Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 494

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Сд холбогдох

Зээлийн 4.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Сд 2014 оны 09 сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 сарыг 11-ний өдрийн хооронд нийт 10.500.000 төгрөгийг сар тутамд 10 хувийн хүүтэйгээр тохирч зээлдүүлсэн. Ингээд Д.С нь сар бүр суварган хүүтэй нь төлж байгаад хамгийн сүүлд нь үндсэн зээлийн 4.000.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Мөнгөө нэхэхээр төлнө, өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Уг мөнгийг төлөх нь үнэн гэдгээ өөрөө цаасан дээр бичиж, гарын үсэг зурсан боловч төлөхгүй байгаа учраас Д.Саас зээлж авсан үндсэн зээлийн 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Эвлэрэх боломжгүй. Би Д.Сын гуйснаар 2014 онд 10.500.000 төгрөг зээлүүлсэн нь үнэн. Энэ мөнгөө бол авсан авахдаа хүү оруулан тооцож авсан, ингээд үндсэн мөнгөнөөс 4.000.000 төгрөг дутуу төлөөгүй байсныг нь 3 удаа тайлбар, тодорхойлолт өөрөөр нь бичүүлж авсан байгаа. Энэ 4 сая төгрөгийг өгнө гэдэг боловч сүүлдээ утсаа авахгүй, зугтаагаад байсан тул шүүхэд хандсан. Би хүнд зүгээр мөнгө зээлүүлдэг хүн биш, гэр бүлийн бизнес болох ачаа тээврийн мөнгөө зүгээр байлгаж байхаар хүүтэй зээлүүлье гэж бодоод л хариуцагчид зээлүүлсэн. Бид ажил хэргийн шугамаар бие биеэ таних л хүмүүс ямар нэг дотно харилцаа холбоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...гэв.

Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор сумын 6-р багийн 1-р байрны 24 тоотод оршин суух Д.С миний бие нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие нь иргэн Тийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Д.С миний бие 10.500.000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2014 оны 09 сараас 12 сарын хооронд буцаан төлсөн байна. Иймд нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Хэрвээ төлөх ёстой бол 2.500.000 төгрөгийн нэг сарын хүүг л төлөх хүсэлтэй байна. Бидний дунд зээлийн гэрээ бичгээр байгуулж, хүү тохирсон зүйл байхгүй. Би Б.Т эгчийг танидаг болохоор байранд орох гээд урьдчилгаа хэрэгтэй болоод л зээлж аваад дор дор нь буцаан өгсөн. 4 сая төгрөгийн хүү төлөхөөр хугацаа ч болоогүй. Энэ тайлбар, тодорхойлолтуудыг надаар бичүүлэхдээ ажлын байранд ирж, даргын өрөөнд дуудуулж дарамталж байгаад бичүүлсэн. Би өөрийн хүсэл зоригоор бичээгүй. Би одоо бусдад хугацаа хэтэрсэн зээл, өр их байгаа. Дөрвөн сая төгрөг төлөх боломжгүй..гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4.000.000 гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаан үүсгэжээ.

Хариуцагч Д.С нь 2014 оны 9 сарын 3-ны өдрөөс 2014 оны 12 сарын 11-ний хооронд 10.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Тээс зээлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Д.С нь 10.500.000 төгрөгийг бүрэн төлсөн гэсэн бол нэхэмжлэгч Б.Т нь 10.500.000 төгрөгийг 2014 онд 5 удаа цуваргаж дансаар шилжүүлэн өгсөн нь үнэн, энэ мөнгөө буцаан авсан харин хүү, төлбөрт 4.000.000 төгрөг дутуу өгсөн тул энэ мөнгөө нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлох зорилгоор 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хувь, 2016 оны 05 сарын 26, 2016 оны 06 сарын 18-ны өдөр байгуулсан төлбөр төлөх тухай тодорхойлолт, баталгаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Үйл баримтаар зохигчдын дунд зээлийн гэрээ хийгдэж, 10.500.000 төгрөгийг 2014 онд зээлж, зээлдүүлсэн хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү төлбөрийг шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.С нь шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа 2014 оны 09 сарын 03-наас 2014 оны 12 сарын 11-ний хооронд 5 удаагийн үйлдлээр Б.Тийн 5247002308 дугаартай ХААН банкин дахь харилцах данснаас өөрийн 5247024004 дугаар дансаар нийт 1050.000 төгрөг шилжүүлэн авч, 2014 оны 09 сарын 17-ны өдрөөс 2014 оны 11 сарын 21-ний хооронд 10.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Тт буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

Дээрх мөнгөнд зохигчид хүү, алданги гэж төлөөгүй байх бөгөөд харин 2015 оны 04 сарын 01-ний өдөр, 2016 оны 05 сарын 26-ны өдөр, 2016 оны 06 сарын 18-ны өдрүүдэд хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Б.Тт 4 сая төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулах болохоо бичгээр илэрхийлж баталгаа, тодорхойлолт бичиж байсан байна.

Дээрх баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэвэл хариуцагч нь Б.Тээс зээлсэн 10.500.000 төгрөгийн хүү, төлбөрт 4.000.000 төгрөг төлөхөө бичгээр илэрхийлж, хүсэл зоригоо тодорхойлж байсан болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохиролцоогүй байх боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар.. гэрээ байгуулсанд тооцохоор заасан тул зохигчдын хооронд зээлийн гэрээг хүүтэй байхаар гэрээ байгуулсан гэж дүгнэв.

Үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь ажил хэргийн шугамаар бие биеэ таних танилын харилцаатай гэх бөгөөд гэр бүл төрөл садангийн холбоо байхгүй, нэхэмжлэгч нь өөрийн мөнгийг бусдад зээлж хүү тооцон ашиг олох зорилгоор мөнгө зээлүүлж байсан зэргээс үзвэл зохигчдын хооронд хүүгүй мөнгө зээлүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 3 удаа бичгээр тайлбар, тодорхойлолт гаргахдаа Бусдын дарамт шахалтаар баталгаа бичсэн, өөрийн хүсэл зоригоо сайн дураар илэрхийлээгүй гэх боловч дээрх байдал нь нотлогдохгүй, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болох зээлийн гэрээний хүү төлбөрт 4.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, хариуцагчаас 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ... гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Тийн төлсөн 78950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 78950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Саас зээлийн гэрээний үүрэг 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Тийн төлсөн 78950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамж 78950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ