Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2758) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овогт Г.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000524 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Г.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, М** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар нийт 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил, 7 сар, 29 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, М** тоотод иргэн Б.М-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хутгаар түүний нүүр болон цээжин тус газар нь хатгаж, зүсэж, зүүн хацрын хатгагдсан шарх, хүзүүний өмнөд доод хэсгийн арьсан доогуур нэвт хавсан шарх, арьсан доорх цусан хураа зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед манай найз Ч манайд ирсэн, тэгээд пиво уугаад унтацгаасан. Маргааш нь Ч, М рүү залгаад хүрээд ир гэсэн. М ирээд намайг дэлгүүр явуулж 2 том пиво авхуулсан. 1 том пивыг нь бид гурав хувааж уусан. Би согтох гээд байхаар нь “та хоёр үлдсэнийг нь хуваагаад уучих” гэсэн чинь М “ганц удаа ирж байхад ингэлээ” гээд над руу уурласан. Би болъё гээд унтсан. Тэгэхэд М миний малгайтай цамцаар ороогоод намайг зодсон. Би юу болоод байгаа юм бэ гэхэд намайг өргөөд авч шидсэн. Би аргаа бараад шүүгээнд хутга байсан. Тэрийг аваад гарсан. Би гадаа гараад болъё гэхэд чамайг яасан ч яадаг юм бэ, худлаа хутга бариад, хутганаас чинь айхгүй гээд намайг барьж аваад хоолойноос боосон. Тэгэхэд нь би айж сандарсандаа хутгаа савсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.

Эрүүгийн 2210000000524 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14:30:26 цагт “** дугаараас манай хүү хүнд хутгалуулчихлаа, би ухаан алдаж унах гээд байна гээд нүүр нь цус болчихсон утсаар ярьсан.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

3.Эд мөрийн баримтаар хар иштэй хутгыг тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

4.Г.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

5.Б.М-ний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

6.Хохирогч Б.М-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25, 28 дугаар хуудас),

7.Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би цэргийн төв эмнэлгийн гэмтлийн эмнэл зүйн төвийн гэмтлийн эмчээр ажилладаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр жижүүрт гарч байгаа бөгөөд өдөр 16 цаг 20 минутад түргэн тусламжийн 103 дугаараар Б.М гэдэг залуу хүргэгдэн ирсэн, ирэх үедээ хүзүүндээ уян бинтээр боолттой, гадуур хувцас, хүзүү, нүүр, гар хэсэг цус болсон байдалтай ирсэн. Мөн зүүн хацар дээрээ буруу харсан шархтай шархнаас гарсан цус нь хатаад цус нь тогтсон байсан. Уг хүн нь өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Боолтыг нь аваад хэсгийн мэдээ алдуулалт тариа хийгээд шархыг үзэхэд төвөнхийн зүүн талд хошуу хэлбэрийн шархтай, төвөнхийн баруун талд 1,5см хэмжээтэй ташуу шархтай байсан бөгөөд зүүн талын шарх руу хуруугаа хийж шалгахад баруун талын шарх руу холбогдож байсан. Шархны дотор талд цус хуралт үүссэн, бага зэрэг хаван хавдартай байсан. Шарханд анхны цэгцлэлт хийж цус тогтоож гуурс байрлуулж ариун боолт хийж оёдол тавьсан. Зүүн талын шарх дээр 7, баруун талын шарх дээр 2 оёдол тавьж гуурс бэхэлсэн. Зүүн хацар дээрх шарханд 7-8 оёдол тавьсан бас цус тогтоолт хийж ариутгалын бодисоор цэвэрлэж ариун боолт хийсэн. Өвчтөний амин үзүүлэлтүүд хэвийн, артерын даралт 123х70, пульс 78, хүчилтөрөгчийн хэмжээ 96 хувь байсан бөгөөд амь насанд аюултай гэж үзэж байгаа. Хүзүүний буюу (хоолойны гадна талд) цус алдаж, хүндрэл үүсэх магадлалтай байгаа. Уг хүнийг шууд хэвтүүлэн гэсэн боловч  өөрийн хүсэлтээр эмчилгээ, үйлчилгээнээс татгалзаад ар гэр нь ирээд аваад явсан байгаа. Бидний зүгээс шаардлагатай арга хэмжээ, тусламж авч зөвлөгөө өгч явуулсан. ...Б.М гэх залуугийн ээж, ах нь ирээд маргааш хэвтүүлж болох уу гэж асуугаад уулзаад явсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

8.Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Яармагт нэг айлд архи ууж байгаад найз Б рүү залгаад би гэрээсээ гарчихсан архи дарс уугаад явж байна уулзъя гэсэн чинь Б би ажлаасаа тараад явж байна гэхээр нь за би тэгвэл би энэ хавьд хүлээгээд байж байя гэсэн. Би яармагт байсан айлаасаа Бөөдий гэх зүс мэдэх ахынхаа машинаар нь Бийн гэрт хүргүүлсэн. Тэгээд удалгүй Б ирээд бид хоёр гэрт нь орсон. Орохоосоо өмнө Б бид хоёр дэлгүүр ороод 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво гурван ширхгийг аваад хувааж уусан. Тэгээд Бийн гэрт хоноод өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө би найз Б.М рүү залгаад дуудсан хүрээд ирсэн. Б.М ирээд хоёр ширхэг том пиво авч өгөөд Б бид гурав хувааж уусан. Тэгээд бид гурав согтсон байсан бөгөөд М, Бийг наад яриа чинь болохгүй байна шүү, таалагдахгүй байна, нэг найз чинь хөлгүй болчхоод чамайг зориод ирчихсэн байна гээд маргалдаад М, Б-ийг малгайтай цамцных нь малгайг толгойгоор нь өмсүүлж боогоод зодоод байсан. Би тухайн үед орон дээр байсан бөгөөд явж босож чадахгүй байгаа юм. Би тэр хоёрт боль гэсэн чинь Б босож ирэнгүүтээ шүүгээнээсээ жижиг хутга гаргаж ирээд өмднийхөө хойд талын халаасанд хийсэн. Тэгсэн М чи намайг хутгалах гээд байгаа юм уу, чадахгүй шүү гээд үгээр идээд шарыг нь малтаад тэр хоёр маргалдаад гэрээс гараад явсан. Төд удалгүй М зүүн нүдний доод талд болон хоолойноос нь цус гарчихсан нэлээн цус болчихсон ороод ирсэн. Тэгсэн Б нөгөө хутгаараа өөрийнхөө нэг цамцыг зүсээд Мий цусыг тогтоох гээд хоолойг нь боож өгсөн. Тэгээд М сууж байгаад гараад явчихсан, удалгүй цагдаа нар ирсэн. ...Б жоохон халаад дуу дуулаад бүжиглээд байсан чинь Мий дургүй нь хүрсэн юм шиг байна лээ. Байгаа байдал чинь таалагдахгүй байна шүү, найз чинь хөлгүй болчхоод байна, яая гэж бодож байна гэх зэргээр маргалдсан. Тэгээд М Бийг зодсон. ...Би гурав гурвуулаа согтолттой байсан. ...Б хутга аваад арын халаасандаа хийсэн, тэр хоёр маргалдаад гарсан. Удалгүй М цус нөж болчихсон орж ирсэн. Миний бодлоор Б л Мий биед гэмтэл учруулсан гэж бодож байна. ...Б архи уухаар агсам, хэрүүл зодоон хийх гээд байдаг. Мөн хутга барих гээд байдаг юм. Өмнө барьж байсан удаа байдаг юм. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

9.Гэрч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Б-тэй 2021 оны 7 дугаар сард утсаар харилцаж байгаад 8 сард Хан-Уул дүүргийн ** дугаар хороо М** тоотод хамт амьдарч байгаа. Б бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Манай хүү одоо 2 настай, би барилга дээр арматурчин хийдэг, Б надтай хамт Мишээл худалдааны төвийн зүүн талын У ХХК-ийн барилгын бэлдэц дээр ажилладаг. Б нь хаана ямар хэрэг хийснийг мэдэхгүй нэг хар өнгийн шүүхийн шийдвэрийн бугуйвч гээд нэг юм зүүгээд байдаг би анхандаа цаг гэж хардаг байсан сүүлд нь мэдсэн. ...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 22:30 цагийн үед манай хүү халуураад би 103 дуудаад эмчид үзүүлэхэд эмнэлэгт оч гээд бид нар гэртээ хоноод өглөө 07:30 цагийн үед би хүүгээ дагуулаад Буянт-Ухаа 2 хорооллын урд талын эмнэлэг рүү явсан. Намайг гэрээс гарахад Б гэртээ байсан, би шөнө хүүхэд халуураад хүүхдээ аваад орсон байсан тэндээсээ гараад явсан. 4 дүгээр сарын 17-ны өдөр Б архи уугаагүй тэр өдрийн орой хамт ажлаа тараад гэрт ирээд би хүүхдээ авах гээд ээжийнд очиход хүүхэд халуураад байна гээд би тэнд хоносон. Шөнө 00:40 цагийн үед Б над руу залгаад юу хийж байна гэсэн би хүүхэд халуураад байна, чи юу хийж байна гэхэд Б ирсэн байна гэсэн, би битгий архи уугаарай маргааш ажилтай гэхэд за гэсэн, тэрнээс хойш яриагүй. Өглөө 08 цаг болж байхад Б залгаад ажилдаа явлаа гэсэн, би эмнэлэгт ирсэн байна, чи ажилдаа явж бай гэсэн чинь үгүй гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш яриагүй байж байгаад намайг эмнэлэгт байхад 15:37 цагийн үед манай ээж залгаад танай гэрийн гадаа цагдаа нар байна, чи ирж үзээ гээд би гэртээ ирэхэд цагдаа нар нь ирсэн ба Б хүн хутгалсан гээд барьсан байсан. ...Надтай хамт амьдарснаасаа хойш 1 сард ойролцоогоор нэг удаа л уудаг, уухаараа сонин муухай ааштай, агсам тавиад байдаг. 2021 оны 10 сард нэг 2022 оны 2 сард нэг удаа архи уугаад намайг зодож байсан. ...Бийн багын найз манайд 4 удаа ирж байсан. Хүннүгийн Ханбогд хороололд байдаг гэж байсан, эхлээд манайд ирэхдээ Б-тэй хамт архи ууж байгаагүй, тэрнээс хойш ирэхдээ хамт архи уудаг байсан, овог, нэр, утасны дугаарыг сайн мэдэхгүй. ...Нэг хар иштэй, жижиг нэг төө арай хүрэхгүй хутга, нэг жижиг заазуур байдаг, өөр хутга байхгүй. Жижиг заазуур нь цэнхэр цагаан өнгийн иштэй, сүүлд намайг ногоо арилгаж байхад хар иштэй хутга нь жоохон мурийсан, үзүүр нь хугараагүй хутга байгаа хоолны шүүгээний шургуулгад эсхүл ногооны саванд байдаг. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5957 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацрын өмнөд хэсэгт 3 см урт зангилаат оёдол тавьсан шархтай, бага зэрэг овойж хавдсан. Хүзүүний зүүн урд доод хэсэгт 3 см урт, хүзүүний урд доод хэсэгт 2 см урт нэвт хавж гарсан шархтай, шархаар гуурс гаргаж шпризэнд вакум үүсгэсэн. Зүүн бугалгын дунд 1/3-н дотор гадаргууд 1.5х1.5 см тод хөх өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн тасаг 22я/01261 тоот өвчний түүхэнд: Өвчний түүх нээсэн 2022.04.18 23:42. Хэвтэх үеийн онош: Хүзүүний олон шарх /S11.7/. Яаралтай тусламжийн хуудсанд: Хоолой залгихад хөндүүртэй. Нүүр болон хүзүүний хутгалагдсан шарх орчмоор өвдөнө гэнэ. ...хэсэг газрын үзлэгт: Зүүн хацарт хутгалагдсан шархтай, хүзүүний дунд зүүн хажуу талаас баруун тийш нэвт гарсан шархтай. ...шарханд хэсгийн мэдээ алдуулагчаар шалгахад хүзүүний шарханд дотор гематома үүссэн гэжээ.

1.Б.Мий биед зүүн хацрын хатгагдсан, хүзүүний өмнөд доод хэсгийн арьсан доогуур нэвт хавсан шарх, арьсан доорх цусан хураа, зүүн бугалын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн хатгах, хатгаж зүсэх үйлдлээр, мохоо зүйлийн нэг удаагийн цохих, дарах, шахах механизмаар үүснэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5955 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн хуйханд 0,5х0,4см хүрэн зулгаралт, духны зүүн хажуу дээд хэсэгт 1,3х0,3см, зүүн шанаа, хацрын төвгөр хамарсан 6,0х2,0см хүрэн ягаан зулгаралттай, бага зэрэг хавдсан. Доод уруулын дотор салстад 0,7х0,5см цайвар ногоон өнгөр бүхий язарсан шархтай. Цээжний өмнөд хэсэгт 6,0х2,0см хүрэн ягаан цус хуралттай. Биед ил харагдах өөр гэмтэлгүй гэжээ.

1.Г.Бийн биед баруун чамархайн хуйх, дух зүүн шанаа, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05/189 дугаартай:

-Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

13.Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ил харагдах зулгарсан шарх нь гараар цохиход үүсэх боломжгүй. Харин өшиглөхөд үүсэх боломж муутай. Хатуу гадаргуу дээр унах, ойчих үед үүсэх боломжтой гэмтэл. ...Дангаараа гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна. ...Цохигдох үед үүсэх боломжтой, мөн унаж ойчих үед үүсэх боломжтой гэмтэл. Уг гэмтэл нь мөн адил дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

14.Яллагдагч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

15.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

-Иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 125, 93, 135 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл 1, 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б** овогт Г.Б-ийг 03 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.Б-ийг өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 210 (хоёр зуун арван) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг ялаар дүйцүүлсэн сольсон ялын эдлээгүй үлдсэн 01 (нэг) жил 06 (зургаа) сар, 30 (гуч) хоногийн ялын үлдэгдлийг тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 19 сантиметр урттай, хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.М-д энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь олох байсан орлого болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА