Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч С.Энхням, хохирогч З.Б-гийн хууль ёсны төлөөлөгч З.Ц, түүний өмгөөлөгч С.Батнасан, хохирогч Б.У-ын хууль ёсны төлөөлөгч Д.И, иргэний хариуцагч Д.Г, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Н.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 03313 1545 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Д овгийн Ц.О, 1967 оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эмэгтэй, 53 настай, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл хоёр, нөхрийн хамт *** тоот хаягийн бүртгэлтэй боловч *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 5 жил, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 5 жил хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Монгол Улсын иргэн, Ж овгийн Р.Э, 1965 оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** Монгол Улсын зөвлөх инженер, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл гурав, нөхөр, охины хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.Э, Ц.О нар нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зарим зүйл, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн холбогдох заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-С ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт Д ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж, О****Г-т ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У З.Б-г аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Юуны өмнө прокурор хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг хоёр хүнд холбогдуулан яллах дүгнэлт бичихдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг яллагдагч тус бүрээр үйлдэл оролцоог тодорхой тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй. Тодруулбал, яллагдагч Ц.О, Р.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэх боловч үүнийг тэд бүлэглэж үйлдсэн үү, эсхүл хэн, хэнийх нь ямар үйлдлийн улмаас хэн хэний амь хохирсон шалтгаант холбоотой нь тодорхойгүй байна.

Шүүхийн хувьд хэргийн үйл баримтыг тодорхойлон бичихдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол боловсруулах аргачлал”-ын 1.4-д “эрүүгийн хэргийн товч агуулга, гэмт хэргийн шинжид хамаарч байгаа үйлдэл, үйл баримтыг ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэн бичиж, тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, ангид хамаарч байгааг дурдана.” гэж заасныг удирдлага болгов.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ц.О нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өөрийн эрхэлдэг аж ахуйн нэгж болон “Д” ХХК-ийн хариуцсан бохирын худагт өөрийн ажилтан /засварчин/-аа ажиллуулахдаа хамгаалах хэрэгсэлгүй /олс, бүс гэх мэт/, амьсгалын баггүй, гэрэлтүүлэггүй, хяналт тавих инженер ахлагч байлгаагүйн улмаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-С ХХК-ийн хашаанд байрлах бохирын худагт тус компанийн сантехникийн засварчин З.Б бохирын бөглөөс гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа угаартан ухаан алдаж, бохирын шингэн рүү унаж, амьсгал бүтэж буюу амьсгалын дээд зам шингэнээр бөглөрч нас барсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Харин шүүгдэгч Р.Э-гийн хувьд О****Г-т ажилладаг байсан бөгөөд тухайн хэрэг гарсан бохирын худаг нь тус аж ахуйн нэгжид хамаардаггүй, тухайн худагт тус байгууллагын засварчин ажил үүрэг гүйцэтгээгүй болох нь, түүнчлэн дуудлагаар очсон татуургын автомашины жолооч Д.Б-тай хамт өөрийн ажлын байрыг орхиод, зохих зөвшөөрөлгүйгээр явж байсан жолооч Б.У нь албан үүргийн хувьд бус өөрийн сайн дураар бусдын амь насыг аврах гэж бохирын худаг руу орж, улмаар мөн адил угаартаж ухаан алдан амьсгал бүтэж нас барсан болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Яллах тал. Улсын яллагч шүүгдэгч Ц.О, Р.Э нарын гэм бурууг шүүхийн өмнө нотлох байр суурьтай төрийн нэрийн өмнөөс оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- “М-С” ХХК-ийн хашаанд хүн нас барсан гэх гэмт хэрийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-26 дахь тал);

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 156-160 дахь тал);

- Хохирогч З.Ц-гийн “...Би талийгаач З.Б-гийн төрсөн дүү нь... Талийгаачид ямар нэгэн хууч өвчин байгаагүй...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр З.Б-гийн цогцост хийсэн 1426 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач нь амьсгалын дээд зам шингэнээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дахь тал);

- Хохирогч Д.И-ийн “...Миний бие Б.У нас барсан хэрэгт талийгаачийн эхнэр З.О болон талийгаачийн ээж Л.Н-гийн төрсөн дүү нь байгаа юм... Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байх би гэртээ байшиндаа бохирын цооног хийгээд байж байхад эхнэр, хүүхэдтэйгээ манайд ирж надад ажлын зөвлөгөө өгөөд гарсан. Бие нь зүв зүгээр байсан... Талийгаач дүүгийн оршуулгын зардалд ойролцоогоор 15 орчим сая төгрөг гарсан. Зарим зүйл нь баримтууд байгаа. Талийгаачийн ажлын газраас оршуулгын зардлын Б ХХК-ийн 6,900,000 төгрөгийг гаргаж өгсөн. Мөн будаалгын 1,030,000 төгрөгийг гаргаж өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл гэвэл 3 хүүхдийнх нь талаар л хэлмээр байна. Үүнийг мөнгөөр үнэлэхэд маш хэцүү байна...” гэсэн (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал); 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр талийгаач Б.У-ын цогцост хийсэн 1427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.У-ын цогцост зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн тохой, шуу, баруун ташааны зулгаралт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, баруун тохой, баруун ташааны зулгаралт (нас барсны дараа үүссэн) гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч нь амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-125 дахь тал);

- 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...З.Б, Б.У нарын үхэлд нөлөөлсөн хүчин зүйл нь техник хэрэгслийн тусламжтайгаар бохир усны худгийн бөглөөг гаргах ажил гүйцэтгэх үедээ худагт хуримтлагдсан бохир усны хорт хийнд хордож ухаан алдсаны улмаас уг худгийн бохир усанд живсэн нь үхэлд хүргэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаартай тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.1.4 (Техник ашиглалтын дүрмийг салбарын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх ус хангамж, ариутгах татуургын системийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын ажилтнууд мөрдөнө) гэж заасныг О****Г, Д ХХК нь мөрдөж ажиллах үүрэгтэй. 

А. Д ХХК-ийн захирал Ц.О нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “...Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үндэслэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд байгаа иргэн, ажилтны сургалт...” гэж, 17.3-т “...Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “...Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж, 28.1.8-т “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.  

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.17-д “Ашиглалтын байгууллага дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ: 3) тоног төхөөрөмж, шугам сүлжээ, барилга байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг тогтвортой хангах, 5) ашиглалтын явцад гарч болох гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын журмыг чанд мөрдөн ажиллах, ослын бүртгэл хөтлөх зэрэг асуудлуудыг тусгасан төлөвлөгөө боловсруулж мөрдөх” гэж, 1.3.9-т “Бие дааж ажиллах, мөн өөр ажилд (албан тушаал) шилжиж буй ажилтан дараах үүрэгтэй. 1) тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдах; 2) ажлын байран дээрх сургалтад хамрагдах; 3) энэхүү техник ашиглалтын дүрэм, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, тухайн албан тушаалд хамааралтай зааварчилгаа, дүрэм журмын шалгалт өгсөн байх” гэж, 1.5.2-т “Ашиглалтын байгууллагын захиргаа, үйлдвэр техникийн ажилтны гүйцэтгэх үүрэг: 1) ашиглалтын болон засварын ажилтны ажлыг удирдах, 10) ажилтанд техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар хичээл заах, зааварчилгаа өгөх, техникийн аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгааллын дүрмийн мөрдөлтөд байнга хяналт тавих” гэж, 3.3.6-д “Сүлжээний гадна үзлэг хийхдээ дараах ажлуудыг хийнэ. Үүнд: 4) худагт хортой хий байгаа эсэхийг багажаар хэмжих”, 3.3.8-д “Өөрийн урсгалтай сүлжээ, түүн дээрх байгууламж, тоноглолын дотор талын үзлэгийг дараах хугацаанд хийнэ: 1) үзлэгийн худаг, ослын үед ус хаях цэгийг жилд нэг удаа, 3.4.2-т “Сүлжээний урсгал засварт доорх ажлууд орно: 1) Хурдас, бохирдлоос сүлжээг цэвэрлэх, худаг угаах зэрэг сэрэмжлэх ажлууд” гэж, 3.4.3-т “Сүлжээний урьдчилан сэрэмжлэх цэвэрлэгээг гадна ба техникийн үзлэгийн үндсэн дээр боловсруулсан төлөвлөгөөний дагуу явуулах бөгөөд цэвэрлэгээний хоорондох хугацаа орон нутгийн онцлогоос хамаарах боловч жилд нэгээс доошгүй байна” гэж заасан болзошгүй техникийн аваар (худгийн суваг, хоолой бөглөрөх) болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

О****Г-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг ариулгуулах арга хэмжээ авах” гэж, 27.3.4-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

а/ Д ХХК-ийн захирал Ц.О нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасанчлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал  хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй бол энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу дээрх зөрчигдсөн хууль, дүрэм, журам зааврыг сахин хангуулж, мөрдүүлэх үүрэгтэй.

З.Б, Б.У нар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 3.4.14-т “Ариутгах татуургын сүлжээн дээрх аваар гэдэг нь хоолой, байгууламж гэнэт гэмтсэн, бөглөрч ус зайлуулах ажиллагаа тасалдсан, бохир усны ил хальж гарсан тохиолдлыг хэлнэ. Ажлын дараалал харгалзахгүйгээр аваарыг яаралтай арилгана” гэж заасны дагуу ус зайлуулах байгууламжийн худгийн суваг хоолой нь механик эд зүйл /ахуйн хог хаягдлаар/ бөглөрч гэмтсэнийг яаралтай арилгах үүрэг гүйцэтгэхээр уг дүрмийн 3.4.8-т “Өндөр даралт гаргадаг насос, урсгалын тийрэлттэй хөдөлгөөн үүсгэж хоолой дундуур багаж явуулж тунадас угаадаг сопло бүхий уян шланктай лебедкээр тоноглогдсон тусгай автоцистерн ашиглаж гидродинамик угаалга хийнэ” гэж заасан тусгай тоноглогдсон автоцистерн ашиглаж худгийн бөглөөг гаргах үедээ худагт ажиллах үедээ “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Худагт орж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-нд зааснаар амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл /амны хаалт, маск/, үзлэгийн худагт ажиллахын өмнө худагт хорт хий байгаа эсэхийг шалгана. Ингэхдээ...асаасан дэнлүү худагт хийж, хорт хий байгаа эсэхийг шалгана. Худгийг агааржуулах, хорт хийг гаргахдаа агааржуулах /агаар үлээгч, гар агааржуулагчаар агаарыг үлээлгэх/ доторх агаарыг хөдөлгөөн оруулах аргуудыг хэрэглээгүй нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.

а/ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Д ХХК-ийн эзэмшлийн бохирын цооногт 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Д ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ариутгах татуургын машины  жолооч ажилтай Б.У нар бохирын цооногт унаж нас барсан ослын шалтгаан нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.3.9-т “Бие дааж ажиллах, мөн өөр ажил /албан тушаал/ шилжиж буй ажилтан дараах үүрэгтэй. 1. Тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдах; 2. Ажлын байран дээрх сургалтад хамрагдах; 3. Энэхүү техник ашиглалтын дүрэм, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, тухайн албан тушаалд хамааралтай зааварчилгаа, дүрэм журмын шалгалт өгсөн байх” гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүйгээс ажлын байран дээрх болон ослын шалтгаан нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан  “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.3.9-т “Бие дааж ажиллах, мөн өөр ажил (албан тушаал) шилжиж буй ажилтан талаарх үүрэгтэй: 1) тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдах; 2) ажлын байран дээрх сургалтад хамрагдах; 3) энэхүү техник ашиглалтын дүрэм, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, тухайн албан тушаалд хамааралтай зааварчилгаа, дүрэм журмын шалгалт өгсөн байх” гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүйгээс ажлын байран дээрх болон ослын аюулгүй ажиллах бэлтгэл сургалт хийгдээгүй, техник аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл болсон байна.

Б/ О****Г-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/113 дугаар тушаалаар баталсан О****Г-ын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны журам”-ын 5.1-д “Ажлын өмнөх үзлэгийн хуудас /АӨҮ/ ажилд гарахын өмнө хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын нормын хувцас, гутал, эрүүл мэндийн байдал хэвийн эсэх, тухайн ажлыг хийх эрхийн үнэмлэх, шаардлагатай багаж хэрэгсэл байгаа эсэхийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд шалгуулан тэмдэглүүлнэ. Үзлэгт ороогүй ИТА-г ажилд гарахыг хориглоно” гэсэн заалт зөрчигдөж, хамгаалах хэрэгсэл”, 3.3.6-т “Сүлжээний гадна үзлэг хийхдээ дараах ажлуудыг хийнэ. Үүнд: 4) худагт хортой хий байгаа эсэхийг багажаар хэмжих/ заалтуудыг ажлын байран дээр хэрэгжүүлээгүйгээс осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл болсон байна ” гэсэн дүгнэлт. (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал);

- Шинжээч Г.Г-ийн: “...О***Г-ын захирал Ж.Б, ХАБЭА-н инженер Р.Э нар нь бохирын худагт ажиллах, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр худгийн бөглөө гаргах, аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулаагүй...” гэсэн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал);

- Гэрч З.О-ийн “...Манай нөхөр Б.У саяхан ажлынхаа шугамаар эмнэлэгт бүх шинжилгээ өгсөн. Тэгэхэд бүх шинжилгээ нь “сайн гарсан' гэж хэлж байсан. Ер нь бие өвдлөө гэж хэлж байгаагүй... Би өдөр 12 цаг өнгөрөөгөөд өөрийнхөө гар утаснаас нөхрийнхөө утас руу залгаж "хаана явж байна" гэж асуухад “хороололд ажилтай явж байна. Эргээд яръя” гээд салгасан. Энэнээс хойш дахин холбогдоогүй. Би орой ажил тарах үеэр нь 17 цагийн үед нөхрийнхөө утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Орой 19 цагийн үед манай нөхрийн ажлын дарга нь гээд манай гэрт ирж, манай нөхрийг “ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан" талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал);

- Гэрч Л.Н-ийн "...Өнөөдөр намайг харуулын үүргээ гүйцэтгээд үүдний байранд байхад 13 цаг 50 минутад гаднаас *** улсын дугаартай Ус сувгийн удирдах газрын бохир соруулдаг машин орж ирсэн. Жолооч нь гэх нэг настай ах ганцаараа байсан. Тэгээд уг машины араас явган 3 хүн ирсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал);

- Гэрч Б.Э-н “...ажилдаа ирээд байж байтал, талийгаач З.Б ах Ц.О захиралд “бохирын нэг худаг бөглөрчхөөд бохироо гаргаж чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэгсэн Ц.О захирал “бохир соруулдаг машин дуудчихъя” гэж хэлээд, утсаар яриад дуудаж байсан... Б ах бид хоёр хамт гараад М-С ХХК-ийн хашаанд байх бөглөрсөн гэх худаг руу бохир сордог машиныг аваачсан. Тухайн үед бид хоёроос гадна би танихгүй хоёр ах байсан ба нэг нь бохирын машины жолооч, нөгөөдөх нь хамт явсан хүн байсан. Тухайн үед тэр хүмүүс худгийг буудуулна гэж яриад байсан. З.Б ах хар өнгийн зориулалтын ажлын хувцас цуваа /усны гуталтай, үргэлжээрээ өмсгөл/ өмсөөд, дээгүүрээ амны хаалт, баг байхгүй бээлий өмсөөд, худаг руу эхлээд ганцаараа ороод бохирын хоолойнд бохирын машины шланкийг углаад, даавуугаар жийрэглэж, гарсан зайг нь чигжиж хийгээд, хоолойн залгасан залгаасыг хөлөөрөө жийж бариад, шатан дээр сууж байсан ба тухайн үед байсан нэг ах “чи сайн барьж байгаарай. Даралттай ус өглөө шүү” гээд машиныхаа крантыг нээж, онгойлгож, даралттай ус шахаж байгаад бөглөөс нь гаргаад их хэмжээний бохир ус /лаг/ уг хоолойгоор хүчтэй гарч эхэлсэн ба энэ үед Б ахыг дээр байсан ах “за одоо гараарай" гэж хэлсэн. Тэгээд Б ах дээшээ гарч ирж байгаад шатнаас гараа тавиад доошоо унасан. Тэгсэн чинь бохирын машинтай хамт ирсэн хөгшин ах бид 2 худгийн аман дээр байсан ба “хүн уначихлаа” гээд орилсон чинь машины жолооч ах цаанаас гүйж ирээд уг худаг руу ороод удаагүй дахиад өөрөө ухаан алдаад уначихсан...Онцгой байдлын хүмүүс шууд цаашаа хашаа даваад, уг бохирын худаг дээр очоод нэг алба хаагч дотогшоо худаг руу бэхэлгээ хийгээд орсон боловч 10 секунд болоогүй ухаан алдаад, дээр байсан алба хаагч нар олсоороо татаад гаргаад ирсэн. Тэгээд тэр ах гарч ирээд ухаан ороод “оронгуут ухаан алдаж байна. Аврах ангийг хүлээсэн нь дээр” гэж хэлсэн...Би уг компанид дагалдангаар ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ажилд томилсон тушаал гараагүй. Намайг ажилд орсноос хойш хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга гэсэн хаягтай дэвтэр дээр сантехникийн ах нар өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зурдаг ба би ажилд орсноосоо хойш 2 удаа л гарын үсэг зурсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байдаг гэсэн ба намайг ажиллаж хугацаанд ирж зааварчилгаа өгч байгаагүй. Өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураагүй. З.Б ах танилцаж гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй байна. А хотхоны чанх урд байрлах М-С ХХК-ийн хашаан дотор уг хотхоны бохирын худаг 1 худаг байрладаг ба уг худаг нь бөглөрсөн гэж байсан... Уг худгийг хэн хариуцаж хяналт тавьж ажилладаг талаар би мэдэхгүй байна. Манай компанийн орон сууцны төв конторын дарга нь Ц.О захирал, байцаагч 2, сантехникч 3, үйлчлэгч 1 ажилладаг... Уг бохирын худаг бөглөрсөн үед л ордог юм шиг байсан ба өдөр болгон ордоггүй. Би өмнө нь нэг ч удаа уг худаг руу орж байгаагүй. Намайг ажилд орсноос хойш уржигдар буюу 6 дугаар сарын 22-ны өдөр сайн өдөр намайг амарч байх үед “худаг бөглөрчихсөн. Захирал чамайг дуудаж байна” гэж Б ах над руу ярьсан. Энэ үед л 1 удаа байрныхаа урд байх хүдаг руу З.Б ах орж хоолойг нь төмөр утсаар сэтгэж, дээшээ гараад ирсэн бохирын усыг нь соруулж, М-С ХХК-ийн хашаанд байх худаг руу шланкаар соруулж байсан... Худаг руу орох үед хар өнгийн ус нэвтэрдэггүй, үргэлж усны гуталтай комбинзон өмсөж ордог. Энэ өмсгөл нь нэг ширхэг л байдаг ба ээлжид гарч байгаа слесаруүд нь худаг руу орох үедээ өмсөж ордог. Үүнээс өөр малгай, хорт хийн баг, маск, өмсгөл гэх өөр хувцас хэрэгслүүд байдаггүй. Тусгай зориулалтын баг, маск, ам хамрын хаалт хэрэглэдэггүй. Намайг ажилд орсон үеэс эхлэн амны хаалт, баг, зориулалтын маск өгч байгаагүй. Бохирын худаг руу орох үед ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Өмнө өгч байсан эсэхийг би мэдэхгүй. Уг бохирын худаг нь “4 метрийн гүнтэй ба хоолойгоор нь бохирын ус урсаж төв цэвэрлэх байгууламж руу цутгадаг” гэж З.Б ах хэлж байсан. Уг бохирын худагт зориулалтын шат байдаггүй ба тухайн үед зөөврийн шат авч ирж байрлуулсан байсан ба уг шат нь унасан зүйл байгаагүй. М-С ХХК-ийн хашаанд байгаа худгийг манай компани хариуцдаг. Би өдрийн 8 цагаар үүрэг гүйцэтгэдэг ба хагас, бүтэн сайн өдөр нь амардаг. Харин сантехникчийн слесарь нь 3 ээлжтэй ба А, З.Б, А гэх 3 хүн байдаг. А гэх хүн нь ээлжийн амралтаа аваад амарчихсан, А, З.Б 2 тулаа хийж 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг ба А ах ажилдаа ирэхгүй З.Б ах 4 өдөр дараалан үүрэг гүйцэтгэсэн. Уг худагт унасан 1 хүн нь З.Б ах байсан ба нөгөө хүнийг нь би мэдэхгүй. Манай конторт ажилладаггүй хүн байсан...Тухайн үед манай ажил дээр талийгаач З.Б, бохирын машинтай хөгшин болон залуу 2 эрэгтэй хүн бид 4 байсан. Худаг дээр ирээд талийгаач З.Б Обо цув өмсөөд бөглөөс гаргахаар бохирын худаг руу орсон. Тухайн үед бохирын машинтай жолоочтой хамт ирсэн залуу машинаасаа шланк аваад бохирын худаг руу талийгаач З.Б-гийн дээрээс өгсөн. Тухайн үед уг залуу настай жолоочийг “нөгөө худаг руу очоод байж бай" гэж хэлсэн. Тэгээд зогсож байхад талийгаач З.Б худаг дотор шланкийг бөглөрсөн хоолойнд холбоод хөлөөрөө жийж байсан. Настай жолооч ах 20-оос 30 метрийн цаана байдаг бохирын худаг руу хараад зогсож байсан ба машины хойд талд жолоочтой хамт ирсэн залуу очиж зогсоод “одоо буудууллаа шүү” гэж хэлээд бариул хөдөлгөж байгаа харагдсан. Би талийгаач З.Б-г дээрээс нь хараад зогсож байхад машины хажууд байсан залуу ирээд З.Б-гийн дээрээс хараад “сайн барьж байгаарай" гэж хэлээд зогсож байхад нөгөө худаг дээр байсан машин барьж ирсэн настай ах “болчихлоо” гээд орилсон чинь жолоочтой цуг ирсэн залуу нээсэн бариулаа очиж хаасан. Тухайн үед талийгаач З.Б шланкийг салгасан чинь нөгөө залуу дээрээс нь татаж авсан. Машины жолооч настай ах бид нар луу хүрч ирээд талийгаач З.Б луу хараад “одоо гараа” гэж хэлсэн. Тэгээд талийгаач З.Б шатаар авираад дээшээ алхаж байгаад буцаад унахаар нь би “хүн уначихлаа” гээд орилсон чинь жолоочтой хамт ирсэн ах машины хажуугаас гүйж ирээд үгийн зөрүүгүй бохирын худаг руу шатаар бууж ороод талийгаач З.Б-г аваад бас чимээгүй болоод хөдлөхөө больсон...Жолоочтой хамт ирээд нас барсан залуу усыг нээж байсан. Машин барьж ирсэн настай хүн 20-оос 30 метрийн өөр худгаас ус гарч ирэхийг хараад зогсож байсан. Жолоочтой хамт ирсэн “бохирын худаг руу ор” гэж хэн ч хэлээгүй. Би “хүн уначихлаа” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй уг залуу гүйж ирээд худаг руу орсон. Би араас нь орох гэхэд жолооч ах намайг “орж болохгүй” гээд оруулаагүй...” гэсэн мэдүүлэг. (2 дугаар хавтаст хэргийн 161 дахь тал);

- Гэрч Д.Б-ын “...орон сууцны конторын слесарь залуу очсон худаг руу орж манай машины шланкийг бохирын шугам руу чигжиж, даралттай усаар шүршсэн. Тэгээд бөглөрсөн хэсэг нь арилсан... Тэгээд надтай хамт явсан талийгаач Б.У машины шланкийг татаж авсан. Тэгээд би хоосон худаг дээр ирээд дотор байсан слесарь залууг “хурдан гар” гэж хэлээд, нөгөө слесарь залуу шатаар гарч ирж яваад, гэнэт ухаан алдаад доошоо унасан. Тэгсэн надтай хамт явсан Б.У араас нь ороод унасан слесарийг тэврээд ухаангүй болсон...Би болон талийгаач өглөө ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байгаа. Ажил үүргийн дагуу тухайн бохирын худгийг слесарь орж ажилладаг. Бид нар бол техникээр үйлчилдэг буюу машинтай ирж даралттай усаар шүршиж өгдөг. Талийгаач Б.У болон би зүгээр жолооч бөгөөд худаг руу орж ажилладаггүй. Худаг руу ороход хариуцсан инженерээс зөвшөөрөл авдаг... Бөглөрсөн бохирын шугамыг... болохгүй бол даралттай усаар шүршиж гаргадаг юм. Манай байгууллага бол хариуцсан инженерээс зөвшөөрөл авдаг. Орон сууцны контор бол өөрсдөө шийддэг юм. Намайг харж байхад талийгаач шатаар явснаа ухаан алдсан. Тэрнээс шатнаас хөл, гар алдаж унасан зүйл байхгүй. Бохирын шугам маш муухай үнэртэй хорт хийгээр дүүрсэн байдаг. Энэ үнэрт хүн ухаан алдаж унадаг. Тэгээд талийгаач угаартаад ухаан алдсан гэж бодож байна. Талийгаач Б.У-д слесарийг дотор уначихлаа гэж хэлсэн чинь шууд өөрөө бохирын шугам руу шатаар орсон. Хэн нэгэн хүн орохыг шаардаагүй. Бохирын шугам руу орсон слесарь маань дотор байсан слесарийг гаргах гэж орсон. Тэгээд өөрөө бас угаартаад унасан. Тухайн бохирын худаг нь 4 орчим метр гүнтэй 1.5 метрийн бөөрөнхий худаг байсан. Дотор нь 150 шугамтай байсан. Талийгаач унах үед бохирын шугам нээгдээд бохир урсаж байсан. Орон сууцны конторын слесарь залуу 5 орчим минут болсон. Б.У болохоор худаг руу ороод нөгөө залууд хүрээд удаагүй унасан. Бүгд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан...Би ариутгах татуургын жолооч буюу бохирын авто машины жолооч ажилтай байсан. Жолоочийн ажил үүргийн хуваарь бөглөрсөн бохирын шугамын бөглөө гаргах, гэрээт газруудын бохир соруулж, татан зайлуулах үүрэгтэй ажил юм. Ариутгах татуургын жолооч нь ганцаараа машинаа барьж очдог юм. Өөр хүн цуг явдаггүй. Бохирын хоолойг тухайн бохирын худаг хариуцсан слесарь нь орж холбодог юм. Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өглөө ажил дээр ирээд талийгаачтай таарсан. Тэгээд байж байхад талийгаач нь “би тантай хамт явж байгаад үдээс хойш би эхнэртэйгээ хамт хүнсний зүйл цуглуулахаар явна’ гэж хэлсэн. Тэгээд би хамт явахыг зөвшөөрсөн... Бид 2 цугтаа 2 газрын бохир соруулаад явж байхад над руу эмэгтэй хүн яриад 'Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны бохир бөглөрсөн. Ирээд гаргаад өг” гэж хэлсэн. Тухайн үед би “даргад хэл” гэж хэлээд, дарга Баярын утас өгсөн. Тэгээд удалгүй уг эмэгтэй над руу дахин залгаад “даргад чинь хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд Б луу залгаад асуухад “дуудлагад очоод эргээд мэдэгдээрэй” гэж хэлсэн... Талийгаач нь “би үдээс хойш хувийн ажил амжуулах гэсэн юм. Тантай цуг явж байгаа гээд дарга нарт хэлчихье” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд машиндаа суулгаад явсан... Хүн ухаан алдаад унахаар нь би сандраад олс руу гүйх хооронд талийгаач худаг руу орсон байсан. Би харсан бол оруулахгүй байсан. Мөн тухайн үед 2 хүн ухаан алдсан байхад дагалдан гэх залуу орох гэж байхад би болиулаад онцгой дуудуулсан... Бохирын худаг руу уг газрын слесарь ороод, миний машины хоолой холбож бохирыг гаргасан. Тэгээд шатаар гарч ирж байгаад ухаан алдаад худаг руу унасан. Тухайн үед талийгаач Б.У миний хажууд утсаар ярьж байсан ба би орилоод “хүн ухаан алдчихлаа" гэж хэлээд машин руу олсонд гүйсэн. Тэгээд олс аваад эргээд харахад талийгаач Б.У алга болсон байхаар нь худаг руу шагайхад худаг дотор талийгаач Б.У худаг дотор ухаан алдсан хүнийг тэврээд суучихсан байсан. Тэгээд би орилсон боловч огт хөдлөхгүй байсан...Мөн хажууд байсан онцгой албаны ангийн хүмүүс ирээд олсоор холбоод уг худаг руу орсон боловч ухаан алдаад буцаж татаж гаргаж ирсэн. Манай байгууллага нь өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг юм. Осол болдог өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Жолооч нарт худаг руу орох зөвшөөрөл байхгүй. Бид нарыг бохирын худаг руу орж болохгүй үүрэг өгдөг юм. Тухайн үед талийгаач Б.У нь худаг дээр oгт ажиллаагүй байж байхад хүн ухаан алдахад аврах гээд гүйгээд орсон. Талийгаачийг худагт ор гэж хэн ч хэлээгүй. Хүн чанарын хувьд хүн аврах гээд талийгаач ороод өөрөө эндсэн..." гэсэн мэдүүлэг. (1 дүгээр хавтаст хэргийн 95-98, 105 дахь тал);

- Гэрч Ж.П-ын “...Манай байгууллага нь гэрээгээр тохирч хөлсөөр хувийн байгууллагын бохирын бөглөө гаргах, бохир соруулах үйлчилгээ хийдэг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бохирын худаг бөглөрсөн талаар дуудлага инженер дээр ирээгүй. Шууд техник үйлчилгээний дарга Б ирсэн байсан. Гэрээнд заасны дагуу шууд Б даргад дуудлага, мэдээлэл өгч болно. Манай зөвхөн машин болон жолооч очих ёстой. Өөр хүн очихгүй. Дуудлага өгсөн байгууллага нь худагт ажиллаж, ажилтан нарыг бэлдэж өгөх ёстой. Манай зүгээс машин очиж соруулах үүрэгтэй. Бохир соруулах машины жолооч нь худагт ажиллах эрхгүй юм. Талийгаач яагаад бохирын машинд сууж очсон талаар мэдэхгүй. Манай зүгээс бохирын машин, жолоочийн хамт очих үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг . (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал);

- Гэрч Д.Б-ийн “...Жолооч нарт хариуцсан инженер Л өглөө бүр хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгч, гарын зуруулж, ажилд гаргадаг юм...хувийн орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбооноос диспетчерт захиалга өгөөд хөлсөөр бохирын авто машинаар бөглөө гаргуулдаг юм. Манай орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техник үйлчилгээний хэлтсийн авто машинууд нь зөвхөн жолоочтой явдаг юм. Өөр хүн явдаггүй. Жолооч нарт худагт ажиллах зөвшөөрөл байхгүй. Дуудлага өгсөн газрын слесарь, засварчид ажилладаг юм. Техник үйлчилгээний хэлтсийн жолооч нар зөвхөн авто машинаа хариуцдаг юм. Бүх жолооч нарт өглөө бүр зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг ба 24-ний өдөр зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан...Осол болдог өдөр Б ажиллах ёстой байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг нотлох баримт болно.

Өмгөөлөх тал. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Шинэзориг шүүгдэгч Ц.О-ыг цагаатгах байр суурьтай оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ц.О-ы гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны №94084424 дугаартай хуудас  (1 дүгээр хавтаст хэргийн 17,18 дахь тал);

- 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 20-22 дахь тал);

- 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29-30, 33-34 дэх тал);

- 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 190803313 дугаартай Хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал);

- 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн 190803313 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр түр хураан авсан амь хохирогчийн өмсөж явсан хувцас, эд зүйлийг гэрч З.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал);

- 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгаж, эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн санал (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал);

- Гэрч З.О-ийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал);

- Гэрч Л.Н-ийн “...Би 2017 оноос эхлэн М-С ХХК-ийн ээлжийн харуулаар ажиллаж байна. Өнөөдөр намайг харуулын үүргээ гүйцэтгээд үүдний байранд байхад 13 цаг 50 минутад гаднаас *** улсын дугаартай Ус сувгийн удирдах газрын бохир соруулдаг машин орж ирсэн. Жолооч нь гэх настай хүн ганцаараа байсан. Тэгээд уг машины араас явган 3 хүн ирсэн. Ус сувгийн удирдах газрын ажилтан юм шиг байсан ... уг хүмүүс хашаа руу ороод хамгийн зүүн талын худаг руу орох шиг болсон. Удалгүй нөгөө гурвын нэг нь гүйж ирээд “хүн худаг руу уначихлаа, онцгой дуудаад өг” гэхээр нь би өөрийн 94084424 гэсэн утаснаас 101 рүү залгаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал);

- Гэрч Б.Э-н мэдүүлгийг бүхэлд нь (1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дахь тал);

- Гэрч Д.Б-ын мэдүүлгийг бүхэлд нь (1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дахь тал);

- Шүүгдэгч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...Б.У нь гадуур дуудлагад явах тохиолдолд ахлах инженер Л болон ахлах инженер байхгүй  тохиолдолд дарга Б-аас ажлын үүрэг зааварчилга авч ажилд гарах ёстой. Талийгаач Б.У тэр өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гадуур тухайн ажилд гарах ёсгүй, харин тухайн дуудлагад ариутгал татуургын машины жолооч Д.Б ажиллах ёстой байсан. Тэгээд жолооч Д.Б нь хамт гадуур ажилд яваад ирье гэж хэлээд л хамт явсан байсан. Д.Б хариуцсан дарга Б-аас үүрэг зааварчилга аваад явсан байсан. Харин талийгаач Б.У ямар нэгэн үүрэг зааварчилга аваагүй...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал);

- Гэрч Ж.П-ын “...манай байгууллагад бохирын худагт ажиллах зааварчилгаа, дүрэм, журам байдаг. Дүрэм, журам батлахдаа бүх салбар, хэлтсээс санал авч газрын даргад танилцуулж дүрэм журмыг баталдаг. Бохирын худагт ариутгах татуургын засварчин /бохирын слесарь/ 2-оос доошгүй хүн ажилладаг юм. Нэг хүн худагт ажиллах явцад нэг алба хаагч нь дээрээс хяналт тавьж олсоор холбож, шаардлагатай үед татаж гаргахаар зохион байгуулагдаж ажилладаг ... Манай байгууллагад бохирын худаг бөглөрсөн талаар дуудлага ээлжийн инженерт ирэхэд жолооч машинтайгаа очдог. Тухайн салбар дээр байгаа хэсгийн инженер ашиглалтын засварчин арын 2-3 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг ... 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бохирын худаг бөглөрсөн талаар дуудлага ээлжийн инженер дээр ирээгүй. Шууд техник үйлчилгээний дарга Б-т ирсэн байсан. Гэрээнд заасны дагуу шууд Б даргад дуудлага мэдээлэл өгч болно. Манай зөвхөн машин болон жолооч очих ёстой. Өөр хүн очихгүй. Дуудлага өгсөн байгууллага нь худагт ажиллах ажилтан нарыг бэлдэж өгөх ёстой. Манай зүгээс машин очиж соруулах үүрэгтэй юм. Бохир соруулах машины жолооч нь худагт ажиллах эрхгүй юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал);

- Гэрч Д.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Би ариутгах татуургын жолооч буюу бохирын авто машины жолооч ажилтай байсан. Жолоочийн ажил үүргийн хуваарь нь бөглөрсөн бохирын шугамын бөглөө гаргах, гэрээт газруудын бохир соруулж, татан зайлуулах үүрэгтэй ажил юм. Ариутгах татуургын жолооч нь ганцаараа машинаа барьж очдог юм. Өөр хүн цуг явдаггүй. Бохирын хоолойг тухайн бохирын худаг хариуцсан слесарь нь орж холбогддог юм ... 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн өглөө би ажил дээр ирээд талийгаачтай таарсан. Тэгээд байж байхад талийгаач нь би тантай хамт явж байгаад үдээс хойш эхнэртэйгээ хамт хүнсний зүйл цуглуулахаар явна гэж хэлсэн. Тэгээд би хамт явахыг зөвшөөрсөн. Бид хоёр цуг бохир соруулаад явж байхад над руу эмэгтэй хүн яриад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны бохир бөглөрсөн. Ирээд гаргаад өг гэсэн. Тухайн үед би даргад хэл гэж хэлээд дарга Баярын утсыг өгсөн. Удалгүй нөгөө эмэгтэй дахин залгаад “даргад чинь хэлчихлээ” гэсэн. Тэгээд би Б дарга руу залгаж асуухад дуудлагад очоод эргээд мэдэгдээрэй гэсэн. Мөн манай машинууд GPS-тэй болохоор  хаанаа байгааг нь байнга мэдэж байдаг юм ... Бохирын худаг руу уг газрын слесарь залуу ороод миний машины хоолойг холбож бохирыг гаргасан. Тэгээд шатаар гарч ирж байгаад ухаан алдаад худаг руу унасан. Тухайн үед талийгаач Б.У миний хажууд утсаар ярьж байсан ба би орилоод хүн ухаан алдчихлаа гэж хэлээд машин руу олсонд гүйсэн. Олсоо аваад эргээд харахад Б.У алга болсон байхаар нь худаг руу шагайхад талийгаач худаг дотор ухаан алдсан хүнийг тэврээд суучихсан байсан. Би орилсон боловч огт хөдлөхгүй байсан. мөн хажууд байсан онцгой албаны ангийн хүмүүс ирээд олсоор холбоод уг худаг руу орсон боловч ухаан алдаад буцаж татаж гаргаж ирсэн ... Манай байгууллага нь өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг юм. Осол болдог өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Жолооч нарт худагт орох зөвшөөрөл байхгүй. Бид нарыг бохирын худаг руу орж болохгүй үүрэг өгдөг юм...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал);

- Гэрч Д.Б-ийн “...Би 1999 оноос эхлэн О****Г-т техник, үйлчилгээний хэлтэст инженер, ахлах инженерээр ажиллаж байгаад 2017 онд техник, үйлчилгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халагдсан. Манай хэлтэст ХАБЭА-н инженер байдаггүй. Жолооч нарт хариуцсан инженер Л өглөө бүр ХАБЭА-н зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж, ажилд гаргадаг. Манай хэлтэс нь Нийслэлийн орон сууцны корпорацын  орон сууцны байрнуудын бохир сордог. Мөн О****Г-н хэрэглэгчид үйлчлэх төвийн бохирын бөглөө дээр очиж ажилладаг юм. Мөн хувийн орон сууцны контор, СӨХ-оос диспетчерт захиалга өгөөд хөлсөөр бохирын авто машинаар бөглөө гаргуулдаг. Манай хэлтсийн авто машинууд нь зөвхөн жолоочтой явдаг. Дуудлага өгсөн газрын слесарь, засварчид нар ажилладаг юм. Жолооч нар зөвхөн авто машинаа хариуцдаг. Д ХХК-ийн бохир сорох зөвшөөрлийг хэн өгсөн талаар мэдэхгүй. Манай диспетчер болон надад дуудлага өгсөн асуудал байхгүй. Би Д ХХК-иас дуудлага ирсэн талаар мэдэхгүй. Мөн жолооч Д.Б-т дуудлага өгч гаргаагүй. Осол болдог өдөр жолооч Д.Б ажиллах ёстой байсан. Талийгаач өөрийн машиндаа засвар хийнэ гээд явж байсан. Талийгаач, Д.Б нар яагаад цуг явсан талаар мэдэхгүй. Жолооч ажил үүргийн хуваарийн дагуу ганцаараа явах ёстой байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал);

- Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн хариуцдаг М-С ХХК-ийн хашаанд байдаг бохирын худаг бөглөрсөн гэсэн рапортын мэдээ тайланд манай ажилчид троссоор гаднаас бөглөөсийг гаргах гэсэн боловч тросс хүрэхгүй байсан учир 2019 оны 06 дугаар сарын 24-ний өглөө О****Г-ын шуурхай дуудлагын утсанд болсон асуудлын талаар дуудлага өгсөн ба уг компанийн ажилтан бохир соруулагч машинтай ирээд манай ээлжийн засварчин дагуулаад бөглөрсөн бохирын худаг руу явсан. Тэгээд байж байтал манай ажилтан Ц.Э ирээд Б ах хажуудаа нэг хүнтэй хамт бохирын худаг руу уначихлаа гэхээр нь түргэн болон цагдаа, онцгой дуудаж мэдэгдсэн. Манайд аюулгүй ажиллагааны инженер гэж байхгүй. Харин аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурж рапортод зааварчилгаатай танилцсан талаар тэмдэглэл хөтөлдөг. Манай ажилтан өнөөдөр зааварчилгаа авсан талаар тэмдэглэл бичсэн байсан. Гэхдээ гарын үсэг зураагүй байсан. Манай компанийн зүгээс худаг руу оруулах зөвшөөрөл өгөөгүй. Худаг руу орж болохгүй талаар О****Г-ын ажилтанд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1426 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 1427 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-123 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4001 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3877 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал);

- 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал);

- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Г.Г-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал);

- 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал);

- Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал);

- Амь хохирогч З.Б-гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал);

- Д ХХК, З.Б нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 186-188 дахь тал);

- 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал);

- Комиссын акт тогтоох хурлын тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дахь тал);

- О****Г-ын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/68 дугаар “Б.У-ыг ажилд авсан тухай” тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 209 дэх тал);

- Ажлын байр, албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дахь тал);

- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, авсан, хяналт тавьсан талаарх бүртгэл (1 дүгээр хавтаст хэргийн 216-218 дахь тал);

- Аюулгүй ажиллагааны давтан зааварчилгаа өгсөн, авсан талаарх бүртгэл (1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал);

- Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл -эзэмшигч нь Ариутгах татуургын машины жолооч Б.У  (1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал);

- “О****Г”-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны журам  (1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дахь тал);

- Шүүгдэгч Ц.О-ы оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал);

- О****Г-ын Эрсдэлийн үнэлгээ хийх (1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-6 дахь тал); 

- О****Г-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Худагт орж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа (2 дугаар хавтаст хэргийн 22-24 дэх тал);

- О****Г-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 25-35 дахь тал);

- 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Эрсдэлийн үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 38-43 дахь тал);

- О****Г-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/113 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны журам батлах тухай” тушаал (2 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал);

- Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 144-148 дахь тал);

- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (2 дугаар хавтаст хэргийн 156-157, 158-160 дахь тал);

- 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Б.Э-аас дахин авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал);

- О****Г-ын Баруун түгээх төвийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 120 тоот албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал);

- О****Г-ын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6/738 дугаар албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал);

- 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрч Д.Б-аас 3 дахь удаагаа авсан мэдүүлгийн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулыг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр асуусан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал);

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Г.Г-ийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн асуусан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 31-36 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2498 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 55-58 дахь тал);

- Гэрч Ж.А-ийн “...2021 оны 06 дугаар сарын 25-ны өглөө намайг ажил дээрээ ирэхэд манай ээлжийн сантехникч З.Б бохирын худаг буудуулж байгаад ус сувгийн нэг залуутай хоёулаа нас барчихсан гэж хэлсэн юм ... манай ажил хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар өгдөггүй байсан. Ямар ч байсан өглөө ажилд ирэх үед зааварчилгааг дэвтрэн дээр биччихсэн байхаар нь уншиж танилцаад гарын үсэг зурж байсан юм. Бохирын худаг руу Д ХХК-ийн захирал Ц.О-ы зөвшөөрлөөр асууж тодруулж байгаад ордог юм. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр талийгаач З.Б ах бид хоёр бохирын бөглөө гаргах гээд хамгаалалтын цув өмсөөд бөглөөг гаргах гэсэн боловч чадаагүй юм. Тус өдөр орой ажил тарах үед захирал Ц.О бид хоёрт хандаж “нэг дэх өдөр бохирын машин авчирч буудуулна” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэрнээс өөрөөр захирал Ц.О бид хоёрт машин дуудаж бохирын бөглөө гаргах хүртэл худагт орж болохгүй гэж хэлж сануулсан зүйл байхгүй юм...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал);

- Гэрч Д.А-ын “...манай гал унтраах анги дээр өөрийн биеэр ирээд “бохирын худагт хүн уначихлаа” гэхээр нь тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар ангийн хашааны баруун талын хашааг даваад би аврах олсоор өөрийгөө бэхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн М-С ХХК-ийн хашаанд байх бохирын худаг руу харахад нэг хүн усанд живсэн, гар болон өмссөн хувцас нь цухуйж байхаар нь амьд байж магадгүй гэж бодоод дотор байсан шатан дээр нь гишгэж байгаад доошоо тонгойгоод баруун гараа сунгаад татагч дэгээгээр татах гэж байгаад өөрөө ухаан алдсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цуг аврах ажиллагаа хийж байсан алба хаагчид намайг бэхэлсэн олсоор татаж гаргаад 2 орчим минутын дараа сэрсэн гэсэн юм. Сэрэх үед миний хамраас бага зэргийн цус гарсан, дотор муухай болоод байсан юм. Тэгээд цэргийн госпиталд очиж нэг хоног хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Намайг эмч нар химийн хоронд хордсон байна гээд хордлого тайлах эмчилгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүгдэгч Р.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Ж.П-ын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал);

- Гэрч Д.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал);

- 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...З.Б, Б.У нар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 3.4.14-т “Ариутгах татуургын сүлжээн дээрх аваар гэдэг нь хоолой, байгууламж гэнэт гэмтсэн, бөглөрч ус зайлуулах ажиллагаа тасалдсан, бохир усны ил хальж гарсан тохиолдлыг хэлнэ. Ажлын дараалал харгалзахгүйгээр аваарыг яаралтай арилгана” гэж заасны дагуу ус зайлуулах байгууламжийн худгийн суваг хоолой нь механик эд зүйл /ахуйн хог хаягдлаар/ бөглөрч гэмтсэнийг яаралтай арилгах үүрэг гүйцэтгэхээр уг дүрмийн 3.4.8-т “Өндөр даралт гаргадаг насос, урсгалын тийрэлттэй хөдөлгөөн үүсгэж хоолой дундуур багаж явуулж тунадас угаадаг сопло бүхий уян шланктай лебедкээр тоноглогдсон тусгай автоцистерн ашиглаж гидродинамик угаалга хийнэ” гэж заасан тусгай тоноглогдсон автоцистерн ашиглаж худгийн бөглөөг гаргах үедээ худагт ажиллах үедээ “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Худагт орж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-нд зааснаар амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл /амны хаалт, маск/, үзлэгийн худагт ажиллахын өмнө худагт хорт хий байгаа эсэхийг шалгана. Ингэхдээ...асаасан дэнлүү худагт хийж, хорт хий байгаа эсэхийг шалгана. Худгийг агааржуулах, хорт хийг гаргахдаа агааржуулах /агаар үлээгч, гар агааржуулагчаар агаарыг үлээлгэх/ доторх агаарыг хөдөлгөөн оруулах аргуудыг хэрэглээгүй нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.

а/ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Д ХХК-ийн эзэмшлийн бохирын цооногт 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Д ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б, О****Г-ын ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У нар бохирын цооногт унаж нас барсан ослын шалтгаан нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.3.9-т “Бие дааж ажиллах, мөн өөр ажил /албан тушаал/ шилжиж буй ажилтан дараах үүрэгтэй. 1. Тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдах; 2. Ажлын байран дээрх сургалтад хамрагдах; 3. Энэхүү техник ашиглалтын дүрэм, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, тухайн албан тушаалд хамааралтай зааварчилгаа, дүрэм журмын шалгалт өгсөн байх” гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүйгээс ажлын байран дээрх болон ослын шалтгаан нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан  “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.3.9-т “Бие дааж ажиллах, мөн өөр ажил (албан тушаал) шилжиж буй ажилтан талаарх үүрэгтэй: 1) тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдах; 2) ажлын байран дээрх сургалтад хамрагдах; 3) энэхүү техник ашиглалтын дүрэм, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, тухайн албан тушаалд хамааралтай зааварчилгаа, дүрэм журмын шалгалт өгсөн байх” гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүйгээс ажлын байран дээрх болон аваар ослын аюулгүй ажиллах бэлтгэл сургалт хийгдээгүй, техник аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл болсон байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал);

- 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дахь тал);

- Ариутгах татуургын машины жолоочийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дахь тал);

- О****Г-ын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны журам”-ын  1.2, 2.2, 2.3, 5.5.1, 5.5.2 дугаар заалтууд (1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дахь тал);

- О***Г-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа. 3 дахь заалт (2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал);

- 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч Г.Гантөмөрийг асуусан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 31-36 дахь тал);

- Гэрч Ж.Б-ы мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал);

- Шүүгдэгч Р.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, О****Г-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Э-гийн ажил байдлын тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 128, 129, 130, 134,  4 дүгээр хавтаст хэргийн 137-140, 224-225 дахь тал);

- Гэрч Ж.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 92-94 дэх тал) зэрэг нотлох баримт болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-гийн эрх, хууль ёсны ашгийг дэмжиж оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал);

-Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-073/141 дугаартай “Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр тогтоож, олгуулах тухай” акт (3 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь тал) зэрэг нотлох баримт болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав Үүнд:

- 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал);

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И-ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт (4 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал) зэрэг нотлох баримт болно.

Иргэний хариуцагч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Б-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал)-ийг шинжлэн судлав.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, мөн энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ... улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан бөгөөд үйл баримтын хувьд шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд улсын яллагч, бусад оролцогч нарын шинжлэн судалсан баримтаар үйл баримтыг шинэчлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, прокурор хэргийн үйл баримт тогтоохдоо нотлох баримтын агуулгын буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, амь хохирогч Б.У нь О****Г-т ариутгах татуургын машины жолооч ажилтай бөгөөд тухайн өдөр өөрийнх нь автомашин эвдрэлтэй байсан тул ажилд гараагүй. Гэтэл тэрээр өөрийн ажлын байрыг орхин удирдлагын зөвшөөрөлгүйгээр жолооч Д.Б-тай хамт явсан, дараа нь албан үүргийн хувьд биш иргэн хүний хувиар бусдын амь насыг аврах гэж байгаад амиа алдсан болохыг улсын яллагчийн шинжлэн судалсан болон яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд мөн адил нотолсон юм. 

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ц.О, Р.Э нар нь тус бүрдээ ямар ямар үүрэгтэй байсан, тухайн үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй талаар огт тусгаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн хэнийх нь ямар эс үйлдэхүй хүний амь нас хохирсон үр дагавартай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй буюу яллах дүгнэлтийн шаардлагыг огт хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгахын оронд хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.  

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч тус бүрээр нь хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрээ тайлбарлав.  

Нэгдүгээрт. Улсын яллагчаас шүүгдэгч Р.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Р.Э үйл баримтын талаар “...Миний бие О****Г-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажилладаг. Осол болсон газрын инженерийн шугам сүлжээ бол манай удирдах газрын өмч биш. Д ХХК нь манай байгууллагатай яг ижил ажил үүрэг гүйцэтгэдэг, тусгай зөвшөөрөлтэй газар. Статусын хувьд яг ижил хоёр байгууллага юм. Нэг нь улсын байгууллага, нөгөө нь хувийн байгууллага. Тэгэхээр эзэмшилд байгаа худаг, шугам болон инженерийн ашиглалтыг тухайн хариуцаж байгаа байгууллага бүрэн хариуцах ёстой. Би бол Монгол Улсын зөвлөх инженер хүн. Тухайн осол яаж гарсан бэ. Хариуцаж байгаа инженер байгаагүй. Манай жолооч Д.Б дуудлагад явсан. Ц.О хэлэхдээ бохир ус буудуулснаас болсон гэж байна. Тийм зүйл байдаггүй юм. Шинжээчийн дүгнэлтэд ч заасан байсан. Тусгай тоноглогдсон автоцистерн манайд байгаа. Бохир соруулдаг машин ч байгаа. Техник, ашиглалтын дүрмийн 3.4.7-д заахдаа “ямар нэгэн боломжит аргын алийг ч хэрэглэж болно” гэж, мөн 3.4.2-т “...200 ... доош хоолойтой  ... цэвэрлэхдээ заавал цэвэр усаар цэвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. ...” гэсэн. Манай жолооч яг энэ аргыг хэрэглэсэн байсан. Харин яагаад хүн эрсэдсэн бэ гэхээр хуучин Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “...ээлж хоорондын ажилтан амрах ёстой. Дараалан ажиллуулж болохгүй” гэж заасан. Гэтэл талийгаач З.Б нь 4 өдөр буюу 96 цаг тасралтгүй ажилласан байдаг. Сая Ц.О хэллээ. 5 дахь өдөр бөглөрсөн гэдэг. Ингээд даваа гарагт дуудлага өгсөн. Энэ хугацаанд маш их хорт хий хуримтлагдсан байх нь тодорхой. Ийм нөхцөл байдалд ажиллаж, үүнээс болоод осол гарсан байна. Би өнөөдөр яллагдагч биш харин хохирогч болоод сууж байх ёстой. Манай байгууллага залуу сайхан ажилтнаа алдсан. Намаг буруутгаад байгаа 2 заалт байгаа. Манай байгууллага бол аюулгүй ажиллагааг маш нарийн баримталдаг. Эрсдэлтэй ажил их байдаг учир энэ тал дээр маш сайн анхаарч ажилладаг. Хэрэв тухайн газар инженер байсан бол 4,5 хоног бөглөрсөн хоолойнд хорт хий ихээр цугларсныг мэдэх учиртай. Манай дуудлагын утас 24 цаг ажилладаг. Дуудлагын танилцуулгыг өглөө бүр шуурхай дээр танилцуулдаг. Гэхдээ тухайн дуудлага манайд албан ёсоор ирээгүй...” гэж яллах дүгнэлтийг няцаан мэдүүлдэг.

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар О****Г-ын Инженерийн бодлого, хяналтын хэлтэст Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтоор О****Г-ын хэмжээнд буюу өөрийнхөө байгууллага болон харьяа 17 конторын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтийг хангуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын зохистой орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг уялдуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг байжээ.

Амь хохирогч Б.У нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхин явж байх үедээ “Д” ХХК-ийн засварчин амь хохирогч З.Б-д туслах гэж хүн чанар гарган иргэн хүний хувиар аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас барсан үр дагаварт шүүгдэгч Р.Э-г буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, үүнийг золгүй явдал буюу хууль зүйн агуулгаар учрал гэж үзнэ.

Тодруулбал, амь хохирогч Б.У нь О****Г-т ариутгах татуургын машины жолооч ажилтай боловч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байраа орхин өөр машины жолооч Д.Б-аас гуйж машинд нь сууж явсан болох нь гэрч Д.Б-ын “...Жолоочийн ажил үүргийн хуваарь бөглөрсөн бохирын шугамын бөглөө гаргах, гэрээт газруудын бохир соруулж, татан зайлуулах үүрэгтэй ба ариутгах татуургын жолооч нь ганцаараа машинаа барьж очдог, ажиллаж байх хугацаанд өөр хүн цуг явж болохгүй. Мөн бохирын хоолойг тухайн бохирын худаг хариуцсан слесарь нь орж холбодог. Талийгаач Б.У нь тухайн өдөр надтай хамт явахыг гуйсныг би зөвшөөрсөн...” гэх мэдүүлгээс тодорхой байна. Түүнчлэн, ариутгах татуургын машины жолоочийн ажлын байр нь гадна орчин бөгөөд ажил үүргийн хуваарьт нь худаг руу орж ажиллах, слесарь засварчны ажил хийх чиг үүрэг байхгүй болох нь ажил үүргийн хуваарь, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ зэргээр тогтоогдов.

Харин амь хохирогч З.Б нь “Д” ХХК-ийн засварчин бөгөөд тухайн компани нь орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй, өөрийн нутаг дэвсгэрт газрын дээрх болон доорх инженерийн байгууламжийн ашиглалт хариуцсан байгууллага байна. Иймд засварчин З.Б-гийн ажлын байрны аюулгүй байдлыг О****Г болон тус газрын албан тушаалтан хариуцах ёсгүй бөгөөд ариутгах татуургын машинаар үйлчилсэн нь бусад байгууллагын ажилтны аюулгүй байдлыг хангах үүрэг үүсгэхгүй, бусдын өмнөөс хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.  

Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Р.Э-ы үүргээ биелээгүй, болгоомжгүй үйлдэл тогтоогдсонгүй, түүний буруугаас хэн нэгэн хүний амь нас хохироогүй байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Р.Э-г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүхээс цагаатгах шийдвэр гарсан тул шүүгдэгч Р.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт.  Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.О-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр болгоомжгүйгээр хоёр хүний амь насыг хохироосон” гэж үйл баримтаа дүгнэснийг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Жич: Шүүх амь хохирогч Б.У-ыг ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь хохироогүй болохыг нотлох баримтаар тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсэн тул шүүгдэгч Ц.О-ыг мөн адил энэ хор уршигт буруутгахгүй.

Харин шүүгдэгч Ц.О нь “Д” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан буюу өөрийн хариуцсан газартаа ажлын байрны аюулгүй байдлыг сахиулж, хангуулж чадаагүйн улмаас тухайн компанийн сантехникийн засварчин ажилтай З.Б ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тул шүүгдэгч Ц.О-ыг гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр М-С ХХК-ийн хашаанд байрлах бохирын цуглуулах худаг бөглөрсөн асуудал үүссэн. Үүнийг бид өөрсдийн ажилчдын хүчээр засварлах гэж үзээд чадаагүй. Иймээс бөглөрсөн худгийг насосоор соруулж нөгөө худаг руу нь гаргах арга хэмжээ авч, ажлын өдөр дуудлага өгөхөөр болж, худаг руу хүн орж болохгүй гэх үүргийг өгөн ажил тарсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 9 цаг өнгөрөөгөөд О****Г-ын дугаар руу залгасан боловч ярьж байгаа сигнал өгөөд байсан учир тэмдэглэсэн байсан гар утас руу дуудлага өгсөн. Энэ нь жолооч Д.Б-ын утас байсан ба “манай дарга Баярт мэдэгдэх”-ийг надад хэлсэн. Үүний дагуу би Б дарга руу нь утасдаж дуудлага өгсөн ба өдөр 13 цагийн орчимд бохир соруулах машин ирсэн. Ингээд би худгийг нь заагаад өг гэж засварчиндаа хэлэхэд манай засварчин очин бөглөөг гаргасан. Манай худаг шугам дундаа бөглөрсөн байсан учир эхний худагт бохир байгаагүй. Бид бохирыг насосоор соруулж бөглөрсөн худгийн дараагийн худаг руу явуулж байсан учир нөгөө худагт нь мөн бохир байгаагүй. Бохирын машин нь манай бохирын худгийн бохирыг соруулах ёстой. Ингэх явцдаа осол гаргасан гэж яллах дүгнэлтэд дурдаад байгаа. Гэхдээ энэ машин уян шланкаар тоноглогдсон машин байгаагүй. Бид энэ машинд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн машины бүрэн бүтэн байдлыг л тодорхойлсон. Түүнээс уг машин бохироо буудуулаад, бохирын хоолой дундах бөглөөсийг гаргах машин гэх талаарх дүгнэлтийг гаргаагүй. Жолоочийн мэдүүлэгт хоёр дуудлагад явчхаад хэрэг учрал болсон газарт очсон гэж байна. Тухайн үед гадаа маш халуун байсан. Бохирын машины ёмкосьт байх бохир нь ийм цаг агаарын нөхцөлд маш их хорт хий хуримтлуулна. Энэ хортой хийтэй усаараа хүн орж, гарч байсан бохиргүй худаг руу суулгасан. Тэгэхдээ манай ажилтныг шатан дээр шланкаа сайн жийгээд байж бай гэж хэлсэн байдаг. Ерөөсөө л энэ машин өөрөө бохир соруулах л ёстой. 2-рт, цэвэр усаар буудуулах ёстой. Гэтэл бохир ачсан усаараа буудуулаад манай худагт бохир хийтэй ус орж ирсэн. Миний зүгээс ийм нөхцөлд ажиллах үүрэг даалгавар өгөөгүй. Би бол бохир соруулаад цэвэр усаар буудуулна гэж хүлээлттэй байсан ч буруу үйлдэл хийсэн учраас хоёрын хоёр хүний амь нас эрсэдсэн. Мөн дуудлагыг албан ёсоор өгөөгүй гэсэн зүйл ярьдаг. О****Г бол улсын байгууллага. Дуудлагадаа хяналт тавьдаггүй юм байх даа. Бид тэмдэглэгдсэн утсаар л дуудлага өгдөг. Түүнээс би хариуцлагаас мултрах гээд байгаа юм биш. Болсон үйл баримтыг зөвөөр тогтоож өгнө үү. Манай ажилтныг жийгээд зогсож бай гэх үүрэг даалгаврыг удирдах газрын ажилтан өгсөн байдаг...Манай байгууллага З.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ба тухайн үед хөдөлмөр, хамгааллын ажилтны гэрчилгээний хугацаа дууссан шалтгаанаар ажиллаагүй байсан. Хөдөлмөр, хамгааллын зааварчилгааг инженер болон би өөрөө уншуулж танилцуулан явж байсан. З.Б нь 5 дахь өдөр ээлжид гараад хагас бүтэн сайнд амраад 1 дэхэд гарах байсан. Хагас, бүтэн сайнд А ээлжид гарах хуваарьтай байсан. Гэхдээ хувиараа дуудлагаар ажилладаг ... манай засварчин худгаа зааж өгөх гэж л очсон...”  гэж яллах дүгнэлтийг няцаан мэдүүлдэг.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-С ХХК-ийн хашаанд байрлах цооногт бохирын хоолой бөглөрсөн ба энэ тохиолдолд “Д” ХХК уг асуудлыг хариуцан ажиллах үүрэгтэй. Учир нь, тухайн бүсэд байрлах инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хариуцах ёстой ба *** тоот хаягт байрлах “Д” ХХК бол Улаанбаатар хот дахь орон сууц ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 82 байгууллагын нэг болох нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон 00347 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал)-ээр нотлогдож байна.

Тодруулбал, “Д” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “...12.2.4. цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.5.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.6.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.7.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.8.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;...” зэрэг чиг үүргийг хариуцсан тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ажээ. 

Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар “Д” ХХК нь үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үндэслэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг томилон ажиллуулах ба аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргээ зөрчсөн байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Э-н “...хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байдаг гэсэн ч намайг ажиллаж байх хугацаанд зааварчилгаа өгч байгаагүй ... сантехникийн ах нар өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зурдаг. З.Б ах 4 өдөр дараалан үүрэг гүйцэтгэсэн ... худаг руу орох үед хар өнгийн ус нэвтэрдэггүй, үргэлж усны гуталтай, комбинезон өмсөж ордог. Энэ өмсгөл нэг ширхэг л байдаг. Үүнээс өөр малгай, хорт хийн баг, маск, өмсгөл гэх хувцас хэрэгсэл байхгүй...” гэх, гэрч Ж.А-ийн “... манай ажил хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар өгдөггүй байсан. Ямар ч байсан өглөө ажилд ирэх үед зааварчилгааг дэвтэр дээр биччихсэн байхаар нь уншиж танилцаад гарын үсэг зурж байсан юм. Бохирын худаг руу Д ХХК-ийн захирал Ц.О-ы зөвшөөрлөөр асууж тодруулж байгаад ордог юм. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр талийгаач З.Б ах бид хоёр бохирын бөглөө гаргах гээд хамгаалалтын цув өмсөөд бөглөөг гаргах гэсэн боловч чадаагүй юм. Тус өдөр орой ажил тарах үед захирал Ц.О бид хоёрт хандаж “нэг дэх өдөр бохирын машин авчирч буудуулна” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэрнээс өөрөөр захирал Ц.О бид хоёрт машин дуудаж бохирын бөглөө гаргах хүртэл худагт орж болохгүй гэж хэлж сануулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдов.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.17-д зааснаар Ашиглалтын байгууллага ашиглалтын явцад гарч болох гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын журмыг чанд мөрдөн ажиллах, ослын бүртгэл хөтлөх зэрэг асуудлуудыг тусгасан төлөвлөгөө боловсруулж мөрдөх, хурдас, бохирдлоос сүлжээг цэвэрлэх, худаг угаах зэрэг сэрэмжлэх ажлуудыг хийх, сүлжээний урьдчилан сэрэмжлэх цэвэрлэгээг гадна ба техникийн үзлэгийн үндсэн дээр боловсруулсан төлөвлөгөөний дагуу явуулах бөгөөд цэвэрлэгээний хоорондох хугацаа орон нутгийн онцлогоос хамаарах боловч жилд нэгээс доошгүй хийхээр заасан болзошгүй техникийн аваар буюу худгийн суваг, хоолой бөглөрөх зэрэг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой боловч “Д” ХХК нь эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

Амь хохирогч З.Б нь 2018 оны 04 дүгээр сард “Д” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан сантехникийн слесарь ажлын байранд ажиллаж байсан ба тус гэрээгээр ажил олгогч нь ажиллагчийн өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй. Гэтэл тэрээр 2019 оны 06 дугаар сарын 21-ээс 24-ний өдөр хүртэл ээлжгүй ажиллаж байсан болох нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан “Д” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны илтгэх хуудас бүхий дэвтэр болон гэрч Д.Энхманлайн мэдүүлгээр нотлогдлоо.

Хэрэгт хавсаргасан холбогдох дүрэм журмаас нэгтгэн үзвэл, бохирын цооног буюу худагт ажиллах үед 3 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй, хяналт тавьж ажиллах инженертэй байх ёстой бөгөөд худаг руу орохдоо зориулалтын гутал хувцас, амьсгалын маск буюу хорт утааны багтай, хорт хий шалгагч багажтай, зөөврийн гэрэлтэй, шаттай, худаг руу орох хүнийг даац шалгасан зориулалтын олстой, бэхэлгээтэй байхыг шаарддаг юм байна.

Гэтэл энэ хэргийн тухайд амь хохирогч З.Б зориулалтын гутал, хувцастай, шаттай байсан боловч бусад хэрэгслүүд дутуу, хяналт тавих, удирдах инженер байсангүй. Ер нь “Д” ХХК-ийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагчгүй, сантехник, шугам сүлжээ хариуцсан инженергүй үйл ажиллагаа явуулдаг байж. Хэрэв амь хохирогч З.Б нь амьсгалын багтай байсан бол угаартаж ухаан алдахгүй, олсоор бэхэлсэн байсан бол бохирын шингэнд бүтэж үхэхгүй байсан гэж шүүх үзэв. Иймд түүний амь нас “Д” ХХК буюу шүүгдэгч Ц.О-ы хариуцлагагүй байдалтай шалтгаант холбоотой.   

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1426 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач З.Б нь амьсгалын дээд зам шингэнээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас барсан, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байсан нь тогтоогдсон тул үхлийн шалтгаан нь хэргийн нөхцөл байдалттай тохирч байна.

Субъектийн хувьд “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 58 дахь талд авагдсан/-ээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс Ц.О-ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасан тул шүүгдэгч Ц.О нь засварчин слесарь З.Б-гийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн мөн.

Иймд шүүгдэгч Ц.О-ыг хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу учирч болох үр дагавар, хор аюулыг ухамсарлах, мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Ц.О нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...манай компанийн хариуцсан бохирын цооног бөглөрсөн тул би О****Г-т дуудлага өгч татуургын машин захиалсан учир тухайн байгууллага худгийн ажлыг бүхэлд нь хариуцах ёстой...” гэсэн агуулгатай тайлбар өгдөг. Гэтэл энэ талаар гэрч Ж.П “...Манай байгууллага нь гэрээгээр тохирч хөлсөөр хувийн байгууллагын бохирын бөглөө гаргах, бохир соруулах үйлчилгээ хийдэг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бохирын худаг бөглөрсөн талаар дуудлага инженер дээр ирээгүй...” хэмээн албан бус дуудлага болохыг гэрчлэн мэдүүлсэн байна. Үүнээс гадна, “Д” ХХК бол орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага. Гэтэл өөрийн хийх ажил үүргийг дуудлага өгч хийлгэсэн гэх тайлбар нь үндэслэл муутай байна. Харин ариутгах татуургын машингүйн улмаас машин захиалсан байх боломжтой. Харин тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувьд “Д” ХХК худагтаа өөрсдөө л ажиллана, бохирын цооногоо өөрсдөө л хариуцна. Иймд шүүгдэгч Ц.О-ы тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, О****Г болон “Д” ХХК хэн алин нь Улаанбаатар хотын орон сууц ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд гүйцэтгэх чиг үүргийн хувьд ижил түвшний байгууллагууд юм. Энэ чиглэлийн байгууллага нь харьяалагдах нутаг дэвсгэрийн орон сууцны инженер, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй ба Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-С” ХК-ийн хашаанд байрлах бохирын цооног нь “Д” ХХК-ийн хариуцсан инженер, шугам сүлжээний харьяалалд хамаарч байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.О-ыг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын урьд сонсгосон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Шүүх шүүгдэгч Ц.О-ыг З.Б-гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн тул шүүгдэгч Ц.Оаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 16,200,000.0 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-д олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Р.Э-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-д “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих,” гэж зааснаар гэм хорын асуудлыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж, харин хөдөлмөрийн хууль тогтоомжоор нөхөн олговор шаардах асуудал нь нээлттэй үлдэж байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И-т тайлбарлан өгөх нь зүйтэй.

Түүнчлэн, шүүхээс цагаатгах тогтоол гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6, 36.9 дүгээр зүйлийн 2.4-д тус тус зааснаар “шүүгдэгч Р.Э нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, олох байсан орлого, цалин хөлс, сэтгэл санааны гэм хор зэрэг өөрт учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтойг тогтоолд тусгав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.      Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.О-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 239 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 163 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 474 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.О-ы хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх , гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, зөрчигдсөн эрх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон оюуны хомсдолтой эрүүл мэндийн байдалд нь тохирсон буюу ял шийтгэл гарцаагүй байх шударга ёсны зарчмыг хангана гэж үзлээ.

Гэмт хэрэг нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн байх тул Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг өршөөлд хамруулан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэх хуультай байна.

2.2.      Бусад асуудал

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ээлж хүлээлцсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн А4 хэмжээтэй зааварчилгааны дэвтэр, шар өнгийн А4 хэмжээтэй Д ХХК-ийн аюулгүй ажиллагааны дэвтэр нэг ширхгийг тус тус уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.О-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Э-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5, 6 дахь хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03315 1545 дугаартай хэргээс Р.Э-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Шүүгдэгч Ц.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Д овгийн Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5.Шүүгдэгч Ц.О-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан гурван жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Ц.О-аас 16,200,000.0.0 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-д олгож, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И нь нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ээлж хүлээлцсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн А4 хэмжээтэй зааварчилгааны дэвтэр, шар өнгийн А4 хэмжээтэй Д ХХК-ийн аюулгүй ажиллагааны дэвтэр нэг ширхгийг тус тус энэ хэрэгт хавсарган хадгалуулахаар эрүүгийн хэргийн архивд шилжүүлсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О, Р.Э нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

10.Шүүгдэгч Р.Э нь яллагдагчаар татагдсаны улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус гэм хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан эрхийн дагуу төрөөс нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.О, Р.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ                                           Б.БАТАА