролдож байгаад хэрүүл маргаан үүсгэсэн гэж бодож байна. Миний зүгээс ***ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин *** *** нарыг зодолдож байхад нь салгасан. *** *** нар декилла ууж байсан. Хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр найзуудтайгаа Хан-Уул дүүрэгт байрлах хоолны газар орсон. Тухайн үед *** ирчихсэн нэг найзтайгаа ярих зүйл байсан учраас дуудчихлаа гэж хэлээд *** гэх залууг дуудсан байсан. Бид нар хоолонд орж дуусчхаад Мишээл экспо дотор байрлах караоке орсон. Тэнд сууж байхад *** гэх залуу нь ***эг дуудчихсан байсан. Ингээд ***, ***, *** 3 тамхины өрөөнд орсон. Тэгтэл гэнэт пижигнээд ирэхээр нь очоод харахад ***э, ***ыг барьчихсан *** нүүрэн тус газарт нь цохиж байгаа харагдахаар нь ***ийг боль гэж салгасан. Тухайн 3 залуу хэрэлдээд байсан бөгөөд бид нар эндээс гарч учраа ол гэж хэлээд гаргасан, хэн нэгэн нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тамхи татах өрөөнд дотор ороод харахад ***э, ***ыг барьчихсан, *** нүүрэн тус газарт нь цохиж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн №14299 дугаартай:

- Б.***ын биед зүүн нүдний зовхинд зулгаралт, дээд, доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
            - Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

7. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ***аар дамжуулан танилцаж байсан *** гэх залуу залгаад “хамтран хийх гэж байгаа ажлын талаар ярилцах зүйл байна” гээд Хан-Уул дүүрэгт байрлах хоолны газарт дуудсан. Ажил ярилцах зорилгоор тухайн хоолны газарт очиход *** 5-6 хүний хамт сууж байсан. Би ***ад “хүмүүстэй байсан юм уу, тэгвэл дараа ажил төрлөө ярья би явлаа” гэж хэлсэн чинь “зүгээр шүү дээ чамтай ярих зүйл байгаа, би энд ганцаардаад байна” гэх шалтгаанаар намайг тухайн газарт үлдээсэн. Хоолны  газарт хэсэг сууж байгаад гарцгаахаар болоод Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” дотор караоке орсон. Уг караоке ороод ***ад “*** дуудахгүй юм уу” гэж асуухад “яах юм бэ, энд сууж байгаа хүмүүстэй жаахан таарамжгүй байгаа юм” гэхээр нь “Ууж идээд сууж байж ямар хамаатай юм бэ” гэж хэлээд ***т байгаа газраа хэлсэн. *** удалгүй ирээд ***тай коридорт маргалдаад 20 гаруй минут болсон. Буцаж орж ирээд *** намайг тамхины өрөөнд ороод ир гэж хэлээд хамт ороод тамхи асаах гээд зогсож байхад *** нүүрэн тус газарт цохиод авахаар нь яаж байгаа юм бэ гэж асуухад “Чи *** энд дуудаад хажууд нь намайг доромжиллоо” гэж хэлээд дахин нүүрэн тус газарт цохисон. Цохисныхоо дараа боож аваад түжигнээд эхлэхэд тухайн газарт байсан хүмүүс мэдээд уг өрөөнд орж ирээд бид хоёрыг салгасан боловч *** намайг цохиж маажаад байхаар нь биеэ хамгаалах зорилгоор ***ыг 3 удаа цохисон. Тэгээд тухайн газрын тооцоог төлчхөөд гадаа гарсан чинь *** дахиад хэрүүл маргаан хийгээд байсан. *** цагдаагийн байгууллага дуудсан. ***, *** нар хоорондоо маргалдаад байхаар нь “Жаахан юм ууж идчихээд хэрүүл хийгээд яахав дээ, дараа нь эрүүл дээрээ ярилцаад учраа олцгоо” гэж хэлсэн. Тэгтэл *** намайг тамхи татах өрөөнд дагуулж ороод “Чи ***ын хажууд ямар том юм бэ гэж хэлээд шууд цохиод авсан. Ер нь бол *** үл ялих зүйлээс болоод уг хэрүүл маргааныг үүсгэсэн. Би биеэ хамгаалах зорилгоор ***ын нүүрэн тус газарт 3 удаа цохисон. Хэрэг болсны маргааш нь бид нар учир зүгээ ололцоод ***ад 500,000 төгрөг шилжүүлсэн. *** шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. *** орж ирэхээс өмнө цохисон үйл явдал болчихсон *** орж ирээд *** бид хоёрыг салгасан. Тухайн үед хөндүүртэй, маажсан сорви байсан. Одоо бол уг гэмтлүүд эдгэсэн ямар нэг зовуурь байхгүй байна. *** 500,000 төгрөг өгчихвөл гомдол санал байхгүй гэсэн учраас уг 500,000 төгрөгийг төлсөн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73-76 дахь тал), яллагдагч ***ий эзэмшдэг Хаан банкны 5111386708 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж басан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 79-80дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ий үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Мишээл экспо” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг караокены тамхины өрөөнд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн *** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж бие, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд зулгаралт, дээд, доод зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:  

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэнээс гаргасан дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухайн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дахь тал),

- Гэрч О.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн №14299 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

- Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн цаг хугацаанд гаргасан үйлдлээ өөрийн биеийг хамгаалах гэж цохиж гэмтэл учруулсан гэж маргасныг  үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон үйл баримтаар шүүгдэгч *** нь хохирогч Б.***ыг О.*** дуудсан байна гэж хэлсэн шалтгаанаар олон нийтийн үйлчилгээний газар хоорондоо маргалдсан, зодолдох үед хамт байсан хүмүүс болох О.***, *** нар тэднийг салгах үед шүүгдэгч *** хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. гэж хуульчилсан.

 

            Тодруулбал Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл байдаг.

            Тус хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Б.*** шүүгдэгч ***ий амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон, аюултай үйлдэл хийгээгүй, харин үүсгэсэн маргааныг таслан зогсоох зорилгоор бусдыг салгах үйлдэл хийх үед шүүгдэгч *** хохирогчийн биед халдаж байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл байна. Нөгөө талаас хохирогч Б.*** шүүгдэгчийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаагүй, шүүгдэгч нь тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт буюу өөрийн биеийг хамгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.Түүнчлэн шүүгдэгч ***ий бие эрүүл мэндэд гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй хохирогч Б.*** нь түүнийг түлхсэн цохисон гэх  үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээргүй байна.

           Иймд шүүгдэгчийн гаргасан аргагүй хамгаалалт буюу өөрийн биеийг хамгаалсан гэх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.***ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч ***, хохирогч Б.*** нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэснээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг гэсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Хохирогч Б.*** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг ирүүлээгүй ба нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн  хэдий боловч шүүгдэгч *** нь хохирол, хор уршгийн төлбөрт 500,000 төгрөгийг хохирогчид сайн дурын үндсэн дээр дансаар шилжүүлж төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,        6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ:Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5.1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.  Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид сайн дурын үндсэн дээр 500,000 төгрөг нөхөн төлсөн, ажил эрхэлдэг, цалин хөлс орлоготой, нөгөө талаас хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоож, хуульд заасан хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ий хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН