Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

                                       

 

                                               

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Э.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2336000000018 дугаартай,178/2023/0054/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2, эцгийн  хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай,  регистрийн дугаар:ПА*******

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд Ц.*******тай гар утаснаас шалтгаалан маргалдаж, улмаар тус буудлын хажууд байрлах ХААН банкны гадна түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

            1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-09х/

2.ХААН банкны камерт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-06х/

3.Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед намайг зоддог залуутай утаснаас болж маргаад уг өрөөнөөс гарахад тэр залуу араас гарч ирээд захнаас боогоод байхаар нь камертай газар зод гэсэн. Тэгсэн банкны хашаан дотор намайг нүүр нүдгүй өшиглөөд байхаар нь тэр залуугийн төмсөгнөөс нь базаж байж болиулсан...” гэх мэдүүлэг/хх-42х/

3.Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн орой 2 давхраас 2 хүн зодолдсон байдалтай бууж ирсэн. 204 дүгээр өрөөнд байсан ахын нүүр цус болсон байсан.30 минутын дараа 205-ын ах орж ирээд унтсан.Өөр ямар нэгэн хэрүүл болоогүй...гэх мэдүүлэг/хх-30х/

4.Хохирогч Ц.*******ын биед учирсан гэмтэл тогтоох тухай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн “ Ц.*******ын биед зүүн талын ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт дээд эрүүний зүүн талын нэгдүгээр шүд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу талын ар хэсгийн зулгаралтын сорви, 2 гарын шууны гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх  дүгнэлт /хх-56х/

5. Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлыг тогтоосон болон ял шийтгэгдсэн эсэхийг лавласан баримтууд/хх-98-102х/

6.Хохирогч Ц.*******аас эмчилгээнд зарцуулсан баримтууд /хэргийн 111-121 дүгээр тал/ зэрэг баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид 800.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

          Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 205 дугаартай өрөөнд гар утсаа хайж ирсэн Ц.*******тай маргалдаж, улмаар тус буудлын хажууд байрлах ХААН банкны гадна түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* хохирогч Ц.*******ыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Тухайн үед хохирогч Ц.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгч Э.*******тай маргалдаж зүй бус харьцсан үйлдэл байгаа хэдий ч шүүгдэгч Э.******* нь хохирогчийн араас дагаж гарч очоод түүнийг унагаж, өшиглөж, зодож гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэх гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

 

Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.******* нь шүүхэд :“Нийт 5.744.950 төгрөгийн зардал гарснаас шүүгдэгч Э.*******аас 800,000 төгрөг хүлээж авсан.Одоо 4.944.950 төгрөгийг гаруулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх хүсэлт ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.*******аас хохирогчид 800.000 төгрөг төлсөн нь мөнгө шилжүүлсэн баримт, хохирогчийн хүсэлтээр тогтоогдсон, харин хохирогчоос гаргаж өгсөн баримтаас хохирогчийн хүүхэд Б.Бат-Оргилын Улаанбаатараас ирсэн, буцсан тийзний үнийг гаргах үндэслэлгүй мөн нотлох баримтын шаардлага хангаагүй тамга тэмдэггүй баримтуудыг хассан, хохирогчийн Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт “гавлын ба нүүрний ясны хугарал байршил-0125042” кодтой баримтад 2.736.150 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас гаргуулсан байх тул уг мөнгийг тус тус хасаж тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.*******аас 1867300 /нэг сая найман зуун жаран долоон мянга гурван зуу/  төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, хохирогч Ц.******* нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 88-р тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ын байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчид 800.000 төгрөг төлсөн. Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 900.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Э.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Э.******* нь хувиараа бизнес эрхэлдэг, улсын яллагчийн ялын саналын хувьд тайлбар байхгүй.Хохирогчид төлөх хохирлын хувьд шүүхээс тогтоосон хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх тайлбар,

Шүүхээс: Шүүгдэгч Э.*******ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөрийн заримыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон улсын яллагчийн ялын санал, хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ургийн овогт *******ын *******ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгний торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******ад тайлбарласугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.*******аас 1867300 /нэг сая найман зуун жаран долоон мянга гурван зуун/  төгрөгийг  гаргуулж хохирогч Ц.*******т олгосугай.

6. Хохирогч Ц.*******  нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС